Monday, December 24, 2012

хөөцөлдөөн

алтан нар манддагаараа л мандлаа гэж гомдох, харанхуй болно гээд байсан болсонгүй гээд, болсон бол баярлах байсан ганц нэг хүн байгаа сурагтай хэхэ

үнэндээ бараг бүгд л 21-нд юу болох бол, яах бол гэсэн нэгэндээ нэрэлхээд хэлээгүй хэрнээ дотроо хадгалсан түгшүүртэй байсан нь тухайн өдрийн автомашины хөдөлгөөн бага байсан, хүмүүс хотоос гарсан, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулаагүй, эсвэл өөрсдөө яваагүй гээд бүгдээс харагдаж байна, яахав хашраас болж алдсангүй.

биднийг үйл хийх гээд 13 явахад манай гэрийнхэн ч бас нэг дор цуглаж, нагац нар маань идэх уух зүйлээ бэлдэж, 2 өдрийг хөгшин настай ээжтэйгээ, ах дүү нар цугтаа, хүүхдүүд цугтаа идэж, тоглож өнгөрөөжээ. мунхаг улаач нь үүнд их баярлав. ажил төрлөө тасалсанд нь биш, зүгээр л сүүлийн үед нэг дор ингэж цуглаж, хамтдаа сайхан идэж, тоглож байгаагүй улс, харанхуй болж магадгүй гэсэн сургаар 2 өдөр хамтдаа, халуун бүлээрээ байж, хэдэн жилийн дараа эргээд ярихад дурсах зүйлтэй /21 болж билээ, тэгэхэд би тоохгүй ажилдаа яваад гэж ярьж байснаас тэр өдөр халуун бүлээрээ нэг дор сайхан байж билээ, хөгшин настай ижийтэйгээ тоглоод, сэтгэлийг нь 2 өдөр ч болтугай, 2 цаг ч болтугай чилээхгүй байж билээ гэж ижийгээ замбад байхгүй болохоор, өөрсдөө илүү өтлөөд ирэхээр дурсах байх гэж бодох юм/ болсонд баярлаж байна.

удмын буурлуудаа, өндөр дээдүүдээ залсан улаачийн хувьд 13 зуунд сонин л зүйлүүд мэдэрлээ. хамгаалалтаа дутуу хийснээс болсон уу, эсвэл ер нь тийм байсан уу, шөнөжин энд тэндээ, ялангуяа ар нуруу руугаа зүүгээр шивүүлэх мэт, заримдаа бүр том зүйл зоогдох мэт болж байв. нэг удаа бүр 2 далны хооронд нэг том зүйл зоогдчихоод, хөдлөж чадахгүй болоод заларсан буурлаа мордуулж байж, өргөөний өөр зайрангаар засуулан байж зүгээр болов. одоо ч биеэ гүйцэд цэвэрлэж чадаагүй байгаа бололтой.

хэнгэрэгний дуу таслахгүй гэсэн нь их учиртай байсан ажээ. өндөр дээдүүдээ буулгасан үед ч, өөрөөрөө нүдээ аниад хэнгэрэгээ дэлдсэн үед ч ялгаагүй бидний тойроод сууж байсан галыг, биднийг нүүгэлтсэн хар зүйл нөмрөөд ч байх шиг, хэнгэрэгээ нүдээд суухаар холдоод, гэрлэн тойрог хүрээгээ тэлээд ч байх шиг, ер нь л шөнөжин тэр хар нүүгэлтсэн зүйлтэй хөөцөлдөж тоглолоо хэхэ. балчир улаач нь мэлмий нь нээгдээгүй, туршлага муу тул иймэрхүү л хөөцөлдөөн мэдрэв ээ. хөөцөлдөж байгаад бид хөөх биш, хөөгдчихсөн бол яах байсан бол гэж бодохоор эвгүй ч юм шиг, хэн хүнд нэг их таалагдахааргүй л хар нүүгэлтсэн зүйл байсан тул хөөсөндөө баясан сууна.

үйл хийх үед өмнө бидэнд буусан буурлуудаас, өндөр дээдүүдээс гадна өөр өндөр дээдүүд буусан нь дэггүй улаачийнхаа толгойг тоншоогүйгээр, ааш авир нь өөр байснаар мэдэгдэв.

улаач бид ч яахав, буурлуудаа залаад, хөдөлгөөнгүй сууна гээд дулаалж дулаалсан, түүнээс гадна буурлуудаа буулгасан үед даарах нь гайгүй байсан тул их даарч хөрсөнгүй, харин биднийг түшиж, гал манаж байсан бусад маань амсхийх чөлөөгүй галаа тэтгэж, шөнөжин гадаа байхдаа их даарсан биз ээ, тэдэндээ ихэд гялайлаа.

өглөө нь хөхрөх тэнгэр минь бөртийх ч үүлгүй цэлмэг, нар уулын цаанаас цухуйхад нэг л  огшоод, их хурц цацрагтай мандсан, тэгсэн хэрнээ нар луу нүд нь анивчаад харж чаддаггүй нөгөө нөхөр чинь нарнаас нүдээ салгаж чадахгүй харж байлаа. хэдэн өдөр нар их л гундуу, бүүдийгээд байсныг анзаарсан болоод ч тэр үү сайхан хурц илчтэй, цацрагтай, өмнө харж байгаагүй нар хараад сэтгэл ихэд баясав.

ямартаа ч өндөр дээдүүдийн зүтгэсэн, их үйлд улаачийн хувьд оролцож, ард нь гарсандаа их таатай, сэтгэл амарч, сэтгэл хангалуун байгаа нь үнэн билээ. Халуун элгэн нутаг гээд дуулахад сэтгэл ихээр хөдлөж, дууныхаа үгнүүдийг утгаар нь мэдэрч билээ хэхэ.

Monday, December 10, 2012

одоо тун удахгүй


2хон долоо хоног хүрэхгүй хугацааны дараа болно, болохгүй, мухар сүсэгтэй гэж нэгнийхээ итгэлийг гутаах, мундаг шинжлэх ухаанч, өөрөөсөө өөр юм хардаггүй, өөрөө байгаа гэдэг нь өвгөд нь байсан гэдгийг нотлож байгааг үгүйсгэж байгаа нөхдүүд, ер нь энэ цаг хугацаанд амьдарч таарсан бид бүгд нэгэн эринг угтаж, нэг их үйлийн ард гарсан байх биз ээ.

их үйл хаяанд ирлээ, үрсүүд үзээгүйгээ үзнэ гэсээр нялх улаач миний толгой онго ихэд бодлогоширч, элдвийг тунгаан суулаа.

энэ сарын 21-нд юу ч болохгүй гэх, эсвэл эсрэгээрээ ертөнц мөхнө гэх улсууд хэлж байгаагаа дахин тунгааж, хэлэхээсээ урьд эргэцүүлвэл дээр санагдах юм. өвгөдийн сүнсийг үгүйсгэж, өөрсдийнх нь шүтээд байгаа шинжлэх ухаан /үүгээрээ шинжлэх ухааныг үгүйсгэсэнгүй, харин шинжлэх ухаан тайлж дийлээгүй, эсвэл цаг зав нь хараахан хүрэлцээгүй олон зүйлс энэ орчлон, хорвоод бий тул ингэж бичив/ нь хүртэл нарнаас болж, өмнө болж байгаагүйгээр хүйтэрч байгааг сануулаад байхад, яагаад ингээд сүх далайтал үхэр амар гэгчээр гүрийнэ вэ. зөвхөн л Монголд ингэж сүр болоод байна, Монголчууд л мухар сүсэгтэй болохоор ингэлээ гэж улсаа, эх орноо муулах нөхдүүд, харь хэлээр хазгай ярьдагаа их юманд бодох балчирууд, хэрүүл уруултай савангийн дууриар тархиа угаалгах хүмүүс бүгд дор бүрнээ нэгийг бодоод, яагаад нэг биш олон хүн, нэг улс биш олон улсад ингэж шуугиад байна вэ гээд жаахан уншиж, жаахан бодвол зүгээр л санагдах юм, хэн мэдлээ.

ямар нэг юм болохгүй байсан ч яахав дээ, элдвийн юм болохгүй, энх тунх өнгөрвөл сайн л биз, 21 болоод өнгөрсөн ч өвөл үргэлжилдэгээрээ л үргэлжлэх тул дулаан хувцас бэлдлээ гээд, түлээ түлш бэлдлээ гээд бид "шатахгүй" нь лавтай хэхэ.

ямартай ч балчир улаачдаа заларснаас хойш буруу хазгай сургааль хэлж байгаагүй, буруу үйл хийхийг уриалж байгаагүй, хар муу бүхнийг удмынхаа үрсүүдээс хөөж, хайр, энэрлийг сургадаг, засал юуг хүчтэйгээр, ид хавтайгаар хийж, махан биенд нь мэдрүүлсэн буурлууд, толгой онгодоо итгэхгүй бол улаач би өөр юунд итгэх билээ.
буурлууд минь, толгой онго минь тэнгэртээ заларч, тэндээ амгалан байхгүй, мулгуу үрсдээ ингэж заларч, унтарсан тархийг нь сэргээх гэж, ухаж аливааг бодуулах гэж, өнгөрснөөс ирээдүйг өнөөдөр бүтээх гэж ингэж зүтгэж байхад нь тэнэг улаач нь зөрүүдлэх эрх үнэндээ байхгүй билээ, их үйлийн ард нэр төртэйгээр гарч, өмнөх олоон жилүүдэд, өмнөх удмынхан бүхний маань өндөрт өргөж явсан удмынхаа нэрийг шавартай холихгүй, өндөрт өргөхөөс илүү зүйл гэж улаач болсон надад одоогоор алга даа, Тэнгэр ивээг Хөх Монголыг минь, Тэнгэрийн ивээлээр Буурлууд, Дээдсүүдийн зорьсон үйл сайхан бүтэг, Хурай Хурай Хурай

Sunday, December 2, 2012

бодит мэдрэмж, таамаг бодол

за нэг хэдэн үг, өгүүлбэр бичмээр санагдахаар нь эхлэв.

өнгөрсөн амралтын өдрүүдэд их үйлийн бөөлөө болох газар очиж, махан биеэрээ мэдэрлээ, ер нь усны эх ундрагатай, өөрөөр хэлбэл газар нь доороо мөстлөгтэй, дээгүүрээ нөмөр үгүй хөндий тул хэдий машины хэмээр гадаа -16 хэм байсан боловч нэлээд хүйтэн, жавартай байлаа. 
тэнд бидний аваачиж босгосон гэрүүдийг манаж байгаа манайхны хэлж байгаагаар өнгөрсөн өдрүүдэд харин ч цаг агаар сайхан байсан гэв ээ.

за энэ ч яах вэ, арга нь олдох биз, харин Буурлууд маань хэрхсэн, мөн буцах замд надаар яриулсан зүйлийг бичсэн нь дээр байх.

Буурлуудаа тэнд очоод 2 буулгалаа, очсон оройноо нэг удаа, маргааш нь өдөр нэг удаа.

өргөө гэртээ тухлаад
үрсүүдээр минь хүрээлүүлээд
өвгөд бидний сургаалийг дамжуулаад
өгөр улаач хэдэн цаг суухыгаа

өөрийгөө мундаг болчихлоо гэж
өвгөдөө суулгаад сурчихлаа гэж бодоод
өөрийн биеэ тоогоод байгаан биш биз
өвгөд нь тэгвэл шалгана аа

гэсээр Буурлууд маань балчир улаачаа хөр цасан дунд, хүйтэн жавар дунд удаан суулгах дасгал хийлгэв ээ хэхэ. сууж байхдаа босох гэхээр босгохгүй, гарын үзүүрээр даараад, яг хөлдөх гэж байгаа мэт болсноо хэсэг зүгээр болчихно, эсвэл хөл даарахаар хэсэг зүгээр болгоно гэсээр Буурлууд маань балчир улаачаа суулгаж, үйл хийх газрын цаг агаарыг өөрийнх нь биеэр мэдрүүлэв ээ. сайхан салхитай, сайхан агаартай, сайхан газар билээ.

өөр нэг бичих зүйл маань, буцах замдаа хамт явсан хэдтэйгээ хүүрнэх зуураа өөрөө ч мэдэлгүй, өөртөө нээлт хийлээ хэхэ.
хэдий энэ замбын үрс бид, улаач бид өнөө цагынхаа, амьдран буй орчныхоо нөлөөгөөр /өөрийгөө өмөөрч, өөрөөсөө бултуулав/  ч юм уу, эсвэл ямар учиртайг бүү мэд, миний бодлоор, өөрийгөө оролцуулаад, энэ замбынхан маань хариуцлага муутай, сахилга муутай, дэг байхгүй байгаа ч үрс бидний өмнөх удмынхаа, өнөө цагтаа бидэнд онгод, тэнгэрүүд болон буугаад байгаа, буугаагүй хэдий ч биднийг харж, манаж, өмгөөлж явдаг Буурлууд маань харин бидний мэдэхгүй Тэнгэртээ дэндүү гэмээр дэгтэй, жаягтай санагдав.

тэд маань дэгтэй, шат шатандаа хяналттай, шат шатандаа ирсэн мэдээллийг маш шуурхай, бодитоор 10-тын, 100-тын, мянгатын, түмтийн гэх мэтээр ахлагч нартаа хүргүүлдэг, энэ хэрээрээ шат шатных нь хяналт хурдан шуурхай байдаг гэж бодогдоод эхлэв. өнөө цагийн үрс бидний цахим ертөнцийн суурь нь Хаадуудын үед бий болгосон өртөөгөөс үүсэлтэй гэдэгтэй холбоотой ч юм шиг.

улаач биднийг өвгөд маань өмгөөлж, хамгаалах гээд үргэлж харж байдаг, хараад шаардлагатай гэсэн мэдээллээ цааш цааш нь хүргүүлдэг, өөрөөр хэлбэл улаач үрс нь давхар давхар хяналттай юм болов уу гэж бодов оо. тиймээс замбад амьдрах бид дэггүй байж болох ч, замбад заларч байгаа өвгөд маань дэгтэй, тэр хэрээрээ өнөө бидний ярьдагаар хариуцлага гэгчээ, улаач үрс нь мэдэхгүй, мэдрэхгүй байлаа ч, удмынхаа өмнөөс тооцуулдаг гэж санагдах болов.
улаачаас удмынх нь өнгөрсөн, өнөө, маргааш хамаардаг гэдгийн нэг учиг нь ч юм бил үү, хэн мэдэхэв дээ.