Monday, December 24, 2012

хөөцөлдөөн

алтан нар манддагаараа л мандлаа гэж гомдох, харанхуй болно гээд байсан болсонгүй гээд, болсон бол баярлах байсан ганц нэг хүн байгаа сурагтай хэхэ

үнэндээ бараг бүгд л 21-нд юу болох бол, яах бол гэсэн нэгэндээ нэрэлхээд хэлээгүй хэрнээ дотроо хадгалсан түгшүүртэй байсан нь тухайн өдрийн автомашины хөдөлгөөн бага байсан, хүмүүс хотоос гарсан, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулаагүй, эсвэл өөрсдөө яваагүй гээд бүгдээс харагдаж байна, яахав хашраас болж алдсангүй.

биднийг үйл хийх гээд 13 явахад манай гэрийнхэн ч бас нэг дор цуглаж, нагац нар маань идэх уух зүйлээ бэлдэж, 2 өдрийг хөгшин настай ээжтэйгээ, ах дүү нар цугтаа, хүүхдүүд цугтаа идэж, тоглож өнгөрөөжээ. мунхаг улаач нь үүнд их баярлав. ажил төрлөө тасалсанд нь биш, зүгээр л сүүлийн үед нэг дор ингэж цуглаж, хамтдаа сайхан идэж, тоглож байгаагүй улс, харанхуй болж магадгүй гэсэн сургаар 2 өдөр хамтдаа, халуун бүлээрээ байж, хэдэн жилийн дараа эргээд ярихад дурсах зүйлтэй /21 болж билээ, тэгэхэд би тоохгүй ажилдаа яваад гэж ярьж байснаас тэр өдөр халуун бүлээрээ нэг дор сайхан байж билээ, хөгшин настай ижийтэйгээ тоглоод, сэтгэлийг нь 2 өдөр ч болтугай, 2 цаг ч болтугай чилээхгүй байж билээ гэж ижийгээ замбад байхгүй болохоор, өөрсдөө илүү өтлөөд ирэхээр дурсах байх гэж бодох юм/ болсонд баярлаж байна.

удмын буурлуудаа, өндөр дээдүүдээ залсан улаачийн хувьд 13 зуунд сонин л зүйлүүд мэдэрлээ. хамгаалалтаа дутуу хийснээс болсон уу, эсвэл ер нь тийм байсан уу, шөнөжин энд тэндээ, ялангуяа ар нуруу руугаа зүүгээр шивүүлэх мэт, заримдаа бүр том зүйл зоогдох мэт болж байв. нэг удаа бүр 2 далны хооронд нэг том зүйл зоогдчихоод, хөдлөж чадахгүй болоод заларсан буурлаа мордуулж байж, өргөөний өөр зайрангаар засуулан байж зүгээр болов. одоо ч биеэ гүйцэд цэвэрлэж чадаагүй байгаа бололтой.

хэнгэрэгний дуу таслахгүй гэсэн нь их учиртай байсан ажээ. өндөр дээдүүдээ буулгасан үед ч, өөрөөрөө нүдээ аниад хэнгэрэгээ дэлдсэн үед ч ялгаагүй бидний тойроод сууж байсан галыг, биднийг нүүгэлтсэн хар зүйл нөмрөөд ч байх шиг, хэнгэрэгээ нүдээд суухаар холдоод, гэрлэн тойрог хүрээгээ тэлээд ч байх шиг, ер нь л шөнөжин тэр хар нүүгэлтсэн зүйлтэй хөөцөлдөж тоглолоо хэхэ. балчир улаач нь мэлмий нь нээгдээгүй, туршлага муу тул иймэрхүү л хөөцөлдөөн мэдрэв ээ. хөөцөлдөж байгаад бид хөөх биш, хөөгдчихсөн бол яах байсан бол гэж бодохоор эвгүй ч юм шиг, хэн хүнд нэг их таалагдахааргүй л хар нүүгэлтсэн зүйл байсан тул хөөсөндөө баясан сууна.

үйл хийх үед өмнө бидэнд буусан буурлуудаас, өндөр дээдүүдээс гадна өөр өндөр дээдүүд буусан нь дэггүй улаачийнхаа толгойг тоншоогүйгээр, ааш авир нь өөр байснаар мэдэгдэв.

улаач бид ч яахав, буурлуудаа залаад, хөдөлгөөнгүй сууна гээд дулаалж дулаалсан, түүнээс гадна буурлуудаа буулгасан үед даарах нь гайгүй байсан тул их даарч хөрсөнгүй, харин биднийг түшиж, гал манаж байсан бусад маань амсхийх чөлөөгүй галаа тэтгэж, шөнөжин гадаа байхдаа их даарсан биз ээ, тэдэндээ ихэд гялайлаа.

өглөө нь хөхрөх тэнгэр минь бөртийх ч үүлгүй цэлмэг, нар уулын цаанаас цухуйхад нэг л  огшоод, их хурц цацрагтай мандсан, тэгсэн хэрнээ нар луу нүд нь анивчаад харж чаддаггүй нөгөө нөхөр чинь нарнаас нүдээ салгаж чадахгүй харж байлаа. хэдэн өдөр нар их л гундуу, бүүдийгээд байсныг анзаарсан болоод ч тэр үү сайхан хурц илчтэй, цацрагтай, өмнө харж байгаагүй нар хараад сэтгэл ихэд баясав.

ямартаа ч өндөр дээдүүдийн зүтгэсэн, их үйлд улаачийн хувьд оролцож, ард нь гарсандаа их таатай, сэтгэл амарч, сэтгэл хангалуун байгаа нь үнэн билээ. Халуун элгэн нутаг гээд дуулахад сэтгэл ихээр хөдлөж, дууныхаа үгнүүдийг утгаар нь мэдэрч билээ хэхэ.

No comments:

Post a Comment