Sunday, January 27, 2013

хуваалцмаар ч юм шиг, үгүй ч юм шиг

Буурлууд гэдэг хар ухаанаар, энгийнчилж хэлбэл, тухайн үедээ сайн яваад, хамгийн гол нь зөв, ил, далд бүхэндээ зохицож яваад, өөрийн сүнсээ ухамсартайгаар хөгжүүлж чадсан, тэгээд сайн сүнс/онгод болсон, удмынхандаа хэрэгтэй үед нь буух эрхтэй болсон, тухайн цаг үедээ өөрийн орон зайгаа эзэгнэж явсан, одоогийн бидний хэлдгээр салбарын шилдэг явсан, хөдөлмөрийн баатар байсан хүмүүс юм болов уу хэхэ.
хааяа ингэж бодох юм, андуурч эндүүрч байж ч мэдэх.

тэгэхээр үүнтэй адилаар, өөрөөрөө бодвол, хэрвээ би Буурлынхаа оронд байсан бол яах байсан билээ гэж бодохоор Тэнгэрийн үйл чухал гээд л бүх замбын ахуй амьдрал бүхнийг хойш тавиулахгүй, эн тэнцүү авч явуулахыг хүсэх байсан, Буурлууд маань ч гэсэн тэгж хүсэж байгаа гэж мөхөс улаач итгэх тул улаач хүний нэг жилийн амьдрал эгэл нэгний олон жилийн амьдралтай тэнцэхүйц байх ёстой гэж хаа нэгтээ уншиж байсны учиг ч юм шиг.
хааяа зүгээр л сайхан Буурлуудаа залаад, өөр ямар зүйл бодох зүйлгүй явмаар санагддаг, нэг бодлын амар мэт санагдах ч, нөгөө бодлын алив бэрхшээл гэх үү, сорил гэх үү, зүйлсээс шантарч байгаа хэлбэр ч юм шиг санагдах тул аль алийг нь аль болохоор л хичээж авч явах хэрэгтэй аж. Тэнгэрийн үйлээ хийгээд, замбын амьдралаа амьдраад явахын тулд улаач хүн эгэл нэгнээс илүүтэй дэгтэй, журамтай, өнөөгийн нэг талаас нь хэлдгээр бол хувийн сахилга баттай байх хэрэгтэйн болов уу, Буурлууд биднээс дэг шаарддагын нэг тайлал нь ч энэ байж болох.

"орон зайндаа эзэгнэх"  хүний л амьдрал хойно, хэн нэгэн хаана ч, ямар ч орон зай, цаг хугацаанд байж болох, тэглээ гээд тухайн орон зайндаа эзэн нь байж, тухайн салбартаа шилдэг нь байж, бусдыг араасаа дагуулж байж л орон зайндаа эзэгнэх юм болов уу. оюутан байхдаа хэрвээ хичээлдээ, ангидаа хамгийн шилдэг нь байж чадахгүй бол суугаад хэрэггүй гэж боддог байсан нь орон зайндаа эзэгнэх гэж өөрийн мэдэлгүй хичээж байсны багахан оролдлого юм болов уу. орон зайндаа эзэн болж байна гээд л чухам өөрөө мундаг нь болоод, өрөөлөөс харамлах бол юу болох билээ, орон зайндаа эзэгнэх биш, орон зайг аминчлагч болж хувирах биз ээ. Буурлууд маань мэддэгээ, чаддагаа хэзээ ч хав дарж, бусдаас харамладаггүй нь нэгийг бодуулах.

Буурлууд маань биднийг чадна, итгэлийг нь даагаад явна гэсэндээ, бүр сөргөөр бодлоо гэхэд тэгж бодсоноо батлах гэж бидэндээ залардгаас хойш тэр л итгэлийг алдалгүй, аливаа зүйл бүрийн учгийг тайлж, учрыг ухаарч явахыг хичээх нь өглөө босоод нүүрээ угаадаг шиг, эсвэл хоол идэхдээ зажладаг шиг л хэвшил болгох зүйл юм болов уу гэж бодох.


санаа зөв бол заяа зөв гэж үг байдаг, үүнийг бидний үеийнхэнд зориулаад өвгөд маань хэлээд орхисон юм болов уу, өнөөгийн нийгмийн бүтээл учраас гэж өөрийгөө өмгөөлж болох ч, яг үнэндээ бид өөрсдөө л алив зүйлээс эерэг, сайн, зөв зүйтэй гэсэн зүйлийг нь анзаардаггүй болж, анзаарч харсан ч ажиггүй өнгөрөөж, муу, муухай бүхнийг нь сорчилж хардаг, анзаардаг, дэвэргэдэг болсон юм биш байгаа гэж бодох болж, нөгөө туулайн чинээ харыг уулын чинээ болгож харсаар, үүндээ дасч, дөжирсөөр, саар биш сайн сайхныг анзаарсан, түүнийгээ илэрхийлсэн нэгнээ заримдаа бүр хажиглах шинжтэй болсон нь бид өөрсдөө нэг хэсэг нь болж байгаа, бидний энэ нийгмийн гажуудал юм уу даа.

сайныг нь харлаа гээд муу муухай бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрөх хэрэгтэй гэсэн үг биш юм, ердөө л дээрх үгний нэгээхэн хэсгээс эмтлэх төдий бодсон маань энэ билээ.


хуваалцмаар ч юм шиг, хувьдаа бодоод баймаар ч юм шиг бодлууд үргэлжилсээр...

No comments:

Post a Comment