Tuesday, December 3, 2013

зөв, зөрүү, жолоо /шипи/

Зөвтэй буруутайгаа ялгаж сурахаас л
Өөрийн жолоог атгах эхлэнэ дээ
Өрөөлийг араас нь дагуулах хөврөнө дөө

Зөв, зөрүү?
Хүссэн ч эс хүссэн ч
Ундаалах рашаанаас эхлэлтэй
Уушиглах агаараасаа угшилтай
Хүртэх идээний өгөөжтэй
Довтлох талын энтэй
Бартаа болгоныг сануулдаг нуруудтай
Бартааны цаана байх шагнал бүрдтэй
Тэмүүлж хүсэх тэнгэртэй
Тэрийж хэвтэх газартай
Уйлж хоргодох дулаан энгэртэй
Унтаж нөмөрлөх энгэр юутай
Таниад хүртвэл идээ юутай
Тарвалзаад эрхлэх зүлэг юутай
Булхаад ариусах нуур юутай
Булингартуулж боломгүй булаг юутай
Хийморь дэгдээх хуй юутай
Хясал юуг сануулах жавар юутай
Асгарах орох бороо нь хөөр баярыг сануулж
Аагим зуны халуун нь хүний сэтгэлийн илчийг өгүүлэх
Аадар борооны ширүүн нь усан нулимсыг бодуулах
Аглаг ой хөвч нь агаар юуг тэтгэх
Элсэн шаргал говь нь сэтгэлийн хатыг илчлэх
Ээрэм хөх тал нь алсын харааг илтгэх
Мэлмий юуг хуурах зэрэглээ нь
Тэмүүлэх хүслийг илтгэх
Мэлтэлзэн тунарах нуур нь
Сэтгэлийн ариуныг харуулах
Эгц босоо хад нь
Эр зоригийг илтгэх
Шовх мөнх цасан оргил нь
Шударга занг харуулах
Өндрөөс унах хүрхрээ нь
Буруутвал хэрхэхийг үзүүлэх
Бэлд нь тогтох ус нь
Уучилж болохыг харуулах
Эх үндэс нь энэ билээ
Угшил юу нь энэ билээ
Үе үедээ
Амь амиараа
Тэмцэн байж
Төлөн байж
Манан байж
Бахдан байж
Маргаашдаа л гэж захин байж
Эхийн хэвлий дэх ураг мэт
Мэлмий харааны цөцгий мэт
Мэндэлсэн нярайн зулай мэт
Хаацайлан байж
Хамгаалан байж
Байлгах ёстой, байлгаж байгаа, байлгаад үргэлжлүүлэх хэрэгтэй
Энэ л өлгийг
Эрхэмлэн дээдлэн
Өлгий юундаа дасан зохицож
Өөрийн бодол чинь хүртэл
Үүнээс эхтэйг санан явж
Өлгий хангайнхаа сайхан болгонтой жишин байж
Зөв үү, эсвэл зөрүү юу гэдгээ ялгаад сурчих хэрэгтэй эхлээд
Сэдсэн үйл чинь
Итгэсэн бодол чинь
Төлөвлөсөн санаа чинь
Төсөөлсөн ирээдүй чинь
Энэ л өлгийгөөсөө хумсалснаа хувингаар нь эргүүлж өгч чадаж байвал
Энэ л өлгийгөө тэтгэж дэмнэж байвал
Энэ л өлгийдөө өнөөг хүртэл хүртсэнээ эгүүлэн өгч чадаж байвал
Үүнийг чинь зөв гэж өргөмжлөе
Үрс та нарыг сүрхий гэж бахдая
Харин
Өөрөөр бол
Эндүүхэн бол
Буруу гээд саначихвал шулуун биз
Зөв гээчээ, буруу гээчээ
Дэнслэх дэнсний учгийг хэлэх төдий юм
Бяцхан цааш нь тунгаагаад
Өөрийгөө ч тэр
Өрөөлийг ч тэр шүүхдээ
Гартаа атгах дэнсээ
Ултайхан шиг
Суурьтайхан шиг
Ухаантайхан шиг
Бодолтойхон шиг
Оюундаа хадчихвал зүгээр сэн

Жолоо?
Хүлэг мориндоо мордоод
Хийморь юугаа сэргээгээд
Хөх талдаа давхиж байгаа
Хөх толботой үр бол
Өөрийн жолоог атгаад байгаа
Өрөөлийн харааг булаагаад байгаа
Үйл юундаа зориод байгаа
Өөрийн бодолдоо үнэнч байгаа нэгэн аж
Харин
Зөрүү буруу бодолтой
Зөрүүд этгээд зантай
Залхуу залхаг ааштай
Зан нь хувирамтгай аягтай
Бурууг мэдсээр үйлдэх хэвшилтэй
Бусдыг өөрөөсөө өмнө шүүдэг зуршилтай
Зорьсон зорилго үгүй доороо эргэцдэг
Зовлон юуг тоолгүй хажуугаар нь өнгөрдөг
Жаргал юундаа баясаж хамраараа сагадаг
Заяа юугаа бодолгүй өнөөдрөөрөө алхдаг
Ийм л нэг мунхагийг эзэн би морьтой зүйрлэх
Үүнийг эзэн болж жолоог нь атгаж
Эргүүлэн амгайвчилж
Хурд юуг нь нэмж
Хувь юуг нь дүүргэж
Зам юуг чиглүүлж
Заяа юуг тодруулахыг нь
Хийсээд байдаг хэдэн өвгөд л
Дэмнэхийг хүсэж
Дэмжихийг хичээж
Хэсэгтээ атгах биз ээ
Өөрийн жолоогоо өөрөө атгадаг болчихоод
Өвгөд бидэнтэйгээ ном хаялцдаг болчихоод
Үгээрээ биднийг мохоодгүймаа гэхэд цочоодог болчихоод
Өөрийн жолоог бүрэн атгалаа гэж санахаараа
Тэр үед чинь бид
Жолоо юуг чинь өөрт чинь өгье
Золбоо юугаа мэдэж явахаа өөрөө мэд
Тунгаах л хэрэгтэй дээ

No comments:

Post a Comment