Thursday, July 18, 2013

Говь нутаг - Заг мод

Бидэнд тохиож буй зүйлсийн учир ямагт тайлагддаг байх, өнөөдөр үү, эсвэл маргааш уу гэсэн цаг хугацааны л ялгаатай байхаас биш, учир нь тайлагдахгүй, хариултгүй зүйл гэж үгүй юм шиг.

Говь нутаг сайхан ажээ, Байгаль далайд бид усанд шумбаж, далай ээждээ эрхлэсэн бол говь нутагт бид элсэнд умбаж бас л эрхлэв.  Байгаль далайд шумбаж байхад хүн гээч бид ямар өчүүхэн, далайн ганцхан давалгаанаас хэр жижиг болохоо мэдэрсэн бол говьд бид энэхэн байгаль дэлхийнхээ элсний ганц ширхэг төдий юм гэдгээ мэдэрлээ, ямартаа ч хувьдаа тэгж мэдрэв.

Байгаль далай хөрсөн дээрх цэнгэг устай далай бол говьд маань хөрснийхөө гүнд гүний усан далайтай, хөрсөн дээрээ эрдэнийн чулуун далайтай аж.

Байршлын хувьд хол мэт боловч, энэ дэлхий маань нэг л цул тул хөрсөн дээрх Байгаль далай маань говийн хөрсөн доорх гүний далайтай хүйн холбоогоор, харагдахдаа харагдаж, үгүйдээ үгүй, биентэйгээ холбоотойг анзаарав /мөн хожуу анзаарч байгаа юм шүү/. Улаач бидний Өндөр дээдүүдээ улаалан хийж, хийхийг хичээж байгаа үйлүүд ч бас энэ л 2 далай шиг, нэг үйлийн төгсгөл нь дараах үйлийн эхлэл, нэг алхаад үзэхэд дараах алхам нь тодордог юм шиг. Говь нутагт орших Говь Гурвансайхан хайрхан Алтайн нурууны хамгийн зүүн хэсэг аж, тэнд орших Ёлын аманд бид үйл хийсэн, тэр нь дараагийн үйлийн угтал, оршил байсан ч биз.

Өмнө хүний нутагт хэдэн жил сурахдаа яагаадыг мэдэхгүй далай харж суух их дуртай, харж суугаад элдвийг бодож, нутгаа үгүйлдэг байж билээ. Харин энэ удаа Байгаль далайн мандлыг хараад уужуу тайван байх гэдэг ийм л байдаг байх гэж бодогдов. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг, ямар айхтар оносон үг вэ гэж бодогдов. Говьд элсэн манханг хараад, говьд ургах ургамлуудыг хараад тэвчиж байж тэрслэх гэдэг үг санаанд орж байв.

Байгаль далайг өгөөмөр сэтгэлтэй зүйрлэж болохоор бол харин говийг тэсвэр тэвчээртэй зүйрлэмээр ч юм шиг.

Говьд явахад заг мод анхаарал их татав, ховордсон, хамгаалагдсан мод гэсэндээ ч биш, модны шинж чанарын тухайд:

Заг мод нь хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг.

Хүн бид байгаль ээжээсээ сурах зүйл тун чиг их юм шиг, зарим үед амьдралд бид жимсээ харамгүй өгөх алимны мод мэт байх хэрэгтэй ч, нөхцөл байдал өөрчлөгдөхөд, ямар ч салхийг, ямар ч халууныг сөрж, нугарахгүй, гундахгүй, гудайхгүй оршиж чадах заг мэт байх шаардлага эрхгүй гардаг, энэ шаардлага улаач хүний хувьд илүүтэй байдаг ч юм шиг, харахад хэдий өнгө зүс муутай, өрөөлд хүртээх жимс үгүй боловч, заг шиг бат бэх, заг шиг хатуу бүхэнд халшрахгүй зогсох, заг шиг өрөөлд найдалгүй өөрөө шимээ хайдаг, заг шиг тэвчээрийн эцэст нэгэн цагт хур бороо орно гэдэг итгэлээ алддаггүй, заг шиг амьдралд таарах элсний нүүдлийг зогсоох мод нь хэд билээ гэж бодогдмоор.

Улаач бид махан биеэ, бяцхан боловч сэтгэлээр жигүүрлээд, итгэлээ багасгахгүй, зүтгэл гаргаад, хамгийн гол нь хийгдэх үйлийнхээ талаар тандаад хийх газартаа очиход хий биетэй Буурлуудын үйл илүүтэй хүрдэг, илүүтэй хөглөгддөг байх, учир нь угаасаа л тэд маань хий биетэй учир, шаардлагатай үед улаач нь махан биеэрээ очоогүй ч, Буурлууд очих газраа хүрэлцэж, үйлээ хийдэг юм шиг. Гэхдээ л улаач нь бяцхан боловч сэтгэл гаргаад ирэхэд хийгдэх үйл нь хүрэх нь хамаагүй илүү болдог ч юм шиг.

Улаач гэдэг мэргэжил, гэхдээ замбын мэргэжил мэт, үйлдээд, оронд нь ембүү зоос авдаг мэргэжил биш, харин үйлдээд үр нь тодорхой хугацааны дараа ирдэг, сэтгэлийн тайвшрал, амар амгалан, итгэлийн нэмэгдлээр ирдэг тийм л мэргэжил юм болов уу.

Нэгэнт л энэ мэргэжлийг хийх тавилантай, мэргэжилдээ таарсан ачааг үүрэх ёстой улаач гэсэн нэрийг зүүсэн бол бид боломжоороо анзааргатай байх хэрэгтэйн болов уу, үйл хийх гээд гарахдаа, энэ үйлд улаач би яагаад явж байгаа билээ, Буурлууд маань,улаач би ямар холбоотой билээ, энд байгаа нь ямар учиртай, энэ газарт ирэхэд сэтгэлд минь, зүрхэнд минь, махан биенд минь юу мэдрэгдэж байна вэ, яагаад ингэж мэдэгдэж байна, саяхан л инээж хөхрөөд явсан байтал, энэ газар ирэхээр яагаад ингээд уйтгарлаад, гуниглаад унав, энэ гунигласан сэтгэлийг тайлахын тулд улаачийнхаа хувьд ямар үйл хийх хэрэгтэйн бол, Буурлууд минь энд ямар үйл хийх гээд улаач намайгаа ойлгохгүй байхад нь ч аваад ирсэн юм бол гэх мэтээр анзаарвал, бяцхан боловч хичээхэд Онгод Буурлуудын маань үйл илүүтэй хөглөгдөөд, үйл нь илүүтэй хүрээд, хэц хэнгэрэгээ ч учиртай дэлдээд байх шиг.

Мэдээж суралцаж яваа улаачийн хувьд бусдад заах гэсэнгүй, зүгээр өөрийн бодсоноо саналын хэмжээнд бусдад мэдүүлэх гэж бичиж байгаа, учир нь улаач-шувууныхаа хувьд би өөрөө 2 жигүүрээ зэрэг дэвж чадахгүй, өндөрт хөөрч чадахгүй, бяцхан салхи салхилахад л, жигүүр муутай тул хатуу газар уначихаар нэгэн тул өрөөлд хэлэх эрх үгүй билээ.
Улаач болоод, Буурлуудын зорьсон үйлийг сэхээрээд, түүнийг нь хийхэд дэм болох ёстойгоо мэдээд зүтгээд байхад замбын маань үл ойлголцол арилахгүй, замбын маань амьдрал дээшлэхгүй, нөхцөл байдал дээрдэхгүй байгаа нь өрөөлөөс бурууг хайвал нэг бодлын шударга бус, хийгээгүй биш, хийсэн, хичээгээгүй биш хичээсэн.
Гэтэл яагаад ийм байдалд хүрээд, яагаад улаач-шувуу би 2 далавчаа зэрэг дэвж чадахгүй байгаа нь яг үнэндээ өөрөөс минь шалтгаалж байгаа, бурууг хайвал бүхний буруутан нь би өөрөө л аж. Тэгэхээр Буурлуудаа буруутгах эрх надад үгүй, зүгээр л зөвхөн улаачийнхаа ч хувьд биш, ердөө л хүнийхээ хувьд орон зайндаа эзэн болж чадаагүй, орших хугацаандаа, орших газраа эзэн болж, өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй, өчүүхэн миний л буруу аж, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.

Хүмүүс бид, ялангуяа залуус бид ямар нэг зүйл буруу болвол өөртэйгээ холбоод, би юуг буруу хийв, хаана алдав, яагаад ингэж алдав, яаж засаж залруулах вэ гэж бодох, харин хийсэн зүйлс маань зөв болоод, тэр нь өрөөлд үнэлэгдээд ирвэл өөрөө л хийсэн мэт бодохгүй байж, үүнийг хийхэд өөрөөс минь илүүтэй өрөөлийн хүчин чармайлт их байсан гээд бодоод байвал зүгээр ч юм шиг.
Үүнийг яагаад бичиж байна вэ гэхээр, саяын говийн үйлд зохион байгуулалт зэрэг хамаг зүйлд бие, сэтгэлээ чилээж машин тэргээ эвдлэн байж хичээсэн өргөөний улаач Луу Мичид маань үйлийн хамаг суурийг тавьсан хэрнээ өөрөө үйлэнд оролцож чадалгүй, цуваанаас үлдсэн, харин үйлийн суурийг тавиулчихаад үйл хийхэд л байсан, үйл хийлцэхэд л бөөлсөн тул би мундаг гэж бодох улаач балчир байвал битгий тэгж эндүүрээрэй гэж сануулах үүднээс л бичив. Бодоогүй бодлыг нь хэлж, санаагүй зүйлд сануулж байвал өршөөнө биз ээ, хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг тул өөртөө үүнийг хэлэнгээ энд бичлээ.



Wednesday, July 3, 2013

өрөөлд хэлсэн өөрт хандсан үгс



...
Үрс та нарын бодол
Өөрийн чинь бодол
Үүнээс үнэтэй зүйл гэж үгүй
Өөрсдийн чинь бодол дутаад байгаа тул
Өөрсдийн чинь үзэл өнгөцхөн байгаа тул
Өөрсдөө өдийг болтол үйлээ хичээж бараагүй тул
Өвгөд бид тэсэлгүй
Амаа хамхиж чадалгүй үг хавчуулж
Арван үгнээс минь ганцыг нь ч гэсэн тогтоогоосой
Тогтоосон нэгнийгээ тунгаагаасай
Тунгааснаа алддаа шингээж үйлээ хичээгээсэй гэсэндээ
Аргагүйн эрхэнд үглэдэг
Аргагүйн эрхэнд аашилдаг
...
Үг дуулах тийм хэцүү юу
Өрөөлд зандруулах тийм төвөгтэй юу
Хилсээр бид зандраагүй
Хэрцгийгээр бид занчаагүй
Таарсан үрд нь тохирсон үгийг нь
Тунгааж дийлэх утгыг нь л дайдаг учраас
Илүү үг хэллээ гэж бид өөрсдийгөө боддоггүй
Үрс та нар харин юу гэж боддогийг мэдэхийг ч хүсэхгүй
Мэдсэн ч хэлэхийг ч хүсэхгүй байна
Өршөөл эрж үг хэлсэн дор л
Өршөөгдөнө гэж санана уу
Үрс та нар өвгөд биднээс биш
Өөрсдөөсөө өршөөл эрвэл таарна
Ааштай ч гэсэн зандчих өвгөд байна
Биегүй ч гэсэн хийсгэлэн бид байна
Эцгээс эхээс заяасан оюун нь та нарт байна
Энэ замбадаа өнхөрч ирсэн алд чинь байна
Өөрийн буруугаас өвчинд баригдсан болохоос
Өвлүүлж үлдээсэн эцгийн чинь, эхийн чинь
Алд бие нь бол бүтэн байна
Ганц биш хоёр гартай
Мөлхөж биш алхаж явдаг хөлтэй
Мөрөн дээрээ бүтэн тэргүүнтэй
Орчлонг тольдох мэлмийтэй
Өрөөлтэй хүүрнэх хэлтэй
Байгалийн сайхан болгоныг сонордох сонортой
Барьснаа алдахгүй атгах гартай
Дутуу юм та нарт байна уу?
Дутуу юмгүйн байж харин чиг
Хачирлаад нэмэр болгож хэлэх үг сонсдог байж
Өөрсдийгөө засахгүй
Өөрсдийнхөө сэдлийг зөвшрүүлж чадаагүй
Үгийг ухаж тунгааж дийлээгүй
Үйлийг тэгш зөв алхаж дийлээгүй бол
Өвгөн надаас биш өөрсдөөсөө
Амь аминдаа, хувь хувьдаа
Алд, алдаасаа өршөөл эрнэ биз
...
Үг хэлэх төдийд хувьсагнаж
Үйл хийлгэх болгондоо эргэлзэж байвал
Итгүүлэх алба үгүй
Эргүүлэх ёс ч үгүй
Үрс та нарыг бид өдий болтол
Загнахдаа загнаж
Занчихдаа занчиж
Аашлахдаа аашлаж
Үрс та нарт бохирохдоо бохирч
Үгийг минь сонсоосой
Үйлээ засаасай
Өмнө нь бид яваад өнгөрсөн замаар
Үрс та нар явж өнгөрч байгаа тул
Өмнө бидний бүдэрсэн даваагаар бүдрэлгүй даваасай
Өмнө бидний амнаасаа болж алдсаныг бүү давтаасай гэсэндээ хэлж байсаан
Ганцхан бидний засал ч биш
Ямар ч үйл, ямар ч үйл хөдлөл
Үрс та нар өөрийн оюундаа
Ясан тархин дотроо бат итгэж байж л биелнэ үү гэхээс
Үйл нь бүтнэ үү гэхээс
Чадна гэсэн итгэлээр өөрийгөө жигүүрлэж дийлж байж л
Давааг давна уу гэхээс
Бодолдоо өөртөө итгэхгүй бол
Хэрхэн яаж өрөөлд, өрөөлийн үйлд итгэх билээ
...
Өөрийн авираар бамбай хийж
Өөрийн зангаар түрүү барьж сонсвол
Өрөөлийн үг үр чиний чихэнд сонсогдовч зүрхэнд чинь хүрэхгүй
Сонорт чинь хүрэвч учгийг нь олохгүй
Яагаад хэлэв, юуны учир, хэлж байгаа цаад санаа нь юув, хэний тусын тулд гээд
Анзаараад сонсвол харин
Авах юмаа авч чаддаг
Миний үед тийм байсан
Чиний энэ замбад өөр болчихоогүй байлтай
...
Зүрхлээд хоёрхон үг хэлчихэж чадахгүйн бол
Эр нэр зүгээд яах юм
Эмээсэн сэтгэлээ давж чадахгүйн бол
Эр заяаг ингэж гутаах хэрэг юун
Эр гэлтгүй, эм гэлтгүй
Хэлэх үгээ, хэлэх газраа
Өөрийн зөв гэж мэдэрсэн
Өөрөө итгэсэн үгээ
Өрөөлд хэлж чадахгүйн бол
Оюун бодолтой хүн гээд яах юм
...
Бие нь гундаж болох ч
Итгэл нь гундаж болохгүй
Алд нь чилж болох ч
Сэтгэл нь дундарч болохгүй
...
Үйл хийхдээ бид
Үрс та нарт
Өөрсдийн чинь хийх хэсгийг заримдаа үлдээдэг
Үүнийгээ хэр дүүргэж байгаагаас
Үйлийн үр нь илүүтэй харагддаг
Чадахгүйдээ, эсвэл залхуурсандаа бид орхидоггүй
Зангийнхаа нь хувьд, аашныхаа хувьд, итгэлийнх нь хувьд
Бэхжээсэй, батжаасай гэсэндээ үлдээдэг
...
Алд биеийн өвчнийг засах бол
Үрс та нар хүсвэл энэ замбаараа ч
Энэ замбынхаа эмчээр, отчоор засуулчихна
Үүнээс хялбар зүйл үгүй
Харин энэ доторх, энэ бодлыг засах нь
Алдаан засахаас илүүтэй
Өвдөлтийг мэдрэхээс илүүтэй хэцүү тул
Өөр нэг илүү ааштай
Үрс та нараас илүүг туулсан
Амьд биш үхсэн нэгэн нь
Алга болоод саад болж эргэж буусан нэгэн нь
Хэлэхээс нааш засрахгүй байгаа тул
Хэлж байж л бяцхан засах тул
Алдыг чинь засахыг урьтал болгосонгүй
Бодлыг чинь цэгцлэхийг түрүүнд нь харав, түрүүнд нь барив
...
Бүхний эхлэл гэж бодол гэж мөн ч олон хэлсэн дээ
Хэлээгүй юу, хэдэнтээ хэлсэн тийм үү
Тэгээд бодлынхоо үрийг засах гэж зүтгэж байхаар
Бодлоо засах нь
Үрс та нарт очих өгөөж нь ч тэр
Үндэс сууриар нь тэгшилж байгаа нь ч тэр
Алинаар нь ч бодсон тэр, зөв нь биз, тийм үү
Алд чинь хэрхэн яваа
Алхам чинь хэр том
Ааш чинь хэр ярдаг
Ааль чинь хэр зөөлөн чинь
Үүний /толгой тоншив/ л үр шүү дээ
Үрийг нь л засах гээд
Үрийг нь л засуулах гээд чилэх юм
Үрийг нь биш
Үндсийг нь бид засмаар байх юм
Тэгж байж л энэ удам чинь цэгцэрч
Энэ удам чинь зөвширч
Эцэг нь, эх нь зөвшрөөд ирэхэд
Эрхбиш үлдэх үрсдээ
Заавал биднээр загнуулалгүйгээр
Өөрсдөө учгийг нь тайлаад
Хужрыг нь тунгаагаад хэлээд өгчихөж болно доо, тийм үү
Үг нь олдоод ирэхээр
Үрс нь чихээ тагладаг
Өөрсдийг нь л засаад байхаар
Алгаа дэлгээд ирдэг юм уу
Үг минь ихэдлээ
Үрсийг чилээх шиг боллоо
Өөрсдөө болгооно биз