Wednesday, July 3, 2013

өрөөлд хэлсэн өөрт хандсан үгс



...
Үрс та нарын бодол
Өөрийн чинь бодол
Үүнээс үнэтэй зүйл гэж үгүй
Өөрсдийн чинь бодол дутаад байгаа тул
Өөрсдийн чинь үзэл өнгөцхөн байгаа тул
Өөрсдөө өдийг болтол үйлээ хичээж бараагүй тул
Өвгөд бид тэсэлгүй
Амаа хамхиж чадалгүй үг хавчуулж
Арван үгнээс минь ганцыг нь ч гэсэн тогтоогоосой
Тогтоосон нэгнийгээ тунгаагаасай
Тунгааснаа алддаа шингээж үйлээ хичээгээсэй гэсэндээ
Аргагүйн эрхэнд үглэдэг
Аргагүйн эрхэнд аашилдаг
...
Үг дуулах тийм хэцүү юу
Өрөөлд зандруулах тийм төвөгтэй юу
Хилсээр бид зандраагүй
Хэрцгийгээр бид занчаагүй
Таарсан үрд нь тохирсон үгийг нь
Тунгааж дийлэх утгыг нь л дайдаг учраас
Илүү үг хэллээ гэж бид өөрсдийгөө боддоггүй
Үрс та нар харин юу гэж боддогийг мэдэхийг ч хүсэхгүй
Мэдсэн ч хэлэхийг ч хүсэхгүй байна
Өршөөл эрж үг хэлсэн дор л
Өршөөгдөнө гэж санана уу
Үрс та нар өвгөд биднээс биш
Өөрсдөөсөө өршөөл эрвэл таарна
Ааштай ч гэсэн зандчих өвгөд байна
Биегүй ч гэсэн хийсгэлэн бид байна
Эцгээс эхээс заяасан оюун нь та нарт байна
Энэ замбадаа өнхөрч ирсэн алд чинь байна
Өөрийн буруугаас өвчинд баригдсан болохоос
Өвлүүлж үлдээсэн эцгийн чинь, эхийн чинь
Алд бие нь бол бүтэн байна
Ганц биш хоёр гартай
Мөлхөж биш алхаж явдаг хөлтэй
Мөрөн дээрээ бүтэн тэргүүнтэй
Орчлонг тольдох мэлмийтэй
Өрөөлтэй хүүрнэх хэлтэй
Байгалийн сайхан болгоныг сонордох сонортой
Барьснаа алдахгүй атгах гартай
Дутуу юм та нарт байна уу?
Дутуу юмгүйн байж харин чиг
Хачирлаад нэмэр болгож хэлэх үг сонсдог байж
Өөрсдийгөө засахгүй
Өөрсдийнхөө сэдлийг зөвшрүүлж чадаагүй
Үгийг ухаж тунгааж дийлээгүй
Үйлийг тэгш зөв алхаж дийлээгүй бол
Өвгөн надаас биш өөрсдөөсөө
Амь аминдаа, хувь хувьдаа
Алд, алдаасаа өршөөл эрнэ биз
...
Үг хэлэх төдийд хувьсагнаж
Үйл хийлгэх болгондоо эргэлзэж байвал
Итгүүлэх алба үгүй
Эргүүлэх ёс ч үгүй
Үрс та нарыг бид өдий болтол
Загнахдаа загнаж
Занчихдаа занчиж
Аашлахдаа аашлаж
Үрс та нарт бохирохдоо бохирч
Үгийг минь сонсоосой
Үйлээ засаасай
Өмнө нь бид яваад өнгөрсөн замаар
Үрс та нар явж өнгөрч байгаа тул
Өмнө бидний бүдэрсэн даваагаар бүдрэлгүй даваасай
Өмнө бидний амнаасаа болж алдсаныг бүү давтаасай гэсэндээ хэлж байсаан
Ганцхан бидний засал ч биш
Ямар ч үйл, ямар ч үйл хөдлөл
Үрс та нар өөрийн оюундаа
Ясан тархин дотроо бат итгэж байж л биелнэ үү гэхээс
Үйл нь бүтнэ үү гэхээс
Чадна гэсэн итгэлээр өөрийгөө жигүүрлэж дийлж байж л
Давааг давна уу гэхээс
Бодолдоо өөртөө итгэхгүй бол
Хэрхэн яаж өрөөлд, өрөөлийн үйлд итгэх билээ
...
Өөрийн авираар бамбай хийж
Өөрийн зангаар түрүү барьж сонсвол
Өрөөлийн үг үр чиний чихэнд сонсогдовч зүрхэнд чинь хүрэхгүй
Сонорт чинь хүрэвч учгийг нь олохгүй
Яагаад хэлэв, юуны учир, хэлж байгаа цаад санаа нь юув, хэний тусын тулд гээд
Анзаараад сонсвол харин
Авах юмаа авч чаддаг
Миний үед тийм байсан
Чиний энэ замбад өөр болчихоогүй байлтай
...
Зүрхлээд хоёрхон үг хэлчихэж чадахгүйн бол
Эр нэр зүгээд яах юм
Эмээсэн сэтгэлээ давж чадахгүйн бол
Эр заяаг ингэж гутаах хэрэг юун
Эр гэлтгүй, эм гэлтгүй
Хэлэх үгээ, хэлэх газраа
Өөрийн зөв гэж мэдэрсэн
Өөрөө итгэсэн үгээ
Өрөөлд хэлж чадахгүйн бол
Оюун бодолтой хүн гээд яах юм
...
Бие нь гундаж болох ч
Итгэл нь гундаж болохгүй
Алд нь чилж болох ч
Сэтгэл нь дундарч болохгүй
...
Үйл хийхдээ бид
Үрс та нарт
Өөрсдийн чинь хийх хэсгийг заримдаа үлдээдэг
Үүнийгээ хэр дүүргэж байгаагаас
Үйлийн үр нь илүүтэй харагддаг
Чадахгүйдээ, эсвэл залхуурсандаа бид орхидоггүй
Зангийнхаа нь хувьд, аашныхаа хувьд, итгэлийнх нь хувьд
Бэхжээсэй, батжаасай гэсэндээ үлдээдэг
...
Алд биеийн өвчнийг засах бол
Үрс та нар хүсвэл энэ замбаараа ч
Энэ замбынхаа эмчээр, отчоор засуулчихна
Үүнээс хялбар зүйл үгүй
Харин энэ доторх, энэ бодлыг засах нь
Алдаан засахаас илүүтэй
Өвдөлтийг мэдрэхээс илүүтэй хэцүү тул
Өөр нэг илүү ааштай
Үрс та нараас илүүг туулсан
Амьд биш үхсэн нэгэн нь
Алга болоод саад болж эргэж буусан нэгэн нь
Хэлэхээс нааш засрахгүй байгаа тул
Хэлж байж л бяцхан засах тул
Алдыг чинь засахыг урьтал болгосонгүй
Бодлыг чинь цэгцлэхийг түрүүнд нь харав, түрүүнд нь барив
...
Бүхний эхлэл гэж бодол гэж мөн ч олон хэлсэн дээ
Хэлээгүй юу, хэдэнтээ хэлсэн тийм үү
Тэгээд бодлынхоо үрийг засах гэж зүтгэж байхаар
Бодлоо засах нь
Үрс та нарт очих өгөөж нь ч тэр
Үндэс сууриар нь тэгшилж байгаа нь ч тэр
Алинаар нь ч бодсон тэр, зөв нь биз, тийм үү
Алд чинь хэрхэн яваа
Алхам чинь хэр том
Ааш чинь хэр ярдаг
Ааль чинь хэр зөөлөн чинь
Үүний /толгой тоншив/ л үр шүү дээ
Үрийг нь л засах гээд
Үрийг нь л засуулах гээд чилэх юм
Үрийг нь биш
Үндсийг нь бид засмаар байх юм
Тэгж байж л энэ удам чинь цэгцэрч
Энэ удам чинь зөвширч
Эцэг нь, эх нь зөвшрөөд ирэхэд
Эрхбиш үлдэх үрсдээ
Заавал биднээр загнуулалгүйгээр
Өөрсдөө учгийг нь тайлаад
Хужрыг нь тунгаагаад хэлээд өгчихөж болно доо, тийм үү
Үг нь олдоод ирэхээр
Үрс нь чихээ тагладаг
Өөрсдийг нь л засаад байхаар
Алгаа дэлгээд ирдэг юм уу
Үг минь ихэдлээ
Үрсийг чилээх шиг боллоо
Өөрсдөө болгооно биз

No comments:

Post a Comment