Thursday, October 10, 2013

ийм л учраас

яг яагаад байгаан бол доо, мэдэхгүй л байна, гэхдээ мэдэх цаг ирэх биз ээ

алтыг биш рашааныг эхлээд онцолдог
амьд төдий биш амьдрахаа бодож зүтгэдэг
амиа биш бусдыг бодож үйлддэг
алдааг нь биш оноог нь урамшуулж магтдаг

бараа таваараас илүүтэй байгаль дэлхийгээ хайрладаг
байшин саваас илүүтэй уул хангайгаа үнэлдэг
будаг шунхны биш сэтгэлийн гоог эрхэмлэдэг
буруудсан нэгнээ түлхэлгүй засаж авахыг боддог

гадны ухаантныг биш дэргэдэх эцгээ шүтдэг

ганц үг нь хазгайг тэгшилдгийг ойлгодог
элбэг мөнгийг биш эхийн хайрыг сонгодог
эргэх хорвоод ганцхан заяахыг нь ухдаг

урьдахаа биш удмаа бодож хийдэг
ухаанд нь ишиг биш өв суулгахыг зорьдог
үрийнхээ сэтгэлд нутгаа хайрлах сэтгэлийг өвлүүлдэг
өөрийнхөө үйлдлээрээ үлгэрлэн харуулж чаддаг

алдахдаа өөрөөсөө бурууг хайдаг
онохдоо өрөөлд урмыг өгдөг
авахдаа үүргээ гүйцээсэн үгүйгээ тунгаадаг
өгөхдөө сэтгэл харамгүй түгээдэг

сөхөрвөл өндөрт дүүлэх учраас тэмцдэг
нугарвал цэх даахаа мэдэж босдог
эргэлзэхдээ илүү бат итгэхээ таньдаг
энэлэхдээ зовлон зуурдынх тул тэвчдэг

жаргахдаа зовсон нэгэн байгааг санадаг
заавал үйлдэх үйл, даах ачаагаа цэгнэдэг
нисэхдээ буух газраа товлодог
нийтийн төлөө сэтгэлээ чилээж чаддаг

төр нь хилээ, хэлээ бат манадаг
түшээд нь ардаа, олноо энэрдэг
тив, дэлхийд сүүл мушгилгүй оройлдог
Тэнгэрийн соёрхлоор газартаа мандан бадардаг


эвээ эрхэмлэж, итгэлээр жигүүрлэсэн
элгээ марталгүй нэгдэж чадсан
хайраар ундаалж, харыг дарсан
хатуугаас халшралгүй давж чадсан

ийм л нийхэмийн төлөө
хий биетэй өвгөд нь ч тэр
махан биетэй үрс нь ч тэр
нэгэн хэмд орж, зүтгэж
нэгдэн нийлж байж батжиж
бүтээж чадна гэж итгэсэн тул
бүгдийг манлайлах учигтай тул
бид хийхгүй бол хүлээх цаггүй тул
би-гээ харамлалгүй, махрах учиртай тул
өнөө туулах өчүүхэн шаналал яамай
өөрийн сэтгэлд буух өнчин гуниг яамай
өрөөлийн дайрч хэлэх эндүү үгс ч яамай
үүрэх ачааны дэргэд бартаа болгон яамай
бие нь эрүүл яргай байг
сэтгэл нь сэвгүй хаттай байг
итгэл нь дундралгүй ундарч байг
зүтгэл нь гундахгүй дүрэлзэж байг

өвгөдийн ухааныг дагаж эхлээд туулаад
өөрийнхөө ухаанаар дараа нь учрыг нь олохоос доо хэхэ

1 comment: