Monday, November 5, 2012

дорой бус даруу байх сан

өнөө бид өвгөд, өндөр дээдүүдийг улаалж байгаа гээд өөртөө тэдний оюун ухаан, авхаалж самбаа, эр зориг, энэрэх сэтгэл, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат гэх мэт сайхан, хүнд хэрэгтэй зан чанаруудаас хэр ихийг өөрсдөдөө нааж, өөрийн болгож байгаа бол доо?

зөвхөн улаалж байгаа улаач ч биш, ер нь бид бүгд, өвгөдийн цөлх ухаан, буурь суурь, гүн бодож, тулхтай сэтгэдэг зан чанар, шийдсэнээ эрч хүчтэй, дайчин гүйцэлдүүлж, учрах саадыг үл тоон эр зоригтой, уул мэт бэрхшээлийг дов мэт бодох сэтгэлийн хаттай байж, учрах дайснаасаа хүртэл сайн чанарыг нь харж, хүндэлж, заримдаа бүр хайрлаж чаддаг байсан чанарууд дутагдаад байгаа ч юм шиг.

бидний өнөө нийгэмд амьдарч буй дийлэнх маань эсрэгээрээ өөрийнх нь хүсч байгаагаас, хүүрнэн байгаагаас өөрөөр бодож, сэтгэж, хэлж, хийж, өөрийг нь өчүүхэн төдий буруутгах, гомдоох бүрт уужим сэтгэл гаргаж чадалгүй, боломж олдох бүрт хариуг нь барих гэсэн, эсвэл бусдаас илүү гарах гэсэн, эр эмгүй хэлээрээ хоол олж идэх гэсэн мэт нэгнээ муулж, сайлан ярьж сэтгэл цадах мэт араншин гаргаад ч байгаа юм шиг.

"анхны ялалтын нууц өөрийгөө ялахад оршино" гэж өнгөрсөн зууны алдартай тулаанч Брюс Ли хэлснийг энд иш татмаар санагдлаа, өөрийгөө ялсандаа биш, зүгээр л нэг толгойноос 2 толгой илүү байх болов уу гэж орууллаа. бас яг хэлснийг нь сайн мэдэхгүй байна аа, хажууд нь байж сонсоогүй болохоор, тэгж хэлсэн гэж надад хэлсэн, тэгээд би энд хэлж байна хэхэ.

энэ бүхнийг бичих учир нь өвгөд буурлуудаа залаад, үйлээ хийгээд явж байгаа зарим улаач нар маань өвгөдийн алдраар түрий барьж, өвгөдийн бахдам ухаан, бишрэм шидийг, өвгөдийн мөнхөлсөн гавьяа, өнөө хийж буй үйлийг өөрсдийнх мэт бодож, өөрөөсөө өөр гавьяатан үгүй мэт аашлахад нь эгдүүцсэндээ яншиж байгааг ойлгоно биз ээ.

зун сонсож байсан : "түүх давтагддаг, түүхт хүмүүн давтагддаггүй" гэж нэгэн өндөр дээдийн айлдсаныг зориуд биччихий. үүнийг айлдахад харин яг хажууд нь сонсож байсан тул бардмаар, баримттайгаар, гэрчийн хувиар орууллаа.

Монгол хэлэнд маань байдаг, бидний хар нялхаасаа цэцэрлэг, сургуулиасаа сонсож, цээжлэдэг зүйр цэцэн үгсүүд маань үнэхээр л зүйрлэн харьцуулж, зөрүү бурууг нь ойлгуулж, цаг гарган тухлан бодож, цаад утгыг нь ухсан нэгэнд мунхаг оюуныг тэлэх цэцэн, мулгуу нэгнийг засах бэлэн будаа, үгсүүд юм даа ч гэж бодох шиг.

дэмий ч гэмээр бодлууд их эргэлдэх юм даа, эргэлдэж байгаагаас нь хэсгийг энд буулгалаа. нэг л их мундаг хүн шиг бичихээр өөрөөсөө ичих шиг, тэглээ гээд нэгэнтээ нээсэн блогт хааяадаа салхи оруулж байхгүй бол болохгүй биз дээ хэхэ.


1 comment:

  1. "нэг л их мундаг хүн шиг бичихээр өөрөөсөө ичих шиг" би ч бас ингээд байдаг юм хэхэ

    ReplyDelete