Monday, March 27, 2017

таван сум хугалах

#МонголТовчионТүүхийнТайлал, Боть 1, 151 дүгээр тал

Дэс Арван ес
19. Хавар нэгэн өдөр
Хөншилмөл хонин чанаж
БилГүнЭнДэй, БүГүнЭнДэй
БухаХатАги, БуХатуСалЧи
БодОнЧиАр мунхаг
Эд таван хөвүүдээн зэрэглэн суулгаж
Нижээл мөсөд "Хугаладхун" хэмээж өгөв.
Нижээлийг юу байгуулхун, хугачиж ооров.
Бас таван мөсөд хамт цуглаж
"Хугаладхун" хэмээж өгөв.
Тавуул таван цугтай мөсөд
Хүмүүлэлдэн барьж бидүүлж, хугалан ядав.

За дээрх бол та бидний мэдэх Алунгоо эх өөрийн таван хөвүүддээ нэг нэг сум өгч хугалуулаад, түүнийхээ дараа багцалж боосон таван сум өгөөд хугал гэхэд хөвүүд нь чаддаггүй. Энэ нь атгасан гар мэт эвтэй байх аваас эд таван сум шиг дийлдэшгүй гэдгийг харуулдаг хэмээн та бидний мэдэх сургаалийг өгүүлсэн дэс билээ.
Тэгвэл хүн бүрийн мэдэх дээрх дэсийг юу болоод дахин сөхөв гэхээр, уг сударт:

"Хөншилмөл хонин..." хэмээх нь дарагдаж удсан хонины махыг хэлнэ. Энэ нь дотоод байдал маргаантай болсныг ёгт өгүүлэх талтай.

"...зэрэглэн суулгаж..." хэмээх нь эрэмбэ дарааг хэлжээ. Нас хүйсээр нь эгнүүлэн суулгахыг хэлнэ. Мөнээ айлын ахыг сануулах ёгт өгүүлэмжтэй.

"... нижээл мөсөд..." хэмээх нь зэв, жигүүрийг залгаагүй суманд зэхсэн мөчрийг хэлнэ. Энэ нь өсөж томоожоогүй гэсэн ёгт утгатай.

"...Хүмүүлэлдэн барьж бидүүлж..." хэмээх нь хамтдаа нэгэн зүйлд эв нэгдэн барилдахыг хэлнэ. 
Үүнээс ухаглавал АлЭнХоо ээжийн үрс өсөөгүй байж дотроосоо өмхийжиж, хүч суугаагүй байж эвээ эвдлээ гэх зэмлэлийг билэгдэл дээр битүү өгүүлж зэмлэнэм.

"...таван мөчирт мөс биш, сэтгэлийн мөсийг өгүүлэн байгаа бус уу" гэсэн нь та бид Алунгоо эхийн сургаалиас зөвхөн эв нэгдэлтэй байх учиртай гэсэн утгыг мэдэхээс ингэж задалж бодож байсан бил үү гэсэн асуултыг эрхгүй тулгах аж.
Хүүхэд байхад их сонсогддог байсан, одоо ч ховордсон "хүний мөсгүй" гээд л ярьдаг яриа байх. Хүүхэд байхдаа бол гайхдаг л байлаа. Хүн байж яахаараа ус мэт мөстэй байх билээ гээд л. Гэтэл одоо хүн гэдэг 70% нь уснаас бүрдсэн гээд унших болов. Тэгвэл яагаад далан хувь нь уснаас бүрдсэн хүнийг, тэр дундаа олонд сайн хэлэгдсэн хүнийг "хүний мөстэй", "мөс нь хайлаагүй" гэж ярьдаг юм бол гэж бодогдох.
Цааш бодохоор ус гэдэг шингэн төлөвтэй, урсаад хаашаа ч явж магад, гэтэл мөс болж хатуурсныг магад өөрийн зан чанар нь төлөвшиж, байр сууриа мэдэж, алив зүйлд ул суурьтай ханддаг, ингэснээрээ сайн муугийн дэнсээтэй нэгнийг хэлдэг юм болов уу гэж санагдав. Энэ өнцгөөс харахад мөс нь хайлсан хүн бол өөрийн байр суурьгүй, өөрийн үзэл бодолгүй, яаж ч мэдэх нөхөр болоод таараад байх шиг.


Мөн уг судрын "Үйл явдлын тодломж" хэсэгт үргэлжлүүлэн:

"КайБайУл Дээдэс: Энэ өгүүлэмж нь:
1. Үг
2. Үйлдэл
3. Билэгдэл
4. Жаяг
5. Ёгтлол гэх таван утгаар үйлийг сануулсан таван тусгаар тогтнол хэрхэн бие биенээ нөхцөлдүүлэн аж төрдгийг тэрчлэн ухуулжээ. Манай Монгол ард нь нэг эцгийн хүүхэд бишээ, олон отогтон омогтон оршино. Гэвч Эх Дэлхий гэгч гагц ээжтэй. Ийм атал манай танай гэж биеэ ёдрох учиг юу вэ? Эцэг чинь хэн бэ гэж эчнээн маргах шаардлагагүй ээ. Үүнийг л АлЭнХоо ээж өгүүлэн сургажээ. Үүнээс Үгийн үнэ, Үйлийн ур, Билэгдэл зүй, Жаягийн дэг, Ёгтлолын нууц хэрхэн дэлгэрдэгийг таниулах ажгуу" гэсэн байна.

"Хүн ахтай, дээл захтай", "Бяруу болоогүй байж бухын баасаар баах", "Тос дотроосоо өтдөг" гэх үгс байх.
Бодож сууна. Өөрийн туулсан, ажлын, сонирхлын, анд нөхдийн гээд л бүлхэмүүдэд яадаг билээ гээд бодож сууна. Үнэхээр л жаахан мэдсэнийгээ ихэд бодоод л, сургаар дуулсныгаа сурсан гэж бодоод суудаг юм биш байгаа гэж санагдав.
Аливаа зүйлд хэм хэмжээ гэж байгаа биз, түүнийг сахиулах нь дээлээр бол зах, хүнээр бол ах нь биз. Гэтэл нь ах нь ах биш байвал дүү нь хэрхэн дүү шиг байх билээ.
Зүйрлэвэл, гэрийн тооно гэдэг зорилгыг хамтдаа дааж барахын тулд унь гэдэг удмын үйлүүд байдаг биз. Тоононд орших өөрийн суух нүхээ олохгүй, өрөөл унь байх газар руу зүтгээд байвал барьж байгаа гэр маань ямар хэлбэртэй болох билээ. Унь болгох даах даах ачаагаа даагаад, дээрээс дарах дээврээ өргөсөн шиг өргөөд явбал тооно гэх нэгдсэн нэг зорилго маань угаас өргөгдөж, өндөр орших нь гарцаагүй. Тооно нь өөрийгөө шал гэж сэтгээд, шалны мод нь өөрийгөө тооно гэж сэтгэх, унь нь хана мэт үйлдэх, хана нь унь мэт байх, багана нь ачаа даахаас төвөгшөөгөөд хэвтээд байх тохиолдолд та бидний мэдэх Монгол гэр маань юу болж хувирах бол? Магад гэрийн мод ч биш, гэрийн модоо угсарсны дараа тэдгээр моднуудыг шуурах салхи, асгарах борооноос хамгаалах дээвэр, туурга, үзэмж нэмэх цаваг, хөшиг ч байж болох. Ингээд бодохоор гэр барихад дараалал байдаг шиг, үйлэнд бас өөр өөрийн хугацаа байх. Сүүлийн үед яалтгүй л аливаа зорилгыг өргөх тооноор жиших сонирхолтой болоод, барьж байгаа Монгол гэрийнхээ аль хэсэг нь юм бол гэж өөрийгөө байршуулахыг хүсэх болов. Магад ингэж байршихын тулд өөрийнхөө хэрийг мэдэж, бярыг таних хэрэгцээ гарч таарна.

Үргэлжлээд сударт КайБайУл дээдэс хэлжээ: "Хүмүүн алив бүхнийг цаг цаг, үе үедээ таньж мэдсэнээрээ тайлбарладаг. Онол болгон бичсэн ч хүмүүний амьдрал, хөгжлийн явцад үгийн хэрэглээ солигдох тул онол болгон хэлсэн үг нь хуучирдаг...

Тэр цагт мөсөд нь гэдэс цадахуйн гол зэмсэг байсан. Төмрөөр зэв хийлгэхэд өндөр өртөгтэй, олдошгүй ховор тул байгаагаа машид нандигнана. Яг энэ сэдэл дээр энэ нандин амь зуулга лугаа адил таван тусгаар тогтнол чинь чамайг тэжээдэг юм шүү гэх зүйрлэлээр сургасан болно. Өнөө цагийн АлЭнХоо ээж бол энэ ухаанаа зүйрлэн үзүүлэхийн тулд 50000 төгрөг ураадах гэж хүүхэддээ өгөхтэй адилхан юм даа. Энэ 50000 төгрөгөөр юу авч болох вэ гэдгийг ухаарах хүүхэд л урахгүй бизээ" гэжээ.

Зэвүүн хэлж байгаан шүү. Би өнөөгийн Алунгоо эх байсан бол таван хүүхэд суулгаж байгаад таван Iphone, Samsung S7, эсвэл ямар нэгэн ухаалаг бариулаад наадхаа эвд гэвэл эвдэх хүүхэд гарахгүй дээ бараг л. Өнөөгийн хэрэглээ, өнөөгийн бидний таньж мэдсэн, өнөөгийн үнэ цэнэ маань энэ хэр л байгаа хэрэг.

Үргэлжлээд судрын 161 дүгээр талд:

КауБиЧи Дээдэс: Таван ур ухааныг бичиж байнам. Таван уг ухааныг өгч байнам. Өөрсдийг ирлэж, ухааныг нь хурцлах:
1. Уг ухаан
2. Эр ухаан
3. Ир ухаан
4. Ул ухаан
5. Ар ухаан таван ухааныг өгч байнам. 

Үүнийг судрын 278 дугаар хуудсанд:

"Ур ухаан гэдэг нь аливаа бүтээмжийн ул суурь ухаан бөгөөд та нарынхаар технологи юм. Эл ур ухааны бодьжсон бие угтаа ямар ашигтай байдаг, ирээдүйд нөөц нь хэр байх боломжтой, хүний ямархан хөдөлмөрийг хөнгөвчилдөг Ир болох, ингэснээр хүний ямар чадамж Ул-даа үгүй болох, Ар-даа чингэснээр ямар асуудлыг үүтгэх зэргийг бодохыг ур ухаан дээр таваар багцална. Ингэснээр энэ багаж хэрэгсэл, эд зүйл нийхэмд зонхилох эд хэрэгсэл болж чадах, түүний хохирол бөгөөд өгөөжийг тооцох юм."

Алунгоо эх таван хүүхэддээ таван сум, таван мөс өгөхөд нөгөө хэд нь хугалж чадаагүй нь бяргүйдээ биш болж таараад байна даа. Энэ ан хийхэд бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, Ир болдог таван сумыг хугалчихвал Ар-д нь бид хоолгүй хонох юм гэдгээ тооцсон байж мэдэх. Ан агнаж, бүлээ тэжээж чадахгүй юм бол, аливааг Уг-аар нь харж чадахгүй бол, таван сум хугалах үйлдэл маань ямар хохирол авчрах, ямар өгөөж өгөхийг Ул-тайгаар сэтгэж чадахгүй бол  Эр гэж нэрлэгдэх эрх бидэнд үлдэх үү гэж тэд тооцсон байх нь. Айхтар чөтгөрүүд байсан бололтой дог.

Алив зүйлийн уг угшил, язгуур, мөн чанарыг харах ухааныг хэлээд байх шиг, ингэж харснаараа хохирол болоод өгөөжийг тооцож чаддаг байх нь, ингэснээрээ уг зүйлийнхээ арыг, төгсгөлийг харснаараа үйлдэх чигээ олдог байж мэдэх. Энэ тохиолдолд уг үйлийг хийхэд хэдий хэмжээний ир шаардагдах нь вэ гэж тунгаа тааруулах нь гэж сэтгэв. Энэ бүхний үйлдэж чадвал эр нэгэн болж барах нь.

Өнөөгийн та бидэнд таван ухаалаг утас бариулаад эвд гэвэл бас л хэрэндээ л энэ анзааны зүйл бодож л таарах байх даа. Энэ утсыг эвдчихвэл "face" рүүгээ орж хөөрхөн царайгаа хүнд гайхуулж чадахгүй болно, "twitter" рүүгээ орж тэдэнд ухаантайгаа мэдүүлж чадахгүй болно, зарим нь бол "online"-аар банкны гүйлгээгээ хийж чадахгүй болж, заавал тэнд энд очиж дараалалд зогсох болно, энд тэнд аялахдаа өөрийнхөө зургыг авч чадахгүй болж, заавал зургын аппарат нэмж маллаж явах болно гээд л бас бодох л байх даа.

Анзаараад харвал адилхан өгөөж болоод хохирлыг тооцож байгаа шинжтэй ч таван сум хугалах гэж байсан нөхөд бол амин зуулгынхаа, үндсэн хэрэглээг тооцож хугалаагүй шинжтэй, харин мань мэт нь бол өнгөц хэрэглээгээ, орлуулж болох хэрэглээгээ бодоод ухаалаг утсыг эвдэхгүй авч үлдэх нь. Энд л сэтгэлгээний ялгаа харагдах шиг.

Хуулан бичлэг ч юм шиг болов. Гэхдээ бодолд эргэцэж байснаасаа хэрэндээ гаргалаа. Дэлгэрүүлээд бодох нь, дэлбэртэл гоочлох нь унших нэгний эрх.
Үүнийг уншихад зарцуулсан өөрийн тань цаг нь хохиролыг биш өгөөжийг үүтгээсэй л гэж хүснэ.

Saturday, March 18, 2017

"Эр байж" чадаж байна уу

Эр байх ухаан
Удамшилт ээлт хүчин угшил гарвал эсэнд байх бөгөөд түүнийг хэрхэн хөглөж зүйт холбоосоор хүчжүүлж цусаар баяжуулж, хохирлыг бага байлгахыг эр байх ухаан хэмээнэм.
Эр цэргийн баяр гэнээ өнөөдөр. Эх нутгийнхаа хилийг үеийн үедээ манаж байсан, байгаа, эх орон гэдгээ орой тэргүүндээ залж чадсан, чадаж байгаа, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж байгаа эр цэргүүдийн маань баяр гэнэ.
"Эр байна" гэж юу юм бол гээд өнөө л эргүүлж тойруулж байгаа судраас харлаа. Хатуу ааруулыг хазаж барахгүй болохоороо хүлхээд л, энд тэндээс нь эмтэлж бардаг шиг л бид хэд олон талаас нь л ухаж төнхөж байгаа бололтой.
Эр байхыг хардаг учир нь өнөөдөр надад баярлах эрх байна уу гэж бодсонд юм. Салтаа хоорондоо тэмтрээд үзэхээр юм байвал баярлах юм болов уу яах юм бол гээд л гайхав ккк.
"Удамшилт ээлт хүчин угшил гарвал эсэнд байх" гэжээ. Эр байна гэдэг тэгэхээр эр хүйстэн болж төрсөн нэгний эсэнд нь өгөгдсөн байдаг байх нь. Энэ утгаараа бодвол баясах боломжтой ч өдөр шиг.
Энд бас анзаарах зүйл байгаа нь "удамшилт ээлт хүчин" гэж байгаа нь гэж эрхгүй санагдав. Магад эсийн түвшинд байх тэр удамшлын хүчин зүйл маань үргэлжлүүлээд удамшуулахад төрөх үр хүүхэд нь эрүүл, саруул байх уу гэдгийг тодлоод байх. Удамшилт ээлгүй хүчин буюу ураг удмаа мэдэхгүй цус ойртох, эсвэл холдуулна гээд эрлийз, хурлийз болох эсэхийг энд анхаарах хэрэгтэй бололтой.
"Түүнийг хэрхэн хөглөж, зүйт холбоосоор хүчжүүлж, цусаар баяжуулж, хохирлыг бага байлгахыг" гэжээ. Өнөө эсийн түвшинд биед байх тэр чанарыг, өгөгдлийг байгаа л юм чинь гээд орхихгүй нь, бүр хүчжүүлж, сайжруулж, өнгөлж зүлгэх нь. Өөрөөр хэлбэл, эр хүйстэн гэдэг эрүүл саруул эхээс энэ дэлхийд уналаа гэхэд өөрийн сайн бүхнийг зүлгээд, өөрийн ур чадварыг нэмэгдүүлээд, сурах арга барил зэргээ хөглөж таарах нь. Түүнээс би сайхан эр юм чинь гээд зүсэр гоогоо л зүлгээд, зүсээ, махан биеэ зүлгэх нь хэтийдээд өөртөө дурлаж, ижил хүйстэн рүүгээ гүйхгүй гэсэн үг байх нь.
"Зүйт холбоосоор хүчжүүлж" гэхээр харин оршин байгаа орон зай, амьдран буй нөхцөл байдал, хутгалдаж буй харилцаа зэргээсээ өнөө удамшилт ээлт өгөгдсөн хүчиндээ нийцтэйг нь өөртөө нааж, хүчирхэгжүүлэх, ингэснээр өөрийн байр суурийг олох, орших орон зайндаа эзэн болох ухаан байх нь гэж таая.
"Цусаар баяжуулж" гэдгийг бол ёстой бүр таанаа ккк. Магад эсэнд өгөгдсөн тэр чанарыг, хөглөж чадсан, хүчжүүлж чадсан тэр чадварыг хань ижилтэй болж, эх заяаны цусаар баяжуулах байх гэж бодов.
Дээрх бүхний эцэст гол зангилаа нь магад "хохирлыг бага байлгах" биз. Эр байх гэдэг харилцаандаа, орчиндоо, гэр бүлдээ, эх орондоо, байгальдаа гээд бүхий л орон зайнд зөвтэйг хүчжүүлж, хоорондын холбоосыг нь баяжуулж, гэхдээ эдгээрийг хийхдээ учрах хохирлыг байж болох хамгийн бага түвшинд байлгах болж таарах нь. Хохирлыг бага байлгахын тулд өмөөрч чадах зоригтой байх учиртай биз. Хохирлыг бага байлгахын тулд үйлдэж чадах иртэй байх хэрэгтэй биз.
Өнөөдөр баярлах бүхэн маань эр бүхэн маань гэр бүлдээ, ойр дотныхондоо, эх орондоо гадны болоод дотоод хувалзнуудын учруулж буй хохирлыг бага байлгаж чадаж байна уу? Бага, бүр болвол хохиролгүй байлгахын төлөө ямар нэг зүйл хийж чадаж байна уу? Зүйт холбоосоо баяжуулж, хөгжүүлж, хүчжүүлж чадаж байна уу?
Сэтгэл дүүрэн, амгалан баярлахын тулд, ер нь өдөр болгоныг сэтгэл дүүрэн байлгахын тулд өөрөөсөө ЭР ХҮН та дээрх асуултуудыг асуугаад үзээрэй гэж хүсье.
Баяр гэдэг, бусдаас хайр, хүндлэл хүлээх, сэтгэл, халамж хүртэх эрх, боломж биз ээ. Гэтэл эрх гэдгийг эдлэхийн тулд үүнийг эдлэх эрх надад байгаа гэдгээ нотлох үлдээсэн мөр, үүрсэн ачаа, ганц үгээр бол хариуцсандаа эзэн болсон байх учиртай мэт.
Монгол Эрчүүдийн минь хийморь өөдөө байж, Ир нь хурц байж, үйлдэж өрөөлийг оройлж, үнэнээр бусдыг хуйлруулж, мөн гэдгийг нотлох чадалтай байж, мөрөө гүнтэй үлдээж "Эр байх" болтухай.

Wednesday, March 15, 2017

ур ухаан уу, хэрхэн хэрэглэх үү

#МонголТовчионТүүхийнТайлалсудар-аас

Таван ур ухаан (Уг, Эр, Ир, Ул болон Ар суу ухаан)

"Ур ухаан гэдэг нь аливаа бүтээмжийн ул суурь ухаан бөгөөд та нарынхаар технологи юм".

Мөн:

"Бүх зүйл нийхэмд хэрэглэдэхүйц. Өөрөөр хэлбэл хүний уураг тархиар байгалийн аливаа зүйлийг хэрэглэсэн л бол нөөцийн асуудал гарч ирнэ. Тухайн нөөцийн сэргээгдэх чадамж, тархац, орлогдох чадамж, байгалийн үүрэг болоод хүмүүний хэрэглээний аль нь нэн чухал болохыг тооцож нийхмийн хүртээмж болгоно.
Ерөнхийдөө засаг талаасаа урыг, аргачлалыг авч үзээд байгаа юм. Хэрэглэж байгаа нийхмийн таван мөн чанараа хэмжээд байна".

Энэ их гоё, мөн өнөөгийн бидний бодох ёстой сэдэв санагддаг. Учир нь хүн гэдэг оршиж л байгаа юм бол хэрэглээтэй байдаг, хэрэглэхийн тулд яаж хэрэглэх аргачлалыг хайдаг нь зүй. Хэрэглээ бүхнээ бид байгаль, эх дэлхийгээсээ авдаг нь хэн бүхэнд илэрхий ч үүнийгээ ухаж ойлгодог нь бий байх, ингэх ёстой мэт боддог нь бий байх, хэрэглэхдээ зохицуулж таацуулж хэрэглэхийг боддог хэсэг нь ч бий байх.

Бид нарын ойлгодгоор технологи гэжээ. Технологи гэхээр бидний тархинд магад ухаалаг утас, нисдэг машин, нисгэгчгүй онгоц, хиртдэггүй хувцас, хагардаггүй шил, элэгддэггүй пүүз, эвдэрдэггүй тавилга гээд л зүсэн зүйлийн юм орж ирж байгаа байх. Миний л хувьд нэг иймэрхүү л зүйл тархинд бууж байна, нэг тийм бидэнд өгсөн ерөнхий ойлголт л зурсхийж байна даг. Өнөөгийн технологи гэдгийг өнгөц харахад хүний амьдралыг илүү тухтай болгоод, илүү ганган хээнцэр болгоод л байх шиг. Гэтэл бас ажихад өнөөгийн технологи гэдэг нь хүний зайлшгүй, наад захын хэрэглээг хангахад чиглээд байна уу, эсвэл хүний нэг хэрэглээг нөгөөгөөр нь өдөөж, илүү хэрэглэхээс өөрийг мэдэхгүй байдал руу түлхээд байна уу гэдэг нь сонин.

Хэрэглээ гэхээр зайлшгүй, наад захын буюу уух устай, идэх хоолтой, амьсгалах эрүүл агаартай, осгохгүй дулаан гэртэй байх гэсэн суурь хэрэглээ яригдаж таарна, мөн түүнээс цаашхи хүний хүсэл, шуналд хөтлөгдсөн хязгаар үгүй хэрэглээнүүд бас яригдана.

Энэ өнцгөөс харахад хэрэглээ гэдгээр бид юуг ойлгох хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэглээг хэрэглэх чадамжаар тодорхойлж ч болох юм шиг. Өдрийн хоолоо яах вэ гэж байгаа нэгний хэрэглээ, өөрт байгаагаар бусдад сайрхахыг хүсэх нэгний хэрэглээ өдөр шөнө шиг ялгаатай нь мэдээж.

Судрын дээрх өгүүлбэрээс нэг хэсэг нь анхаарал татаад байх.
"Тухайн нөөцийн байгалийн үүрэг болоод хүмүүний хэрэглээний аль нь нэн чухал болохыг тооцох" гэжээ.

Нөөцийн байгалийн үүрэг гэдгээр нь энэ эх дэлхийг байгаагаар нь байлгах гэж, энэ хорвоогийн тойрог замаас нь гаргачихгүйхэн шиг, энэ байгальд бусад төрөлтний л адил багтаж, дээр нь амьдарч байгаа хүн төрөлтнийг болоод бусад бүх төрөлтөн, амиудыг эх дэлхий, энэ байгаль нь үргэлжлүүлэн уух ус, идэш, хэрэглээгээр нь хангаж байх нөхцлийг бүрдүүлж байгаа хүчин зүйлийг гэж таамаглая.

Тэгвэл хүний хэрэглээ гэдгээр юуг таамаглаж болох вэ? Магад оюун ухаант хүн гэдгээрээ бусад бүх төрөлтнөөсөө илүү бүгдийг авах, бүгдийг ашиглах, бүгдийг өмчлөх байдлыг хэлэх үү, эсвэл эх дэлхий дээр оршиж байгаа бусад төрөлтөн шигээ, амиуд шигээ зохицон, нийцүүлэн авах ёстойг гэж таамаглах уу? Бодох зүйл арвин байна шүү.

Алт гэх байгальд хүдэр хэлбэрээр оршдог нөөцөөр жишээ авья.
Үүний байгалийн үүрэг нь эх дэлхийн хөрсийг бэхжүүлж, газрын гагнаас болж, хүйтэнд хөрж, хөлөрч байдаг шинж чанараараа усны эх болдог аж.
Хүмүүн үүнийг яаж хэрэглэж байна гэхээр гоёл чимэглэл, тансаглалд, түүхийн нэгээхэн үед бидний хэрэглэж байгаа төгрөг, доллар гээчийн баталгаа болгож хэрэглэж байв. Одоо бол мөнгөн тэмдэгтийн баталгаагаа больж, өөрөө арилжааны таваар, мөн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болсон харагдах.
Алтыг хөрснөөс үргэлжлүүлэн ухаад байхаар усны эхүүд хорогдож, байгалийн өөр нэг нөөц болох усгүй болох нь, тэгвэл усгүй хэрнээ хүмүүний хэрэглээ үргэлжлүүлэн хангагдсан нөхцөл буюу алтан эдлэл зүүсэн цангаж, улмаар харангадах хүмүүнийг төсөөлөх болох нь.
Ингээд харьцуулахад алт нөөцийг байгалийн үүргийг нь үүрүүлэх үү, хүмүүн бид өөрсдийн хэрэглээгээ хангахын төлөө ухах уу гэдгийг үнэхээр л ухаант хүн юм бол зөвөөр шийдэх ёстой.

Тэгэхээр өнөө хүний хүсэл, шуналд хөтлөгдөж байгаа хэрэглээг уг хэрэглээг үүсгэхийн тулд ашиглаж байгаа нөөцийн байгальд байсан нь дээр үү, эсвэл хүн хэрэглэхэд байгальд хохиролгүй юу, хэрэглэхэд тэр нөөц нөхөн сэргээгдэх үү гэдгээр нь тооцох, ингэж тооцсоноороо хүний хязгааргүй хэрэглээг хазаарлах ёстой болох нь.

Тооцох гэдэг нь мэдээж засаглаж байгаа, хүмүүний нийхэм гэдэг зүйлийн хэрэглээг нийтэд нь хөтлөж байгаа, тийм эрхтэй, хүчтэй, мэдэлтэй нэг бүтцийн хийж ажил болох нь гэж хувь нэгэн өөрөөсөө зайлуулж болох ч нийтээрээ биш ганцаар оршсон ч адилхан байгалиасаа хэрэглэх тул хувь хүн хүртэл байгалийн үүрэг нь гол уу, миний хэрэглээ чухал уу гэдгийг тооцох ёстой болох нь.

Ингээд харахаар хүний хэрэглээ хүссэн ч, эс хүссэн ч нөөцийн байгальд дахь үүргээр хязгаарлагдах ёстой болох нь. Асуудал нь үүнийг тухайн хэрэглэгч мэдэж байгаа эсэх, тухайн бүлэг хүмүүст, тухайн нийхэмд тооцож мэдүүлж байгаа эсэхэд л оршиж байх шиг.

Таван ур ухаан бичих гэж байснаа хэрэглээ гэх ганц үг рүү хальтирчихлаа. Ухаан гэснээс, "Хүний ухаан шуугаараа ордог" гэж манай нэг мундаг зохиолч хэлсэн байдаг.
Хүн аливаа зүйлийг хийхэд, гараараа мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэ ядрааж, бодлоо чилээж байж хийхэд тэр нь өөрт нь мэдээлэл, мэдлэг төдийгөөс хальж, чадвар болж наалддаг биз.
Шуугаараа эд бүтээж байж тэр хүнд төрмөл уг байсан бол илэрч, хөглөгдөж, цаашид авьяас болон алдарших биз. Өөрийн улаан гараар бүтээж байгаа зүйл нь өрөөлд үнэлэгдэхгүй болох вий гэдгээс сэргийлж, өнөө илрүүлж нээсэн угаа цааши хөгжүүлж илүүтэй боловсронгуй болгох биз. Үүний төлөө ухаанаа ухаж, өрөөлтэй харьцуулж, илүүтэй хөгжүүлж, ирлэгдэж, амласныхаа арыг даах хэмжээнд хүрдэг бизээ.
Шуугаараа л ордог гэдэг нь ердөө дуулснаа, сонссоноо үйлдэж байж, үйлдэхэд тулгарах бэрхшээл, саад зэргийг давж байж, өөрт нь наалдахыг хэлсэн гэж ойлгодог.

Судраас нэг их урт ишлэл авчихаад нэг үгэн дээр эргэцсээр байгаад таарлаа ккк. Одоо яая гэхэв, унших нэгэнд нэг бодол төрсөн бол болоо доо.




Thursday, March 9, 2017

Махны чадамжаа нэмэгдүүлэх суу ухааны тухайд өөрийн бяцхан бодол

Амар байцгаана уу, бас нэг зүйл бодолд эргэцээд байсныг бичнээ. Бичих зүйл маань ч угаас "Монгол Товчион Түүхийн Тайлал (МТТТ)" сударт байх юм.
Хүн өөрийгөө таних их хэцүү бололтой, ер нь л өөрийнхөө багцааг мэдчихлээ гэж бодоход хорвоо дэлхий уужим юм, нөхцөл байдал арвин өөрчлөгдөх юм, тэр болгонд "Би" гэдэг маань нэг сорилд орж байгаа мэт болох юм.
МТТТ судрын хуудас 283-т "Махан биеэ засах болон махны чадамжаа нэмэгдүүлэх суу ухаан" гэж хоёр суу ухаан дарааллан байх.
"Махан биеэ засах суу ухаан"-ны хувьд бол "Монгол Домчийн Судар"-т хүний биеийн хүрднээс эхлээд, идэш хоол, унтаж амрах гээд тайлбарласан тул зүгээр алгаснаа хэхэ.
Харин тэр "Махны чадамжаа нэмэгдүүлэх суу ухаан" гэдгийг дээрх хуудсанд :
"Бөх ухаан гээд байна. Дасгалжуулна, тамиржуулна, эвсэл болоод мэхтэй болно, ер нь бол булчинг яаж хөдөлгөх тухай ухаан" гэжээ.
Бөх гэнэ, бөх гэхээр одоогийн хэдэн баасаар дүүрсэн гүзээтэй, мэх гэж мэдэхгүй, жингийн хүндээр цагны уртаар барьц сонгож өрсөлдөгчөө унагах ухаан биш гэдэг нь тодорхой.
Хуучны бичлэгүүдийг харж байхад бөхчүүд маань яасан ч сайхан яргай биетэй, яасан ч сайхан овсгоотой, уран гоё мэхтэй байгаа вэ гэж бодож, энүүхэндээ атаархдагаа нуух юун.
Онгодуудынхаа хэлж байсан, Домч Онгод Дээдүүдийн айлдаж байснаар бодоход хүний бие бөх байж, бөх байхын тулд эрүүл байж түүний эрчим бие нягт, цар ихтэй байх бололтой. Эрчим бие нягт, махан биеэ хамгаалах чадамж арвин байх тусам хүн алив зүйлд өртөхгүй, алив сөрөг эрчимд цохигдохгүй аж. Улаач нэгний өнцгөөс харахад тийм биенд Онгод тухлаг сууж, тэгж суусан Онгод үйлээ бүрэнтээ үйлдэх биз.
Ардын минь сэцэн ухааны шижир үгсээр бол: "Эрүүл биед саруул ухаан оршино".
Махан биеийг дасгалжуулна, тамиржуулна гэнэ, харахад нэг гар өөрийн үнэт цаг заваа дэмий хөлсөө урсгахад зарцуулаад ч байгаа мэт харагдах. Гэтэл ингэж өөрийн алдаа хөдөлгөж, хаана ямар булчин буларч байна, аль дасгалыг хийвэл биеийн аль хэсэг хүчжиж байна, дасгал хийж байгаа жингийн туухайг багадуулвал дасгалжиж байна уу яаж байна, жинг ихдүүлвэл биенд дэм болох нь уу, бэртэл болох нь уу гээд л өөрийн махан биетэйгээ харьцдаг бололтой.
Ерөнхий боловсролын сургуульд байхдаа, Онгод Дээдүүдийн дундрашгүй ухааны сургийг ч сонсоогүй байхдаа, Оросын жанжин А.Суворовын хэлсэн санагдах нэг үгийг одоо ч санах.
"Бэлтгэл хүнд бол дайнд хөнгөн
Бэлтгэл хөнгөн бол дайнд хүнд" , эсвэл өөрөөр:
"Энхийн үед их хөлс асгаруулвал, дайны цагт бага цус урсгана" гэх зэргээр байх аж.
Одоо ингээд харахад тухайн үед, хорь гаран жилийн өмнө сонсож байсан үгээ мэдчихлээ, бараг эзэмшчихлээ гэж ихээ холуур төөрч байсан бололтой.
Саяхандаа, хэдэн сарын өмнө, эх нутгаасаа хэдэн сар холдоод, харь газар байж байгаад ирэхэд л махан бие ямар их суларсан, хэм ямар их дутагдсан, алд бие амархан тамирдаж байгаагаа ажлаа. Энэ нь магад хүн гэдэг мэндэлсэн, өссөн газрынхаа уул, ус, агаар салхи, нар, сарнаас эрчмээ авч, энэ эрчим нь махан биеийг нь тэтгэдэгтэй ч холбоотой биз, мөнхүү махан биеэ дасгалжуулж, тамиржуулаагүйтэй ч холбоотой биз.
Хүн бусдын хэлж ярьж байгааг өөрийн таван мэдрэхүйгээр хүлээн авдаг гэсэн тул яргай биений, бөх нэгний зургийг орууллаа. Улсын начин, бөх, 48 настай нэгний ноднингийн наадмын зураг байх. Хажууд нь мань мэт нь ичмээр дамшиг даа.