Tuesday, August 20, 2013

Олсон холбоо

Аялал үргэлжилсээр ...
Өнөө биднийг хүмүүс ойлгохгүй, зүгээр л нэг зугаалга, цаг, зардал мөнгөө заран байж, ар гэр, амьдрал ахуйгаа орхин байж яваад байгааг ойлгохгүй, амин хувийнхаа төлөө, амиа бодон явлаа гэж байгаа ч, нэгэн цагт /тэр цаг нь удахгүй байгаасай гэж хүснэм/ ойлгож, нэгэн цагт дэмий л нэгнийгээ үгээр утлаа даа гэж бодох биз ээ.

Баруун зүгийн аялал сайхан боллоо, алив бүхэн учиртай, учир нь харин хэзээ тайлагдах вэ гэдэг л гол нь болохоос, учиртай тул учиртай л явдалууд, тохиолууд болж өнгөрсөн биз ээ.

Энэ аялалд явснаар улаач нь өөрийнхөө нэлээд хэдэн алдааг ойлгов, өөрийгөө илүү ойроос харж чадав, өөрийнхөө эзэн эрхтэй байж, хийх ёстой үйлийг хальтхан ч болов анзаарав, цаашид хөгжүүлэх ёстой, хамгийн гол нь хэрэгжүүлэх ёстой аж.

Бөө хүний амьдрал хөгжилтэй байх ёстой гэж хамт явсан Соно зайран хэлэв, залуу хүн гэхэд сүрхий залуугийн амнаас гарсан сүрхий үг ажээ. Хүссэн ч, эс хүссэн ч улаач хүн байнга бодлоороо үйл хийнэ, бодол дотроо, бодлууд дотроо, тархин дотроо амьдарна, тэгэхдээ бодол дотроо л амьдарч байгаа нь энэ гээд л хүн харахад дүнсийсэн, байнга бодлогоширсон, бодолдоо түүртсэн /товчхондоо над шиг гэсэн үг/ байхыг хэлэх биш аж. Харин ч алив зүйлийн учрыг олж, хужрыг нь тунгаасан л бол тэр бодлоо хэрэгтэй үедээ онгойлгож болох бодлынхоо тасалгаанд хийчихээд, хөгжилтэй, хөөртэй, бусадтай нийцтэй, хамгийн гол нь өөрийн амьдралд хамгийн чухал гэсэн хүмүүсдээ өөрийгөө ойлгуулж, тэднийгээ халамжилж сурах нь чухал юм шиг.

Улаач хүний хувьд, ялангуяа дэмч болж, олныг оройлох, олонд ухаарлыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, ингэж ухаарч болдог юм байна, ухаарснаараа ингэж амьдарч болдог юм байна, Тэнгэр үзэлтэй байж, орчлон хорвоо, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах боломжтой юм байна гэдгийг ойлгуулах хүмүүсийн хувьд Улаач хүний амьдрал бусдын зорилго болохуйц, энгийнээр хэлбэл бусдын атаархлыг төрүүлэхүйц байх хэрэгтэй аж. Улаачийнхаа сэхээрэл, ухаан, тэвчээр, зан араншин, мөн замбын амьдралын хувьд ч тэр.

Онгодууд, Буурлуудынхаа буянаар улаач нь уул, хайрханы эзэд болж болдог, гэтэл яг тэр хайрханыг нь ухаж төнхөөд, мод бутыг нь хугалаад ирэхэд энэ замбын махан биеэрээ, оюун бодлоороо хэдэн улаач тэнд өөрийн биеэр очиж, Онгодын биш, өөрийн дуу хоолойгоо хүргэж, тэмцэж чадах бол? Үүнийг хийж чадаж байвал, ингэж зориглож тэмцэж чадаж байвал улаач нь өөрийгөө сэхээрч байна гэж ойлговол зохистой ч юм шиг, гэгээрлийн зүг, зөв замаар алхаж байна гэж сэтгэж болох ч юм шиг.

Алтай нутгийн амьд буурал Галсан гуайгаас сонссон олсон холбоо гэдэг үг одоо ч санаанд тодхон байх аж. Улаач хүн уулчин мэт л байх хэрэгтэй аж, уулчид ууланд авирахдаа нэг нэгнийгээ олсоор холбож, олсон холбоо үүсгэж, хөл алдаж хальтарсан нэгнээ тэр л олсоороо торгоож, авардаг аж. Тэгвэл улаач бид бусдыгаа олсон холбоогоор холбож, хөл алдаж, хазгай гишгэж алдах нэгнээ олны дэмээр босгож, чиглэсэн тэр л оргилынхоо төлөө зүтгэхээс өөр аргагүйгээрээ төстэй мэт. Гэхдээ уулчид ямар ч үнээр хамаагүй унаж яваа нэгнээ аврах хэрэгтэй бол, улаачийн хувьд чиглэж байгаа оргил нь, тэр оргил руу мацах үйл нь, оргилд хүрэх үйл нь хамгийн чухал тул, хальтраад байгаа нэгнийг дэмнээд байхад, босгоод хамт явахыг хүсээд байхад цаад хүн нь хүсэхгүй, босохгүй, үлдмээр байгаад, буцмаар байвал орхихоос өөр аргагүй болж, олсон холбооноосоо салгахаас өөр аргагүй болдгоороо ялгаатай юм гэж мунхаглан бодов.

Уулчин бол үзэгчгүй спорт гэдэг, тэгвэл улаач хүнд заримдаа хийгээд байгааг нь бусад хүн байтугай, өөрөө ч ойлгохгүй мэт болох үе гардгаараа, сэтгэл дотрыг нь ойлгох хүн байхгүй мэт санагдах үед, сэтгэлдээ ганцаардах мөчүүд гардгаараа мөн л үзэгчгүй мэргэжил юм шиг. Үнэндээ хэлэх үгийг нь сонсоод, түүгээр нь бахдаад, түүнийг нь дахин дахин тунгаагаад явдаг, үйлийг нь магтан сайшаадаг, зоригийг нь бишрэх, чадварыг нь гайхшрах олон байвч, сэтгэлийг нь, сэтгэл зүрхэндээ мэдэрч байгааг нь ойлгодог нь байхгүйтэй адил тул үзэгчгүй спорттой харьцуулав.

Баруун нутгаар явахад уулс нь өндөрсөөд, сэтгэл дагаж огшоод, уулс үүлэн нийлэн харагддаг тэр л сайхан байгалийг бахдан харж, өмнө нь алдрыг нь сонсож, уншиж байхдаа үл тоож байсан хайрхдын барааг алсаас харахдаа сүрдээд, омголон зан минь цаанаасаа ундраад, бахтай сайхан сэтгэл төрж баясаад, энэ л сайхан хайрхдын эздийн төлөө, энэ л сайхан байгалийнхаа төлөө, энэ л сайхан нутгийнхаа төлөө хийгээрээ, Буурлуудынхаа, Онгодуудынхаа үйлийг улаалан хийж явах боломжтой байгаадаа баяртай байв.

1000 сонсохоор нэг үз гэдэг, одоо Зулай цагаан Алтай дууг дуулсан ч нүдэндээ харж, сэтгэлдээ мэдэрч дуулаад, Очирваань хайрхан гэхээр барааг нь харах гэж өгсөж байсан шавартай замыг санан байж, бараа нь харагдах оргилд амьсгалсан агаарыг нь мэдэрч сонсоод, Алтай таван Богд гэхээр тэр л алсаас харагдаж байсан шовх, сүрлэг оргилууд харагдаад, уулс гэдэг зүгээр л нэг хад чулуу биш гэдгийг, нуур гэдэг зүгээр нэг тогтсон ус биш юм гэдгийг илүүтэй мэдрээд, энэ л нутгаараа бахархах сэтгэл төрөх юм.

Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн
Тээж явдаг шүү сэтгэлдээ

No comments:

Post a Comment