Wednesday, November 27, 2013

энгийн гэж?

... Үрс та нар
Өвгөдөөс илүүг үйлдээд байна гэж
Өөрсдөө тэднээс илүү гэж
Сэдээгүй сэтгээгүйг нь чаддаг гэж
Сэрээгүй санаагүйг нь үйлддэг гэж
Өмнөхөөсөө үргэлж давдаг гэж
Үе үеэрээ дийлдэг гэж боддог бил үү
Өөрсдийгөө л хуурах л эд дээ
Үгэн өртөөгөөр, аман өртөөгөөр үйлээ амжуулах биш
Эдэнд баригдаж
Энэнд хоригдож /бичиж байсан утсыг хэлэв/
Бодолдоо тунгаах үгсээ тусад нь хорьж
Ухаад олох учгаа гаргалгүй дарж
Үүнийгээ та нар үрс нь ахиад байна
Үйлс нь бадраад байна
Өмнөх үеэ бид даваад байна
Өвгөдийн дэргэд бид ухаантан байна гэж боддог гэл үү
Ирмэхийн төдийд эвдэрдэг эд
Харахын төдийд хиртдэг сэтгэл
Ажихын төдийд эмээдэг итгэл
Авахын төдийд цаддаг шунал
Олохын ихийг боддог хүсэл
Олзны багыг голдог дур
Насны уртыг чамладаг оюун
Намба юуг үл тоодог сэдэл
Гамнах хугацаагаа хаядаг авир
Ганцаараа бүхний чаддаг мэт сэтгэл
Улиг болсноо үнэнд боддог эндүүрэл
Ухаж дийлээгүйгээ худалд сэтгэдэг ташаарал
Өнгөрсний араас сөхөж муулдаг араншин
Үр хүүхдээ өөрөөсөө илүүд гаргадаггүй зан
Алдсан нэгнээ ангал руу түлхдэг санаа
Аврах ёстой нэгнийг ажилгүй өнгөрдөг хараа
Дэнсэлж чадамгүй байж өчгийг сонсдог сэтгэл
Дийлж барамгүй байж үйлийг амладаг мунхаглал
Хууран авснаа, хуурмагаар хурааснаа эд хэмээн сэтгэдэг
Хумсалж үлдээснээ өв гэж будилдаг
Үрээ энэрэхгүй хаях эхэнцэр нэртүүд
Өчгийг нь сонсолгүй тушаадаг эцгэнцэр тархитангууд
Өвгөдөө үхсэнд тооцдог үрэнцэр арчаагүйнууд
Үйлдэхийг биш өгүүлэхийг өмнөө барьдаг өмхөрсөн оюунтангууд
Юуны тухай өгүүлж байгааг мэдэж байна уу чи?
Үрс та нарын зөвхөн тухай биш
Үрс та нарын оршиж байгаа
Ёроолгүй шуналын хүүдий болсон
Ёзооргүй үндэсний угшил болсон
Язгуураа танихгүй харанхуй болсно
Ясаа дээдлэхгүй дорой болсон
Энэхэн замбыг чинь гоочилж байна...

за ингэж зэмлүүлсний дараах буултанд бичихгүйгээр, тогтоохыг хичээж эхлэв. тэгээд хэдэн зүйл тогтоосноо бичье байз.

бид үнэндээ мундаг, сүрхий, гайхамшигтай гэдэг боловч Онгод Буурлууд маань, Өвгөд маань бидэнтэй адил хүн л байсан, тэдэнд сайн, магтууштай, авууштай чанарууд биднээс маш их байсан хэдий ч бас сул тал гэх үү, сөрөг тал байдаг л байсан биз, хүн л юм хойно. гэхдээ нэг том ялгаа байгаа нь тэд сул, сөрөг талаа дарж, өөр зүйлээр нөхөж чаддаг бол, бид өөрсдөө сул, сөрөг талууд, буруу зөрүү авир, араншиндаа дарагдчихдаг аж. 
жишээ нь тэд аймхай байсан бол түүнийгээ шийдмэг зангаар нөхдөг, хэрвээ тэд сэтгэлийн хатгүй байсан бол ямар ч зүйл тохиолдсон үйлддэг, үүргээ биелүүлж, ажлаа хийсээр байсан, гэтэл мань мэт нь айвал хөдлөж чадахгүй гацчих биз, ажил хийж явтал уй гашуу, эсвэл сэтгэл санаа тавгүйтвэл ажлаа орхиод хямраад явчих биз, ялгаа байна уу, байхаар барах уу, маш их байна.
өнөө өнгөцхөнөөр бичсэн дээр минь нэмээд жишээ болгоод хэрэглэх Эр ДЭМ-ийг: бид улаач чамайг хэрэглэж л байна, чамайг хэрэглэхийн тулд өөрсдийнхөө ч тэр, чиний ч тэр тархийг ухаж, төнхөж байна, гэхдээ ганц чиний тархийг ухаад, чамайг шахаад байвал гүйцэд хэрэглэгдэхгүй, тэгэхээр чамаар дамжуулж чиний үр хүүхэд, ойр дотныхон, удмынхныг чинь тархийг тэлэхийг хүсэж байна, энэ чинь хэрэглэснээ үр төлөөр нь нөхөх мөн биз дээ гэв ккк, би ер нь ашиглуулж байгаан байна хэхэ.
мөн улаач чамайг бид сонгох үедээ, ямар байж болох вэ, ямар зан чанартай байвал дараа нь түүнийг нь засаад, бяцхан зүлгээд хэрэглэж болох вэ гэж бид төрөхөөс чинь өмнө, тамгалахдаа сэтгэсэн, тэгээд чамайг төрсний дараа үнэхээр бидний бодсон шиг зан авиртай, оюун ухаантай, бие махбодьтой болж байна уу гэж магадласан, үүнийг та нар өөрсдийнхөөрөө шахаа гээд байх шиг байна, тэгсний дараа за яахав болох юм байна, толгойг нь тоншоод байвал бага багаар, хумс хумсаар ч гэсэн ахих биз ээ гэж найдсан билээ, үүнийг чинь итгэх Эр ДЭМ гээд байгаа юм гэв ээ. 
ер нь та нар судрыг тайлахдаа энгийнээр тайлна гэхээр л зөвхөн өөрсдийнхөө амьдралд буулгаад байх юм, эсвэл гүн гүнзгий тайлбарлаж байна гээд л амьдралаасаа тасраад байх юм, ядаад нь Өвгөд бид улаачтай хэрхэн харьцаж байна, улаач нь эргээд бидэнтэй яаж харьцаж байна гэсэн энэ харьцаанаасаа ургуулаад бодвол мөн ч их учиг тайлагдана даа гэв. нээрээ бодоод байхад БӨӨ гэдгийг ойлгохын тулд эхлээд бид өөрсдийн Буурлууд маань бидэнд яаж ханддаг, бид тэдэндээ яаж ханддаг, хоорондын эргэх холбоогоо ажих, анзаарах, ойлгох хэрэгтэйн байна. шипидэж байж өөрөө бодоод олчихсон мэт хөөрцөглөв.
гэхдээ нэг зүйл анхааруулсан нь тайлж байна гээд бичээд орхих биш, тайлснаа өөрөө үйлдээд, ингэж тайлбарласныг ингэж үйлдэж, үйлдсэнээр ийм үр дүнтэй болдог гэдгийг харуулах нь хамгийн чухал гэв. мунхаг улаачаа ч гэсэн судар тайлж байна гэж бичихдээ гол нь өөрийн биедээ яаж наах вэ, яаж түүнийг өөрийн болгох вэ гэдэг талыг нь илүүтэй анхаарч бичиж бай, тэгээд өөрөө бичсэн үгнийхээ арыг ар нуруундаа дааж, харуулж бай гэв, яадаг билээ.

No comments:

Post a Comment