Monday, May 22, 2017

Үндэсний эрх ашиг?

#МонголТовчионТүүхийнТайлал, Боть Нэг, 197 дугаар талд дараах дэс байх:

Дэс Дөчин долоо

47 (46). КауЧиЭн-ний хөвүүн
НойКүДай нэрт бүлгээ.
НойЭмСэг авирт тул
НойЭн Хан овогтон болов.
КауЧиГүн хөвүүн БарУл Адай нэрт бүлгээ.
Их биет, идээн барах бөлгөө.
БарУлас овогтон болов.
КауЧуЛа-н хөвүүн ЭдИэн барах тул
Их БарУлас, Өчүүхэн БарУлас нэрийдэж
БарУлас овогтон болгож
Эрдэмт БарУлас, Төдөгэнэ БарУлас
Тэргүүтэн БарУлас тэд болов.
КауЭрЭлТай-н хөвүүд
Будаан хутгалдах
Эх, тэргүү үгүйн тул
Будагад овогтон тэд болов.
КауЧиГүн-ий хөвүүн
АдАрХи Адай нэрт бүлгээ.
Ах дүү зуур адрагч тул
Адархин овогтон болов.
НайЧиЭн БааТаЭр-ийн хөвүүд
УрУг Адай, МонКү Адай нэрт бүлгээ.
Уругуд, Мангуд овогтон тэд болов.
НайЧиЭн БааТаЭр-ийн авааль эмээс төрсөн
ЧиЧу Адай, ДогГал Адай нэртэн бүлгээ.

Мөн ботийн 199 дүгээр талд:

Тусгаар таван тогтнолыг
Таван учгаар нураасан цаг үе
Хураасан улсыг хуйгүй болгож
Хурсан ардыг бусгай тарааж
Таван тухыг үгүй хийж буй
Таван тамлалын тухай өгүүлнэ.

"Ноёмсог авир..." хэмээх нь
"Хил хязгаарын тусгаар тогтнол"- ыг үгүй болгох

"Идээн барах..." хэмээх нь
Биеэ муутгах буюу эрүүл мэндийг үгүй хийн
"Цусны тжсгаар тогтнол"-ыг үгүй болгох

"ЭдИэ-н барах ..." хэмээх нь
"Ахуйн тусгаар тогтнол"-ыг үгүй болгоно.

"Будаа хутгалдах..." хэмээх нь
"Жаягийн тусгаар тогтнол"- ыг
Будаа мэт тараан хаяж
Эмх цэгцгүй болгож
Түүнийг дагах үргүй болгоно.

"Адарагч ..." хэмээх нь
Хэл бичгийн соёлыг үгүй хийн харилцаа үгүй болгон
"Хэлний тусгаар тогтнол"-ыг эвдсэнийг өгүүлжээ.

гэж тодломж хийжээ.

За ингэхээр өмнө нь зүгээр л хэдэн хүнээр тэргүүлсэн хэдэн овог үүсч байна гэж боддог өөрийн минь бодол энд хүрээд үгүй болж байгаа нь энэ.

Эргэцүүлээд суухад:

"Хураасан улсыг хуйгүй болгож" гэдэг үг их тодорхой, ойлгомжтой харагдана. Хутга, илдээр бодьё. Монгол эрс хэзээний л эр хүний нөмөр нөөлгийг үзүүлж чаддаг, үүнийгээ үзүүлж чадахын илрэл болсон "Ир"-тэй, бурууг цавчиж бардаг, зөвтэй бусдыг өмөөрч, хамгаалж чаддаг байсан биз. Иймээс ч олон ардыг араасаа дагуулж, зөв гэдгийг, зөвтэй амьдарч болохыг үлгэрлэж барсан учраас олныг хурааж барсан бизээ.
Гэтэл "хуйгүй болгоно" гэх үг их эвгүй сонсогдох юм. Төсөөлөхөд, хурц хутгаа хуйгүй аваад явахад өөрийнхөө бие рүү шаачих гээд, гар хөлөө эсгэж, зүсчих гээд л байх биз, ядахдаа. Эсвэл хуйгүй учраас бороо, шороо, нар салхинд зэврээд, нөгөө агссан ир, нөгөө бурууг цавчих ир нь зэврээд, мохох санагдах юм. Эсвэл, хуй гэдэг нь хутга гэдгийн хил хязгаар, орон зайн хана гэдгээр төсөөлөхөд, зах замбараагүй, ах захгүй болохоор бодогдоод байх юм.

Харь нутагт үйлэнд шогшиход Онгод Дээдүүд минь ганц л үг захиж хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр: "Эх Нутаг гэдгээ л бодож яв" гэсэн үг.

Анх хэлэхэд нь гайхаж л байв. Эх нутаг гэхээр Монголоо л бодож таарах нь, угаасаа нутгаасаа гараад хэд хонохоороо эргээд бүхэлд нь санадаг мань шиг хүн бол бодож л таарна, мэдээжийн үг хэлэх юм гээд бас тэрүүхэндээ хэгжүүрхэх маягтай байв.

Гэтэл одоо ингээд үйлийнхээ ард гараад, туулснаа цухас бодоход Эх Нутаг гэж зөвхөн Монгол хүн бодох ёстой биш, Эх үүсгэлээ авсан хүн бүр түүнийг бодох учиртай мэт.

"Ноёмсог авир..." гэхээр яахаараа хил хязгаарын тусгаар тогтнолыг үгүй болгодог билээ гэж гайхаж л байлаа. Гэтэл Эх нутаг гэдгээ л бодож явахад, одоогийн энэ хөгжилтэй гэх орнууд нэгэн цагт Ноёмсог авиртай байж, бусдыг дээрэлхэж, боолчилж, нутгийн уугуул ардыг алж, хядаж өөрсдийн газар нутгаа тэлсэн гэж харах болов. Нэгэн цагт тэд бусдыг боолчилж, газар нутгийг нь эзэлж, хэл соёлоо хүчээр тулган хэрэглүүлсэн л биз. Гэтэл одоо цагт харахад тухайн үед боолчилж, эзэрхийлж, ноён байсан нөгөө Испани, нөгөө Португал, нөгөө Англи, Америк гэх улсууд нь боолчилж байсан улсуудынхаа цагаачаар дүүрсэн, тэдэндээ уусах шахуу болоод л явах. Ингээд бодохоор, энэ өнцөгөөс харахад нээрээ л бусдын Ноён гэж өөрийгөө сэтгэж, өрөөлийн тогоо руу өнгийснөөрөө өөрсдөө тэр тогоондоо живээд, эргээд тэдэндээ уусаж байх шиг.

Өндөр хөгжилтэй, суурин соёлын суга хөгжүүлсэн, орчин үеийн гэх хүмүүсийг харж л явлаа.
Ёстой л нөгөө "Идээн барах" гэдэг шиг, хэрэглэхийн тулд л өнөө үедээ хэтэрхий их зарж байх юм. Хэрэглэж байна гэсэн нэртэй нэг хазсан чихрээ хаяж байх юм, нэг хонуулсан талхаа хуучирлаа гээд хог руу шидэж байх юм. Өнөөдөр үзэгдэж байгаа, харагдах бүхнийг хэрэглэхийн тулд өөрийн бие хүртэл золиослох шахуу, хоёр ходоодтой мэт, дөрвөн мөртэй мэт, таван тавхайтай мэт, ёроолгүй гэдэстэй мэт л хэрэглэх юм, тэр ч хэрээрээ өөрсдийн эрүүл мэнд нь доройтож харагдах юм. Эрүүл зүйл хэрэглэж байгаа гэдэг нэрээр "Био бүтээгдэхүүн" гээд л зарах.

Ингэж хэтийдсэн хэрэглээг үүсгэхээр "ЭдИэ-н барах" гэдэг рүүгээ унаад байх. Харахад сайхан юм оо, үнэхээр ккк. Юу сайхан гэхээр хаанаас ч очоод юуг ч худалдаад авчихаж болох нь сайхан юм. Мөнгөтэй л байх ёстой аж, мөнгөгүй байлаа ч гэсэн хямдрал гэж зарлаад яаж ийж байгаад л "хүн" гэдэг сүргийг "хэрэглээ" гэдэг зүйлээр боолчилж чадаж байна. Үнэхээр бид амьдарч, амьд яваа учир идэх уух, өмсөж зүүх хэрэгцээ байлгүй л яахав. Би ч өөрөө хэрэгцээтэй зүйлтэй, хэрэглэж л байна, хэтийдэж нэг тал руу туйлширч, чухам л би нар сараа, агаар салхиар хооллодог гэсэнгүй. Харин худалдаж байгаа арга хэлбэр, худалдахдаа үүсгэж байгаа орчин зэрэг нь, худалдаж авахгүй л бол үнэхээр би, бид хохирчих юм шиг итгүүлдэг нь дургүй хүргэж байгааг л хэлэх гэсэн санаатай. Яг үүнтэй холбоод хэлэхэд "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана" гэх ардын айхтар үг байх. Бид идээд л байх, эрүү зажлаад л байх, гэтэл ихдээ 100 жилийн дараа энэ удаагийн идэгч эрүүнүүд бүгд л хувхайрна, харин идүүлсэн эх дэлхий, эх нутаг маань эргээд ургах биз. Үнэхээр идүүлсэн бут эх дэлхий, эх нутаг маань эргээд ургахгүй болтол нь идчих гээд байгаан биш биз гэдгийг идэх эрүүтэй бүхэн, эдлэх биетэй бүхэн БОДОХ ЁСТОЙ, бодож барсан бол, бодож дууссан бол хамгаалахын тулд ҮЙЛДЭХ ЁСТОЙ.
Эрүүл байхын үндэс нь хүнсээ үүсгэж байгаа хөрсөө эрүүл байлгах, ургуулж байгаа ногоогоо услах усаа цэвэр байлгахыг нэр гэдгийг мөн цөөхөн нь анзаарсан нь гунигтай.
Нөгөө талаар үүнийг бидэнд сэхээрүүлж, анзааруулахын тулд хөрстөд заларсан олон Онгод, Өвгүд байгаа нь бас олзуурхууштай.

Нэгэн цагт дарлаж байсан ард түмэндээ өнөө цагт дарлуулж байгааг нь харахад, цус яс холилдож, зах замбараагүй болсныг нь харахад нээрээ л "будаа хутгалдсан" мэт л байх аж.
Оюутан байхдаа бид чулуутай цагаан будаа иддэг байв. Олдож байгаа нь, хямд нь л тэр. Идэхийн тулд цагаан будаагаа ширээн дээр асгаж байгаад ширхэг ширхэгээр нь жижиг үйрмэг чулууг түүдэг байв. Ганц хоёр таваг будаа агшаах гэж багадаа цаг будаа, чулуу хоёрыг ялгадаг байв. Гэтэл нэг хүний идэх будааг чулуунаас нь ингээд ялгах яахав гэхэд нэг үндэстэн гэдэг нь ялгахын аргагүй болсон, нэг ёс заншил, өв соёл гэж холилдсон будааг яаж ялгах вэ гэдэг их хэцүү санагдах юм.
Холилдсон энэ бүгдийг дэгтэй, нэг журамтай байлгах арга нь үнэндээ сайн хууль, цааз, жаяг, ёс гэхээс илүүтэй ходоодоор нь базах харагдах юм. Ходоодоор нь гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр би, миний үр хүүхэд, гэр бүл, сэтгэлд ойр бүхэн өлсөхгүй байгаасай, гэртээ харихад хүүхэд өөдөөс хоол нэхэж уйлахгүй байгаасай, эхнэр, эсвэл нөхөр идэх хоолгүйдээ хоосон тогоо өөдөөс шидэхгүй байгаасай гэх хүсэлдээ захирагдаж л хүн төрөлхтөн хоолоо худалдаж авах мөнгөний дөрөнд хөтлүүлсэн харагдаж байгааг л хэлэв.

Нэг л гадаад явж, галуу шувууны мах идсэн хүн шиг, бусдын яваагүй газраар явсан мэт цуураад байгаа санагдаж болох ч бусад маань үнэхээр энэ өнцгөөс харж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзмээр үе их байх. Тиймээс л ийм эргүү ч гэмээр, эсвэл нэмэртэй ч гэмээр бичиж суух.

Ганц харь нутагт ийм байна уу гээд харахаар, үгүй ээ.
Эх Оронд минь, Эх нутагт минь бас яг адил байна.
Ноёмсог авираар нутгаа захирах, нутагтаа агуулагдах бүхэндээ эзэн болохыг хүсэх, эзэн болсноороо түүнийг бусдад арилжихыг хүсэх, бусдад арилжсанаараа өнөө цагт илүү хүчтэй байгаа өөр үндэстэнд биднийг уусгахыг хүсэх. Уур минь хүрч байна.

Хоёр ходоодтой мэт, ёроолгүй гэдэстэй мэт, арван биетэй мэт, хорин гартай мэт уралдаж хэрэглэх, хэрэглэж байгаагаа бусдад гайхуулж, түүгээрээ өрсөлдөж, түүндээ сэтгэл ханаж байна гэж өөрийн уг Монгол хүнээ хуурч байгааг харахаар бас л уур минь хүрч байна.

Өнөөдөр идээд, маргааш баах хүнсээ авахын тулд, өнөөдөр уугаад маргааш шартах цэнгэлийг авахын тулд, өнөөдөр өмсөөд хэсэг хугацааны дараа үгүй болох эдээ авахын тулд, өнөөдөр эдлээд хэдэн жилийн дараа төмрийн сэг болох төмөр хүлгээ авахын тулд энэ ясаа, цусаа, биеэ өрөөлд худалдаж, өрөөлийн гудас болж, бусдын хүслийг хангаж байгааг хараад бас л уур минь хүрч байна.

Эцгээс, эхээс төрөөгүй мэт, эх нутгынхаа хөрсөндөө гишгэхгүй мэт, энэ Монголынхоо бүхнийг үгүйсгэж, өрөөлтэй будаа мэт хутгалдаж, өөрийн бүхнээ уландаа гишгээд, өөр бусдын хаясан шүлсийг хүртэл ариун рашаан мэт бодож, хэлсэн үгийг нь үнэний туйл мэт сэтгээд дагаж далдагнахыг хараад бас л уур минь хүрч байна.

Өөрсдийн толгойгүй мэт, өрөөлд тархиа мэдүүлж, санхүүгээ атгуулж, юуг хэрэглэх, хэзээ идэх, хэзээ ажиллах, үхтлээ хөдөлмөрлөх, үхсэн хойноо ч мөлжүүлэх хэмжээнд хүрч байгааг хараад бас л уур хүрч байна.

Уур биеийг зовоох нь үнэхээр үнэн аж. Гэхдээ уурласан энэ уур минь өрөөл сэхээрэх оч болж очоосой л гэж хүсэх.
Уурласнаар, эсвэл гутаж уйлснаар үйл дүүрдэг, ажил бүтдэг бол уурлаад л, уйлаад л суух сан. Гэвчиг тэгэхгүйгээс хойш, нэг л гэсэн сэхээрснээ хоёр ч гэсэн мөр болгоод бусадтай хуваалцаж байвал энэ нэг үйлдэл маань биз гэж бодоод л бичих. Ингэж бичсэнийхээ арыг даахын тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой маань бас нэг уурлах шалтгаануудыг давах учиг минь болох биз гэж бодох.

Магад энэ мэтийг анзаараасай гэсэндээ л "Эх Нутаг гэдгээ бодож яв" гэсэн биз.

Хадуураад эхлүүлсэн дэсээ биш хаа хамаагүй юм бичээд байх шиг байна.
Дэс 47 нь тус судрын нэгдүгээр бөлөгт байх 73 суу ухааны 47 дахь суу ухаан, тухайлан нэрлэвээс "Арван түгээмэл"-ийн нэг болж, "Үндэсний эрх ашиг" хэмээн нэрлэгдсэн байх.

Тэгвэл өнөө цагт, та бидний Монголчуудын хувьд чухам юу "Үндэсний эрх ашиг" билээ гэж үүнийг цаг гарган унших бүхэн бодоосой, өөрийн сэтгэлээ амгалан байлгаж чадах, өөрөө түүнийхээ төлөө зүтгэж чадах тэр хариугаа олоосой гэж хүсэх юм.
Модоор, ургамлаар бодоход түүний үндэсний эрх ашиг нь үндэс нь ургах хөрс, өөрийг нь тэтгэх хөрсний чийг, ус, илчээ өөрт нь өгөх агаар салхи эрүүл байх биз, тэгвэл Монгол хүн би, та, бидний "Үндэсний эрх ашиг" чухам юу вэ???


Хадуураад дурьдахад, та бидний шүтээд байдаг, үгийг нь туйлын үнэн гэж боддог, хаях шүлсийг нь идээний дээж хэмээн боддог соёлт европ гээчийн хорь гучин жил далд ертөнц, бөө мөргөл, зэрэгцээ ертөнцийг судалсан гэх угсаатан зүйч, түүхч, судлаач хүмүүсийн ярьж байгаа нь, өөрсдөө судлаад мэдчихээд бусдад түүнийгээ гайхуулан ярьж байгаа зүйл нь үнэхээр бидний хэлдгээр хүүхдийн санаа мэт л байхыг хараад улаачаа, удмаа, угшлаа, улсаа, эх нутгаа, энэ Монголоо, эх дэлхийгээ засах гэж, хамгаалах гэж заларсан Онгодуудыгаа илүүтэй хүндэтгэж, илүүтэй тэднээсээ суралцах ёстойг мэдэрснээ хэлэхэд илүүц болохгүй биз ээ.