Tuesday, March 25, 2014

эх заяа?

хэдэн хоногийн өмнө нэгэн зүйлийг золгосон эмэгтэйд хэлж байсан гэнэт санагдлаа.
өнөө эмэгтэй маань Буурлуудаар засал хийлгээд, одоо сайхан байна, баярласнаа илэрхийлэх гэж ирлээ гэв. тэгсэн хэрнээ өмнө нь гэр бүлд нь тохиож байсан нь санаанаас нь гарахгүй байна, өмнөх шиг зүйл болчихвол яана гэж асуув.
хүн өөрийн бодлын тээгийг давж чадахгүй бол хэдий өрөөлөөр засал хийлгээд ч аятай явахгүй байх даа, өмнөх аягүй зүйл дахиад тохиочих вий гээд л бодоод, түүндээ анхаараад байвал хүссэн, эс хүссэн аягүйгээ дуудаж таарна гэв.

мөн эх заяаны талаар хэлэв.
эх заяа гэдэг нь үр хүүхэд төрүүлээд, төрүүлэхийн тулд хэвлийдээ тээснээрээ бий болдоггүй, олдоггүй заяа гэнэ. энэ нь зөвхөн нэг тал нь.
өргөө гэрээ ямар байлгахыг, ямар уур амьсгалтай байлгахыг хүртэл эмэгтэй хүн, ээж хүн, эх заяаны эзэн тул үүсгэж байх учиртай гэнэ.

зөвхөн өргөө гэр ч гэлгүй, эмэгтэй хүн гэдэг алив зүйлийн эх учраас тэр гэнэ. нээрээ бодоод байхаар гэрт ээж ууртай, тогоо шанагаа шидлээд байхад хүүхдүүд бид яадаг билээ дээ. надад лав таатай санагдахгүй дэг. харин эсрэгээрээ тэд маань алив зүйлд арай л уужуу, арай л тэвчээртэй хандаж байвал тэр хэрээр гэр орны уур амьсгал дулаан, аятай байдаг санагдав.

тэгвэл эцэг хүн гэж ямар байх бол?
Буурлуудаас лавлаагүй юм байна, нэг лавлаж асууж, ойлгох хэрэгтэй юм байна.
зүгээр саваагүй гэмээр бодоход эцэг гэдэг эцсийн цэг гэж байгаан биш биз ккк. ер нь өрх гэр ямар байх нь өрхийн тэргүүн, эр хүнээс шалтгаалдаг гэдэг. тэгвэл эцэг нь шийдвэр гаргалтын хувьд эцсийн цэг болдог юм болов уу? гэргий нь эх үндсийг нь гаргаад, нөхөр нь шийдвэрийн эцсийн цэгийг тавиад. эр хүн өрхийн тэргүүн, эхнэр нь хүзүү гэж сонссон онигоо маягийн зүйл санаанд орчихлоо, хүзүү хаашаа эргэнэ, тийшээ толгой нь харна гээд. яалт ч үгүй эмэгтэй нь эх болоод байх юм, хүзүүний эргэлт нь эх нь, хардаг нь толгой болох нөхөр нь хахаха.
ингээд бодохоор инээдтэй санагдаад байх юм. гэхдээ л наргиа 80 хувьтай гэдэг шиг, үнэний хувь байгаа байх шүү.

Saturday, March 22, 2014

Хязгаараа давцгаая

өдөр хоногууд урссаар, өөрөө би элэгдсээр. элэгдэж байгаагаа зүлгэгдэж байна гэж бодох нь дээр юм байна хэхэ.

өнгөрч буй долоо хоногт нэг үгийг Дээдсээсээ сонсоод, байнга санаж явмаар санагдаад, утгыг нь бодоод л явах.

"өөрийнхөө хязгаарыг давж сурах" гэж хэлэв.

хүмүүс бид өөрсдийгөө таних гээд байна, өөрсдийгөө олох гээд л байна, өөрийгөө дотогшоо өнгийгөөд л байна гээд яваад байсан, мань мэт нь тэрийгээ бас хийж байна, хайж байна гээд байсан чинь яг яах гээд өөртэйгээ ажиллаад байсныгаа миний хувьд лав бүрэн ойлгоогүй л явж. өөрийгөө олохоор л мундаг болчих юм байна, өөрийгөө танихаар л ертөнцийг ойлгочих юм байна гээд мань мэт нь бага зэрэг хөөргөн гэмээр бодлыг тээж явсан юм биш байгаа даа гэж бодов.

өөртэйгээ үргэлж ажиллах уг үндэс нь ердөө л дээрх юм байна гэж бодох болов. ердөө л өөрийнхөө хязгаарыг мэдэх, мэдсэнээрээ давахыг эрмэлзэх, хичээх, сурах, хязгаараа давж чадсанаараа цаашид хөгжих юм байна.
энэ өнцгөөс харахаар мундаг, сүрхий хүмүүс, эрдэмтэй, оюунтай улсууд яагаад тийм даруу, төлөв байсныг нь одоо л ойлгох гээд байх шиг.
тэд ердөө л өөрсдийнхөө хязгаарыг мэддэг байж, юуг, хаана хүртэл нь, хэрхэн хийхээ мэддэг, юуг тухайн цаг мөчид дийлэхгүй байгаагаа таньдаг, өөрийнхөө чадварыг бодитоор үнэлж чаддаг л байж. тиймээс тэд өөрсдийн хязгаараа мэдэх тул, үүнийгээ давж чадвал цаашид хөгжих тул түүндээ тааруулж дараагийн даваандаа бэлдэж, тоглоомоор бол дараагийн үедээ бэлддэг байсан юм болов уу.

тэд бас өөрсдөө хязгаартай гэдгээ мэддэг байсан тул, хязгаарын гадна өөр зүйл байдаг гэдгийг мэддэг байсан тул, өөрөөс нь илүү өргөн хязгаартай нэгэн байдгийг мэдэх тул өөрсдийгөө дарж, даруу гэх үү, дөлгөөн гэх үү байсан юм байна гэж гаргалгаа шахуу зүйл бодов.

нэг удаа л өөрийнхөө хязгаарыг мэдчихээд орхих биш, үргэлж өөрийнхөө хязгаарыг шинэчилж, түүнийгээ тэлж яваад байвал хүмүүс бид үргэлж хөдөлгөөнд оршиж, үргэлж тэмцэж, үргэлж хөгжих юм болов уу.

тэдний буюу мундаг, мөртэй хүмүүсийн тухай бичихээр өөр нэг бодол орж ирэх нь тэд өөрсдийн хязгаартай байгаад, түүнийгээ давахын тулд явсаар хөгжиж, хөгжсөнөөр өөр өөрсдийн, хувь хувийн мөрөө, зарим нь улс гүрний хэмжээнд үлдээж чадсан юм бол бид, өнөөгийн залуус бид яагаад бас тэгж болохгүй гэж? гэсэн барьцах гэх үү тийм сэдэл төрөх.
учир нь бидэнд ч бас өөрсдийн хязгаар байна.

бид 13-р зуун гээд л мэдсэн, мэдээгүй бүгд ярьдаг, бахархадаг, цээжээ дэлддэг. тэгвэл бидний өвөг дээдсийн үед ч бас өөрсдийнх нь хязгаар байсан. тэдэнд өнөөгийнх шиг хурдан машин, онгоц, утсан харилцаа, интернэт, блог гээд байсан уу? үгүй л байх, тэгсэн хэдий ч хурдан шуурхай харилцах шаардлага бидний үе шиг байсан уу гэвэл байж л байсан. эдгээр нь тэдний хувьд хязгаар болж, тэднийг хязгаарлаж байсан, гэтэл тэд маань Өртөө гэдгийг байгуулж, өнөөгийн бидний үед хурдан шуурхай мэдээлэл солилцох, түгээх нь хязгаар биш боломж болж хувирсан байна.

тэгвэл бидний үед хичнээн уулын чинээ бурууг үйлдсэн нэгнийг шууд гэсгээгээд, толгойг нь авч болох уу гэвэл үгүй л байх. бидний үеийн хязгаар нь энэ байхад үүнийг давах нь энгийн ойлгогдохуйц, хамгийн гол нь шударга тоглоомын дүрэм, өнөөгийн хэлээр хууль байхад л бид хязгаараа давах нь байна.
гэтэл бид өөрсдөө олон зуун хууль гээчийг батлуулчихаад, тэдний хоорондын уялдааг орхигдуулснаар өнөө хязгаарыг давахаар сэдэгдсэн зүйл маань эсрэгээрээ бидэнд хязгаар болсон юм биш байгаа гэж бодох.

өөрийн үеийн хязгаарыг давж, үүнийгээ  боломж болгож, өөрсдөө хөгжингөө үргэлжлэл, үр удамдаа үлдээх нь алив зүйлд мөр үлдээхийн гол санаа юм биш байгаа гэж бодох.

өөрөөрөө бодохоор үнэн ч юм шиг ккк. би лав улаач болоогүй, Буурлуудын шахаа зэргийг үзээгүй, ажил төрөл урьдын адил бүтэмжтэй, мөнгө төгрөгөөр дутагдаагүй байсан бол, өөрөөр хэлбэл, надад хязгаар бага байсан бол өнөөгийнх шиг ингэж үгийг үргэлжлүүлж бодоод, өөртөө ч юм шиг, хүнд ч юм шиг бичээд суухгүй л байсан байх.
тэгэхээр хязгаартай байхын давуу тал нь хөгжих бололцоо юм байна гэж ойлгов. хязгаарыг давж сураад, өрөөлд болон өөртөө боломж болгож хувиргах нь энэ замбад өнхөрч яваагийн маань нэгэн мөр юм байна, мөр үлдээх гол утга юм байна гэж бодов.
харин сурахын тулд зорилгодоо үнэнч байх, түүндээ хүрнэ гэсэн гуйвшгүй итгэлтэй байж хэвшил болгох юм болов уу гэж таамаглах.

хязгаар гээд л бичээд байсан чинь өнөө үг маань хазаар гэдэгтэй адилхан сонсогдоод ч байх шиг. хазаартай морь гээд бодохоор хэм хэмжээгээ мэдэх учиртай нэгэн, мэдэхгүй бол морьтон нь хазаарлах юм шиг санагдаад, бас тиймэрхүү бодол ороод ирэх юм.
хазаартай морин гэж хаана бичигдсэн байдаг билээ дээ, хувь хувьдаа өөрсдөө хайхаас ккк.

бидний монголчууд дор бүрнээ өөрсдийн хязгаараа таниад, түүнийгээ давах сэтгэлийг, хатыг өөртөө бий болгоод, даваад, сураад явчихвал, хязгаарууд ч байнга шинэчлэгдэх байх, тэр хэрээр хувь хүн нь ч, улс орон нь ч хөгжих юм болов уу гэж бодох.

тэгэхээр өдөр хоногууд урссаар, өөрсдөө бид элэгдсээр гэхгүйгээр

өдөр хоногууд урссаар
өөрсдөө бид зүлгэгдсээр
өөрсдийн хязгаараа мэдсээр
өнгийн босон давсаар
бодол юу тэлэгдсээр
босго юу өндөрссөөр
бяцхан хат суусаар
булгих зүрх мэдэрсээр л явна гэж бодож, хэлж байхаас.

Saturday, March 1, 2014

даах л юм сан даа

...дараад байхад өндийгөөд байвал үнэлж, өргөж чадна
дараагүй байхад дорой байгаад байвал далдруулж бас чадна...

за ийм үг Буурлуудын амнаас сонслоо. нээрээ тийм дээ гэж бодов. 
сүүлийн хэдэн сард замбын амьдрал маань хэцүүдэж, ажил төрөлгүй болж, гэр бүлийн уур амьсгал эвгүйтэж, гэрийн мухар сахиж байгаа мэт сэтгэгдэл төрөөд, сэтгэл санаа хямраад, ер нь жаахан тиймэрхүү л байна. тэгтэл Буурлууд ийм үг хэлэв.
бодлоо, нээрээ би чинь дараагүй байхад нь дорой явж байж, одоогийн ийм байдалд хүрсэн юм биш биз дээ? ийм байдалд хүрсэн шалтгаан маань юу билээ? хэн нэгнийг, алив зүйлийг буруутгамаар бол хэнийг, юуг буруутгах билээ гээд л.
хариултыг нь холоос хайх хэрэггүй, ердөө л миний дотор, өөрөөр хэлбэл би өөрөө аж. өөрөөсөө л болж замбын амьдрал маань ийм болж, өөрөөсөө л болж ижил тэгш авч явах ёстой зүйлсийг дэнсний нэг талыг нь ихдүүлснээс болж нөгөө талаа унагааж орхисон аж.

амьдрал биднийг авч эргэлдэж буй цаг хугацааны урсгал юм бол энэ урсгалын дагуу юугаа, хэн гэдгээ мэдэхгүй хөвөх үү, эсвэл хэн гэдгээ мэдэхийн тулд, мэдсэнээрээ энд ямар мөр үлдээх вэ гэдгээ хайж, түүнийхээ төлөө тэмцэж явах уу гэдгээ би, бид л өөрсдөө шийдэх, шийдэхийн тулд сонгодог аж.

Монгол хүн гэдэг яснаасаа, цуснаасаа, амьдарч буй орчноосоо, эргэх 4 улирлаасаа болоод ч юм уу, ер нь төрөлхийн эрэмгий байдаг, тийм байх учигтай аж. тэгээд л Буурлууд бас улаачдаа
энэрэл хайраар
эр зоригоор
далай мэт тэвчээрээр
дайнч тэмцэгч чанараар дүүрэн яваарай

гэж хэлээ биз. 
эхлэсэн юм, тоотой хязгаартай юм дуусч таарна. миний хувьд ч дууслаа, гэхдээ энэ бүхэн алив зүйлийн төгсгөл биш, харин их зүйлд оролцохын тулд, өөрийн биеэ танихын эхлэл байсан юм болов уу, өдийг хүртэл алхсан алхааны, итгэсэн итгэлийн шалгуур байсан юм болов уу. давхар өчүүхэн улаачаа хүмүүжүүлэхийг хүсч, хэлэх үедээ хэлж, зандчих үедээ зандчиж, хийхгүй бол зөрүүлж өөр зүйлээр барьцаалах мэтээр харилцсан аж, тэгэхийн тулд л Тэднээс маань ямар их тэвчээр, өөрийн араншингаа дарах ухаан, үйлэндээ тааруулж өөрийгөө засах сэтгэл гараа вэ гэж бодмоор.  ингэж хэлэхийн учир нь өөрсдийг нь тоодоггүй мэт, золгодоггүй, заларснаас нь хойш ганц, 2 л золгосон үрийгээ ирэхэд нь өөрийн аашаа даран байж, түүнийг л ухааруулахын тулд 3 дуу дуулж өгөхийг нь хараад өчүүхэн улаач нь гайхаж, тэднийгээ өрөвдөх шиг. би Буурлуудын оронд байсан бол харин ч нэг ирсэн дээр нь гээд аашаа гаргаж, хорон үгээр шордох байсан даа ккк. дуу, хөгжим хүмүүст таашаал өгөхийн тулд биш, харин өөрөө, өөрийгөө олоход нь туслах гэж, түүнд нь хөглөх гэж байдаг гэж Жанцанноров гуайн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэнтэй нь таараад байх шиг. 

энэ л замбад амьдарч байгаа, үгүй ядахдаа амьдрахын тулд хичээж байгаа, хүсэж байгаа хүмүүс бид, би ч бас, өнөөдөр алдар гавьяатай яваад, өнгө мөнгөтэй яваад, эрх мэдэлтэй яваад, маргааш тэгтэл түүнийг дурсах хүн үгүй бол, дурсагдахаар мөр үлдээгээгүй бол эмгэнэлтэй юм гэж бодогдох болов. хийж байгаа үйлийнх нь мөр гүн, он цагийн шуурганд арилахааргүй гүн байж л, тэр мөр нь энгийн нэг цээжээ дэлдсэн хийрхэл биш, эсвэл цэцэн үгсийн цуглуулга биш, өрөөлд тустай, ухаанд нь, явдалд нь, хэрэглээнд нь, ахуйд нь нэмэр болох зүйл байгаасай гэж хүсэх. мэдээж өнгөтэй, өөдтэй яваа хүмүүсийг үгүйсгэх гэсэнгүй, тэд ухаантай учраас тийм яваа, тэднийг магтууштай, гагц тэд түүнийгээ ямар замаар, ямар үйл үйлдэж, ямар мөр ардаа үйлдэж бүтээгээ вэ гэдгийг нь харж байж үнэхээр ухаантай нэгэн үү, эсвэл гэдгийг харах хэрэгтэй болов уу. 
миний гэр бүлийн үргэлжлэл болсон, эцэг миний ясны үргэлжлэл, эх болсон ханийн минь цусны үргэлжлэл амьдрах дэлхий юм байна, түүнийг нь цэвэр устай нь, цэнгэг агаартай нь үлдээх, түүний тулд бид амьдрах хэрэгтэй гэж бодох. мэдээж тэглээ гээд хүн л юм болсон хойно, идэж ууж, өмсөж зүүж, хэрэглэж л таарна, түүнийг үгүйсгэсэнгүй. гэхдээ хэрэглэхийн тулд бодох хэрэгтэй, юуг өрөөлийг, өлгий нутгаа хорлохгүйгээр, зохицож хэрэглэж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй аж. бодсоноо өөрийн биеэр үйлдэж, болно гэдгийг нь өрөөлд харуулах, батлах хэрэгтэй аж. хүмүүс бид хэдий насанд хүрсэн, алив зүйлийн учрыг тунгааж дийлдэг гэж боддог ч, нөгөө л бяцхан балчир байсан шигээ, болно гэдгийг харж байж л, дуурайдаг зан маань бидэнд оршсоор байдаг юм шиг. өөр бусад зохицож амьдарч болдог гэдгийг, өөр бусад бүтээж болно гэдгийг, өөр бусад үлгэрлэж үзүүлж байвал л түүнд нь итгэж, түүнийг нь дагах гэдэг үзэл маань лав л миний хувьд байсаар байна. энд улаач хүмүүсийн нэг давуу тал байх шиг. юу вэ гэвэл Буурлууд нь болно гэдгийг нь батлаад, чиглүүлээд өгдөг, хэрэв түүнийг нь маниас илүү ухаантай улаач, ухаант нэгэн байвал чиглүүлснийг нь замбад, өөрийн ухаанаар, биеэр үйлдээд яваад байх боломж нь байна. тэгж гэмээ нь Бууралтайгаа нэгэн цул болж, тэгж гэмээ нь бусдад болдог гэдгийг өөрөөрөө үлгэрлэх биз.

аавын хүү үг даах
агтны хүү эдэлгээ даах
арвайн гурил ус даах

бодохоор сонин юм шүү. үг гэдэг амнаас гарах хий, авиа төдий байж, яахаараа даагдахгүй тийм жинтэй, хүнд юм бол гэж мань мэт нь бодно ккк. би чинь авиа төдийхнийг байтугай 40-н бидон дүүрэн усыг даадаг гээд л онгирно доо би лав ккк. гэтэл үг гэдэг өөрөө утга гэдэг жинтэй, утга гэдэг нь тунгааж бодох гэсэн дамжлагатай, тунгааснаа үйлд гэсэн албатай авиа юм шиг. үг гэдэг ямар ч үг байж болох, сайн, муу, магтсан, муучилсан, хорлосон, сонжсон, газрын гаваар ортол нь муулсан нь ч бий байх, Тэнгэрийн хаяа хүртэл өргөсөн нь бий байх, эд бүгдийг даахын тулд үг сонсож байгаа нэгний сэтгэл нь энэ бүгдийг багтаах уужим байх хэрэгтэй болов уу, тэгээд л эртнээс өвгөд маань, ухаантнууд маань уужуу тайван бай гэж хэлээд байсан болов уу. миний хувьд өөрөө тийм уужим сэтгэлтэй нэгэн биш, хэдэн үгэнд өрвийдөг, хэнхдэг цээжээ дэлддэг, хорон үгэнд дургүйцдэг, ойр дотныхныхоо үгэнд хэнээс ч илүү эмзэглэдэг, тийм л нэгэн. гэхдээ үүнийгээ мэднэ гэдэг, сэтгэлээ уужим байлгах гэж хичээхийн эхлэл нь юм болов уу гэж бодох юм даа.

ингээд бодохоор өрөөлийн үгийг ч тэр, өөрийн үйлийг ч тэр дааж л явах сан, дааснаараа дараа нь үлдэх мөртэй л явах сан даа.