Thursday, September 5, 2013

байг

***
Монгол минь морио алдаж модоо барьсан гэхэд би итгэхгүй
Монгол хөвгүүд минь тугаа хаяж тугал хариулж байна гэхэд бас итгэхгүй
Монгол охид минь цусаа бузарлаж харийн дэвсгэр болсонд бас л итгэхгүй
Монгол өвгөд минь сургаалиа мартаж савангийн дуурь үздэгт үнэмшихгүй

Туулсан замаа эргэн санах унтаа оюун минь сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй
Тусгаар улсыг минь эрхшээлдээ оруулах харийн санаа бүтэхгүйд эргэлзэхгүй
Зорих оргилоо харах аньсан мэлмий минь нээгдэнэ гэдэгт эргэлзэхгүй
Зовсон түмний минь шаналалд эцэс бий гэдэгт эргэлзэхгүй
Мушгисан түүхийн нугачаа болгоноос үнэнийг олно гэдэгтээ эргэлзэхгүй
Муудсан болгонтойгоо эвлэрч нутгаа өмөөрнө гэдэгтээ эргэлзэхгүй

Өвгөдийн минь урссан цус дэмий байгаагүйг нотлож
Өр зүрхний нулимс болгон гашуун байгаагүйг сануулж
Даасан ачаа болгоныг дамжуулж үрсдээ өвлүүлж
Давсан даваа болгон оргилд хүргэдгийг сануулж
Удмын хэлхээ цусаар биш оюунаар тамгалагддаг болохыг
Уучлал, өршөөл бүхэн эвлэрэлд хүргэдэг болохыг
Ундарсан их хайр бүхэн энэрэхэд дэмтэй болохыг
Урагшаа тэмүүлэх итгэл зоригт хачир болохыг

Өртөөлөөд хэлэх ам минь байна
Үйлдээд хийх бие минь байна
Зориод тунгаах оюун минь байна
Зориг хийморьтой нас минь байна
Дэмнээд өгөх өвгөд минь байна
Дээрээс харах Тэнгэр минь байна
Хайраар ивээх хань минь байна
Хажууд түших нөхөд минь байна
Бодол уртасгах үр минь байна
Бурууг зөвлөх андууд минь байна
2013/09/05

***

Дээд Тэнгэр Монгол нутгийг минь мөнхөд ивээж байг
Дээдэс өвгөд минь дэргэдэх олныг минь үргэлж дэмнэж байг
Олон түмний минь ухаан тал шигээ уужим байг
Оюун бодол нь харин далай шиг гүн байг
Өмөлзөж уярч байг сэтгэлээ нээхдээ
Өрсөж дарж байг атаатныг номхруулахдаа
Хуурдаж дуулж байг баярлан цэнгэхдээ
Хуурамчийг ялгаж байг үнэнийг цэгнэхдээ
Үйлийн мөр нь тод байг үгээ хэлэхэд нь
Үрсийн санаа эхдээ байг ууланд биш
Өргөө гэр нь дүүрэн байг эдээр биш амгалангаар
Өлмий юун нь бат байг үйлээ дүүргэхдээ
Итгэл юу нь бөх байг ирээдүйг бүтээхдээ
Сэтгэл юу нь хаттай байг бэрхийг туулахдаа
Хэлэх үгс нь биелэж байг
Замнах жим нь зурайж байг
Хурай Хурай Хурай 
2013/09/06
***