Sunday, August 31, 2014

хэлхсэн үгс, өгсөн нэрс ккк

санаанд буугаад, түүнийг нь нүүрномонд бичсэн мөртүүдээ нэгтгэж оруулахаар шийдэв.
бүгд л өөр хэн нэгэнд гэхээсээ илүүтэй, яг өөрт минь зориулагдсан үгс байх шиг. даанч үгний цаадах үг, түүний цаадах утгыг нь тайлах, учгийг нь мөшгих ухаан минь багадаад байх юм даа.
бодолд буусныг бичихдээ нэр өгөхгүй бичсэн байх юм, уншиж байгаа нь өөрийнхөөрөө нэрлэг гэж тэгсэн юм болов уу. гэхдээ л энэ удаа өөрөө эргүүлж уншсан учраас өөрийнхөөрөө нэр өгчихлөө, яадаг юм.

******

Хүний л араншин


давлаа гэж бодох бүрт дараагийн давааны сүүдэр өнгийх юм
дийллээ гэж сэдэх бүрт дэмийр гэж дараах нь хэлэх юм
чадлаа гэж бардаж боломгүй хорвоо юу даа
чадахгүй гэж гутаж болдоггүй орчлон юу даа

бодолд эргэцэх утсыг хөвөөд ирэхийн цагт
бугшаад шаналах сэтгэлийг тайвшраад ирэхийн цагт
ойлгогдохгүй байгаа бүхэн тодроод ирэхийн цагт
ойчсон бүхэн өндийгөөд босохын цагт
төсөөлөлд байгаа бүхэн биежээд ирэхийн цагт
төөрөлдөөд байгаа болгон мөрөө олохын цагт
гундаад байгаа бүхэн сэхээд ирэхийн цагт
гуйгаад байгаа бүхэн чадалтай болохын цагт
хараагдаад байгаа заяа дэвжээд ирэхийн цагт
харагдахгүй байгаа бүхэнг мэдрээд ирэхийн цагт
гутаагдаад байгаа бүхэн ялаад ирэхийн цагт
гутамшигтай бүхнийг тэвчээд дуусахын цагт
хэлэгдсэн хар үгс үнэнд цайрахын цагт
хийгдсэн буруу үйлс гэмшилд идэгдэхийн цагт
сийчүүлж сэмэрсэн сэтгэл эдгээд ирэхийн цагт
сийчээд хаясан нэг нь учрыг танихын цагт
адлагдсан эр заяа хүчжээд ирэхийн цагт
алдуурсан эм жолоо цусаа хамгаалахын цагт
дундарсан үр заяа халгиад ирэхийн цагт
дутуудсан өрхийн жаргал бялхаад ирэхийн цагт
үзэн ядалт болгон энэрэл болон хувирахын цагт
өстөн дайсан бүхэн анд нөхөр болохын цагт
үгүйсгэсэн бүхэн нь үнэнд гүйцэгдэхийн цагт
өрөөсгөл бүхэн нь тэгшрээд ирэхийн цагт

хар болгоныг үргэлж цагаан байсан гэж сэтгэх нь
хатуу бүхэн үргэлж зөөлөн байсан гэж итгэх нь
алдаа гэгч үйлдэгдэж байгаагүй гэж бодох нь
андуурал байгаагүй зөв л байсан гэж номлох нь
бултаж зугтах аргагүй хүний араншин юм болов уу
буруудсан ч уучлалыг хүсэх бидний оршихуй юм болов уу
зөвийн сүүдэрт орших хүмүүний авир юм болов уу
зөрүүгээс зугтсан ч халтираад үйлддэг алдын алдаа юм болов уу

2014/08/25
*****

Үгийг үгээр давдаггүй

заяаныхаа үйлийг ойлгох гэж л урагшаа алхсаар
замд хамт гарсан хэсэг нь холдоод явсныг сая анзаарлаа.
зайлшгүй салах зам бол яах вэ, тэвчээд өнгөрөхөөс, харин
зангаасаа болж салсан бол эргэж уулзахын ерөөл дэвшүүлье.

өөрийн зан, араншинг өмнөө баривал туулж барахгүй зам аж.
өрөөлийн сэтгэлийг үнэлж байж, хөвж гатлах нуур аж.
үйл юугаа өндөрт дээдлэж, шантралгүй зорих даваа аж.
өнгөрсөн-өнөө-ирээдүйг нэгтгэх анзаарагдамгүй бүдэг бэлчир аж.

алтан нарны цацраг мэт бүгдтэй хүүрнэж чадахгүй ч
авах, гээхийн ухаанаар бусдаасаа суралцаж явья.
аялаж байгаа замаа хэрхэн эхлэснээ санаж алхая.
алхахдаа юунд тэмүүлснээ өнөөгөө тэвчин бодьё.

үгийг үгээр давдаггүй, үйлээр давдаг хорвоод
өөрийн бяцхан алдаа үйлдэж сургахдаа л зориулья.
ухаарал нь хожимдоод хэвшсэн энэ орчлонд
унахаасаа өмнө уужуу байж, уучлаж сурахыг хичээе.

маргааш гэж өдрийг мартахад биш бүтээхэд зориулж явья.
мянган саадтай тулсан ч бэрхшээлгүй давж гарья.
эргэх цаг хугацаа л үнэнийг шүүхийг мэдэвч
энэ л өнөөдөртөө зөвд тэмүүлж явья.
2014/05/09

*****

Би ... болно

магад би хийсэх тоос болно
маргаашийн үрсдээ гишгэх хөрс болно
өнөөдөр өөрөө ундаалж байгаа усныхаа
өргөн эрэг болж, хамгаалж сахих болно

тиймээ би шороо болно
тийчлэх хэдэн үрсдээ дэвсэх зүлэг болно
дайраад өнгөрөх орчлонд би дэвсгэр болно
дайсныхаа хөлд өшиглөгдөх чулуу ч болно

яадаг юм би хий болно
яарч яваа нэгнийг норгох аадар болно
ангаж яваа бусдыг тэтгэх рашаан болно
асуултгүйгээр эргэх хорвоогийн ундрага болно

өнөөдөр би мандаж болох ч
өлгийтэй үрс надаар наадах болно
өвгөрөөд ирэхэд минь намайг шоолох болно
үрсийнхээ инээх шалтаг болсондоо би баясах болно

аатай насныхаа ирээр би аяглах болно
аятай бүхний төлөө зүтгэх болно
зөвтэй бүхний төлөө зүрхтэй явна
зүхэж байгаа бүхнийг жөтөөг төрүүлэх болно

халуун сэтгэлээр өстнөө ч энэрэх болно
хатуу шударгаар ч өөрийнхнөө яллах болно
харахад одоо ойлгомжгүй ч үйлдэл бүхэн минь
хан хорвоод бусдынхаа төлөө хийгдэх болно
2014//04/03
 

****

Эрчүүддээ

золбоогүй мэт санагдавч зоригоо бүү алдаг
золгүй мэт сэтгэвч зорилгоо бүү умартаг
хайртай бүхэндээ хаягдсан мэт бодовч хараа сунгаж яваг
хатуу хорвоод гунивч баясал ойрхоныг бүү мартаг
ирээдүй бүрхэг мэт боловч ирээ бүү мохоог
эрийн заяа гундсан мэт мэдрэгдэвч эрчээ бүү алдаг
маргааш жаргалтай хамт байхын тулд
магад өнөөдөр сэтгэл чинь гуньж байгаа биз
үлдэх үрсийнхээ их зол жаргалын төлөө
өнөөдөр чи бяцхан шаналж байгаа биз
ир чинь хурц байг
итгэл чинь ганхахгүй байг
үг чинь үнэн байг
үйл чинь арвин байг
даравч архайж яв эрчүүд минь
дайчин зангаа л бүү гээ та нар минь
тээглэсэн саад болгоныг
тэмцэж ялж яваг
энэрэл хайраар
эр зоригоор
далай мэт тэвчээрээр
дайнч тэмцэгч чанараар дүүрэн явцгаая эрчүүд минь
2014/02/07

*****

Бүсгүйчүүддээ
 
тунарсан хархан гэзгэнд нь жавар бүү хураг
туньсан алаг нүд нь нулимсанд бүү автаг
цээлхэн хоолойн эгшиг нь хөгөө бүү алдаг
цэвэр ариухан сэтгэл нь хараар бүү дүүрэг
уяраах эхийн сэтгэл нь энэрлээр бүү дундраг
уйлан эрхлэх үрсээ хайраар бүү дутааг
ухаалаг хэрсүү зангаараа эрсээ түшиж байг
унаж ядрах бусдаас халамжаа бүү харамлаг
заяагдсан гоо үзэсгэлэнгээ тордон тольдож яваг
замын голоос эргэлгүй итгэлдээ үнэнч алхаг
замбад алдраа өргөж, удмаа дээдлэж амьдраг
залуу насны үзэмжээ сэтгэлийн илчээр чимэг
яана даа гэмээр үед тэвчээрийн утас нь тасралгүй
ядруухан гундах эрсээ ойлгох сэтгэлтэй байг
ямагт тугал хариулахгүй тэд чинь, дотроо асаж л яваа
ялаад тугаа мандуулахад нь харин
ямар л байсан тэр л хэвээрээ инээмсэглэж угтаарай бүсгүйчүүд минь
2014/02/07

*****

Талархал

сүйрсэн хэдэн сүнс бүлээн биеийг шунан давшлахад
сүүгээ өргөж ижий минь л цагаан хана босгоно буй за
сүүдрээр үрсийг нь сэвтүүлэхийг хүсэх ахуйд
сүнсээ худалдаад ч болтугай ижий минь л биднийг ивээнэ буй за

харанхуйг шуналаар хөлөглөх тэднээс үрсээ
хамгаалж аав минь цээжээ цөмлүүлнэ буй за
харыг дэвэргэж, улайг үзүүлэхийг тэд хүсэхэд
халхалж мэлмийг минь аав минь энхрийлнэ буй за

дайран давшилж голыг минь таслахыг хүсэхэд
далай их хайраараа түүдэглэн хаах нь ижий минь буй за
давчдаж гоморхож сэтгэлээ тэдний идэш болгох ахуйд минь
дандаа уучлаж яваарай гэх эхийн үг гэгээ татуулна буй за

өрөөлийг хэт өргөмжилж өөрийгөө хэт голж тэдэнд боломж олгоход
өвгөдийн сүнс дэргэд байдгийг эцэг минь та сануулна буй за
өөрийн биеэ өндөрт өргөж тэдэнд алдаа тушаах ахуйд
өндөр нь хөх тэнгэр гэдгийг эцэг минь л бидэнд сургамжилна буй за

харыг хайраараа цайруулах энэрэлт эхчүүд минь
харвахыг алдаараа халхлах зоригт аав нар минь
удмынхаа төлөө зүрхээ өгөх ухаант хатан ижий нар минь
учиг бүхнийг тайлж, бодлыг уртасгах суу зальт хаан аав нар минь
2013/12/07

*****

Дэмнэж хайрла

идсэн эрүү нь хурдан хувхайрч
идүүлсэн нутаг минь түргэн сэргэх болтугай
адлуулсан тэдний минь заяа түшиж
ард олон нь ойлгоосой
адлаад хорьсон тэдний цус нь
аяганд багтахгүй урсаасай
илдээр биш ч далдуур хорлосон
энэрэх ёстой түмний зовлонг үүрээсэй
эх нутгаа худалдсан болгоны
идсэн болгон нь буцаж гараасай
өршөө өршөө Тэнгэр минь
өмөөрөх үйлийг минь дэмнэж хайрла
өлгий нутгийнхаа төлөө зориглосон тэдний
үйл юуг нь дэмнэж хайрла

2013/09/16
 *****     

Эргэлзэлгүй чадна

Монгол минь морио алдаж модоо барьсан гэхэд би итгэхгүй
Монгол хөвгүүд минь тугаа хаяж тугал хариулж байна гэхэд бас итгэхгүй
Монгол охид минь цусаа бузарлаж харийн дэвсгэр болсонд бас л итгэхгүй
Монгол өвгөд минь сургаалиа мартаж савангийн дуурь үздэгт үнэмшихгүй

Туулсан замаа эргэн санах унтаа оюун минь сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй
Тусгаар улсыг минь эрхшээлдээ оруулах харийн санаа бүтэхгүйд эргэлзэхгүй
Зорих оргилоо харах аньсан мэлмий минь нээгдэнэ гэдэгт эргэлзэхгүй
Зовсон түмний минь шаналалд эцэс бий гэдэгт эргэлзэхгүй
Мушгисан түүхийн нугачаа болгоноос үнэнийг олно гэдэгтээ эргэлзэхгүй
Муудсан болгонтойгоо эвлэрч нутгаа өмөөрнө гэдэгтээ эргэлзэхгүй

Өвгөдийн минь урссан цус дэмий байгаагүйг нотлож
Өр зүрхний нулимс болгон гашуун байгаагүйг сануулж
Даасан ачаа болгоныг дамжуулж үрсдээ өвлүүлж
Давсан даваа болгон оргилд хүргэдгийг сануулж
Удмын хэлхээ цусаар биш оюунаар тамгалагддаг болохыг
Уучлал, өршөөл бүхэн эвлэрэлд хүргэдэг болохыг
Ундарсан их хайр бүхэн энэрэхэд дэмтэй болохыг
Урагшаа тэмүүлэх итгэл зоригт хачир болохыг

Өртөөлөөд хэлэх ам минь байна
Үйлдээд хийх бие минь байна
Зориод тунгаах оюун минь байна
Зориг хийморьтой нас минь байна
Дэмнээд өгөх өвгөд минь байна
Дээрээс харах Тэнгэр минь байна
Хайраар ивээх хань минь байна
Хажууд түших нөхөд минь байна
Бодол уртасгах үр минь байна
Бурууг зөвлөх андууд минь байна
2013/09/05

*****

Өвгөдөө магтам уу

хүлгийн туурайгаар хөрстийг сэрээж
хүний хайлангаар олныг оройлж
өдийг хүрч үрдээ заларсан
өвгөд та нараа бахдам уу

уухай хадааж гэмтнийг гэсгээж
уудам орчлонг Монголоороо тамгалсан
ухаан муутныг сэнхрүүлж дийлсэн
удам сайт буурлуудаа магтам уу

тэсгим хүйтнийг исгэрэн сөрж
тэмцэж ялсан түүхт дайчид
тэнүүн орчлонг зоригоороо бишрүүлсэн
тэнгэрлэг заяат баатруудаараа бахархам уу

аргамаг хүлгийн давхил дунд
амьдралын утгыг тунгааж таньсан
алд биеийн алжаалыг умартсан
алдар суут дээдсүүдээрээ омогшим уу

давхих морьдын нурууг амрааж
далд, илийн ухааныг тэнцүүлж
даян дэлхийд амгаланг тогтоосон
даамай ухаант өвгөдөө биширмүү
2013/01/07
 
 



эцэст нь бичихэд тухайн үед бодолд, санаанд буусан болгоноо бичдэг байх нь зөв шахуу юм байнаа, учир нь ингээд эргүүлж харахад, уншихад ухаад ойлгосон мэт хэрнээ мартсан зүйлсээ эргэж хараад, урагшаа гишгэх учгаа нэхэж санаад, бүдчээд байгаа алдаагаа анзаарч хараад, бүтээд байгаагаа үнэлэхгүй сэтгэлээ эргэж хараад ч байх шиг. янз бүрийн л сэдэл төрөх юм байна.
тухайн үед бичсэн, залхуурлаа давсан мөч бүртээ талархая гэхээс яахав дээ.

*****
Болно
 
цаг нь ирвээс нулимс давсгүй болно
цаад учрыг нь танихаар зовлон жаргал болно
уйлах шалтгаан нь шоолох сэдэл болно
унтарсан гал нь цогших итгэлээр бадамлах болно

мөч нь тохиовоос мөрөөдөл бодит болно
мөнх оршихуйг бүгд сэхээрэн балмагдах болно
мөдгүй жаргал хаяанд байгааг анзаарах болно
мөлхсөн явдал хувираад Тэнгэрт нисэх болно

хором нь таарваас хорвоог бүгдийг нь ойлгох болно
хожимдоогүй туулах үнэ цэнэ өмнө нь байгааг ухах болно
хорлосон бүхэндээ гэмшиж уучлал эрэх болно
хоног тоололгүй ухааралд хөтлөгдөж алхах болно 

эргэх цаг хоосонд биш ухааралд хөтлөдгийг
эндүүрсэн үгс чихэнд биш зүрхэнд шивдгийг
эрчилсэн өс өнөөд биш үрд минь тусдагийг
эвийлсэн хайр эргээд үржээд ирдэгийг

үзэн ядалт өрөөлийг биш өөрийг нь хорлодгийг
үгэн жад сонсогдох биш үхүүлдэг болохыг
үүрсэн ачааг буулгах биш даах учиртайг
үнэний дэнс хоромхон биш мөнхөд байсан учрыг

одоо биш ч маргааш сэхээрэх болно
оллоо гэж бардвал эндүүрч зөрсөн байх болно
олсноо үйлдэн үлгэрлэж, мөрөө үлдээхийг хүсэх болно
олондоо учрыг таниулж, сайныг ерөөхийг хичээх болно.

2014/09/01
****