Saturday, March 18, 2017

"Эр байж" чадаж байна уу

Эр байх ухаан
Удамшилт ээлт хүчин угшил гарвал эсэнд байх бөгөөд түүнийг хэрхэн хөглөж зүйт холбоосоор хүчжүүлж цусаар баяжуулж, хохирлыг бага байлгахыг эр байх ухаан хэмээнэм.
Эр цэргийн баяр гэнээ өнөөдөр. Эх нутгийнхаа хилийг үеийн үедээ манаж байсан, байгаа, эх орон гэдгээ орой тэргүүндээ залж чадсан, чадаж байгаа, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж байгаа эр цэргүүдийн маань баяр гэнэ.
"Эр байна" гэж юу юм бол гээд өнөө л эргүүлж тойруулж байгаа судраас харлаа. Хатуу ааруулыг хазаж барахгүй болохоороо хүлхээд л, энд тэндээс нь эмтэлж бардаг шиг л бид хэд олон талаас нь л ухаж төнхөж байгаа бололтой.
Эр байхыг хардаг учир нь өнөөдөр надад баярлах эрх байна уу гэж бодсонд юм. Салтаа хоорондоо тэмтрээд үзэхээр юм байвал баярлах юм болов уу яах юм бол гээд л гайхав ккк.
"Удамшилт ээлт хүчин угшил гарвал эсэнд байх" гэжээ. Эр байна гэдэг тэгэхээр эр хүйстэн болж төрсөн нэгний эсэнд нь өгөгдсөн байдаг байх нь. Энэ утгаараа бодвол баясах боломжтой ч өдөр шиг.
Энд бас анзаарах зүйл байгаа нь "удамшилт ээлт хүчин" гэж байгаа нь гэж эрхгүй санагдав. Магад эсийн түвшинд байх тэр удамшлын хүчин зүйл маань үргэлжлүүлээд удамшуулахад төрөх үр хүүхэд нь эрүүл, саруул байх уу гэдгийг тодлоод байх. Удамшилт ээлгүй хүчин буюу ураг удмаа мэдэхгүй цус ойртох, эсвэл холдуулна гээд эрлийз, хурлийз болох эсэхийг энд анхаарах хэрэгтэй бололтой.
"Түүнийг хэрхэн хөглөж, зүйт холбоосоор хүчжүүлж, цусаар баяжуулж, хохирлыг бага байлгахыг" гэжээ. Өнөө эсийн түвшинд биед байх тэр чанарыг, өгөгдлийг байгаа л юм чинь гээд орхихгүй нь, бүр хүчжүүлж, сайжруулж, өнгөлж зүлгэх нь. Өөрөөр хэлбэл, эр хүйстэн гэдэг эрүүл саруул эхээс энэ дэлхийд уналаа гэхэд өөрийн сайн бүхнийг зүлгээд, өөрийн ур чадварыг нэмэгдүүлээд, сурах арга барил зэргээ хөглөж таарах нь. Түүнээс би сайхан эр юм чинь гээд зүсэр гоогоо л зүлгээд, зүсээ, махан биеэ зүлгэх нь хэтийдээд өөртөө дурлаж, ижил хүйстэн рүүгээ гүйхгүй гэсэн үг байх нь.
"Зүйт холбоосоор хүчжүүлж" гэхээр харин оршин байгаа орон зай, амьдран буй нөхцөл байдал, хутгалдаж буй харилцаа зэргээсээ өнөө удамшилт ээлт өгөгдсөн хүчиндээ нийцтэйг нь өөртөө нааж, хүчирхэгжүүлэх, ингэснээр өөрийн байр суурийг олох, орших орон зайндаа эзэн болох ухаан байх нь гэж таая.
"Цусаар баяжуулж" гэдгийг бол ёстой бүр таанаа ккк. Магад эсэнд өгөгдсөн тэр чанарыг, хөглөж чадсан, хүчжүүлж чадсан тэр чадварыг хань ижилтэй болж, эх заяаны цусаар баяжуулах байх гэж бодов.
Дээрх бүхний эцэст гол зангилаа нь магад "хохирлыг бага байлгах" биз. Эр байх гэдэг харилцаандаа, орчиндоо, гэр бүлдээ, эх орондоо, байгальдаа гээд бүхий л орон зайнд зөвтэйг хүчжүүлж, хоорондын холбоосыг нь баяжуулж, гэхдээ эдгээрийг хийхдээ учрах хохирлыг байж болох хамгийн бага түвшинд байлгах болж таарах нь. Хохирлыг бага байлгахын тулд өмөөрч чадах зоригтой байх учиртай биз. Хохирлыг бага байлгахын тулд үйлдэж чадах иртэй байх хэрэгтэй биз.
Өнөөдөр баярлах бүхэн маань эр бүхэн маань гэр бүлдээ, ойр дотныхондоо, эх орондоо гадны болоод дотоод хувалзнуудын учруулж буй хохирлыг бага байлгаж чадаж байна уу? Бага, бүр болвол хохиролгүй байлгахын төлөө ямар нэг зүйл хийж чадаж байна уу? Зүйт холбоосоо баяжуулж, хөгжүүлж, хүчжүүлж чадаж байна уу?
Сэтгэл дүүрэн, амгалан баярлахын тулд, ер нь өдөр болгоныг сэтгэл дүүрэн байлгахын тулд өөрөөсөө ЭР ХҮН та дээрх асуултуудыг асуугаад үзээрэй гэж хүсье.
Баяр гэдэг, бусдаас хайр, хүндлэл хүлээх, сэтгэл, халамж хүртэх эрх, боломж биз ээ. Гэтэл эрх гэдгийг эдлэхийн тулд үүнийг эдлэх эрх надад байгаа гэдгээ нотлох үлдээсэн мөр, үүрсэн ачаа, ганц үгээр бол хариуцсандаа эзэн болсон байх учиртай мэт.
Монгол Эрчүүдийн минь хийморь өөдөө байж, Ир нь хурц байж, үйлдэж өрөөлийг оройлж, үнэнээр бусдыг хуйлруулж, мөн гэдгийг нотлох чадалтай байж, мөрөө гүнтэй үлдээж "Эр байх" болтухай.

No comments:

Post a Comment