Tuesday, September 9, 2014

аашламаар ч байх шиг

хүн ер нь юу, эсвэл хэн юм бэ?

бодож үзээгүй юм байна, тэгэхээр би хүн учраас, өөрийгөө хэн бэ гэдгийг гүйцэд бодож байгаагүй л болж таарлаа.

би бол хүйтэн хөндий, алив зүйлд дургүй байгаагаа нуулгүй нүүрэн дээрээ илэрхийлчихдэг, дуртай бол арзайтлаа инээчихдэг, зориод итгэсэн зүйлийнхээ эцсийг хүргэхийг хүсдэг,  чадахгүй бол хичээж яваад өнхөрөх, зарим хүнд сэтгэлгүй, хоосон хонгио мэт, эр хүний тогтуун, дөлгөөн зангийн үнэр ч үгүй, 13 байтугай 1300 ааштай тийм л нэгэн.


өрөөлийг биш өөрийгөө л боддог, энэ ингэвэл надад яаж тусах бол, тэр тэгвэл би ямар ашиг болох бол гээд л, үүнийг хийвэл би яах бол, түүнийг үйлдвэл тэр биш би яах бол гээд л.
үнэн амиа, өөрийгөө л боддог, өрөөл надад хамаагүй тийм л нэгэн.

гэтэл энэ туулж байгаа амьдралд минь нэгэн зүйл тохиолоо. хүн гэдгээ ойлгож чадаагүй надад, өрөөлийг огтхон ч бодож мэдэхгүй надад, өөрийнхөө л амийг хичээгч надад үүрэх ёстой ачаа, туулах учиртай тавилан, тунгаах хэрэгтэй бодлууд, тайлах ёстой оньсогууд гээд л түм, буман зүйлийг өөртөө агуулсан улаач гэдэг тавилан байсныг нь өдий 30 гаран насандаа л анх мэдээд, түүнээсээ зугтаад, дийлэхгүй хуяглачихаад л сууж байдаг.
улаач гэх тавиланг ойлгох гэж ядаж яваа, энэ алдрыг дагалдаж ирэх бонус, шид гэдэгт нь дурлах биш, харин үүрэг, хариуцлага гэдгээс нь эмээдэг, эмээснийхээ хэрээр чадахыг хүсдэг. чадаад ганц зүйл ухаад ойлгочихвол чалчаад явах, чадахгүй бол нэрэлхээд дуугүй байх, тийм л ааштай, авиртай нэгэн.

улаач болсон биш, өөрийн бус, өөр сүнсний мэдрэх мэдрэмж, тунгаах бодол, тайлах учиг, хайрлах зүрх, хайрах ир, зорих зорилго, давах хат, даах бяр, энэрэх энэрэл, эр зориг гээд л янз бүрийн зүйлийг мэдэрч байна.
мэдрээд ухаж ойлгосноосоо, мэдрээд гайхсан нь, сониучирхсан нь, солиотой мэт санагдсан нь, сонжоод өнгөрсөн нь олон байх.
гэхдээ нэг л зүйлд бат итгэлтэй болсон нь тэр сүнснүүд нь, алд биеийг минь эзлээд, оюун бодлыг минь хуваагаад, сэтгэл, зүрхийг минь шаналгаад, бодох бодлыг минь тэлээд байгаа тэр л сүнснүүд нь, тэр л хий биетэнгүүд нь энэ орчлонд хүмүүн гэдэг алдрыг зүүж, хий биш бодитоор хэлхэх яс, урсах цусыг тээж, цохилох зүрхтэй, тунгаах оюунтай, бодох тархитай гээд гайхуулаад байгаа биднээс төө байтугай, алд илүү оюунтай, илүү сэтгэлтэй, илүү энэрэлтэй байгаа нь юм.

өмнө нь би хүүхдээ хүүхэд, миний л хүүхэд гэж харахаас, энэ хүүхэд минь өөрөө хувь хүн, өөрөө ирээдүйг цогцлоох нэгэн Монгол эр, өөрийн араншинтай, өөрийн бодолтой, өөрөө мөрөө үлдээх том эр гэж харж явсангүй, тэгтэл улаач болоод тэгж харах эхлэл тавигдав. яах вэ, эр миний ясыг, эхнэр түүний цусыг тээгээд, түүндээ байх удмын мэдээлэл, өгөгдсөн бүхэн нь байгаа ч, яг харахаар тэр бол тусдаа хувь хүн, тусдаа Хүмүүн Алдартан аж.

өмнө нь би үзвэр үзэхээрээ яагаад, ямар учраас ингэв, яах гээд байна гээд, учир шалтгааныг нь олохыг хичээдэг байв. гэтэл одоо мэдрэл болчихож. учир шалтгааныг нь олох гэж бодох зуур хүмүүсийг уйлуулах кадр гарахаар нь хүн шиг уйлах гээд л байдаг болж. яаж байгаа юм, дэмийрч байгаан биш биз дээ.

өмнө нь би хүмүүст үг хэлэхдээ хурц үгээр, үнэн гэж бодсон үгээрээ, эсвэл өрөөлийг давах гэсэндээ бодолдоо орсныг, амандаа багтсаныг хэлдэг байж. гэтэл одоо энэ үг гэдэг нь өр зүрхийг тэтгэх баяр байж болохыг, эсвэл өчүүхэн болгож хэсэглэж, сийчих хутга байж болохыг анзаараад ч тэр юм уу, эсвэл өөрийн биш өөр сүнсний нөлөөллөөр ч тэр юм уу, үгээ хэлэхдээ бодох гээд ч байх шиг. гэхдээ л сайн уу гэхдээ, юу байна гэхдээ бодоод суухгүй нь л лав.

зүгээр л өөрийн дураар аашламаар санагдах юм. дотроо байгааг галт уул мэт дэлбэлмээр, тэгэхээр сөнөсөн галт уул болчихно гээд бас дэлбэлэхгүй ээ, цаадах чинь.
эсвэл өөрийгөө гэх, өөрийг нь гэдэг хүмүүст, өөрийг нь дотночлох өрөөлд хамаг адайр зангаа үзүүлмээр, аашаа харуулж санаа амармаар байх юм, тэгэхээр бас нөгөө сэтгэл гэж улаач болоод л миний үгийн санд орсон зүйл нь дотроос маажаад байх шиг, тэгээд л болих юм.
эсвэл багтраад байгаа сэтгэлээ бусдад мэдүүлэхгүй гээд амьсгаагаа түгжээд суучихмаар, бүр болдог бол тэгээд унтчихмаар санагдах юм, тэгэхээр агаараар амьсгалдаг амьтан учраас бүр чадхийчих гээд болохгүй юм.
эсвэл зүгээр л ганцаар, бараа нь харагдахгүй алсад, хараа хүрэхгүй холд явчихмаар байх юм, тэгэхээр нөгөө зардал мөнгө нь байхгүй болоод больчихоод байх юм.
зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад, айраг шимээд, алсыг ширтээд суумаар байх юм, гэтэл өнөөх чинь адуу гэдгийг зурагтаас л харсан, айраг гэдгийг уухаас л цаашгүй, гэр гэдгийг бөөрөнхий л гэж бодохоос барьж мэдэхгүй учраас бас больчихноо.

ер нь тэгээд яах гээд байгаа юм бэ? яах ёстой юм бэ?

энэ л улаач гэх алдрыг тээх учигтай бүхэн нь, энэ л тавиланг туулах ёстой бүхэн нь зүгээр л алив зүйлийн учрыг ухах учиртай юм шиг, ухсанаа эхлээд өөртөө туршиж, өөрийнхөө үйлдлээр туршиж, хэрэгжүүлэх, үлгэрлэх учиртай юм шиг, өөрөө чадаж байвал өрөөлд сайныг ерөөж туслах учиртай юм шиг, өрөөлд дэм болж чадаж байвал үргэлжлэл болсон үрсүүддээ түүх болгон үлдээх учиртай юм шиг. энэ улаач гэх хүмүүнд эрхлээд суух цаг, боломжоос илүүтэй үүрээд явах ачаа, дүүрээд тараах итгэл, дутаах учиргүй үйл, гутаах ёсгүй удам л байдаг юм шиг.
өөрийн биш, өрөөлийн өнөө хий биетэн сүнснүүдийнхээ чиглүүлж өгсөн, сэдэж хэлсэн, тайлж учрыг ойлгуулсан, туулж бүтээж явсан бүхнийг энэ махан биеэрээ, ясан хэлхээгээрээ, цусан зүрхээрээ, үйлдэх 2 гараараа, алхах 2 хөлөөрөө сэдэл биш бүтээл, санаа биш бодит, тайлал, таамаг биш туулах зам болгох учиртай ч юм шиг.
харин нь л дээ, мэдэхгүй юм даа, би ч ер нь юугаа ч мэдэх вэ дээ.

Sunday, August 31, 2014

хэлхсэн үгс, өгсөн нэрс ккк

санаанд буугаад, түүнийг нь нүүрномонд бичсэн мөртүүдээ нэгтгэж оруулахаар шийдэв.
бүгд л өөр хэн нэгэнд гэхээсээ илүүтэй, яг өөрт минь зориулагдсан үгс байх шиг. даанч үгний цаадах үг, түүний цаадах утгыг нь тайлах, учгийг нь мөшгих ухаан минь багадаад байх юм даа.
бодолд буусныг бичихдээ нэр өгөхгүй бичсэн байх юм, уншиж байгаа нь өөрийнхөөрөө нэрлэг гэж тэгсэн юм болов уу. гэхдээ л энэ удаа өөрөө эргүүлж уншсан учраас өөрийнхөөрөө нэр өгчихлөө, яадаг юм.

******

Хүний л араншин


давлаа гэж бодох бүрт дараагийн давааны сүүдэр өнгийх юм
дийллээ гэж сэдэх бүрт дэмийр гэж дараах нь хэлэх юм
чадлаа гэж бардаж боломгүй хорвоо юу даа
чадахгүй гэж гутаж болдоггүй орчлон юу даа

бодолд эргэцэх утсыг хөвөөд ирэхийн цагт
бугшаад шаналах сэтгэлийг тайвшраад ирэхийн цагт
ойлгогдохгүй байгаа бүхэн тодроод ирэхийн цагт
ойчсон бүхэн өндийгөөд босохын цагт
төсөөлөлд байгаа бүхэн биежээд ирэхийн цагт
төөрөлдөөд байгаа болгон мөрөө олохын цагт
гундаад байгаа бүхэн сэхээд ирэхийн цагт
гуйгаад байгаа бүхэн чадалтай болохын цагт
хараагдаад байгаа заяа дэвжээд ирэхийн цагт
харагдахгүй байгаа бүхэнг мэдрээд ирэхийн цагт
гутаагдаад байгаа бүхэн ялаад ирэхийн цагт
гутамшигтай бүхнийг тэвчээд дуусахын цагт
хэлэгдсэн хар үгс үнэнд цайрахын цагт
хийгдсэн буруу үйлс гэмшилд идэгдэхийн цагт
сийчүүлж сэмэрсэн сэтгэл эдгээд ирэхийн цагт
сийчээд хаясан нэг нь учрыг танихын цагт
адлагдсан эр заяа хүчжээд ирэхийн цагт
алдуурсан эм жолоо цусаа хамгаалахын цагт
дундарсан үр заяа халгиад ирэхийн цагт
дутуудсан өрхийн жаргал бялхаад ирэхийн цагт
үзэн ядалт болгон энэрэл болон хувирахын цагт
өстөн дайсан бүхэн анд нөхөр болохын цагт
үгүйсгэсэн бүхэн нь үнэнд гүйцэгдэхийн цагт
өрөөсгөл бүхэн нь тэгшрээд ирэхийн цагт

хар болгоныг үргэлж цагаан байсан гэж сэтгэх нь
хатуу бүхэн үргэлж зөөлөн байсан гэж итгэх нь
алдаа гэгч үйлдэгдэж байгаагүй гэж бодох нь
андуурал байгаагүй зөв л байсан гэж номлох нь
бултаж зугтах аргагүй хүний араншин юм болов уу
буруудсан ч уучлалыг хүсэх бидний оршихуй юм болов уу
зөвийн сүүдэрт орших хүмүүний авир юм болов уу
зөрүүгээс зугтсан ч халтираад үйлддэг алдын алдаа юм болов уу

2014/08/25
*****

Үгийг үгээр давдаггүй

заяаныхаа үйлийг ойлгох гэж л урагшаа алхсаар
замд хамт гарсан хэсэг нь холдоод явсныг сая анзаарлаа.
зайлшгүй салах зам бол яах вэ, тэвчээд өнгөрөхөөс, харин
зангаасаа болж салсан бол эргэж уулзахын ерөөл дэвшүүлье.

өөрийн зан, араншинг өмнөө баривал туулж барахгүй зам аж.
өрөөлийн сэтгэлийг үнэлж байж, хөвж гатлах нуур аж.
үйл юугаа өндөрт дээдлэж, шантралгүй зорих даваа аж.
өнгөрсөн-өнөө-ирээдүйг нэгтгэх анзаарагдамгүй бүдэг бэлчир аж.

алтан нарны цацраг мэт бүгдтэй хүүрнэж чадахгүй ч
авах, гээхийн ухаанаар бусдаасаа суралцаж явья.
аялаж байгаа замаа хэрхэн эхлэснээ санаж алхая.
алхахдаа юунд тэмүүлснээ өнөөгөө тэвчин бодьё.

үгийг үгээр давдаггүй, үйлээр давдаг хорвоод
өөрийн бяцхан алдаа үйлдэж сургахдаа л зориулья.
ухаарал нь хожимдоод хэвшсэн энэ орчлонд
унахаасаа өмнө уужуу байж, уучлаж сурахыг хичээе.

маргааш гэж өдрийг мартахад биш бүтээхэд зориулж явья.
мянган саадтай тулсан ч бэрхшээлгүй давж гарья.
эргэх цаг хугацаа л үнэнийг шүүхийг мэдэвч
энэ л өнөөдөртөө зөвд тэмүүлж явья.
2014/05/09

*****

Би ... болно

магад би хийсэх тоос болно
маргаашийн үрсдээ гишгэх хөрс болно
өнөөдөр өөрөө ундаалж байгаа усныхаа
өргөн эрэг болж, хамгаалж сахих болно

тиймээ би шороо болно
тийчлэх хэдэн үрсдээ дэвсэх зүлэг болно
дайраад өнгөрөх орчлонд би дэвсгэр болно
дайсныхаа хөлд өшиглөгдөх чулуу ч болно

яадаг юм би хий болно
яарч яваа нэгнийг норгох аадар болно
ангаж яваа бусдыг тэтгэх рашаан болно
асуултгүйгээр эргэх хорвоогийн ундрага болно

өнөөдөр би мандаж болох ч
өлгийтэй үрс надаар наадах болно
өвгөрөөд ирэхэд минь намайг шоолох болно
үрсийнхээ инээх шалтаг болсондоо би баясах болно

аатай насныхаа ирээр би аяглах болно
аятай бүхний төлөө зүтгэх болно
зөвтэй бүхний төлөө зүрхтэй явна
зүхэж байгаа бүхнийг жөтөөг төрүүлэх болно

халуун сэтгэлээр өстнөө ч энэрэх болно
хатуу шударгаар ч өөрийнхнөө яллах болно
харахад одоо ойлгомжгүй ч үйлдэл бүхэн минь
хан хорвоод бусдынхаа төлөө хийгдэх болно
2014//04/03
 

****

Эрчүүддээ

золбоогүй мэт санагдавч зоригоо бүү алдаг
золгүй мэт сэтгэвч зорилгоо бүү умартаг
хайртай бүхэндээ хаягдсан мэт бодовч хараа сунгаж яваг
хатуу хорвоод гунивч баясал ойрхоныг бүү мартаг
ирээдүй бүрхэг мэт боловч ирээ бүү мохоог
эрийн заяа гундсан мэт мэдрэгдэвч эрчээ бүү алдаг
маргааш жаргалтай хамт байхын тулд
магад өнөөдөр сэтгэл чинь гуньж байгаа биз
үлдэх үрсийнхээ их зол жаргалын төлөө
өнөөдөр чи бяцхан шаналж байгаа биз
ир чинь хурц байг
итгэл чинь ганхахгүй байг
үг чинь үнэн байг
үйл чинь арвин байг
даравч архайж яв эрчүүд минь
дайчин зангаа л бүү гээ та нар минь
тээглэсэн саад болгоныг
тэмцэж ялж яваг
энэрэл хайраар
эр зоригоор
далай мэт тэвчээрээр
дайнч тэмцэгч чанараар дүүрэн явцгаая эрчүүд минь
2014/02/07

*****

Бүсгүйчүүддээ
 
тунарсан хархан гэзгэнд нь жавар бүү хураг
туньсан алаг нүд нь нулимсанд бүү автаг
цээлхэн хоолойн эгшиг нь хөгөө бүү алдаг
цэвэр ариухан сэтгэл нь хараар бүү дүүрэг
уяраах эхийн сэтгэл нь энэрлээр бүү дундраг
уйлан эрхлэх үрсээ хайраар бүү дутааг
ухаалаг хэрсүү зангаараа эрсээ түшиж байг
унаж ядрах бусдаас халамжаа бүү харамлаг
заяагдсан гоо үзэсгэлэнгээ тордон тольдож яваг
замын голоос эргэлгүй итгэлдээ үнэнч алхаг
замбад алдраа өргөж, удмаа дээдлэж амьдраг
залуу насны үзэмжээ сэтгэлийн илчээр чимэг
яана даа гэмээр үед тэвчээрийн утас нь тасралгүй
ядруухан гундах эрсээ ойлгох сэтгэлтэй байг
ямагт тугал хариулахгүй тэд чинь, дотроо асаж л яваа
ялаад тугаа мандуулахад нь харин
ямар л байсан тэр л хэвээрээ инээмсэглэж угтаарай бүсгүйчүүд минь
2014/02/07

*****

Талархал

сүйрсэн хэдэн сүнс бүлээн биеийг шунан давшлахад
сүүгээ өргөж ижий минь л цагаан хана босгоно буй за
сүүдрээр үрсийг нь сэвтүүлэхийг хүсэх ахуйд
сүнсээ худалдаад ч болтугай ижий минь л биднийг ивээнэ буй за

харанхуйг шуналаар хөлөглөх тэднээс үрсээ
хамгаалж аав минь цээжээ цөмлүүлнэ буй за
харыг дэвэргэж, улайг үзүүлэхийг тэд хүсэхэд
халхалж мэлмийг минь аав минь энхрийлнэ буй за

дайран давшилж голыг минь таслахыг хүсэхэд
далай их хайраараа түүдэглэн хаах нь ижий минь буй за
давчдаж гоморхож сэтгэлээ тэдний идэш болгох ахуйд минь
дандаа уучлаж яваарай гэх эхийн үг гэгээ татуулна буй за

өрөөлийг хэт өргөмжилж өөрийгөө хэт голж тэдэнд боломж олгоход
өвгөдийн сүнс дэргэд байдгийг эцэг минь та сануулна буй за
өөрийн биеэ өндөрт өргөж тэдэнд алдаа тушаах ахуйд
өндөр нь хөх тэнгэр гэдгийг эцэг минь л бидэнд сургамжилна буй за

харыг хайраараа цайруулах энэрэлт эхчүүд минь
харвахыг алдаараа халхлах зоригт аав нар минь
удмынхаа төлөө зүрхээ өгөх ухаант хатан ижий нар минь
учиг бүхнийг тайлж, бодлыг уртасгах суу зальт хаан аав нар минь
2013/12/07

*****

Дэмнэж хайрла

идсэн эрүү нь хурдан хувхайрч
идүүлсэн нутаг минь түргэн сэргэх болтугай
адлуулсан тэдний минь заяа түшиж
ард олон нь ойлгоосой
адлаад хорьсон тэдний цус нь
аяганд багтахгүй урсаасай
илдээр биш ч далдуур хорлосон
энэрэх ёстой түмний зовлонг үүрээсэй
эх нутгаа худалдсан болгоны
идсэн болгон нь буцаж гараасай
өршөө өршөө Тэнгэр минь
өмөөрөх үйлийг минь дэмнэж хайрла
өлгий нутгийнхаа төлөө зориглосон тэдний
үйл юуг нь дэмнэж хайрла

2013/09/16
 *****     

Эргэлзэлгүй чадна

Монгол минь морио алдаж модоо барьсан гэхэд би итгэхгүй
Монгол хөвгүүд минь тугаа хаяж тугал хариулж байна гэхэд бас итгэхгүй
Монгол охид минь цусаа бузарлаж харийн дэвсгэр болсонд бас л итгэхгүй
Монгол өвгөд минь сургаалиа мартаж савангийн дуурь үздэгт үнэмшихгүй

Туулсан замаа эргэн санах унтаа оюун минь сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй
Тусгаар улсыг минь эрхшээлдээ оруулах харийн санаа бүтэхгүйд эргэлзэхгүй
Зорих оргилоо харах аньсан мэлмий минь нээгдэнэ гэдэгт эргэлзэхгүй
Зовсон түмний минь шаналалд эцэс бий гэдэгт эргэлзэхгүй
Мушгисан түүхийн нугачаа болгоноос үнэнийг олно гэдэгтээ эргэлзэхгүй
Муудсан болгонтойгоо эвлэрч нутгаа өмөөрнө гэдэгтээ эргэлзэхгүй

Өвгөдийн минь урссан цус дэмий байгаагүйг нотлож
Өр зүрхний нулимс болгон гашуун байгаагүйг сануулж
Даасан ачаа болгоныг дамжуулж үрсдээ өвлүүлж
Давсан даваа болгон оргилд хүргэдгийг сануулж
Удмын хэлхээ цусаар биш оюунаар тамгалагддаг болохыг
Уучлал, өршөөл бүхэн эвлэрэлд хүргэдэг болохыг
Ундарсан их хайр бүхэн энэрэхэд дэмтэй болохыг
Урагшаа тэмүүлэх итгэл зоригт хачир болохыг

Өртөөлөөд хэлэх ам минь байна
Үйлдээд хийх бие минь байна
Зориод тунгаах оюун минь байна
Зориг хийморьтой нас минь байна
Дэмнээд өгөх өвгөд минь байна
Дээрээс харах Тэнгэр минь байна
Хайраар ивээх хань минь байна
Хажууд түших нөхөд минь байна
Бодол уртасгах үр минь байна
Бурууг зөвлөх андууд минь байна
2013/09/05

*****

Өвгөдөө магтам уу

хүлгийн туурайгаар хөрстийг сэрээж
хүний хайлангаар олныг оройлж
өдийг хүрч үрдээ заларсан
өвгөд та нараа бахдам уу

уухай хадааж гэмтнийг гэсгээж
уудам орчлонг Монголоороо тамгалсан
ухаан муутныг сэнхрүүлж дийлсэн
удам сайт буурлуудаа магтам уу

тэсгим хүйтнийг исгэрэн сөрж
тэмцэж ялсан түүхт дайчид
тэнүүн орчлонг зоригоороо бишрүүлсэн
тэнгэрлэг заяат баатруудаараа бахархам уу

аргамаг хүлгийн давхил дунд
амьдралын утгыг тунгааж таньсан
алд биеийн алжаалыг умартсан
алдар суут дээдсүүдээрээ омогшим уу

давхих морьдын нурууг амрааж
далд, илийн ухааныг тэнцүүлж
даян дэлхийд амгаланг тогтоосон
даамай ухаант өвгөдөө биширмүү
2013/01/07
 
 



эцэст нь бичихэд тухайн үед бодолд, санаанд буусан болгоноо бичдэг байх нь зөв шахуу юм байнаа, учир нь ингээд эргүүлж харахад, уншихад ухаад ойлгосон мэт хэрнээ мартсан зүйлсээ эргэж хараад, урагшаа гишгэх учгаа нэхэж санаад, бүдчээд байгаа алдаагаа анзаарч хараад, бүтээд байгаагаа үнэлэхгүй сэтгэлээ эргэж хараад ч байх шиг. янз бүрийн л сэдэл төрөх юм байна.
тухайн үед бичсэн, залхуурлаа давсан мөч бүртээ талархая гэхээс яахав дээ.

*****
Болно
 
цаг нь ирвээс нулимс давсгүй болно
цаад учрыг нь танихаар зовлон жаргал болно
уйлах шалтгаан нь шоолох сэдэл болно
унтарсан гал нь цогших итгэлээр бадамлах болно

мөч нь тохиовоос мөрөөдөл бодит болно
мөнх оршихуйг бүгд сэхээрэн балмагдах болно
мөдгүй жаргал хаяанд байгааг анзаарах болно
мөлхсөн явдал хувираад Тэнгэрт нисэх болно

хором нь таарваас хорвоог бүгдийг нь ойлгох болно
хожимдоогүй туулах үнэ цэнэ өмнө нь байгааг ухах болно
хорлосон бүхэндээ гэмшиж уучлал эрэх болно
хоног тоололгүй ухааралд хөтлөгдөж алхах болно 

эргэх цаг хоосонд биш ухааралд хөтлөдгийг
эндүүрсэн үгс чихэнд биш зүрхэнд шивдгийг
эрчилсэн өс өнөөд биш үрд минь тусдагийг
эвийлсэн хайр эргээд үржээд ирдэгийг

үзэн ядалт өрөөлийг биш өөрийг нь хорлодгийг
үгэн жад сонсогдох биш үхүүлдэг болохыг
үүрсэн ачааг буулгах биш даах учиртайг
үнэний дэнс хоромхон биш мөнхөд байсан учрыг

одоо биш ч маргааш сэхээрэх болно
оллоо гэж бардвал эндүүрч зөрсөн байх болно
олсноо үйлдэн үлгэрлэж, мөрөө үлдээхийг хүсэх болно
олондоо учрыг таниулж, сайныг ерөөхийг хичээх болно.

2014/09/01
****





 

Saturday, May 10, 2014

алга ташуулах гэж бүү улайр, гол нь хүлээн зөвшөөрөгдөх.

ойрд блогтоо салхи оруулсангүй, одоо оруулнаа.

10 жилд байхдаа уншсан, мартдаггүй нэг үг байна. Тэр нь:

алга ташуулах гэж бүү улайр, гол нь хүлээн зөвшөөрөгдөх, Монтески.

энэ Монтески нь өрнөдийн мундаг гүн ухаантан байсан аж. түүний тухай өнгөцхөн гэвэл:
 "Монтески /1689-1755/ түүхийн философийн гол зорилгыг нийгэм түүхийн хөгжлийн хууль зүй тогтлыг илрүүлэн, төр нийгмийн байгууллагууд олон янз байдгийг тайлбарлаж нийгмийн амьдралын олон тал хүрээний олон тал уялдаа холбоог тогтоох явдал гэж үзсэн байдаг. Тэгэхдээ түүх нийгмийн хууль зарчмууд нь рациональ дээд зорилго биш бөгөөд түүхэн үзэгдлүүдийн байнгын харилцаа холбоо л түүхийн философийн гол зорилго болно хэмээжээ. Өөрөөр хэлбэл түүхийн философи нь түүхэн үзэгдлүүдийн хоорондын хамаарлын асуудлыг судлана гэсэн үг юм".


яагаад энэ үгийг бичих болов гэхээр өнөөгийн энэ амьдралд, хүмүүс бид ганц, эсвэл 2, эсвэл гурван ч юм уу үйлдлээрээ бусдаар алга ташуулах гээд байдаг болоо юу гэж бодсоноос үүсэлтэй. энэ нь аль ч салбарт байгаад байх шиг. хүн л юм чинь алдаж, бас онож явдаг байх. гэхдээ бидний үед болохоор алдсанаа аль болох нуугаад, оносноо олонд цуурай мэт түгээгээд, түүнийхээ хариуд алга ташуулахыг хүсэх болж. 

нэг удаагийн онцсайн үйлдлээр хүн магтуулж болох, магтуулах ч, сайшаал хүртэх ч эрхтэй, хүн өөрөө урмаар тэжээгддэг амьтан учраас. гэхдээ магтуулж, алга ташуулснаа зорилго болгоод бодчихвол өнөө онцсайн үйлдэлтэн маань муу сурлагатан болчихож байгаан биш биз дээ гэж мань мэт нь санаашрах. 


гэтэл мань мэтээс эхлээд зарим нь цэцэн үг урсгаад л, нэгнийхээ үгийг илүү уран үгээр, илүү гүн ухаанчаар, эсвэл илүү хоржоонтойгоор няцааснаа л мундаг болчихлоо, би л ялчихлаа гэж бодоод, эндүүрээд байгаан биш биз гэж бодох. 

миний бодлоор хүмүүс цэцэн үг хэлсэнд нь, уран илтгэсэнд нь гэхээс илүү, мөртэй, хүмүүст наалдацтай үйлдэл хийсэн, үйлдэл хийгээд мөр үлдээж, бүтээл болгож бодьжуулж чадсанд нь алга ташдаг байх, улмаар хүлээн зөвшөөрдөг байх.
хүлээн зөвшөөрөгдөх гэдгийг өөрийн бодлоор бичвэл, тэр хүний өмнө нь хэлж байсан үгс, цагийн эрхээр, цагийн шалгуураар үйлдэл болон хувирч, мөр болж гишгэгдэж, бидний бодит гэж томьёолдог хэлбэрт удаа дараа шилжихийг хэлдэг юм болов уу. тийм хүний хэлсэн үгийг хүмүүс чих тавин, бүр чихээ дэвсэн байж сонсох нь лавтай.
бараг бүх хүмүүсийн мэдэх Ванга зөнч агсны хэлсэн үгс, түүний хэлснээр нь биелээд байсанд нь түүнийг хүлээн зөвшөөрдөг байсан биз. илүү өөрсөдтэйгээ ойртуулах аваас бидний Монголын Эзэн Хаан тухайн үед хэлсэн үгсэээ үйлдэж болгож чадсандаа мянганы сор хүмүүн болсон биз. хэрвээ хөх Монголын Хаан маань алга ташуулахын төлөө явсан бол Их Монгол улсын үндсийг тавиад л сэтгэл нь ханах байсан биз гэж таамаглаж, мунхаглана. Тэр Тэнгэрийн зарлигийг нийт дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, нэгэн нарны дор энх тайван зэрэгцэн амьдрахын тулд явсан учраас байлдан дагууллаа үргэлжлүүлсэн биз гэж бас бодох.
хүмүүсийн ой тоонд хоногшсон цэцэн үгс хэлж, уран яруу илтгэж чадсан нь цэцэн ухаантан, гүн ухаантан байх, харин хэлсэн үгсээ үнэн гэдгийг нотлож, үйлдэл болгож, бодит болгож түүхэнд үлдсэн нь аугаа хүмүүс байх, миний л бодлоор.


үг хэлэх, үйлдэл хийх 2-г энгийн жишээгээр бичвэл, нэг нь ашигтай бизнес болохуйц мундаг санаа гаргаж, гэхдээ түүнийг хийхэд бүр багаас нь, оргүйгээс эхлэх байж. гэтэл мань эр, үнэхээр сайхан санаа шүү, хийчихвэл би ингэж, ингэж амжилттай явна гэж бодоод, за яах вэ, одоогоор эхлүүлж чадахгүйгээс хойш, одоо байгаа компанидаа ажиллаад, сар тутмын бэлэн цалингаа аваад л явья гээд орхиж гэнэ. гэтэл өөр нэг эр өнөө санааг мэдээд, хэдий одоохондоо оргүйгээс эхлэж байгаа ч, он жил өнгөрөхөд ямар болохыг нь, ямархуу бүтээл болохыг нь бодолдоо бий болгож, бүтээж, ургуулж чадсан тул өнөөдрийн сар тутмын бэлэн цалинг тоолгүй зүтгэж гэнэ.
гэтэл хэдэн жилийн дараа эхний эр цалинтай ажлаа хийсээр л, авдаг цалин нь инфляциа дагаж өссөөр л, эргээд харахад яг юу бүтээсэн, ямар мөр үлдээснээ олдоггүй. 

харин 2 дахь эр, анх оргүйгээс эхлүүлж байхдаа бодолдоо ургуулснаа, бодит болгочихсон, түүнийхээ үр шимийг хүртээд явж байх. 
ингээд бодохоор энэ 2-ийн аль нь мөр үлдээсэн, аль нь хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг сонин.

мань мэт шиг нь Эзэн Хаан шиг, эсвэл Ванга зөнч шиг байна гэж хөөрөөд ч яах вэ, гэхдээ нэгэнт л амьд яваа минь үнэн, энэ замбад хийх ажилтай минь үнэн учраас ядаад заяагдсан заяаныхаа үйлийг дийлж үйлдэхийн төлөө явж байгаад өнхрөх юм сан. бидний зарим нь өнгөрсөн гэж үл тоох Өвгөдийн, Онгодуудын хэлсэн, аз жаргал гэдэг нь заяагдсан заяаныхаа үйлийг дийлж үйлдээд, мөрөө үлдээхийг хэлнэ гэснээс иш татав. 
нээрээ л энэ амьдрал яах гэж төрсөн юм, ямар мөр үлдээх ёстой юм, тэгж мөр үлдээж чадсанаараа миний үр удам, миний үргэлжлэлүүд, өөрийн минь нэрийг дуудахдаа ичиж малгайгаараа нүүрээ таглалгүй, бахархаж тэргүүнээ өөдөө өргөж байгаасай л гэж хүсэх юм.


бас нэг бичих зүйл байна. 
чулуун гэрний тухай нүүрномноос уншив. эртнээс Монголчууд, бидний өвгөд, эмгэд үр хүүхдүүдээ чулуугаар тоглуулдаг байж. яах вэ, одоо зарим нь тэр үед одоогийнх шиг тоглоом байхгүй учраас тэгдэг байсан, өөр юугаар тоглох юм гэх л байх. тэгнэ л биз, тийм л биз. 
гэхдээ чулуугаар тоглож, чулуун гэр барьж байсан хүүхэд, өөрийнх нь гэр бүл нутаг сэлгээд явахад өчнөөн юм болж түүсэн, олсон, бүтээсэн гэрээ тэр хэвээр нь орхиод явдаг байж, орхиулдаг байж. тэгвэл яах гэж тэр вэ? өнөө хүүхдээ л нэг шоглочихьё, нэг чадчихья гэж биш, харин өөр газар очоод, дахин хоосноос өөрийн чулуун тоглоомоо, чулуун гэрээ дахин барих хэрэгтэйг ойлгуулсан, эд цуглуулах шуналаас үрсээ хамгаалсан бодлого байж. бодлого гэхээс өөр юу гэх вэ. 

одоо л мань мэт нь замбад 30 гарч байж л нэг юм бодоод байгаа, бодоод байгаа ч гэж дээ, Онгод, Буурлуудын хэлснээс ойлгох гээд байгаа буй бүхний эхлэл нь бодол юм гэдгийг бидний өмнөх үеийнхэн маань хүүхдүүдээ бүр балчирт нь тоглоомоор нь дамжуулаад ойлгуулчихдаг байж. хүүхдэд хэдий ийм учраас л чи үүгээр тоглож байгаа гэж хэлэхгүй ч, өнөө тоглож байгаа орхих, тэгснээ өөр газар очоод дахин бүтээх зэрэг нь хүүхдэд, далд ухамсарт нь хоногшоод, өсөж том болохоороо эдээ алдлаа гээд ухаанаа хаядаггүй, өмчөө шатаалаа гээд өөрийгөө мартдаггүй сэтгэлгээг суулгадаг байх нь. 

өмнөх санаатайгаа уяад бичихэд, өнөө хүүхдийг нэг чулуун гэр барьчихлаа гээд л өхөөрдөөд, магтаад сүйд болдоггүй л байсан байх, тэгсэн хэрнээ он жил өнгөрөхөд, сайн барьсан чулуун гэр, яг тэр л байсан газраа, барьсан хүнийхээ нэрийг дуурсгаад л байж л байдаг байх. ингэхээр хүүхэд маань багаасаа алга ташуулахын төлөө биш, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө явдаг болох нь, үүнийхээ тулд үйлддэг болох нь.
тэгвэл хэнээр хүлээн зөвшөөрөгдөх вэ гэж асуулт гарч ирэх байх.


мэдээж өөрийгөө хүрээлж байгаа хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх гэж бодох, гэхдээ илүү цаашлаад, жишээ татсан гүн ухаантнаа дуурайвал, бүхнээс илүү цаг хугацаагаар хүлээн зөвшөөрөгдөх нь хамгийн шударга үнэлгээ аж. 

за энэ удаадаа ингээд дуусганаа, удаан бичвэл ам халаад, цуурч өгөх шинжтэй ккк.


Tuesday, April 8, 2014

Цагаан өнгө

амьдрал өөрөө тэмцэл, заяагдсан заяагаа дааж явах үүрэг, хийх ёстой үйл, үлдээх ёстой мөр, өвлүүлэх ёстой удам, өнчрүүлэх ёсгүй сэтгэл, түгээх ёстой хайр, түүчээлэх ёстой нэр биз.
гэхдээ өмнө нь нэг удаа бичиж байсан, би өөрөө хэн болж байж, юуг өөрөөрөө үйлдэж байж, түүнийгээ үржүүлж, орчиндоо халдааж чадна гэж. тиймээс өнөөдрийн тэмдэглэлээ ямар нэг зүйлийн учрыг олох гэж биш, өөртөө асуулт тавьж биш, алив зүйлийг олон өнцгөөр харахыг хичээх биш, зүгээр л нэг өнцгөөс нь, ямар л байгаасай гэж хүссэн өнцгөөсөө харж бичмээр болов.

тэр өнцөг нь "цагаан" өнцөг байж таарах. цагаан өнгө гэдэг эхийн сүү мэт ариун, цагаан сэтгэлтэй гэх, эсвэл итгэл найдварын өнгө л гэх. миний энэ тэмдэглэлд цагаан өнгө нь нялх хүүхдийн сэтгэлээр ойлгогдоосой гэж хүсэж байна. аавыгаа, ээжийгээ хараад, эднээс минь өөр мундаг хүн энэ орчлонд байхгүй гэж бодох тэр л нялхын сэтгэл шиг, алаг хорвоод бор овоохойгоос минь илүү орд харш байхгүй гэж итгэх тэр л нялхын сэтгэл шиг, жамын орчлонд хагацал гэж байхгүй, үргэлж хайранд умбаж байна гэдэгтээ үнэмших тэр л нялхын сэтгэл шиг, тийм л цагаан өнгө байгаасай.

тэгвэл би, өдийг хүртэл өөрийнхөө ч учрыг олж чадахгүй яваа, хувь нэгэн хүн гуай, юу хүсдэг, түүний нялх хүүхдийн сэтгэлээр төсөөлөх цагаан өнгө нь юу байх юм бэ?

эгэл нэгний эрүүл амьдралыг туулах
энхрий үрсдээ инээх шалтаг болох
ээж, аавдаа бахархах итгэл болох
энэ насандаа түвшин сайхан явах хүсэлтэй байж,

гэтэл одоо хүсэл минь юу болов?
надад халдах өвгөдийн эрчмээс болоод тэр үү, эсвэл энэ л байгалиараа бахархах сэтгэлээсээ болоод тэр үү, хамгийн ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэлийг гүйцэд ойлгуулж чадахгүй хэрнээ, хамгийн хийсвэр мэт эх нутгаа гэх сэтгэлээсээ болоод тэр үү, хүсэл минь дээрх бичсэнээс минь илүү баялаг, түүнийг агуулж баяжин хувирч байх шиг.

бидний Монголчууд бас л сонирхмоор улсууд шүү, эх нутгаасаа хол байхаар түүнийгээ санаад, бэтгэрээд, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг хэрнээ, эх нутагтаа байхаараа түүнийгээ зажлаад хаях бохь мэт, зайлаад асгах угаадас мэт бодох, боддоггүй нь байх ч, тэгж бодож байгаа мэт үйлдэх нь их.
тэгвэл энэ удаа би нутагтаа байгаа хэрнээ, зүгээр нэг дуу сонсоод, түүний клипийг нь үзээд л, энэ нутгаа санаад байх юм ккк. нутгаасаа хол байхдаа хаврын салхинд нусаа хацартаа наагаад, түүнийгээ шороотой хольж арчаад, арзайсан үстэй, ярзайсан шүдтэй, инээгээд алхаж явах сан гэж их хүсдэг байсан сан. гэтэл одоо нутагтаа байхдаа, нутгаа санаж байна гэсэн хэрнээ, тэгж алхаж чадахгүй дээ ккк.

гэхдээ яах вэ, төсөөлөөрэй гэсэн нялх хүүхдийн сэтгэл шиг цагаан өнгө учраас, илүүг бодохгүйгээр, цагаан өнцгөөсөө бичнээ.

миний ардын сэтгэл нь цагаан байг
миний ардын үйл нь зөв байг
миний ардын ухаан нь гүн байг
миний ардын түүх нь ариун байг

миний ардын итгэл нь бөх байг
миний ардын зориг нь дүүрэн байг
миний ардын золбоо нь өөдөө байг
миний ардын жаргал нь бялхаж байг

миний ардын сэтгэл нь бас таных байг
миний ардын сэтгэл нь Монголоо л гэдэг байг
миний ардын сэтгэл нь дэлхийгээ хайрлаг яваг
миний ардын сэтгэл нь дэндүү ихээр цалгиж яваг ээ.

http://www.youtube.com/watch?v=mxosoxqCFu8

дээрх мөртүүд, дээрх дууг сонсоод төрсөн нь.


цагаан өнцгөөс үргэлжлүүлэн бичихэд:

миний нутгийн салхи бэтгэрээд ирэхэд минь ариун цэнгэг байг.
миний л гээд уйлаад ирэхэд минь ус минь тунгалаг байг.
өөрийн минь гээд туниад ирэхэд нь өвс нь хивсээрээ байг.
өвгөдийнх минь гээд хайгаад ирэхэд нь уулс нь байдгаараа сүмбэрлэг.

зүгээр гэрээ барих зүлэг нь ногооноороо байг.
зүүгдэж тоглох мөчрүүд нь минь навчистайгаа байг.
зөн совинд харагдсан толгод минь бүтнээрээ байг.
зөөлөн гуниг төрүүлэх өнчин хайлаас нь байрандаа байг.

өөрийн тань эцэг халисан ч уулс түүний хоймрыг эзлэг.
үр минь гээд үнсэх эх тань үдлэсэн ч нуур нь нулимсыг нь орлог.
өргөө гэрийн тань нөгөө багана ганхсан ч тал нутагтаа эрхлээд хэвтэг.
үрс тань үүрээ орхиод ниссэн ч өдлөж байгаа ангаахайг харж сэтгэл тань дэвтэг.

жамын болгон зуун, зууныг дамнаснаараа байг.
жаргалын багыг чамлалгүй мэдэрч сураг.
жаяг болгож нутгаа өмөөрөх сэтгэл нь оршиг.
заяа нь болж Тэнгэр минь Хөх Монголоо ивээг дээ.


Tuesday, March 25, 2014

эх заяа?

хэдэн хоногийн өмнө нэгэн зүйлийг золгосон эмэгтэйд хэлж байсан гэнэт санагдлаа.
өнөө эмэгтэй маань Буурлуудаар засал хийлгээд, одоо сайхан байна, баярласнаа илэрхийлэх гэж ирлээ гэв. тэгсэн хэрнээ өмнө нь гэр бүлд нь тохиож байсан нь санаанаас нь гарахгүй байна, өмнөх шиг зүйл болчихвол яана гэж асуув.
хүн өөрийн бодлын тээгийг давж чадахгүй бол хэдий өрөөлөөр засал хийлгээд ч аятай явахгүй байх даа, өмнөх аягүй зүйл дахиад тохиочих вий гээд л бодоод, түүндээ анхаараад байвал хүссэн, эс хүссэн аягүйгээ дуудаж таарна гэв.

мөн эх заяаны талаар хэлэв.
эх заяа гэдэг нь үр хүүхэд төрүүлээд, төрүүлэхийн тулд хэвлийдээ тээснээрээ бий болдоггүй, олдоггүй заяа гэнэ. энэ нь зөвхөн нэг тал нь.
өргөө гэрээ ямар байлгахыг, ямар уур амьсгалтай байлгахыг хүртэл эмэгтэй хүн, ээж хүн, эх заяаны эзэн тул үүсгэж байх учиртай гэнэ.

зөвхөн өргөө гэр ч гэлгүй, эмэгтэй хүн гэдэг алив зүйлийн эх учраас тэр гэнэ. нээрээ бодоод байхаар гэрт ээж ууртай, тогоо шанагаа шидлээд байхад хүүхдүүд бид яадаг билээ дээ. надад лав таатай санагдахгүй дэг. харин эсрэгээрээ тэд маань алив зүйлд арай л уужуу, арай л тэвчээртэй хандаж байвал тэр хэрээр гэр орны уур амьсгал дулаан, аятай байдаг санагдав.

тэгвэл эцэг хүн гэж ямар байх бол?
Буурлуудаас лавлаагүй юм байна, нэг лавлаж асууж, ойлгох хэрэгтэй юм байна.
зүгээр саваагүй гэмээр бодоход эцэг гэдэг эцсийн цэг гэж байгаан биш биз ккк. ер нь өрх гэр ямар байх нь өрхийн тэргүүн, эр хүнээс шалтгаалдаг гэдэг. тэгвэл эцэг нь шийдвэр гаргалтын хувьд эцсийн цэг болдог юм болов уу? гэргий нь эх үндсийг нь гаргаад, нөхөр нь шийдвэрийн эцсийн цэгийг тавиад. эр хүн өрхийн тэргүүн, эхнэр нь хүзүү гэж сонссон онигоо маягийн зүйл санаанд орчихлоо, хүзүү хаашаа эргэнэ, тийшээ толгой нь харна гээд. яалт ч үгүй эмэгтэй нь эх болоод байх юм, хүзүүний эргэлт нь эх нь, хардаг нь толгой болох нөхөр нь хахаха.
ингээд бодохоор инээдтэй санагдаад байх юм. гэхдээ л наргиа 80 хувьтай гэдэг шиг, үнэний хувь байгаа байх шүү.

Saturday, March 22, 2014

Хязгаараа давцгаая

өдөр хоногууд урссаар, өөрөө би элэгдсээр. элэгдэж байгаагаа зүлгэгдэж байна гэж бодох нь дээр юм байна хэхэ.

өнгөрч буй долоо хоногт нэг үгийг Дээдсээсээ сонсоод, байнга санаж явмаар санагдаад, утгыг нь бодоод л явах.

"өөрийнхөө хязгаарыг давж сурах" гэж хэлэв.

хүмүүс бид өөрсдийгөө таних гээд байна, өөрсдийгөө олох гээд л байна, өөрийгөө дотогшоо өнгийгөөд л байна гээд яваад байсан, мань мэт нь тэрийгээ бас хийж байна, хайж байна гээд байсан чинь яг яах гээд өөртэйгээ ажиллаад байсныгаа миний хувьд лав бүрэн ойлгоогүй л явж. өөрийгөө олохоор л мундаг болчих юм байна, өөрийгөө танихаар л ертөнцийг ойлгочих юм байна гээд мань мэт нь бага зэрэг хөөргөн гэмээр бодлыг тээж явсан юм биш байгаа даа гэж бодов.

өөртэйгээ үргэлж ажиллах уг үндэс нь ердөө л дээрх юм байна гэж бодох болов. ердөө л өөрийнхөө хязгаарыг мэдэх, мэдсэнээрээ давахыг эрмэлзэх, хичээх, сурах, хязгаараа давж чадсанаараа цаашид хөгжих юм байна.
энэ өнцгөөс харахаар мундаг, сүрхий хүмүүс, эрдэмтэй, оюунтай улсууд яагаад тийм даруу, төлөв байсныг нь одоо л ойлгох гээд байх шиг.
тэд ердөө л өөрсдийнхөө хязгаарыг мэддэг байж, юуг, хаана хүртэл нь, хэрхэн хийхээ мэддэг, юуг тухайн цаг мөчид дийлэхгүй байгаагаа таньдаг, өөрийнхөө чадварыг бодитоор үнэлж чаддаг л байж. тиймээс тэд өөрсдийн хязгаараа мэдэх тул, үүнийгээ давж чадвал цаашид хөгжих тул түүндээ тааруулж дараагийн даваандаа бэлдэж, тоглоомоор бол дараагийн үедээ бэлддэг байсан юм болов уу.

тэд бас өөрсдөө хязгаартай гэдгээ мэддэг байсан тул, хязгаарын гадна өөр зүйл байдаг гэдгийг мэддэг байсан тул, өөрөөс нь илүү өргөн хязгаартай нэгэн байдгийг мэдэх тул өөрсдийгөө дарж, даруу гэх үү, дөлгөөн гэх үү байсан юм байна гэж гаргалгаа шахуу зүйл бодов.

нэг удаа л өөрийнхөө хязгаарыг мэдчихээд орхих биш, үргэлж өөрийнхөө хязгаарыг шинэчилж, түүнийгээ тэлж яваад байвал хүмүүс бид үргэлж хөдөлгөөнд оршиж, үргэлж тэмцэж, үргэлж хөгжих юм болов уу.

тэдний буюу мундаг, мөртэй хүмүүсийн тухай бичихээр өөр нэг бодол орж ирэх нь тэд өөрсдийн хязгаартай байгаад, түүнийгээ давахын тулд явсаар хөгжиж, хөгжсөнөөр өөр өөрсдийн, хувь хувийн мөрөө, зарим нь улс гүрний хэмжээнд үлдээж чадсан юм бол бид, өнөөгийн залуус бид яагаад бас тэгж болохгүй гэж? гэсэн барьцах гэх үү тийм сэдэл төрөх.
учир нь бидэнд ч бас өөрсдийн хязгаар байна.

бид 13-р зуун гээд л мэдсэн, мэдээгүй бүгд ярьдаг, бахархадаг, цээжээ дэлддэг. тэгвэл бидний өвөг дээдсийн үед ч бас өөрсдийнх нь хязгаар байсан. тэдэнд өнөөгийнх шиг хурдан машин, онгоц, утсан харилцаа, интернэт, блог гээд байсан уу? үгүй л байх, тэгсэн хэдий ч хурдан шуурхай харилцах шаардлага бидний үе шиг байсан уу гэвэл байж л байсан. эдгээр нь тэдний хувьд хязгаар болж, тэднийг хязгаарлаж байсан, гэтэл тэд маань Өртөө гэдгийг байгуулж, өнөөгийн бидний үед хурдан шуурхай мэдээлэл солилцох, түгээх нь хязгаар биш боломж болж хувирсан байна.

тэгвэл бидний үед хичнээн уулын чинээ бурууг үйлдсэн нэгнийг шууд гэсгээгээд, толгойг нь авч болох уу гэвэл үгүй л байх. бидний үеийн хязгаар нь энэ байхад үүнийг давах нь энгийн ойлгогдохуйц, хамгийн гол нь шударга тоглоомын дүрэм, өнөөгийн хэлээр хууль байхад л бид хязгаараа давах нь байна.
гэтэл бид өөрсдөө олон зуун хууль гээчийг батлуулчихаад, тэдний хоорондын уялдааг орхигдуулснаар өнөө хязгаарыг давахаар сэдэгдсэн зүйл маань эсрэгээрээ бидэнд хязгаар болсон юм биш байгаа гэж бодох.

өөрийн үеийн хязгаарыг давж, үүнийгээ  боломж болгож, өөрсдөө хөгжингөө үргэлжлэл, үр удамдаа үлдээх нь алив зүйлд мөр үлдээхийн гол санаа юм биш байгаа гэж бодох.

өөрөөрөө бодохоор үнэн ч юм шиг ккк. би лав улаач болоогүй, Буурлуудын шахаа зэргийг үзээгүй, ажил төрөл урьдын адил бүтэмжтэй, мөнгө төгрөгөөр дутагдаагүй байсан бол, өөрөөр хэлбэл, надад хязгаар бага байсан бол өнөөгийнх шиг ингэж үгийг үргэлжлүүлж бодоод, өөртөө ч юм шиг, хүнд ч юм шиг бичээд суухгүй л байсан байх.
тэгэхээр хязгаартай байхын давуу тал нь хөгжих бололцоо юм байна гэж ойлгов. хязгаарыг давж сураад, өрөөлд болон өөртөө боломж болгож хувиргах нь энэ замбад өнхөрч яваагийн маань нэгэн мөр юм байна, мөр үлдээх гол утга юм байна гэж бодов.
харин сурахын тулд зорилгодоо үнэнч байх, түүндээ хүрнэ гэсэн гуйвшгүй итгэлтэй байж хэвшил болгох юм болов уу гэж таамаглах.

хязгаар гээд л бичээд байсан чинь өнөө үг маань хазаар гэдэгтэй адилхан сонсогдоод ч байх шиг. хазаартай морь гээд бодохоор хэм хэмжээгээ мэдэх учиртай нэгэн, мэдэхгүй бол морьтон нь хазаарлах юм шиг санагдаад, бас тиймэрхүү бодол ороод ирэх юм.
хазаартай морин гэж хаана бичигдсэн байдаг билээ дээ, хувь хувьдаа өөрсдөө хайхаас ккк.

бидний монголчууд дор бүрнээ өөрсдийн хязгаараа таниад, түүнийгээ давах сэтгэлийг, хатыг өөртөө бий болгоод, даваад, сураад явчихвал, хязгаарууд ч байнга шинэчлэгдэх байх, тэр хэрээр хувь хүн нь ч, улс орон нь ч хөгжих юм болов уу гэж бодох.

тэгэхээр өдөр хоногууд урссаар, өөрсдөө бид элэгдсээр гэхгүйгээр

өдөр хоногууд урссаар
өөрсдөө бид зүлгэгдсээр
өөрсдийн хязгаараа мэдсээр
өнгийн босон давсаар
бодол юу тэлэгдсээр
босго юу өндөрссөөр
бяцхан хат суусаар
булгих зүрх мэдэрсээр л явна гэж бодож, хэлж байхаас.

Saturday, March 1, 2014

даах л юм сан даа

...дараад байхад өндийгөөд байвал үнэлж, өргөж чадна
дараагүй байхад дорой байгаад байвал далдруулж бас чадна...

за ийм үг Буурлуудын амнаас сонслоо. нээрээ тийм дээ гэж бодов. 
сүүлийн хэдэн сард замбын амьдрал маань хэцүүдэж, ажил төрөлгүй болж, гэр бүлийн уур амьсгал эвгүйтэж, гэрийн мухар сахиж байгаа мэт сэтгэгдэл төрөөд, сэтгэл санаа хямраад, ер нь жаахан тиймэрхүү л байна. тэгтэл Буурлууд ийм үг хэлэв.
бодлоо, нээрээ би чинь дараагүй байхад нь дорой явж байж, одоогийн ийм байдалд хүрсэн юм биш биз дээ? ийм байдалд хүрсэн шалтгаан маань юу билээ? хэн нэгнийг, алив зүйлийг буруутгамаар бол хэнийг, юуг буруутгах билээ гээд л.
хариултыг нь холоос хайх хэрэггүй, ердөө л миний дотор, өөрөөр хэлбэл би өөрөө аж. өөрөөсөө л болж замбын амьдрал маань ийм болж, өөрөөсөө л болж ижил тэгш авч явах ёстой зүйлсийг дэнсний нэг талыг нь ихдүүлснээс болж нөгөө талаа унагааж орхисон аж.

амьдрал биднийг авч эргэлдэж буй цаг хугацааны урсгал юм бол энэ урсгалын дагуу юугаа, хэн гэдгээ мэдэхгүй хөвөх үү, эсвэл хэн гэдгээ мэдэхийн тулд, мэдсэнээрээ энд ямар мөр үлдээх вэ гэдгээ хайж, түүнийхээ төлөө тэмцэж явах уу гэдгээ би, бид л өөрсдөө шийдэх, шийдэхийн тулд сонгодог аж.

Монгол хүн гэдэг яснаасаа, цуснаасаа, амьдарч буй орчноосоо, эргэх 4 улирлаасаа болоод ч юм уу, ер нь төрөлхийн эрэмгий байдаг, тийм байх учигтай аж. тэгээд л Буурлууд бас улаачдаа
энэрэл хайраар
эр зоригоор
далай мэт тэвчээрээр
дайнч тэмцэгч чанараар дүүрэн яваарай

гэж хэлээ биз. 
эхлэсэн юм, тоотой хязгаартай юм дуусч таарна. миний хувьд ч дууслаа, гэхдээ энэ бүхэн алив зүйлийн төгсгөл биш, харин их зүйлд оролцохын тулд, өөрийн биеэ танихын эхлэл байсан юм болов уу, өдийг хүртэл алхсан алхааны, итгэсэн итгэлийн шалгуур байсан юм болов уу. давхар өчүүхэн улаачаа хүмүүжүүлэхийг хүсч, хэлэх үедээ хэлж, зандчих үедээ зандчиж, хийхгүй бол зөрүүлж өөр зүйлээр барьцаалах мэтээр харилцсан аж, тэгэхийн тулд л Тэднээс маань ямар их тэвчээр, өөрийн араншингаа дарах ухаан, үйлэндээ тааруулж өөрийгөө засах сэтгэл гараа вэ гэж бодмоор.  ингэж хэлэхийн учир нь өөрсдийг нь тоодоггүй мэт, золгодоггүй, заларснаас нь хойш ганц, 2 л золгосон үрийгээ ирэхэд нь өөрийн аашаа даран байж, түүнийг л ухааруулахын тулд 3 дуу дуулж өгөхийг нь хараад өчүүхэн улаач нь гайхаж, тэднийгээ өрөвдөх шиг. би Буурлуудын оронд байсан бол харин ч нэг ирсэн дээр нь гээд аашаа гаргаж, хорон үгээр шордох байсан даа ккк. дуу, хөгжим хүмүүст таашаал өгөхийн тулд биш, харин өөрөө, өөрийгөө олоход нь туслах гэж, түүнд нь хөглөх гэж байдаг гэж Жанцанноров гуайн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэнтэй нь таараад байх шиг. 

энэ л замбад амьдарч байгаа, үгүй ядахдаа амьдрахын тулд хичээж байгаа, хүсэж байгаа хүмүүс бид, би ч бас, өнөөдөр алдар гавьяатай яваад, өнгө мөнгөтэй яваад, эрх мэдэлтэй яваад, маргааш тэгтэл түүнийг дурсах хүн үгүй бол, дурсагдахаар мөр үлдээгээгүй бол эмгэнэлтэй юм гэж бодогдох болов. хийж байгаа үйлийнх нь мөр гүн, он цагийн шуурганд арилахааргүй гүн байж л, тэр мөр нь энгийн нэг цээжээ дэлдсэн хийрхэл биш, эсвэл цэцэн үгсийн цуглуулга биш, өрөөлд тустай, ухаанд нь, явдалд нь, хэрэглээнд нь, ахуйд нь нэмэр болох зүйл байгаасай гэж хүсэх. мэдээж өнгөтэй, өөдтэй яваа хүмүүсийг үгүйсгэх гэсэнгүй, тэд ухаантай учраас тийм яваа, тэднийг магтууштай, гагц тэд түүнийгээ ямар замаар, ямар үйл үйлдэж, ямар мөр ардаа үйлдэж бүтээгээ вэ гэдгийг нь харж байж үнэхээр ухаантай нэгэн үү, эсвэл гэдгийг харах хэрэгтэй болов уу. 
миний гэр бүлийн үргэлжлэл болсон, эцэг миний ясны үргэлжлэл, эх болсон ханийн минь цусны үргэлжлэл амьдрах дэлхий юм байна, түүнийг нь цэвэр устай нь, цэнгэг агаартай нь үлдээх, түүний тулд бид амьдрах хэрэгтэй гэж бодох. мэдээж тэглээ гээд хүн л юм болсон хойно, идэж ууж, өмсөж зүүж, хэрэглэж л таарна, түүнийг үгүйсгэсэнгүй. гэхдээ хэрэглэхийн тулд бодох хэрэгтэй, юуг өрөөлийг, өлгий нутгаа хорлохгүйгээр, зохицож хэрэглэж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй аж. бодсоноо өөрийн биеэр үйлдэж, болно гэдгийг нь өрөөлд харуулах, батлах хэрэгтэй аж. хүмүүс бид хэдий насанд хүрсэн, алив зүйлийн учрыг тунгааж дийлдэг гэж боддог ч, нөгөө л бяцхан балчир байсан шигээ, болно гэдгийг харж байж л, дуурайдаг зан маань бидэнд оршсоор байдаг юм шиг. өөр бусад зохицож амьдарч болдог гэдгийг, өөр бусад бүтээж болно гэдгийг, өөр бусад үлгэрлэж үзүүлж байвал л түүнд нь итгэж, түүнийг нь дагах гэдэг үзэл маань лав л миний хувьд байсаар байна. энд улаач хүмүүсийн нэг давуу тал байх шиг. юу вэ гэвэл Буурлууд нь болно гэдгийг нь батлаад, чиглүүлээд өгдөг, хэрэв түүнийг нь маниас илүү ухаантай улаач, ухаант нэгэн байвал чиглүүлснийг нь замбад, өөрийн ухаанаар, биеэр үйлдээд яваад байх боломж нь байна. тэгж гэмээ нь Бууралтайгаа нэгэн цул болж, тэгж гэмээ нь бусдад болдог гэдгийг өөрөөрөө үлгэрлэх биз.

аавын хүү үг даах
агтны хүү эдэлгээ даах
арвайн гурил ус даах

бодохоор сонин юм шүү. үг гэдэг амнаас гарах хий, авиа төдий байж, яахаараа даагдахгүй тийм жинтэй, хүнд юм бол гэж мань мэт нь бодно ккк. би чинь авиа төдийхнийг байтугай 40-н бидон дүүрэн усыг даадаг гээд л онгирно доо би лав ккк. гэтэл үг гэдэг өөрөө утга гэдэг жинтэй, утга гэдэг нь тунгааж бодох гэсэн дамжлагатай, тунгааснаа үйлд гэсэн албатай авиа юм шиг. үг гэдэг ямар ч үг байж болох, сайн, муу, магтсан, муучилсан, хорлосон, сонжсон, газрын гаваар ортол нь муулсан нь ч бий байх, Тэнгэрийн хаяа хүртэл өргөсөн нь бий байх, эд бүгдийг даахын тулд үг сонсож байгаа нэгний сэтгэл нь энэ бүгдийг багтаах уужим байх хэрэгтэй болов уу, тэгээд л эртнээс өвгөд маань, ухаантнууд маань уужуу тайван бай гэж хэлээд байсан болов уу. миний хувьд өөрөө тийм уужим сэтгэлтэй нэгэн биш, хэдэн үгэнд өрвийдөг, хэнхдэг цээжээ дэлддэг, хорон үгэнд дургүйцдэг, ойр дотныхныхоо үгэнд хэнээс ч илүү эмзэглэдэг, тийм л нэгэн. гэхдээ үүнийгээ мэднэ гэдэг, сэтгэлээ уужим байлгах гэж хичээхийн эхлэл нь юм болов уу гэж бодох юм даа.

ингээд бодохоор өрөөлийн үгийг ч тэр, өөрийн үйлийг ч тэр дааж л явах сан, дааснаараа дараа нь үлдэх мөртэй л явах сан даа.

Wednesday, January 1, 2014

дэмийг дамнуулав

Буй бүхний эхлэл бодол гэж олонтоо хэлсэн
Бодолдоо үнэмшиж
Бодлоороо жигүүрлэж
Бодлоороо жолоодуулж
Бодлоороо зоригжиж явбал бүтэхгүй зүйл гэж үгүй
Бодлоороо сэтгэл гаргаад
Бодлоороо сэтгэлээ тэтгээд өгвөл
Бодолдоо өрөөлийг дэмнэхийг хүсвэл
Үүндээ бат итгэвэл
Алдаараа үйлдэх нь алга хөрвүүлэхийн дайтай хялбар
Дэмнэх гэхээр заавал
Өөрт илүүдсэнээ өрөөлд өгөхийг хэлэх биш
Үгээгүйг өөрийн чадлаар дарах биш
Дэмнэх гэдэг
Өөрөөр нь үйлдүүлэн байж
Өөрийн оюунд нь гэгээ татуулахыг
Алдаар нь ажиллуулан байж
Авхаалж самбааг нь нэмэхийг
Өөрийн алдаар үлгэрлэн байж
Үүнийг хийж болно гэж харуулахыг
Өчүүхэн сэтгэлээ тэлэн байж
Өндөр уулын оройг ажуулахыг
Дэнс юуг ялгадаг сэтгэлийг
Дэлбээ юуг үүсгэдэг ишийг
Баясал юуг төрүүлдэг инээдийг
Бахархал юуг гаргадаг зоригийг
Угийг нь услахыг хэлдэг юм
Учгийг нь хөвөхийг хэлдэг юм
Түүнээс биш
Дэмнэж байна гэж
Дэлбээг нь услаад ишийг нь хатаахын нэр биш
Дэндүү эрхлүүлж залхуу болгохын нэр биш
Даврааж үргэлж аманд нь хийхийн нэр биш
Дандаа энхрийлж тэргүүнийг нь илэхийн нэр биш
Дэмнүүлж байгаа нэгэн ч гэсэн
Дэмнээд байгаа сэтгэлийг нь ухах мэлмийтэй байх хэрэгтэй
Учгийг нь ялгах бодолтой байх хэрэгтэй
Төлөөсгүй өгснийг нь үргэлж санадаг байх хэрэгтэй
Түүнийх нь оронд эргүүлж шагнадаг байх хэрэгтэй
Үйл юундаа түүнийг нь шингээдэг байх хэрэгтэй
Үүнээс чухал нь дэмийг өөртөө, алддаа биежүүлдэг байх хэрэгтэй
Заасан чигийг нь дагадаг ухаантай байх хэрэгтэй
Зассан замаар нь гүйдэг итгэлтэй байх хэрэгтэй
Тулгарах бартааг багасгасанд үнэмшилтэй байх хэрэгтэй
Туучих шалбаагийг ширгээсэнд эргэлзэхгүй байх хэрэгтэй
Тэгэмгүй бол дэмнүүлэх хэрэг юун
Хэн хэндээ хүртээлгүй
Хэн хэнээ танилгүй холхон шиг
Хаяа хаяагаараа нийлэлгүй
Харц харцаараа тулалгүй
Алсуур шиг амь юугаа арчланхан
Ааш юугаан дэлгэрүүлэнхэн явбал таарна
Дэмнэх сэтгэл байгаад байхад
Дэмнүүлэх итгэл үгүй бол
Худал сэжгээр дүүрсэн сэтгэлтэй бол
Хуурамч үнэнийг дэнслэх чадалгүй бол
Хохь нь гэж түүнийг хэлдэг юм
Хохимой чинь хэрэггүйн илрэл юм
Өмнөөс нь хийхийг биш
Өөрөөр нь үйлдүүлэх, үйлдэхэд нь түшихийг
Өөрт нь бэлэн өгөхийг биш, үйлдэх чадварыг үзүүлэхийг
Уран үгээр мялаахыг биш
Учиг юуг үлгэрлэхийг
Усан нулимсаар өрөвдөхийг биш
Угтаад хамтдаа зүтгэхийн нэрийг л дэмнэх гээд байна
Тийм үйлийг л дэм
Түүнийг оройдоо дээдлэж
Алдаараа түгээж
Амьсгалаараа мэдэрч
Алхаагаараа цацрааж
Алгаараа энэрч
Амиараа хааж
Өрөөлийн төлөө сэтгэлээ чилээж
Өөрийн үйлийг алдалгүй алхаж
Тохирох нэгэнд нь таарах түлхүүрийг нь

Таарамгүй нэгний өнцгийг нь тайран байдгийг нь дэмч гэх байх даа

гэснийг дамнуулав хэхэ.