Thursday, October 25, 2012

худал үнэн гэж дүгнэхдээ ултай суурьтай, өөрийн бодлоор хандах юм сан

эзэн богдтой хэрхэн холбогдсон, яагаад итгэв, яагаад өдийг хүртэл үргэлжлээд, илүүтэй танилцаад, үйл юунд бяцхан ч болов дэм болох гээд явж байгаагаа бичихгүй бол болохгүй санагдав.

2011 он: амьдралд минь бөө гэж орж ирээгүй, лам хараар ном сонин уншуулдаг, жилийнхээ гай барцад, засал юуг хийлгэчихдэг, тэгээд л дээгүүр хараад гүйж явдаг байлаа.

2011 оны 8-10 сар: бөө дээр өөрийн биеэр биечлэн очиж, өөрөө санаачлан засал хийлгэв. энэ зуур нетээр хэсч яваад одоо бидний Дээдэс хэмээн хүндэтгэн дуудах болсон Аянга Удганы блог руу яваад орчлоо, их сонирхолтой санагдаж, тухайн үед байсан бичлэг болгоныг шунан байж уншаад, дараа өдөр нь ажилдаа ирэхдээ юун түрүүнд шинэ бичлэг орсон байна уу, үгүй юу гэдгийг шалгахаас, байвал уншихаас ажлаа эхлэдэг байв. удмаар энэ сонирхол минь цааш хөтлөсөөр өнөөгийн Гэрлийн өргөө, тухайн үед Чингисийн Монгол нэртэй байсан facebook-ийн бүлхэмд давхиад оров. нийтийн чатаар Дээдсийг орж ирэхээр болсон болоогүй зүйл асууж, орж ирэхийг нь харуулддаг болов.

эхэндээ сонирхлоороо уншдаг байсан, тэгж байтал Хааны хэлсэн айлдварууд зэрэг нь үнэхээр утга төгөлдөр, гайхалтай байв.
2012 он гараад Дээдэс нутагтаа ирж, махан биеэр нь харж, өөрийн нүдээр хэрхэн засал хийхийг нь хараад, засал гэдгийг өмнө харж байсан бөөгийн заслуудын хажууд дэндүү хялбархнаар, дэндүү төгс хийж байгааг хараад заслын учрыг гүйцэд сайн ухаагүй ч мэл гайхаж, цэл хөхрөв.

энэ зуур өөрийн маань улаач болох асуудал зэрэгцээд, удаа ч үгүй өөрөө улаач болоод, буурлуудаа залснаар, засал зэргийг хийж эхлээд, хийсэн засал нь хүмүүст нөлөөлөөд эхлэхээр өөрөө гайхаж, өвгөдөө гомдоож билээ.

Дээдэс маань жил гаранхан болсон байж хүнд хүнд заслыг хялбар хялбар хийж, хийх хийхдээ хуяг юугаа агсахгүйгээр, бидний нүдэнд энгийн махан биеэрээ хийж байгааг хараад чадал юуг нь, шид юуг нь гайхаж, ингэж засал юуг хийж байгаа, ийм хүчтэй онгод Хаан байхаас яахав гэж бишрэв.

өнөө бидний амьдран буй, бидний өөрсдийн бүтээн буй энэ нийгэмд үнэн мөнийг өөрөө ухан байж, эцсийг нь хүртэл явж судлаагүй байж, бусдын хэлснээр, өнгөц дүгнэлтээр, мөсөн уулын оройг харах төдийхнөөр, далай доор байгаа суурь мөсийг ухаж мэдэлгүйгээр, бусдадаа атаархах ахар сэтгэлээр ярьж, хэлсэн цуу яриа төдийхнөөр өрөөлийг дүгнэж байгаа нь харамсалтай санагдах юм.

үнэхээр мэдэхийг хүсвэл, өрөөлийн хэлсэнд, хийж байгаад итгэхгүй бол өөрийн махан биеэр, цусан мэлмийгээр, оюун бодлоор ухан төнхөж, өөрийн бодол өөртөө зөв гэдгээ эрэн сурвалжлан байж эцсийн гэж өөртөө дүгнэлтээ гаргавал хэн хэндээ хал балгүй, хэн нэгнийг буруу зөрүү дүгнэхээс бага ч болов зайлсхийх арга нь юм болов уу гэж мунхаглана.

аливаад итгэх гэдэг өөрийн сонголт гэж
андуу ташааг шүүхэд ултай суурьтай хандах хэрэгтэй гэж
алдах нэгэндээ сэтгэлээрээ хандвал буянтай гэж
амьсгалж л яваа бүхэн амьдарч яваа биш юм гэж сэхээрэх аядав



эцэг эхээ, эх нутгаа бид сонгодоггүй
итгэл, сэтгэл, эхнэр юугаа бид сонгох эрхтэй билээ
эрх нь байгаа гээд цуу үгэнд итгэснээр
эндүү ташаа явахын эхний алхам болох билээ гэж ойлгох аядав

худлаа дуудлага гэвэл ядаад туршаад үзчих
хуурамч Хаан гэвэл үйлийг нь хараад, уулзаад үзчих
эргүү олны цуглаан гэвэл эрхэлдэг үйлийг нь хараад мэдчих
эзнээ гээд төөрсөн хүмүүс гэвэл итгэл сэтгэлийг нь таньчих гэж бухимдах аядав

өнөө өвгөдийн айлдсаныг оруулна гэсэн хадуураад өөрийн үгээ хэлж таарав, өршөөнө биз ээ

жич: дурьдаад өнгөрсөн мөсөн уулын зургийг оруулав


Будагтай блогчин

Анх удаа блог хөтлөж эхлэж байна, сайндаа биш ээ, улаач болсондоо.

одоогоос жилийн өмнө өөрөө бөө болох битгий хэл, зүүдлээгүй явлаа, ёстой нөгөө зүүдэнд ч оромгүй явдал гээч болов оо.


өөрийгөө танилцуулахаа мартаж, шууд л ажил хэрэгтээ орох гэж байна, хэхэ, унших гэж цаг заваа үрэн орж ирсэн та нөхдөд хэн гэдгээ хэлэхгүй нууцлахаа шахав.

эхээс унаж, эцгээр овоглож
эх дэлхийд жин нэмснээс хойш
эгэл хүний амьдралаар 30 хаврыг үдээд
энгийн нэгэн амьдралыг туулах юм байна гэж итгэсний хойно

өмнө бодож байгаагүй хий бие гэдэгтэй
өөр ертөнц байдаг, бодит оршдог гэдэгтэй
өнгөц харсан нэгэнд солиорч байгаа мэт харагдах
үнэндээ өөрөө туулж байж бүрэн ойлгох амьдралтай

итгэл үгүй болсон эдийн засагч мэргэжилтэн
эргэлзээ дүүрэн тархитай идэр залуу
эхнэр авч өрх толгойлсон том залуу
эвийлж харамлах үртэй болсон эцэг нэгэн тулав аа

өрхийнхөө л амьдралыг бодож өдөр хоногийг өнгөрөөдөг
өөрийн удам гарлаа өвөөгөөсөө цааш гэдгийг анзаарах сөхөөгүй
өрөөлийн нутагт байхдаа санаж бэтгэрдэг нутгаа
өөрөө нутагтаа байхдаа сэтгэлээсээ хайрлах завгүй

өнгө мөнгөний хорвоод тархиа угаалгасан хүн
өлөн ходоодны эрхээр цалинд захирагдсан нэгэн
өгвөл л авч байх бирдийн сэтгэлийг урдаа барьж
өөдтэй нэгэндээ атаархаж, амжилтыг нь хардах нэгэн

удам судраа өргөх улаач болох ёстойгоо мэдээд
утга учрыг нь олохыг хүсч, логикоор сэтгэсэн хүн
уг гарвалаа архиваас шүүлгэсэн эрхэм
улам олноос лавлаж, эргэлзээгээ нэмсэн нэгэн

тэнгэрийн тамгыг сөрж, газрын дээр бултахыг зүтгэгч
тээршааж, залхуурч, эгэлээр амьдрахыг хүсэгч
тэмцэж, учрыг нь ололгүй, тахилдаа залахыг горилогч
тэнэг гэдгээ өвгөддөө гайхуулж, өрийг нь өшиглөгч нэгэнд

өөрийнх нь махан биенд мэдрүүлсний дараа
үрийг нь, ойлгуулахын тулд, оролдохоо мэдрүүлсний дараа
өвгөдөөрөө тохуурхаж болохгүйг бяцхан сэхээрч эхлээд
өөр зам байхгүйг ухаарч,  давхар мэргэжилтэй болохоор шийдэв ээ.


за ингээд өнөө гараг блогоо нээсэн будаг ханхалуулсан блогчин сууж байна даа.
төдийгөөс өдий хүртэл бидний сургууль, соёлд сонсож заалгаж байсан материалист үзэл гээч хэтэрхий өрөөсгөл юм байна, харагдах, баригдах зүйлсээс бусдыг бодит бус гэж, хазаж идэж чадахгүй зүйлээс эрчим авч болохгүй гэж сэтгэж өдийг хүрсэн нь үнэндээ өөрийн гэсэн бөндгөр үгүйтэй л их холбоотой санагдах юм. уг гарвалаа хэрхэн тодруулсан, хэрхэн удмаа залгах улаач болж, хэрхэн буурлуудаа буулгасан зэрэг маань үүнийг унших хүнд тийм их сонин биш гэж бодож байна. үнэндээ бусадтай л адил бэлдэж, бусадтай л адил эргэлзэж, бусадтай л адил багштай болж, бусадтай л адил ууланд гарч угаа авсан билээ.

улаач болсноос өмнөх үе, дараах үе гэж ангилал хийсэн нь зүгээр ч юм шиг, нөгөө МЭӨ, МЭ гэдэг шиг хэхэ.

улаач болохоос өмнө махан биеийн хувьд насанд хүрсэн ч, сэтгэл оюуны хувьд, зан араншингийн хувьд, амьдралыг үзэх үзлийн хувьд, амьд бүхнийг мэдэрч, хайрлахын хувьд ногооноороо байжээ гэж одоо боддог болж. энэ нь одоо шарлаад, боловсорсондоо биш, сэхээрч эхлэсэнтэй л холбоотой болов уу.

өөрөө бөө байж бөө хүмүүсийг муулалтай биш дээ хэхэ, гэхдээ үнэндээ улаач болохоос өмнө бөө гэхээр л нэвсийсэн хувцастай, хүний зовлон, итгэл сэтгэлээр тулгуур хийж, очсон болгоноос өргөл барьц нэхэхгүй ч авдаг, авсныхаа хариуд ямар нэгэн байдлаар засал гээчийг учрыг олох, олохгүйн хооронд хийж байдаг нөхөд юм байна гэж боддог байв. гэтэл өөрөө бөө болоод иртэл нөгөө МЭӨ бодож байсан бүхэн байна уу гэвэл байна, хэвээрээ юү гэвэл хэвээрээ, гэхдээ ингэх нь тэдний буруу юм байна, бөө гэдэг маань бөөн хувцастай, бөөн тээртэй, бөөгнөрсөн нөхдүүд байх ёсгүйн байна, бөө гэдэг чинь бариа засал хийх, ташуурдах гэх мэт биеийн хүчний ажлаас илүүтэй оюуны ажил мэргэжил юм байна гэж харж эхлэв. ингэснээрээ ташуурдахыг үгүйсгэсэнгүй, хийх ёстой ажлынх нь ихэнхээр нь оюуны ажил байх ёстой гэж хөнгөн гоомой дүгнэсэн нь энэ билээ.

за өнөөдрийн хувьд бичихээс гэнэт залхуу хүрэв, үг олдож үхэр холдлоо, араас нь явий байз...

дараа дараагийн удаагийнхад өөрөө үглэж яншихаас илүүтэй өвгөдийн хэлсэн, үрсээ засах гэж айлдсан, үнэнтэй, үнэтэй үгсийг хуулан бичлэг хийж оруулах болно, гэхдээ мэдээж заримдаа ганц нэг илүү үглэлгүй яах вэ хэхэ

өө нэг зүйл мартаж, блогны гарчигны тухай ганц өгүүлбэр бичий байз. бөө дээр очоод засал хийлгээд, зам мөрөө тэгшлүүлж, дардан болгочихоор амжилт гэдэг нь цувраад байдаг, амьдрал ахуй нь цэцэглээд байдаг гэж боддог байв. тэгтэл анх улаач үрдээ заларсан буурлуудын нэг маань гарчигны үгийг маань хэлээд, засал хийхэд засуулсан нь үйлээ бүтээх гэж хичээхгүй бол засал гэдэг чинь нэр төдий болно гэж билээ. 2 өгүүлбэр, одоо энэ бичиж байгаатай 3 өгүүлбэр болчихлоо, болихоос ...