Wednesday, January 30, 2013

өршөөж хайрла даа та минь

өршөөл эрмээр санагдаад байх юм, өрөөлийг ойлгохын тулд өөрийгөө тэр хүнийхээ оронд нь тавьж үзэх хэрэгтэй гэдэг бил үү. түүгээр нь бодвол мунхаг улаач нь Буурлуудаа ойлгохгүй, шивнэж байгааг нь сонсохгүй, өгч байсан дохионуудыг нь өөрийнхөө азгүйтэл гэж бодоод л яваад л байсан ажээ. сайндаа ч биш, эрүүл мэндийн асуудал яригдаад ирэхээр, зүүд нойронд үр хүүхэд минь эвгүйгээр ороод эхлэхээр л эрхгүй нэг тогтож бодож, тосож авч дээ та бүхнийгээ.
 
одоо би нэг зүйлд итгэлтэй болжээ, Буурал, Дээдсүүд бүхнийг бүтээх шидтэн биш, гэхдээ тэд үрсдээ залраагүй, үгээ хэлж, үйлээ хийж эхлээгүй байсан бол бидний одоо муулаад байгаа бүхэн илүү доор, илүү муу, илүү хар байх байсан гэдэгт дэндүү итгэж байна, Буурлууд буухаар бүх асуудал алга хөрвүүлэхийн хооронд л алга болж, сэтгэл амгалан, гэдэс цатгалан, эрүүл биетэй, эд хөрөнгөтэй байна гэж бодох нь өрөөсгөл, учир нь Буурлууд үрсээ эрх муур шиг хэн нэгний гар харсан, хэн нэгнээс хараат байлгахыг огтхон ч хүсэхгүй, харин ч тэд үрсээ ухаантай, чадалтай, чадамжтай, алив зүйлд адтай, сэргэлэн, хамгийн гол нь эх нутгаа, байгаль дэлхийгээ гэх сэтгэлтэй байлгахыг л хүсдэг гэдгийг бага багаар ч болтугай ойлгож байгаадаа баяртай байна. гялайлаа Буурлууд та бүхэндээ, удаан хугацаанд ойлгохгүй, шивнэж байгааг тань хүлээж авахгүй, зөрүүдлэж, өр лүү тань өшигчиж байсан бол өршөөгөөрэй.

өршөөл эрэх гэж үгээр хэлээд л, их сайндаа өвдөг сөгдөөд л болчих зүйл биш бололтой санагдаад байдаг болчихлоо, өршөөлийг үйлээрээ харуулж, өөрийгөө дайчилж, үнэн сэтгэл гаргаж байж л эрдэг, тэгээд олдог юм болов уу гэж бодох шиг.

нэг үеэ бодвол өөрийн байдлаа хараад, анзаарахаараа бухимдах нь багасаа юу даа, туулж байгаа амьдрал минь, туучих ёстой бүхэн минь өөрийн махан биеэр л туулахгүй бол ойлгохгүй, өөрөө ажаад, өөртөө тунгаагаад учрыг нь ухахгүйг мэдсэн тул өөрөөр минь амьдруулж байгаа, өөрийг минь сорьж байгаан болов уу гэж боддог болжээ. гагц улаач хүн ч биш, ер нь бид бүгд л аливаа сонголттой, сорилтой үргэлж тулгардаг, тойрохгүй давдаг, давах хэрээрээ хатууждаг, давсан бол хөгждөг,  хөгжсөнийхөө хэрээр ухааждаг, ухаажсаныхаа хэрээр улам өндөр давааг давдаг юм болов уу.

Өвгөд Буурлууд минь, Өндөр Дээдүүд минь үрсдээ буруу зүйл хэлж байгаагүйг өнөөдөр л анзаарав уу гэлтэй, харин ч буруу зүйл хийсэн бол өөрийн, хүний ялгалгүй хүртэх ёстойгоо хүртэг гэдгийг нь бас л өнөөдөр анзаарав уу, эсвэл өнөөдөр л Буурлууд та бүхнийхээ үйлийн тухай, үгийн тухай эргэцүүлж байгаадаа энэ үү.
үүх түүхийг тань давтаж чадахгүй гэж өөрийгөө голж болох ч, өөрийнхөө түүхийг бүтээх ёстой гэдгийг сануулж, сэхээрүүлж байгаад та бүхэндээ гялайхаас өөр яах билээ.

Өвгөд та бүхэн минь үрсдээ үгэндээ шингээсэн ухаанаа хайрла
Өндөр Дээдүүд минь та нар үйлээ хийж, үрсээ бишрүүлж хайрла
өчүүхэн үрсдээ өмөг түшиг болох итгэл, нөмөр хайрла
үрс нь өөрийн гэх зүйлээ таних мэлмий, өмөөрөх сэтгэл хайрла даа

Sunday, January 27, 2013

хуваалцмаар ч юм шиг, үгүй ч юм шиг

Буурлууд гэдэг хар ухаанаар, энгийнчилж хэлбэл, тухайн үедээ сайн яваад, хамгийн гол нь зөв, ил, далд бүхэндээ зохицож яваад, өөрийн сүнсээ ухамсартайгаар хөгжүүлж чадсан, тэгээд сайн сүнс/онгод болсон, удмынхандаа хэрэгтэй үед нь буух эрхтэй болсон, тухайн цаг үедээ өөрийн орон зайгаа эзэгнэж явсан, одоогийн бидний хэлдгээр салбарын шилдэг явсан, хөдөлмөрийн баатар байсан хүмүүс юм болов уу хэхэ.
хааяа ингэж бодох юм, андуурч эндүүрч байж ч мэдэх.

тэгэхээр үүнтэй адилаар, өөрөөрөө бодвол, хэрвээ би Буурлынхаа оронд байсан бол яах байсан билээ гэж бодохоор Тэнгэрийн үйл чухал гээд л бүх замбын ахуй амьдрал бүхнийг хойш тавиулахгүй, эн тэнцүү авч явуулахыг хүсэх байсан, Буурлууд маань ч гэсэн тэгж хүсэж байгаа гэж мөхөс улаач итгэх тул улаач хүний нэг жилийн амьдрал эгэл нэгний олон жилийн амьдралтай тэнцэхүйц байх ёстой гэж хаа нэгтээ уншиж байсны учиг ч юм шиг.
хааяа зүгээр л сайхан Буурлуудаа залаад, өөр ямар зүйл бодох зүйлгүй явмаар санагддаг, нэг бодлын амар мэт санагдах ч, нөгөө бодлын алив бэрхшээл гэх үү, сорил гэх үү, зүйлсээс шантарч байгаа хэлбэр ч юм шиг санагдах тул аль алийг нь аль болохоор л хичээж авч явах хэрэгтэй аж. Тэнгэрийн үйлээ хийгээд, замбын амьдралаа амьдраад явахын тулд улаач хүн эгэл нэгнээс илүүтэй дэгтэй, журамтай, өнөөгийн нэг талаас нь хэлдгээр бол хувийн сахилга баттай байх хэрэгтэйн болов уу, Буурлууд биднээс дэг шаарддагын нэг тайлал нь ч энэ байж болох.

"орон зайндаа эзэгнэх"  хүний л амьдрал хойно, хэн нэгэн хаана ч, ямар ч орон зай, цаг хугацаанд байж болох, тэглээ гээд тухайн орон зайндаа эзэн нь байж, тухайн салбартаа шилдэг нь байж, бусдыг араасаа дагуулж байж л орон зайндаа эзэгнэх юм болов уу. оюутан байхдаа хэрвээ хичээлдээ, ангидаа хамгийн шилдэг нь байж чадахгүй бол суугаад хэрэггүй гэж боддог байсан нь орон зайндаа эзэгнэх гэж өөрийн мэдэлгүй хичээж байсны багахан оролдлого юм болов уу. орон зайндаа эзэн болж байна гээд л чухам өөрөө мундаг нь болоод, өрөөлөөс харамлах бол юу болох билээ, орон зайндаа эзэгнэх биш, орон зайг аминчлагч болж хувирах биз ээ. Буурлууд маань мэддэгээ, чаддагаа хэзээ ч хав дарж, бусдаас харамладаггүй нь нэгийг бодуулах.

Буурлууд маань биднийг чадна, итгэлийг нь даагаад явна гэсэндээ, бүр сөргөөр бодлоо гэхэд тэгж бодсоноо батлах гэж бидэндээ залардгаас хойш тэр л итгэлийг алдалгүй, аливаа зүйл бүрийн учгийг тайлж, учрыг ухаарч явахыг хичээх нь өглөө босоод нүүрээ угаадаг шиг, эсвэл хоол идэхдээ зажладаг шиг л хэвшил болгох зүйл юм болов уу гэж бодох.


санаа зөв бол заяа зөв гэж үг байдаг, үүнийг бидний үеийнхэнд зориулаад өвгөд маань хэлээд орхисон юм болов уу, өнөөгийн нийгмийн бүтээл учраас гэж өөрийгөө өмгөөлж болох ч, яг үнэндээ бид өөрсдөө л алив зүйлээс эерэг, сайн, зөв зүйтэй гэсэн зүйлийг нь анзаардаггүй болж, анзаарч харсан ч ажиггүй өнгөрөөж, муу, муухай бүхнийг нь сорчилж хардаг, анзаардаг, дэвэргэдэг болсон юм биш байгаа гэж бодох болж, нөгөө туулайн чинээ харыг уулын чинээ болгож харсаар, үүндээ дасч, дөжирсөөр, саар биш сайн сайхныг анзаарсан, түүнийгээ илэрхийлсэн нэгнээ заримдаа бүр хажиглах шинжтэй болсон нь бид өөрсдөө нэг хэсэг нь болж байгаа, бидний энэ нийгмийн гажуудал юм уу даа.

сайныг нь харлаа гээд муу муухай бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрөх хэрэгтэй гэсэн үг биш юм, ердөө л дээрх үгний нэгээхэн хэсгээс эмтлэх төдий бодсон маань энэ билээ.


хуваалцмаар ч юм шиг, хувьдаа бодоод баймаар ч юм шиг бодлууд үргэлжилсээр...

Sunday, January 20, 2013

аавыгаа үгүйлэх юм

аав маань биднийг дуудахад өөв гэж бидэнд хариулдаггүй байлаа, одоо эргээд санахад аав минь эр шиг эр, эцэг шиг эцэг явжээ, мунхаг миний ухаан дэндүү өнгөц, дэндүү тэнэг, дэндүү харалган тул ийм олон жилийн дараа л аавыгаа жинхэнэ утгаар нь ойлгох аядаж, уучлаж байгаа ч юм шиг...

хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны хүнээ уучлана гэдэг хүнд байх ёстой маш аугаа чанар, ухаан юм болов уу даа, хүн хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны гэх, хайртай гэх хүндээ дэндүү ихээр хайхрамжгүй ханддаг, тэднийгээ үгээрээ, үйлдлээрээ сэтгэл, зүрхийг нь өвтгөдөг юм уу, тэднийгээ дэндүү ихээр анзаардаггүй юм болов уу, яагаад заавал өнгөрсөн хойно нь, өөрийнх нь хажууд байхгүй болохоор нь бодох ёстой юм, ухаарах ёстой юм бол доо.

мунхаг би ингэж бичиж байгаа хэрнээ өөрөө, өөрийнхөө эргэн тойрны, ойр дотно, хайртай хүмүүсээ сэтгэл дүүрэн байлгаж чадахгүй байгаагаа бодохоор л, хүн хэн нэгэнд гомдож, тунихаасаа өмнө өөрийгөө маш ихээр шинжиж, өөрөөсөө алив зүйлийг учгийг, шалтгааныг хайх учиртай болохоор тэр юм болов уу даа.

ааваас минь надад үлдсэн нэг гарын 5-н хуруунд л багтах дурсамж байдаг нь сонин юм, тухайн үед шилжилтийн насанд байсан хүүхэд байж ийм цөөхөн зүйл санаж байгаадаа өөрийгөө голох юм.
тэр цөөхөн дотроос ганцыг нь үргэлж би санахыг хүснэ, тэр дурсамж нь том боллоо гэж өөртөө эрдсэн шилжилтийн насанд биш, өөрийн ухаан мэдээтэй болж эхлэж байгаа бяцхан байхад тохиосон, түүнийгээ ингэж сайн санаж байгаадаа өөртөө баярлах.

хажууд биш ч гэсэн энэ замбын хаа нэгтээ байгаа гэсэн бодол тэнэг надад, ялангуяа сэтгэлийн хат дутах тэр л үед шуурганаас нөмөрлөх өндөр, сүрлэг уул мэт санагдаж, нэг сайхан санаа алдаж, уужуу амьсгаа авдаг байж билээ.
хүмүүн биднийг өвгөд, буурлууд минь харж явдаг, хайрлаж явдаг ч, энэ л замбадаа, нэг л удаа ч болохнээ барааг тань харж, дууг тань сонсохыг юунаас ч илүү хүснэ, ялангуяа ингэж сэтгэлийн хат тэнэг үрээс нь хорвоо шаардах үед...

олны хэлдгээр би аавын хүүхэд биш, ээжийн хүүхэд, тэгсэн хэрнээ аавыгаа ингэж аав гэж хайрлан дуудаж, ингэж ихээр үгүйлэх чинээ санасангүй явжээ. хажууд минь байсан бол юу гэж хэлэх байсан бол доо, эр шиг эр бай гэх байсан болов уу даа.

алганы тань дулааныг үгүйлэх юм даа.


http://www.youtube.com/watch?v=81UmQrJ2ggY

Wednesday, January 16, 2013

нийтээрээ бухимдах сан

дэлхийн банк тэгсэн, азийн хөгжлийн банк ингэсэн, тэгэхгүй бол та нар өлбөрөх нь, ингэхгүй бол танай улс хөгжихгүй нь гэж биднийг тэд айлгах хэн бэ ер нь?

гадны нутгийн цэцэг цэврүү шиг ганган цэцэгс /эдийн засгийн, улс төрийн болон янз бүрийн бодлогууд/ хөх Монголын маань хүйтэн хөрсөнд ургаж чадах уу?
эх нутаг маань эршүүд орчинтой, эрлийзүүдэд халтай, эрэмгий дайчин биш бил үү?

өнөөдөр ажил хийх гэсэн ажлын орчинг бүрдүүлдэг, хэлээрээ хоол олж идддэг, хор найруулж захирал болдог нөхдүүдээс болоод уур хүрээд сууж байтал өөр нэг зүйл сонсоод бүр аазгай хөдлөв, андуурч явснаа мэдэв.

үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд төрийн тэргүүнээр толгойлуулдаг зөвлөл, стратегийн судалгааны төв ч гэнэ үү байгууллагуудад эрдэм мэдлэг нь хэтийдсэн, эх нутгийнхаа орчинг, ахуйг сайн мэддэг, түүндээ тааруулж бодлогоо боловсруулдаг, түүнийгээ дагаад судалгаатай нь танилцдаг, судалгааг нь үндэслэн шийдвэрийг зөвөөр гаргадаг гэж бодож байлаа.

мунхаг би андуурчээ!!!

дээр дурьдсан шиг төрийн судалгааны төвүүдэд өөрсдийн санаачилсан гэх хуулсан, орчуулгын хуулийн төслөө дэмжүүлэхийн тулд, гадны гэх адил, өөрт нь хэрэгтэй бүхнийг захиалгаар бичүүлдэг, өөрийн нутгийн орчинг судлаад, үнэн бодит мэдээлэл өгий гэхээр ажлаас нь халахаар дарамталдаг, дарга цэрэг нь дээрэлхдэг гэж мэдээд ой гутав. ингэж бодит бус, бүрэн дүүрэн бус, захиалгат судалгаа, мэдээллийг өнөө мундаг төрийн түшээдэд үзүүлээд, нөгөөдүүл нь мань шигээ бодож, бүрэн гүйцэд судалгаа гэж бодоод буруу шийдвэр гаргаад байгаагийн илрэл нь батлагдаад хэрэгждэггүй хууль юм биш үү.
Монголын хууль 3 хоногийн настай гэх, хууль гэж гууль боллоо гэх эдгээр хэлц үгүүд яагаад хүмүүст цээжлэгтлээ дахин дахин сонсогдож, яагаад үүнд хүмүүс эмзэглэхээ болио вэ?

мунхаг учраас би хардаад байна, энэ бүхний цаана гадаад улсуудын, гадны, одоо цагтаа хүчирхэг гэх улсуудын хар хайрцагны бодлого яваад байгаан биш биз дээ? гэж хардаад байх юм, би тийм хартай хүн үү, эсвэл ингэж хардах байдал эрхгүй үүссэн учраас уу, үүнийг мэдэхгүй юм.

ямартаа ч орой болгон улиг болтол гарч байгаа со савангийн дууриуд бодлогоор орж ирсэн, үүнийгээ өнөө со-нууд зөөлөн хувьсгал гэж нэрлээд, үүнийгээ дэлхийд тархааж байгаагийн илрэл нь өнөө тэнэг ганаам билүү гангнам билүү дуу гэдэгт дэндүү итгэлтэй байна.

өнөө замбад зэр зэвсгээр биш, эдийн засгаараа, эдийн засаг гэхээр бодлогоороо, тэр дундаа хар хайрцагны буюу бусдад мэдүүлэхгүй хэрнээ, ил хэлэхгүй хэрнээ, хийж байгаа үйлдлээс нь ч харах, таних боломжгүйгээр хэрэгжүүлдэг бодлогоороо уралдаж, бусад улс орныг, өөрийн гэхээ огоорсон, үнэн мөн чанарыг нь олж харж чадахгүй байгаа, эсвэл төрийн эрх мэдэлтнүүд нь тодорхой нэгэн санхүүгийн шалтгаанаар хүсэхгүй байгаа, өөрийн гэх түүхээ үнэнээр нь харж, өөрийн гэхээ өмгөөлж чадахгүй байгаа бусдыгаа залгих явц өрнөөд байна уу даа. тэгээд түүнийгээ даяарчлал гэж гоёор нэрлээд, даяарчлахгүй гэснийг нь дэлхийг аалзны тор шиг хэрсэн өнөө олон банк, санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан корпорациуудаараа дамжуулан дарамтлаад, ганцаардуулаад байгаан биш үү.
дэлхийн банкыг муулаад эхлэсэн билээ, энэ мэт байгууллагууд бүгд өнөө мундаг хөгжилтэй гэх улсуудаас санхүүждэг, яаж ч хар ухаанаар, мунхагаар бодсон ч мөнгийг нь өгч байгаа хүнийхээ аяар, тэрний эсрэг биш үйлчлэх нь илэрхий санагдаад байх юм.

дэлхийн банкны судалгааны дүгнэлт, манай судлаачдын хийсэн дүгнэлттэй нь зөрөхөөр нөгөөдүүл нь манайхны чадваргүйг гайхаад, сургалт нэрийн доор тархи угаалт хийснийг юу гэж ойлгох вэ, биднийг өөрсдийн толгойгоор сэтгээд, өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгөөд, цаашдаа өөрсдөө шийдээд эхлэх вий гэсэн айдас л гэж би харж байна.

тэгвэл шийдэл нь юу байж болох вэ?


бухимдангаа бодсоны эцэст шийдэл нь маш энгийн ч юм шиг

"биеэ засах"

биеэ засах гэхээр 00 явдаг, гэрээ зас гэхээр алх барьдаг, төрөө зас гэхээр сургууль явдаг гэж сүүлийн үед гарсан онигоо шиг бодох вий дээ. онигоо ч гэж, бас нэг тархи угаалт явагдаж байх вий гэж би хардсаар, "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн үнэтэй сургаалийг үнэгүйдүүлэх тархи угаалт явагдаж байх вий гэж би хардсаар...

биеэ засах гэж би, бид хаанаас эхтэй билээ, өнөөдөр бидэнд үнэтэйгээр заана гээд байгаа бүхнийг өмнө, бидний харанхуй бүдүүлэгийг нь гайхаад мартсан өмнөх үеийнхэн мэдэж байсан юм биш биз, өнгөрсөнд өнөөдрийг засах жор нь байгаан биш биз, энэ хүчтэй гээд байгаа, бидэнд заагаад байгаа нөхдүүд өвгөдийн үед хэн байсан билээ гээд, энгийн ч гэмээр асуултуудыг өөрсдөөсөө, өрөөлөөс асуухад, хариултыг хайхаас эхлэх юм болов уу гэж би бодлоо.


мунхаг учраас бухимдсаар, бас хардсаар...

Sunday, January 6, 2013

өвгөдөө магтам уу



хүлгийн туурайгаар хөрстийг сэрээж
хүний хайлангаар олныг оройлж
өдийг хүрч үрдээ заларсан
өвгөд та нараа бахдам уу

уухай хадааж гэмтнийг гэсгээж
уудам орчлонг Монголоороо тамгалсан
ухаан муутныг сэнхрүүлж дийлсэн
удам сайт буурлуудаа магтам уу

тэсгим хүйтнийг исгэрэн сөрж
тэмцэж ялсан түүхт дайчид
тэнүүн орчлонг зоригоороо бишрүүлсэн
тэнгэрлэг заяат баатруудаараа бахархам уу

аргамаг хүлгийн давхил дунд
амьдралын утгыг тунгааж таньсан
алд биеийн алжаалыг умартсан
алдар суут дээдсүүдээрээ омогшим уу

давхих морьдын нурууг амрааж
далд, илийн ухааныг тэнцүүлж
даян дэлхийд амгаланг тогтоосон
даамай ухаант өвгөдөө биширмүү

шилийн сайн эрийн тухай дууг сонсоод ингэж бичмээр санагдах юм гэж хэн санахав дээ.

http://www.youtube.com/watch?v=tMS23Cwzd6g

хамаг биеийн үс босоод, гараад давхичмаар, хээр, цасан дунд, салхи залгилаад, аргамаг хүлгийн нуруунд тогтож ядан хийсмээр болчих юм даа

шилийн сайн эр болох гээд байна уу даа ккк

Friday, January 4, 2013

тог тог

тог тог
хэн бэ?
уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно байна аа
яах гэж байгаан?
будаг авий
ямар будаг?
...

бага байхдаа ийм тоглоом тоглодог байлаа, тоглодог байсан нь мэдэх биз, тоглож үзээгүй нь шоолох биз, гэхдээ яахав PC-нүүд энд тэндгүй гарч, хүүхдүүд тэднийг хонон өнжин тоглож, донтдоггүй, Ipad-нүүд гарч, гадаа гэртгүй хүмүүс шагайгаагүй үед бага нас минь өнгөрсөн болохоор иймэрхүү л юм тоглож байж дээ.

энэ удаад уулнаас ирсэн чоно биш, уранхай дээлтэй хэн нэгэн ч биш, би өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийн хаалгыг зүрхшээн байж, тогшихыг оролдон сууна. ёстой нөгөө "хонхны дээр зүрх гарган хуруу хүрчихээд" гэж дууны бадаг шиг.

хэдэн өдрийн өмнө 4 эхнэртэй залуу гэж нийтлэл уншиж билээ, өмнө нь уншиж л байсан, гэхдээ энэ удаа уншихад илүү утгатай ч юм шиг санагдаад, нээрээ тийм дээ гэж бодов.
хүн гэж, улаач ч бай, биш ч бай, сэтгэлийн амьтан юм шиг, сэтгэл гаргадаггүй, сэтгэл сайтай, сэтгэлийн үг гээд л. сэтгэлийн амьтан ч гэж дээ, сэтгэл зүрх амьтай болохоор түүнээс нь улбаалаад ч энэ олон сэтгэлийн гэсэн холбоо үгнүүд үүссэн юм болов уу.

өөрийнхөө сэтгэлийн хаалгыг тогших гээд оролдоход, тэр хаалга их удаан хугацаанд хэн ч ойртоогүй, наагуур нь хөшиг татаад тусгаарлачихсан, зузаан тоосонд дарагдчихсан, тогшоод тогшсон чимээ нь цаанаа сонсогдохгүй шахам болсон шиг санагдах юм. би ингэтлээ өөрөө өөрөөсөө төөрчихсөн байсан юм байх даа гэж гайхмаар. хаалгаа тогшихыг хүсээд, чадвал онгойлгоод, тэр дотор байгаа өөрийнхөө үнэн төрх, үнэн мөн чанараа харчихыг хүсэж байгаа нь хожуу ч гэсэн, мулгуу нэгний ахиц юм уу даа.
би гараад, хүсвэл өөрийн таньдаг, мэддэг гэх, найз гэх, танил гэх хүмүүстэй уулзаж учраад, нүүрийг нь хараад, тэдэнтэй мэнд мэдээд, хэдэн үг солилцоод, заримдаа зарим сэдвээр ярилцаж чадах атлаа өөртэйгөө уулзах гээд, /зайн хувьд хол биш, байрнаасаа ч хөдлөхгүйгээр/, өөртэйгээ ярих гээд зорьтол ийм хаалгатай тулж байгаа нь, ингэтлээ өөрөөсөө алсад суугаа нь нэг бодлын ямар гунигтай вэ. хэн бэ би ер нь? энэ асуултыг асуутал одоогоор хариу алга, үүнийгээ олох нь алив зүйлийн эхлэл юм уу? эсвэл өөрийгөө олчихоод төгсдөг юм уу, мэдэх юм алга.

улаач шиг улаач, гэхдээ юуны түрүүнд хүн шиг хүн болгохын тулд /нөгөө сонгуулийн хүн шиг амьдарья гээд байсан уриа шиг хэхэ/ Буурлууд минь, эсвэл буй бүхний дээр орших Мөнх Хөх Тэнгэр биднийг тойрохгүй туулдаг, үзүүлэх ёстой бүхнийг үзүүлдэг юм шиг, энэ замбын асуудлууд минь Буурлуудын хэлснээр юу ч биш байж болох ч, улаач нэр зүүгээд удаагүй байгаа /зүүсэн гэж өөртөө бодох ч үнэхээр нэртэй төртэй, албан ёсоор зүүж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа/ маньдаа бол энэ замбын амьдрал Ямар баян юм бээ? хэхэ.

ямартаа ч би хэрвээ ажил төрөл маань бүтэмжтэй, амьдрал минь асуудалгүй хэвээр байсан бол улаач болохгүй, дээгүүр, гадагшаа өнгөцхөн бусдыг харсан хэвээр, дотогшоо гүехэн өөрийгөө харах сан гэж өнөөдрийнх шиг бодохгүй байсан гэдэгтээ 100% итгэлтэй байна хэхэ. тэгэхээр улаач болохоор шидтэй болоод асуудлыг шийдчихгүй, харин үүрэх ачаа, бодох бодол хасагдахгүй нэмэгддэг ажээ, оюун бодлоо тэл гээд Буурлуудаа хэлээд байхад тоохгүй яваад байвал махан биеэр нь тэлүүлдэг ч юм шиг хэхэ, өршөө өршөө, буруу зөрүү юм бичиж байгаа бол.

ер нь заавал улаач гэхгүйгээр, бид бүгд, ялангуяа Тэнгэрээс заяат Монголчууд бид, дорны соёлын эхийг тавьж, оройлж явсан уу гэхээс, сүүл мушгиагүй бид гадны гэх болгоныг гайхан биширч, гадагшаа өрнийнхөн шиг бусдыг тольдолгүй, дотогшоогоо, мөн чанараа хайж /буддын шашныг яриагүй шүү/, бид хэн бэ? бид ямар үндэстэн билээ? бид хаанаас эхтэй байтлаа, хаана байгаа билээгээ бодууштай ч юм шиг.

тог тог
хэн бэ?
өөрийг тань агуулж байдаг биений эзэн байна аа
яах гэж байгаан?
өөртэй чинь уулзах гэсэн юм ... гээд л үргэлжлүүлээд, уулзаад, хөөрөлдөөд сурчихвал ч нэг хэсэгтээ л өөрийгөө тооно доо хэхэ