Tuesday, December 3, 2013

хөгжих гэж? шипидсээр л

Хөгжин дэвжих үү
Хөгжин баясах уу гэдгээ
Яг яагаад байгаагаа
Ялгаад сурчих хэрэгтэй

Үрс та нар өнөө замбадаа
Энэхэн орчиндоо
Олсноо арынхаа сүвээр гаргаж
Мэдсэнээ дамлах гэж дарж
Хэлсэн худлаа үнэн болгох гэж улиглаж
Хийгээгүй үйлээ хийсэн болгох гэж халаглаж
Барьж дийлэмгүй итгэлийг хүчээр атгандаа байлгах гэж
Барж идэхгүй ачааг хүнийх байсан ч өөрийн болгох гэж
Нуусан өөрийн алдааг мартуулах гэж
Бүдэрсэн нэгнийг алдааг харин тодруулах гэж
Бүтээсэн нь ганц ч үгүй хэрнээ
Билүүдсэн үгс нь бум түмээр нь байх
Үгээр идэш хийдэг бол пологтохоор болж
Худлаар ходоод дүүрдэг бол хагарахаар болж
Хоосон магтаалаар дэвждэг бол Тэнгэрт тулахаар болж
Хоноцын үг үнэн байдаг бол улс чинь дэвжихээр болж
Өөрийн тархиа ухаж
Өөрийн зүрхээ зориулж
Өөрийн сэтгэлээ чилээж
Өөрийн гэж өмгөөлж байж
Хөгжиж дэвжинэ үү гэхээс
Хоноцын хоолны шавхруун дээр найрлаж
Хумиад хаясан цаасыг нь горьдож
Худлаар билүүдсэн үгсийг нь дээдлэж
Хуурамч багны цаадхыг нь танихгүйхэн явбал
Хөгжин дэвжих биш харин
Хөөрцөглөн баясан
Хөлөөрөө толгой хийсэн
Толгойгоо өгзөгөндөө дарсан
Тоосонд булагдсан хэдэн
Хөөрцөглөн баяссан
Хөхрөн шаагилдсан
Хахаж байсан ч амандаа чихсэн
Ханиад нь инээд болсон
Ийм л нэг хөгжилтэй
Ийм л нэг орчилтой л байна даа

Харин
Хөгжин дэвжих бол
Хөл нь гишгэхээ мэддэг
Тэргүүн нь залахаа боддог
Гар нь бүтээхээ хичээдэг
Гавал нь оюунаа шахдаг
Үгээр зөвхөн үнэнийг өгүүлдэг
Үйлээр түүнийгээ батлаж харуулдаг
Өрөөлийн өөдөөс зоригоо чангалдаг
Өөдөсхөн цаасанд хуурталгүй тэсдэг
Өлссөн нэгэнд үйл олгодог
Уйлсан нэгэнд дээвэр өгдөг
Өнчирсөн үрсэд халамж тавьдаг
Өвгөрсөн хөгшдийн сургаалийг сонсдог
Хальтрах нэгэнд нь тулах таяг болдог
Хатуурхаж бусдыг яллалгүй
Зөвшрүүлэхийн төлөө зорьдог
Зөөлөн нь хатуугаа дийлдэг
Дэвжээд байгааг нь түмний сэтгэл мэдүүлдэг
Дээшлээд байгааг нь үрсийн нүд илтгэдэг
Ахиад байгааг нь ардын баясал хэлдэг
Амжуулаад байгааг нь мэдэлтнүүдэд өгөх хүндлэл илэрхийлдэг
Харь элгийн нэгнээр биш
Харам нутгаа өмгөөлдөг нэгнээр
Өндөр төрийнхөө торгон жолоог атгуулдаг
Өөд нь өргөж хичээж явахаа мэддэг
Төрийн хүний ганцхан үг нь
Түмний мянган үрсэд нөлөөлдгийг ухдаг
Түүний хийсэн бяцхан зөв нь
Олны сэтгэлд итгэл бадраадгийг аждаг
Бурууг өгүүлсэн ганцхан үг нь
Бусдын амьдралд зовлон авчирдагийг мэддэг
Булзааруулж дийлэхгүй нэгхэн үйл нь
Бусдаас өмөөрөх шалтаг нь болдоггүй
Элэг нь бүтэн
Энгэр нь дулаан
Эцэг нь тулхтай
Эх нь энэрэлтэй
Үрс нь баясалтай
Үйлс нь золбоотой
Нутаг нь харийн тоосонд даруулаагүй
Нуур нь буруутны шингэнд хордоогүй
Уул нь сүрлэг хэвээрээ
Ундрага нь ширгэшгүй хэвээрээ
Иймэрхүү л байвал
Хөгжин дэвжих гэх байх даа


буурлуудын өгсөн шипиг л дамжуулж байна, өөрийнхөө жолоог атгаагүй мань мэт нь юугаа мэдэж олон юм бичих вэ дээ, ингээд алдаар ч тэр, блогоор ч тэр улаалаад суухаас.

1 comment:

  1. Хайхамшигтай, бууралдаа гялайлаа.

    Аргагүй л ул мөр нь гийгсэн ухаант ДээдЭС буурал мөн байна
    Аргагүй л ур ухаан нь сийрэг удмын үр-улаач нь мөн байна
    Аргагүй л цөхрөлтгүй өмөөрөх моногоуул сэтгэлийн охь нь мөн байна
    Аргагүй л цөвүүн цагийн бугшмалыг арилгах билиг арга нь мөн байна

    ReplyDelete