Thursday, July 18, 2013

Говь нутаг - Заг мод

Бидэнд тохиож буй зүйлсийн учир ямагт тайлагддаг байх, өнөөдөр үү, эсвэл маргааш уу гэсэн цаг хугацааны л ялгаатай байхаас биш, учир нь тайлагдахгүй, хариултгүй зүйл гэж үгүй юм шиг.

Говь нутаг сайхан ажээ, Байгаль далайд бид усанд шумбаж, далай ээждээ эрхлэсэн бол говь нутагт бид элсэнд умбаж бас л эрхлэв.  Байгаль далайд шумбаж байхад хүн гээч бид ямар өчүүхэн, далайн ганцхан давалгаанаас хэр жижиг болохоо мэдэрсэн бол говьд бид энэхэн байгаль дэлхийнхээ элсний ганц ширхэг төдий юм гэдгээ мэдэрлээ, ямартаа ч хувьдаа тэгж мэдрэв.

Байгаль далай хөрсөн дээрх цэнгэг устай далай бол говьд маань хөрснийхөө гүнд гүний усан далайтай, хөрсөн дээрээ эрдэнийн чулуун далайтай аж.

Байршлын хувьд хол мэт боловч, энэ дэлхий маань нэг л цул тул хөрсөн дээрх Байгаль далай маань говийн хөрсөн доорх гүний далайтай хүйн холбоогоор, харагдахдаа харагдаж, үгүйдээ үгүй, биентэйгээ холбоотойг анзаарав /мөн хожуу анзаарч байгаа юм шүү/. Улаач бидний Өндөр дээдүүдээ улаалан хийж, хийхийг хичээж байгаа үйлүүд ч бас энэ л 2 далай шиг, нэг үйлийн төгсгөл нь дараах үйлийн эхлэл, нэг алхаад үзэхэд дараах алхам нь тодордог юм шиг. Говь нутагт орших Говь Гурвансайхан хайрхан Алтайн нурууны хамгийн зүүн хэсэг аж, тэнд орших Ёлын аманд бид үйл хийсэн, тэр нь дараагийн үйлийн угтал, оршил байсан ч биз.

Өмнө хүний нутагт хэдэн жил сурахдаа яагаадыг мэдэхгүй далай харж суух их дуртай, харж суугаад элдвийг бодож, нутгаа үгүйлдэг байж билээ. Харин энэ удаа Байгаль далайн мандлыг хараад уужуу тайван байх гэдэг ийм л байдаг байх гэж бодогдов. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг, ямар айхтар оносон үг вэ гэж бодогдов. Говьд элсэн манханг хараад, говьд ургах ургамлуудыг хараад тэвчиж байж тэрслэх гэдэг үг санаанд орж байв.

Байгаль далайг өгөөмөр сэтгэлтэй зүйрлэж болохоор бол харин говийг тэсвэр тэвчээртэй зүйрлэмээр ч юм шиг.

Говьд явахад заг мод анхаарал их татав, ховордсон, хамгаалагдсан мод гэсэндээ ч биш, модны шинж чанарын тухайд:

Заг мод нь хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг.

Хүн бид байгаль ээжээсээ сурах зүйл тун чиг их юм шиг, зарим үед амьдралд бид жимсээ харамгүй өгөх алимны мод мэт байх хэрэгтэй ч, нөхцөл байдал өөрчлөгдөхөд, ямар ч салхийг, ямар ч халууныг сөрж, нугарахгүй, гундахгүй, гудайхгүй оршиж чадах заг мэт байх шаардлага эрхгүй гардаг, энэ шаардлага улаач хүний хувьд илүүтэй байдаг ч юм шиг, харахад хэдий өнгө зүс муутай, өрөөлд хүртээх жимс үгүй боловч, заг шиг бат бэх, заг шиг хатуу бүхэнд халшрахгүй зогсох, заг шиг өрөөлд найдалгүй өөрөө шимээ хайдаг, заг шиг тэвчээрийн эцэст нэгэн цагт хур бороо орно гэдэг итгэлээ алддаггүй, заг шиг амьдралд таарах элсний нүүдлийг зогсоох мод нь хэд билээ гэж бодогдмоор.

Улаач бид махан биеэ, бяцхан боловч сэтгэлээр жигүүрлээд, итгэлээ багасгахгүй, зүтгэл гаргаад, хамгийн гол нь хийгдэх үйлийнхээ талаар тандаад хийх газартаа очиход хий биетэй Буурлуудын үйл илүүтэй хүрдэг, илүүтэй хөглөгддөг байх, учир нь угаасаа л тэд маань хий биетэй учир, шаардлагатай үед улаач нь махан биеэрээ очоогүй ч, Буурлууд очих газраа хүрэлцэж, үйлээ хийдэг юм шиг. Гэхдээ л улаач нь бяцхан боловч сэтгэл гаргаад ирэхэд хийгдэх үйл нь хүрэх нь хамаагүй илүү болдог ч юм шиг.

Улаач гэдэг мэргэжил, гэхдээ замбын мэргэжил мэт, үйлдээд, оронд нь ембүү зоос авдаг мэргэжил биш, харин үйлдээд үр нь тодорхой хугацааны дараа ирдэг, сэтгэлийн тайвшрал, амар амгалан, итгэлийн нэмэгдлээр ирдэг тийм л мэргэжил юм болов уу.

Нэгэнт л энэ мэргэжлийг хийх тавилантай, мэргэжилдээ таарсан ачааг үүрэх ёстой улаач гэсэн нэрийг зүүсэн бол бид боломжоороо анзааргатай байх хэрэгтэйн болов уу, үйл хийх гээд гарахдаа, энэ үйлд улаач би яагаад явж байгаа билээ, Буурлууд маань,улаач би ямар холбоотой билээ, энд байгаа нь ямар учиртай, энэ газарт ирэхэд сэтгэлд минь, зүрхэнд минь, махан биенд минь юу мэдрэгдэж байна вэ, яагаад ингэж мэдэгдэж байна, саяхан л инээж хөхрөөд явсан байтал, энэ газар ирэхээр яагаад ингээд уйтгарлаад, гуниглаад унав, энэ гунигласан сэтгэлийг тайлахын тулд улаачийнхаа хувьд ямар үйл хийх хэрэгтэйн бол, Буурлууд минь энд ямар үйл хийх гээд улаач намайгаа ойлгохгүй байхад нь ч аваад ирсэн юм бол гэх мэтээр анзаарвал, бяцхан боловч хичээхэд Онгод Буурлуудын маань үйл илүүтэй хөглөгдөөд, үйл нь илүүтэй хүрээд, хэц хэнгэрэгээ ч учиртай дэлдээд байх шиг.

Мэдээж суралцаж яваа улаачийн хувьд бусдад заах гэсэнгүй, зүгээр өөрийн бодсоноо саналын хэмжээнд бусдад мэдүүлэх гэж бичиж байгаа, учир нь улаач-шувууныхаа хувьд би өөрөө 2 жигүүрээ зэрэг дэвж чадахгүй, өндөрт хөөрч чадахгүй, бяцхан салхи салхилахад л, жигүүр муутай тул хатуу газар уначихаар нэгэн тул өрөөлд хэлэх эрх үгүй билээ.
Улаач болоод, Буурлуудын зорьсон үйлийг сэхээрээд, түүнийг нь хийхэд дэм болох ёстойгоо мэдээд зүтгээд байхад замбын маань үл ойлголцол арилахгүй, замбын маань амьдрал дээшлэхгүй, нөхцөл байдал дээрдэхгүй байгаа нь өрөөлөөс бурууг хайвал нэг бодлын шударга бус, хийгээгүй биш, хийсэн, хичээгээгүй биш хичээсэн.
Гэтэл яагаад ийм байдалд хүрээд, яагаад улаач-шувуу би 2 далавчаа зэрэг дэвж чадахгүй байгаа нь яг үнэндээ өөрөөс минь шалтгаалж байгаа, бурууг хайвал бүхний буруутан нь би өөрөө л аж. Тэгэхээр Буурлуудаа буруутгах эрх надад үгүй, зүгээр л зөвхөн улаачийнхаа ч хувьд биш, ердөө л хүнийхээ хувьд орон зайндаа эзэн болж чадаагүй, орших хугацаандаа, орших газраа эзэн болж, өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй, өчүүхэн миний л буруу аж, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.

Хүмүүс бид, ялангуяа залуус бид ямар нэг зүйл буруу болвол өөртэйгээ холбоод, би юуг буруу хийв, хаана алдав, яагаад ингэж алдав, яаж засаж залруулах вэ гэж бодох, харин хийсэн зүйлс маань зөв болоод, тэр нь өрөөлд үнэлэгдээд ирвэл өөрөө л хийсэн мэт бодохгүй байж, үүнийг хийхэд өөрөөс минь илүүтэй өрөөлийн хүчин чармайлт их байсан гээд бодоод байвал зүгээр ч юм шиг.
Үүнийг яагаад бичиж байна вэ гэхээр, саяын говийн үйлд зохион байгуулалт зэрэг хамаг зүйлд бие, сэтгэлээ чилээж машин тэргээ эвдлэн байж хичээсэн өргөөний улаач Луу Мичид маань үйлийн хамаг суурийг тавьсан хэрнээ өөрөө үйлэнд оролцож чадалгүй, цуваанаас үлдсэн, харин үйлийн суурийг тавиулчихаад үйл хийхэд л байсан, үйл хийлцэхэд л бөөлсөн тул би мундаг гэж бодох улаач балчир байвал битгий тэгж эндүүрээрэй гэж сануулах үүднээс л бичив. Бодоогүй бодлыг нь хэлж, санаагүй зүйлд сануулж байвал өршөөнө биз ээ, хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг тул өөртөө үүнийг хэлэнгээ энд бичлээ.



Wednesday, July 3, 2013

өрөөлд хэлсэн өөрт хандсан үгс



...
Үрс та нарын бодол
Өөрийн чинь бодол
Үүнээс үнэтэй зүйл гэж үгүй
Өөрсдийн чинь бодол дутаад байгаа тул
Өөрсдийн чинь үзэл өнгөцхөн байгаа тул
Өөрсдөө өдийг болтол үйлээ хичээж бараагүй тул
Өвгөд бид тэсэлгүй
Амаа хамхиж чадалгүй үг хавчуулж
Арван үгнээс минь ганцыг нь ч гэсэн тогтоогоосой
Тогтоосон нэгнийгээ тунгаагаасай
Тунгааснаа алддаа шингээж үйлээ хичээгээсэй гэсэндээ
Аргагүйн эрхэнд үглэдэг
Аргагүйн эрхэнд аашилдаг
...
Үг дуулах тийм хэцүү юу
Өрөөлд зандруулах тийм төвөгтэй юу
Хилсээр бид зандраагүй
Хэрцгийгээр бид занчаагүй
Таарсан үрд нь тохирсон үгийг нь
Тунгааж дийлэх утгыг нь л дайдаг учраас
Илүү үг хэллээ гэж бид өөрсдийгөө боддоггүй
Үрс та нар харин юу гэж боддогийг мэдэхийг ч хүсэхгүй
Мэдсэн ч хэлэхийг ч хүсэхгүй байна
Өршөөл эрж үг хэлсэн дор л
Өршөөгдөнө гэж санана уу
Үрс та нар өвгөд биднээс биш
Өөрсдөөсөө өршөөл эрвэл таарна
Ааштай ч гэсэн зандчих өвгөд байна
Биегүй ч гэсэн хийсгэлэн бид байна
Эцгээс эхээс заяасан оюун нь та нарт байна
Энэ замбадаа өнхөрч ирсэн алд чинь байна
Өөрийн буруугаас өвчинд баригдсан болохоос
Өвлүүлж үлдээсэн эцгийн чинь, эхийн чинь
Алд бие нь бол бүтэн байна
Ганц биш хоёр гартай
Мөлхөж биш алхаж явдаг хөлтэй
Мөрөн дээрээ бүтэн тэргүүнтэй
Орчлонг тольдох мэлмийтэй
Өрөөлтэй хүүрнэх хэлтэй
Байгалийн сайхан болгоныг сонордох сонортой
Барьснаа алдахгүй атгах гартай
Дутуу юм та нарт байна уу?
Дутуу юмгүйн байж харин чиг
Хачирлаад нэмэр болгож хэлэх үг сонсдог байж
Өөрсдийгөө засахгүй
Өөрсдийнхөө сэдлийг зөвшрүүлж чадаагүй
Үгийг ухаж тунгааж дийлээгүй
Үйлийг тэгш зөв алхаж дийлээгүй бол
Өвгөн надаас биш өөрсдөөсөө
Амь аминдаа, хувь хувьдаа
Алд, алдаасаа өршөөл эрнэ биз
...
Үг хэлэх төдийд хувьсагнаж
Үйл хийлгэх болгондоо эргэлзэж байвал
Итгүүлэх алба үгүй
Эргүүлэх ёс ч үгүй
Үрс та нарыг бид өдий болтол
Загнахдаа загнаж
Занчихдаа занчиж
Аашлахдаа аашлаж
Үрс та нарт бохирохдоо бохирч
Үгийг минь сонсоосой
Үйлээ засаасай
Өмнө нь бид яваад өнгөрсөн замаар
Үрс та нар явж өнгөрч байгаа тул
Өмнө бидний бүдэрсэн даваагаар бүдрэлгүй даваасай
Өмнө бидний амнаасаа болж алдсаныг бүү давтаасай гэсэндээ хэлж байсаан
Ганцхан бидний засал ч биш
Ямар ч үйл, ямар ч үйл хөдлөл
Үрс та нар өөрийн оюундаа
Ясан тархин дотроо бат итгэж байж л биелнэ үү гэхээс
Үйл нь бүтнэ үү гэхээс
Чадна гэсэн итгэлээр өөрийгөө жигүүрлэж дийлж байж л
Давааг давна уу гэхээс
Бодолдоо өөртөө итгэхгүй бол
Хэрхэн яаж өрөөлд, өрөөлийн үйлд итгэх билээ
...
Өөрийн авираар бамбай хийж
Өөрийн зангаар түрүү барьж сонсвол
Өрөөлийн үг үр чиний чихэнд сонсогдовч зүрхэнд чинь хүрэхгүй
Сонорт чинь хүрэвч учгийг нь олохгүй
Яагаад хэлэв, юуны учир, хэлж байгаа цаад санаа нь юув, хэний тусын тулд гээд
Анзаараад сонсвол харин
Авах юмаа авч чаддаг
Миний үед тийм байсан
Чиний энэ замбад өөр болчихоогүй байлтай
...
Зүрхлээд хоёрхон үг хэлчихэж чадахгүйн бол
Эр нэр зүгээд яах юм
Эмээсэн сэтгэлээ давж чадахгүйн бол
Эр заяаг ингэж гутаах хэрэг юун
Эр гэлтгүй, эм гэлтгүй
Хэлэх үгээ, хэлэх газраа
Өөрийн зөв гэж мэдэрсэн
Өөрөө итгэсэн үгээ
Өрөөлд хэлж чадахгүйн бол
Оюун бодолтой хүн гээд яах юм
...
Бие нь гундаж болох ч
Итгэл нь гундаж болохгүй
Алд нь чилж болох ч
Сэтгэл нь дундарч болохгүй
...
Үйл хийхдээ бид
Үрс та нарт
Өөрсдийн чинь хийх хэсгийг заримдаа үлдээдэг
Үүнийгээ хэр дүүргэж байгаагаас
Үйлийн үр нь илүүтэй харагддаг
Чадахгүйдээ, эсвэл залхуурсандаа бид орхидоггүй
Зангийнхаа нь хувьд, аашныхаа хувьд, итгэлийнх нь хувьд
Бэхжээсэй, батжаасай гэсэндээ үлдээдэг
...
Алд биеийн өвчнийг засах бол
Үрс та нар хүсвэл энэ замбаараа ч
Энэ замбынхаа эмчээр, отчоор засуулчихна
Үүнээс хялбар зүйл үгүй
Харин энэ доторх, энэ бодлыг засах нь
Алдаан засахаас илүүтэй
Өвдөлтийг мэдрэхээс илүүтэй хэцүү тул
Өөр нэг илүү ааштай
Үрс та нараас илүүг туулсан
Амьд биш үхсэн нэгэн нь
Алга болоод саад болж эргэж буусан нэгэн нь
Хэлэхээс нааш засрахгүй байгаа тул
Хэлж байж л бяцхан засах тул
Алдыг чинь засахыг урьтал болгосонгүй
Бодлыг чинь цэгцлэхийг түрүүнд нь харав, түрүүнд нь барив
...
Бүхний эхлэл гэж бодол гэж мөн ч олон хэлсэн дээ
Хэлээгүй юу, хэдэнтээ хэлсэн тийм үү
Тэгээд бодлынхоо үрийг засах гэж зүтгэж байхаар
Бодлоо засах нь
Үрс та нарт очих өгөөж нь ч тэр
Үндэс сууриар нь тэгшилж байгаа нь ч тэр
Алинаар нь ч бодсон тэр, зөв нь биз, тийм үү
Алд чинь хэрхэн яваа
Алхам чинь хэр том
Ааш чинь хэр ярдаг
Ааль чинь хэр зөөлөн чинь
Үүний /толгой тоншив/ л үр шүү дээ
Үрийг нь л засах гээд
Үрийг нь л засуулах гээд чилэх юм
Үрийг нь биш
Үндсийг нь бид засмаар байх юм
Тэгж байж л энэ удам чинь цэгцэрч
Энэ удам чинь зөвширч
Эцэг нь, эх нь зөвшрөөд ирэхэд
Эрхбиш үлдэх үрсдээ
Заавал биднээр загнуулалгүйгээр
Өөрсдөө учгийг нь тайлаад
Хужрыг нь тунгаагаад хэлээд өгчихөж болно доо, тийм үү
Үг нь олдоод ирэхээр
Үрс нь чихээ тагладаг
Өөрсдийг нь л засаад байхаар
Алгаа дэлгээд ирдэг юм уу
Үг минь ихэдлээ
Үрсийг чилээх шиг боллоо
Өөрсдөө болгооно биз

Wednesday, June 19, 2013

Халдун Хайрхан минь ээ

Халдун хайрханы үйлэнд явлаа, Буурлууддаа залж үйлийг хийлгээд, мөн их олон зүйл мэдэрлээ. одоо эдгээрээ бодож, цэгцлээд, сэхээрч, учрыг нь олоод, үгээ хэлэхдээ, үйлээ хийхдээ  хэрэглэх болов уу гэж бодож байна.

Хайрхан луу дөхөж байхад нялх үрээ санасан эх шиг, тулаанд яваад сураг нь алдарсан үрээ харах эцэг шиг л биднийг хүлээж байсан мэт, биднийг харуулдаж байсан мэт мэдрэмж төрж, очоогүй удсан нутагтаа очиж байгаа мэт дотроос нэг зүйл огшоод, сэтгэл хямраад байв.

олон жил очоогүй дотно нэгнийд очиход, сандраад л, аль сайн сайхан бүхнээ барих гээд л гүйлдэх мэт, Хайрхан маань бидэндээ хамаг сайхан бүхнээ харуулна гэж байгаа санагдаж байв. харин хариуд нь улаач үрс бид бас Буурлуудынхаа үйлийг өөрийн бодлоо гүйлгэхгүйгээр, Буурлуудаа тавлаг залж, тухтай сууж, аль байдгаараа хичээх ёстой санагдаж байв.

Галын тахилга, дараа өдөр нь Хайрханы тахилга болсон, бид ч Дээдсийнхээ нөмөрт, дэм болон үйлээ сайхан хийцгээв. Галын тахилганы үед өрх болгоны, отог болгоны галын эздийг тэр л гал дээр дуудаж байсан. тэндээсээ өрх болгон нь, отог болгон нь, хөх толбот хүн бүр нь Монголоо гэх сэтгэлийн галтай, Монголоо бид бадрааж чадна гэх итгэлийн галтай, мохошгүйгээр улсаа өмөөрөн босоо орших ухаантай байгаасай гэж ерөөж байсан.

тэндээс бас Хайрхадын эзэд, Лусын эзэд улаач балчируудыг Буурлуудынхаа үйлийг хийлгэхээр очих бүрт, үйлэнд дэм болох бүрт харамгүйгээр хариуг нь өгдөг, бэлэг өгдөг гэдгийг мэдэрсэн.
гэхдээ нэг л болзолтойгоор, тэр нь өгснийг нь зөв ашиглаасай, зөв сэдлээр үйлэндээ хэрэглээсэй гэж.
тэр тухайд 2 үг хэлэв. Ид, Илд

мунхаг улаач нь дээрх үгийг өөрийнхөөрөө бодоход: Хайрхан, Савдагийн, Лусын гээд л улаач биднийг мэдэрсэн ч бай, мэдрээгүй ч бай, үйлэнд дэм болоод хийхэд тэдний өгсөн хишгийг улаач нь зөв ашиглаад, өрөөлийн төлөө, үйлийн төлөө хэрэглээд явбал тэр нь Ид болж, улаач үр нь ид хаваа гайхуулж, Тэнгэртээ нүүртэй, газартаа нэртэй явах юм болов уу гэж, харин эсрэгээрээ буруу хэрэглээд, өөрөө л тийм мундаг болсон мэт, өөрийнхөө бярыг өрөөлд гайхуулаад байвал, өрөөлийг сориод байвал, өөрийн амин хувийн зүйлд л ашиглаад байвал, өөрийн мэдрээгүйгээ өгөөгүй байна гээд өрөөлд атаархаад байвал, Буурлуудын хажууд өчүүхэн улаач гэдгээ мэдэж даруулгатай байхгүй бол тэр өгсөн хишиг нь балчир улаач бидний хувьд Илд болох ажээ гэж сэхээрэв. өөрөөр хэлбэл өөр хэн ч биш, улаач бид л, өгснийг нь буруу сэдлээр ашигласнаасаа болоод, өөрсдөө өөрийгөө хорлодог юм болов уу, тэрийгээ харин андуураад, тэндээс намайг ингэв, тэр л намайг хорлов гээд бодоод байгаа ч юм шиг. мэдээж буруу сэдэлтэй нөхдүүд бидэнд атаархаад буруу үйл хийх тохиол байгаа, гэхдээ ихэнхидээ улаач бид өөрсдөөсөө болдог юм болов уу.
шид байгаад
сэтгэл дутваас
өр зүрх рүү гээ харвах
өөрийн зэв лугаа адил гэж хэлэв.

бас нэг зүйл анзаарсан нь, Дээдэс биднийг блогоо нээ, болсон зүйлсээ бич гээд байдаг нь зөвхөн бодлоо цэгцлэх, бусдад мэдээлэл өгөхөөс гадна бид өөрсдөө бичсэнээсээ мэдээлэл авдаг  аж, учир нь саяын явалтаар Буурлуудын хийх нэг үйлийг ойлгосон бөгөөд үүнийгээ аль эрт энд, блог дээрээ өөрийн гараар /гэхдээ өөрийн оюунаар эсэх нь эргэлзээтэй ккк/ биччихсэн байсан аж.

сайныг авчрахыг тулд мууг дарах хэрэгтэй болдог юм уу, зөөлнийг урихын тулд хатууг дардаг юм болов уу. өөрөөр хэлбэл бид хүссэн ч, эс хүссэн ч Тэнгэрийн тааллаар харыг дарах гэж хатууг үйлдэж байгаа биз ээ.

Monday, June 3, 2013

хүн шувуу

сайхан өдөр байна, гадаа нартай, шороо шуурах нь бага, сайхан байна.

улаач хүн өөрийгөө өөрийнхөө дуртай шувуутай зүйрлэвэл их дажгүй санагдаад байдаг болчихлоо, учир нь шувуу нисэхгүй бол шувуу гэсэн утгаа алдана /тахиа биш, жинхэнэ агаарт дүүлдэг шувууг хэлэв ккк/, тэгвэл шувууны нэг жигүүр нь Тэнгэрийн үйл нь, нөгөө жигүүр нь Замбын үйл нь, энэ 2-ыг бид салгаж ярина гэж үгүй, өөрөөр бас хэлбэл нэг зоосны 2 тал гэсэн үг.
бид за одоо хэсэг зуур Тэнгэрийн үйлээ хийж, улаачийн ажлаа хийж, Буурлуудаа залья гээд л, эсвэл за одоо замбын ажлаа хийнээ гээд л яриад байдаг, гэтэл энэ маань биш юм аа гэж боддог болоод байна.

түрүүн хэлсэнчлэн бид шувуу, дүүлэн халих, өндөрт нисэж өрөөлийг тольдох, өөдгүйг тонилгох, өөр нэгнийг сэхээрүүлэх тийм л шувуу аж. шувуу нэг жигүүргүй, өөрөөр хэлбэл зөвхөн Тэнгэрийн үйл гээд л яваад байвал яах билээ, энэ замбад хэн амьдарч байгаа билээ, биднийг өөрийн ухаантай, өөрийн бодолтой, зөвч зөнтэй, бурууд нүд хурц байг гээд, үүний тулд Буурлууд биднийг чиглүүлж, ойлгохгүй мань мэтийг нь тоншиж байгаа болохоос амьсгалах болгоноо, амандаа дөхүүлэх болгоноо бид Буурлуудаас асуугаад, тэдний хэлснээр яваад байвал бид хүмүүн биш, зүгээр нэг хүний гар харж амьдардаг, тэжээвэр муур л болох биз.
эсрэгээрээ улаач болох байтлаа, эсвэл улаач болсон хэрнээ зөвхөн замбын үйлээ л бодоод л, энэ л замбадаа эдтэй,мөнгөтэй, чадалтай байх гээд байвал, Буурлуудын Тэнгэрээс авсан томилгоо, үүргийг нь хийлгэхгүй, улаачийнхаа биеийг, сэтгэлийг, итгэл, хүндлэлийг харамлаад байвал бидний хувьд үнэ цэнэтэй гэх замбын амжилт, замбын амьдрал, тэр байтугай бидний амь Тэнгэрээс өгсөн томилгоо, үйлдэх ёстой үйлийн хажууд юу ч биш тул хуруугаа индчээд л орвонгоор нь эргүүлэх эрх нь тэдэнд, Тэнгэрт бий ажээ.

манайхан удмынхныг заавал ирж уулзах ёстой, ирэхгүй бол болохгүй гэж хэнийг ч албаддаггүй нь амар санагдаад байгаа, гэхдээ удмаа авч явах, ясаа авч явах отгон үрийн хувьд илүү хатуурхаж, ойлгож сэхээрэг гээд хугацаа хэлээд түүнийг харж байгаа, хэрвээ сэхээрэхгүй, ойлгохгүй, өөрийнх нь өвгөд өчүүхэн улаачид заларчихаад, үрсдээ ойлгуулах гээд байгааг ухаарахгүй, улаач нь худлаа жүжиглээд, амьтан хүн ташуурдаад байна гэж бодсон хэвээрээ бол нэг удмыг засахын тулд нэг амь гарцдахад яахав дээ гэж хэлсэн нь бий. үүнээс харахад өөрийн, өрөөлийн гэлтгүй, буруу явж байгааг нь засах үгээ хэлээд, үйлийг нь тэгшлэх гээд хичээхэд өөдөөс нь ус цацвал өөрийн гэж өмөөрөхгүй, өрөөлийн гэж хаацайлахгүйгээр оногдох, тохирох ачааг нь өгдөг, алд дээр нь мэдрүүлдэг нь шударга гэхээс өөр юу гэж хэлэхэв дээ.

бид, улаач бид, заавал улаач гэхгүй, Монгол хүн бүр, Тэнгэрээс авсан өөрийн томилгоотой юм болов уу даа. тэр нь улаач нарын хувьд Буурлуудтайгаа хамтран хийдгээрээ л ялгаатай биз.
Буурлуудынхаа алдрыг сэвтээхгүй, гавьяаг хороохгүй, Тэнгэрт нүүртэй, замбад цуутай, өөрийн удамдаа алив бүхнээрээ оройлогч нь, өрөөл бусдын дунд тэргүүлэгч нь байхыг нь биднээс Буурлууд хүсээд байдаг аж.

улаач боллоо гээд бид нэг ачааг буулгаад нөгөө ачааг үүрэх, өөрөөр хэлбэл замбын ажлаа хойш нь тавиад Тэнгэрийн үйл л гээд өөр ачаа үүрэх биш, харин үүрэх ачаа өмнөхөөсөө нэмэгдээд, үүрэг хариуцлага нь улам өндөрсөөд, үгээ хэнээс ч илүү цэнэх хэрэгтэй болоод байгаа биз, түүнээс биш, Би л өвгөд Буурлуудыг биедээ залж байна, Би л тэдний үйлийг хийлгэж байгаа, Би байхгүй бол тэд хэнд буух юм, Би л тэдний төлөө алдаа, цагаа зориулж байна, Би л ... гээд ялархаад байвал БИ гэдэг өчүүхэн амийг биш болгоод, байхгүй болгох нь даанч хялбар гэдгийг Буурлуудын буянаар бага багаар ухаарч байна.

замбын талаасаа харвал Буурлуудын үйлийг хийлгэхийн тулд улаач нь л биедээ залж суулгадаг болохоос, түшээ хийж байгаа бидний ээж, аав, ах дүүс, эхнэр нөхөр хамаг юмыг бэлдэж, тэдний ундаалга, идээ будаа, тахилд бадраах зул, Буурлуудад золгохоор хүмүүс ирвэл тэдэнд цай цүү бэлдээд, тэднийг бас тааваар нь байлгах гэж зүтгээд, маш их ажил хийдэг, тэгсэн хэрнээ Буурлууд заларсан байхад ганц үг буруу хэлэхэд зандчуулах, зэмлүүлэх нь хэнээс нь илүү их ажилтайг харуулж байгаа хэрэг биш үү, тиймээс л улаач хүмүүс Би, Би л гээд байхаа татах хэрэгтэй санагдав.
манайхны хувьд бол ээж маань Буурлуудын хамаг зүйлсийг нь бэлдээд, хөлсөө гартал гүйх хэрнээ буултанд ганц үг буруу хэлэхэд л зэмлүүлж, зандчуулах нь өрөвдөлтэй, шударга биш ч юм шиг. гэхдээ Буурлууд түшээ чиний гарт өөрийн чинь үр, бидний улаачийн өчүүхэн амь нь байдаг, буултанд үргэлж анхааралтай, төвлөрч, түшээ чиний хараанаас юу ч мултарч үлдэж болохгүй, бүгдийг ажиж байх хэрэгтэй гэж сургадаг нь мунхаг улаач надтайгаа л адил Буурлуудын сургаалийг сонсох, басхүү хариуцлага үүрэх ёстойг нь ойлгуулж байгаа тул шударга биш гэж улаач нь гомдоллоод ч яалтай. Буурлуудын түшээ, тэдний хамаг юмыг бэлддэг ч, ээж маань наддаа бол ганцхан, эргэж олдохгүй ижий маань юм шүү дээ.

ингэж бичлээ гээд Буурлуудын үйлийг таслаад, ээжээрээ юм хийлгэхгүй, өмөөрнө гэсэн үг биш, яг үүнийг бичиж байхад өөрөө өөрийгөө өрөвдөөд, мөн ч болоогүй байна даа, хөөрхий гэж санагдах юм, бодвол Буурлууд маань мунхаг улаачаа хараад өрөвдөх хэцүү, шоолох хэцүү толгой сэгсэрч байгаа байх даа.

Monday, May 20, 2013

хархорины үйлийн тэмдэглэл

Өвөрхангай аймгийн, Хархорин суманд эр, эм, үрийн заяаг тэгшлэх тахилга болно гэж сонссон авч замбын ажил маань амжихгүй юм чинь гээд тоосонгүй алхсаар...
үйлд мордохоос 4 хоногийн өмнө өргөөний улаачдын нэгдсэн хурал болов, түүнд суув, тэгээд тэнд хийгдэх үйлийн тухай дэлгэрэнгүй сонсож байтал явах ёстой мэт, явахгүй бол болохгүй мэт санагдаад л суулаа.

тэссэнгүй ээ улаач нь ккк, улаачийн ам түргэдээд энэ үйлд явж амжихгүй юм шиг байна, яах билээ гээд асуучихав. тэгтэл бидний дууны багш гэж дууддаг зайран юу яриад байгаа юм, ингэж хэлж, ингэж хийх байсан юм бол яах гэж хуягласан юм, наад хуяг хувцасаа тайл, бөө гэхээ боль гэж надад хэлэв.
явах ёстой санагдаад байсан, тэгээд тийм үг сонсохоор нээрээ юу билээ гэж бодов, улаач гэхээр зөвхөн удмынхаа үйлийг хийгээд, хүний засал хийгээд явах биш юм байна, улсынхаа, нийт олныхоо сайн сайхны төлөө хийгээр хийгдэх үйлэнд дэм болохгүй юм бол, улаач нэр зүүгээд ч яахав, өөрийн алдаар зүтгэх боломж юм байна гэж бодоод маргаашнаас нь ажлаа зохицуулахаар шийдвээ.
тэгтэл ар гэр, замбын ажил гээд бүгд дорхноо зохицуулагдаж, өнөө улаач явахад бэлдээд эхлэв.

хархорин суманд ирлээ, Орхоны хөндий гэж морьтой нь бууж хараачилмаар, явган нь сууж бахархмаар сайхан хөндий байна.

тэнд очоод үйл хийх өдрийн үүрээр мөндөр ороод, цас нэвсийтэл дараад, дараа нь нар гараад, тэгснээ орой нь бороо хаялахыг харав, хаврын тэнгэр биш байлтай, зуны тэргүүн сар гарчихаад байхад гээд гайхав.

хайрханы тахилга, лусын тахилга, хас эргэх бөөлөө гээд 3 хэсгээс бүрдэж байсан, бөөлөхдөө зайран бүр эр заяаг тэгшлэхийн төлөө, эр заяаны төлөө бөөлөх бөгөөд бөөлөө тус бүрт буусан Онгодууд их онцлогтой санагдав.

яаж эхлэх, яахаа мэдэхгүй төөрч явсан тул Хар Соно зайрангаас яах талаар асуухад толгой Онгодоо залаад, тэгээд цаашаагаа Онгодууд аваад явчихна, хайрханы тахилгын үед савдаг, эсвэл түүний уналга орж ирж магад гэв.
хайрханы тахилга эхлээд толгой Онгод маань залраад тун удалгүй өмнө нь заларч байгаагүй, нэг их том биетэй, яалтчгүй нэг амьтан биед залраад, хоолой бачуураад, муураад унахнуу л гэлтэй болохыг мэдрэв, тэгээд биеэ чангалаад, гайхаад байтал биеийг маань маш хүчтэй эзлээд 4 хөллөөд, архираад эхлэв, тэгж байснаа бүр улив аа, тэгэхээр нь л Хар Соно зайрангийн хэлсэн Савдагийн уналга нь юм байна гэж бодоод биеэ барихаа болиод суутал удалгүй Савдаг бололтой, өмнө улаачдаа заларч байгаагүй Онгод залраад үйлээ хийж эхлэв, Монгол нутгийнхаа нэг захаас нөгөө зах хүртэлх бүх эрсийн заяаг өргөөндөө тэргүүн нь байж, эзэн нь байж, үрдээ нөмөртэй, үрдээ багш мэт, ханьдаа түшигтэй, энэрэлтэй, зөвлөгч нь байж, өөрийн бүхнээ өмгөөлөх зоригтой, зүрхтэй, иртэй байж... гэх мэтээр мунхаг улаач нь тогтоож чадаагүй тэр л ерөөлийн үгсээр ерөөж үйлээ хийв, үйл хийхдээ энэ замбын эрсийн эр заяагаас гадна, Онгодууд, Буурлуудын эр заяаг хүртэл ерөөв. үйлээ хийж дуусаад хэр болсныг нэг шалгав, тэгснээ дахиж тойроод түшээг маань эрийг магтан дуулсан ая барь гэж байгаад данагар данагар алхаатай... гэсэн бадаг дуулуулаад 2 дахиа шалгасны дараа сэтгэл нь ханасан байртай мишээж байгаад мордлоо.

за тэгээд хэсэг завсарлаад дараа нь лусын тахилга эхлэв, мөн л асуудгаараа асуухад лус Эцгээ залаарай гэсний дагуу үйлээ эхлэв.
Лус Эцгээ залах гээд эхлэж байтал улаачдаа өмнө нь залардаг байсан Лус Эцэг маань биш байсан бөгөөд /ааш нь, авир нь өөр/ ундаалсан болоод үйлээ хийж эхлэв. энэ удаад эр заяаны төлөө, эр заяаг эх байгалиас гаралтайгаар нь, алдынх нь судсаар нь урсаж байгаа цусны дусал бүрийг байгаль эхийн усны судал бүртэй ижил гэж бодох ёстой, рашаан хүртэж байгаа бүхэн алаг дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй байх ёстой гэх мэтээр мөн л улаач нь тогтоож чадаагүй үгсийг хэлж үйлээ хийв. дуусах дөхөөд дахиад л хийсэн үйлээ хоёронтоо шалгаад мордлоо.

за ингээд бидний завсарлага, рекламны пауз хэхэ.
бидний үйл маань нар хэдийнээ гудайх үед завсарласан тул хөтөлбөрт байсан эрийн 3 наадам маань их шуурхай болж өнгөрлөө.

нар шингэв. хасын бөөлөө эхлэв.
сонгогдсон 9 зайран маань босоо зассан түүдэг дундуур гарсны дараа бид бөөлөөгөө эхлүүлж, хэнгэрэгээ нүдэж эхлэв. энэ удаа харин өчүүхэн улаачдаа залардаг, өндөр Дээд маань залраад өөрөө сууж, үйлээ хийв. үйлээ хийхдээ эр заяаг үг, үйл нь зөрдөггүй байг гэх мэтээр ерөөсөөр хийлээ.
3 удаагийн бөөлөөнд Онгодууд улаачдаа хэлэх зүйлээ, мэдрүүлэх зүйлээ мэдрүүлж л байлаа, тэр дундаа хэрвээ энэ үйлд яваагүй бол мунхаг улаачийгаа шоглох байсныгаа мэдүүлэв.

үйлийн дараа Хар Соно зайрангийн Дээдэс заларсан байхыг хараад хүндэтгэл үзүүлэхээр шимийн архи Буурлуудынхаа тагшинд хийгээд барихад таатай авч, тааламжтай хүртэв.
түүний дараа Соно зайрангийн Дээдэс тэнд сонсож байсан улаач бидэнд хийсэн үйлийг тань магтаж болох ч энэ удаа аашлаж, хэлэх үгээ хэлсэн нь дээр гээд маш үнэтэй сургаалиудаа айлдав.

мунхаг улаачийн хувьд харсан нь, сонссон нь, мэдэрсэн нь их хэдий ч үүнээс илүүг бичих гэхээр өөрөө ч залхаад байх шиг, эсвэл үүнээс илүүг бичих хэрэггүй ч юм шиг тул ингээд өндөрлөе дээ

Tuesday, May 7, 2013

БИДНИЙ ХООЛЛОЛТ

өнөөдөр яагаадыг мэдэхгүй, яаж яваад өргөөнд нэгдсэн, яаж яваад Дээдсийн блогийн уншсан, яаж яваад өөрөө улаач болсноо хальт бодсон чинь нэг нийтлэл хэргийн эзэн болохыг мөрдөж, мөшгиж дахин тогтоов хэхэ.
тэр нь: http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_07.html, БӨӨГИЙН ХООЛЛОЛТ буюу Ертөнцийн Эрчим ХООЛ
нэр нь хүртэл БӨӨГИЙН ХООЛЛОЛТ гэж байгааг сая л анзаарлаа, бид чинь бүгд удамтай, улаач болсон эсэхээс эс хамаараад, тэгээд улаачид нь зөв, сайн, хичээгээд явж чадвал БӨӨ болох хүмүүс, тэгэхээр бидний хооллолтын тухай бичсэнийг бас л сая анзаарлаа, мунхагийн ухаан үдээс хойш гэдэг л болж байна даа.

Дээдсийн блогийг ирээдүйд хүмүүс үнэн үү, тухайн үед үнэхээр л ийм байсан юм байх даа гээд л яг одоо бид Монголын Нууц Товчоог судладаг шиг судлана гэж өөрөө бичиж байсан, гэтэл заавал ирээдүй гэхгүй, бид одоо уншаад, судлаад, бодох аваас цаг хожих нь.

миний хувьд блогийг сонирхоод л, аль болох хурдан бүгдийг нь хамж уншихыг боддог байж, энэ нь алдаа юм шиг байна гэж бодох боллоо, тухтай бодож, блогтоо өгсөн шипиг нь ашиглавал цаашаа зөвхөн мэдээллийн чанартай л гэхэд их задардаг юм шиг.

анх уншиж байсан дээрх нийтлэлээс Монгол эрдэмтэн ХҮСЭХҮЙ гээд байгааг сонирхоод л хайхад дараах зүйлс гарч байна.


тэгээд энэ сайтыг цааш нь унштал дандаа судалгааны өгүүллэгүүд буюу бидэнд бэлэн будаанууд байгаа тул холбоосыг нь оруулья хэхэ:
http://www.mongolmed.mn/mmed/?keyword=%D0%A8.%D0%91%D0%BE%D0%BB%D0%B4[Author]


Monday, May 6, 2013

үг амьтай

үг амьтай, үг бол үнэхээр амьтай гээд байдаг, түүнийгээ үнэхээр бид мэдэрдэг гэж үү?

хувьдаа мэдэрдэггүй байснаа саяхнаас анзаарч, сэхээрч эхлэж байх шиг, Буурлууд засал хийхдээ ашигладаг үнс, эсвэл элс гэх мэт зүйлсийг хэрэглэх тухай заахдаа ихээр биш, итгэлээр засдаг гэж дагуулж хэлдэг, түүн шиг хүнд юм хэлэхдээ олон үг хэлэхээр л мундаг, тэгэх тусам учрыг нь бүрэн тайлбарлаж байна гэж бодох нь эндүүрэл болох нээ. 
хуучин ажилд маань нэг ах байж билээ, их дуу цөөтэй, гэхдээ дуугараад, ярих болохоороо, ялангуяа юм тайлбарлах болохоороо маш их ярьдаг, юм асуугаад хариулж байх хооронд нь юу асууснаа мартчихдаг байж билээ хэхэ. тэр үед асуусан зүйлээ мартдаг миний мулгуугийнх байж,  бичиж байгаа зүйлд минь тохирсон жишээ эсэхийг мэдэхгүй ч, жишээлээд энд биччихлээ.

үг амьтайг сүүлийн жилүүдэд утгаар нь үзүүлсэн хүнийг би хувьдаа Р.Чойном агсныг гэж бодох болов, багаасаа түүнийг Сүмтэй будрын чулууг унших дуртай, өөр яруу найраг, шүлэг зэргийг уншдаг ч, шүлэгч, яруу найрагч гэхээр л Р.Чойном агсан хамгийн түрүүнд санаанд ордог байж, улаач бид Буурлуудтайгаа бодлоороо харьцаж сурах гээд хичээгээд байдаг, одоо бодохнээ Р.Чойном агсан амьд Буурал байсан юм болов уу гэж бодох болов. 

амьгүй үгийг бид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр гаргачихдаг юм болов уу, амьтай үг харин чихээр дамжин зүрхэнд, сэтгэлд хүрдэг байх, ялгаа нь энэ л байх, түүнээс биш амьтай амьгүй ялгаагүй л амнаас гарах авиа байлтай хэхэ.