Wednesday, November 29, 2017

Амьдралын утга учраа өмөөрөх

Монгол, гадаад гэлтгүй хүмүүс үр хүүхдээ, өөрсдийнхөө үргэлжлэлийг амьдралын минь утга учир, амьд яваагийн минь шалтгаан гээд л хэлж байгааг харж, сонсох юм.
Мэдээж тэгэлгүй л яах вэ, миний үр хүүхэд зөв хүн болж, миний, бидний удам мөнх үргэлжлэх шиг сайхан юм хаана байх вэ. Үүнийг хүн бүр л хүсч, үүний төлөө, үрсийнхээ төлөө л амьдарч байна гэж хоёр нарны хооронд амьдралаа бусдаас дутаахгүй гэж, үрсээ өрөөлийн доор оруулахгүй гэж л зүтгэж байгаа нь үнэн.

Тэгэхээр амьд явахын утга учир болсон үр хүүхдээ эрүүл биетэй, зөв бодолтой, үнэнд нийцтэй, бусдын төлөө гэх сэтгэлтэй байлгах нь өнөөдрийн бидний хийх үндсэн гол ажил байх гэж бодно.
Өмсөх хувцаснууд нь бренд гэх шошгоор дүүрээд, идэх хоол нь генийн өөрчлөлттэй хүнсээр арвижаад, эрүүл байхын тулд гээд төрөл бүрийн антибиоток хэрэглээд байвал өнөө амьд байх утга учир маань яах билээ гэж нэг зогтусаж бид бодох хэрэгтэй цаг хэдийнээ болжээ.

За бодьё, үр хүүхэд нь хэн нэгний амьд явах утга учир юм бол үр хүүхэд үгүй болох, өвчлөх тохиолдолд тэр хэн нэгэн бас дагаад гундах нь гэж ойлгогдохоор. Амьд явах утга учраа утгаар нь, жинхэнээр нь амьд явуулахын тулд амьд явах орчинг нь, нөхцлийг нь хангах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, амьд явах, гэхдээ эрүүл амьд явахын тулд амьдрах орон зайг нь эрүүл, цэвэр байлгах нь. Бидний амьд явах орчин мэдээж энэ Монгол минь. Тэгэхээр өөрийнхөө амьдралын утга учир болсон үр хүүхдээ эрүүл саруул амьдруулахын тулд энэ Монголоо эрүүл, цэвэр байлгаж, өмөөрч, хамгаалах болох нь.

Монголоо өөрийн минь юм гээд өөд нь татах нь ердөө тусгай, тусдаа хэдэн хүний асуудал биш хүн бүрийнх гэдэг нь энэ өнцгөөс харвал тодорхой.

Тэгвэл Монголоо би яагаад өмөөрөх, хамгаалах, хайрлах ёстой вэ?

1. Би яг одоо энд амьдарч, энэ нутгийн хөрсөн дээр гишгэж, энэ нутгийн усыг ууж, эндээс хооллож байна, өөрөөр хэлбэл, би буюу миний удмын "өнөөдөр" энд амьдарч байгаа учраас Монголоо өмөөрч хамгаалах ёстой.
2. Би буюу "өнөөдөр" байхын үндэс нь бидний эцэг өвгүд, аав ээжүүд байсан. Өөрөөр хэлбэл, миний "өчигдөр" буюу миний уг язгуур энд амьдарч байсан учраас би Монголоо өмөөрч хамгаалах ёстой байх нь.
3. Миний үр хүүхэд буюу "маргааш" энд амьдрах нь тодорхой учраас өөрийн үргэлжлэлээ аятай тухтай байлгахын тулд "өнөөдөр" нь Монголоо өмөөрч хамгаалах ёстой болох нь.
4. Хүн гэдэг төрсөн газар нутаг, уул уснаасаа эрчим, хэмээ авч, ядрахын цагт, өвчлөхийн цагт, гундахын цагт эхээс унасан, эхэс байгаа газраа хөрвөөж, эхийн хэвлийд байхдаа авч байсан тэр хэмээрээ эргэж сэргэдэг учиртай аж. Гэтэл энэ суусан Монголоо зовлонтой гэж орхиж, дуулсан хариа жаргалтай гэж санаж одсон ч нас нэмж ухаан суухаас илүүтэй, нас нэмж хэм дутахын цагт өөрийн мэндэлсэн, өссөн торниж хэмээр тэтгэгдсэн энэ Монголоо эргэж зорих нь гарцаагүй учраас суусан нутагтаа байгаа би дуулсан жаргал хөөсөн тэд буцаж ирэхийн цагт Монголоо хэвээр нь байлгахын тулд өмөөрч, хамгаалж байлгах ёстой аж.
5. Би гэж хэлэх, би бол Монгол хүн гэж хэлэх, би бол дэлхийд өдийг хүртэл дахиж цогцлоогүй тэр Их Монгол улсын нэг хэсэг, тэр түүхийн үргэлжлэл гэж өөртөө итгэлтэйгээр, бахархал, омогшил, хүндлэлтэйгээр хэлэх түүх, өв соёлыг өөртөө агуулж байгаа учраас би Монголоо өмөөрч хамгаалах ёстой байх нь.
6. Бидний энэ Монголчууд хүн төрөлхтөнийг оройлон дагуулж, "Монголын их амар амгалан/Pax Mongolica"-г байгуулсан нь хөдөлшгүйгээр нотлогдсон, магад ирээдүйд тэр амар амгаланг дахин байгуулах боломжит ухаан, боломжит туршлага байгаа учраас би Монголоо өмөөрч, хамгаалах ёстой болох нь.
7. Монголын их амар амгаланг байгуулж явсан тэр Дээдсүүдийн эс, тэр ухаантнуудын эд, эс миний, бидний, үрс хүүхдүүдийн минь, хөх толботон бүрийн чөмгөнд оршиж байгаа учраас тэр эсийг, тэр эдийг эрүүл байлгахын тулд би Монголоо өмөөрч хамгаалахаас өөр гарцгүй нь.
8. Хүн гэж нэрлэгдсэн энэ цаг үеийн хүн бүрийн эхлэл болох, Онгодуудын хэдэн жилийн өмнө хэлж байсанчлан, хоёр жилийн өмнөөс шинжлэх ухааны эрдэмтэд нь хүртэл ярьж, хэлж, хүлээн зөвшөөрч байгаа Алтайн нуруу нь энэ Монголд минь байгаа учраас "хүн" гэдэг төрөлтөн цаашид орших нь үнэн л юм бол би өөрийн төрлийнхөө үүсэл болсон орон зай, оршихуй, газар орон болох Монголоо өмөөрч хамгаалах нь зайлшгүй аж.
9. Их Монгол улсын үед өмнө хэзээ ч байгаагүй, өнөөдрийг хүртэл дахиж эргэж буй болоогүйгээр хүмүүсийн өөр хоорондоо ижилгүй итгэл үнэмшил, шашин шүтлэгийг эвдрэлцэхгүйгээр, "эвтэй"-гээр зэрэгцүүлэн оршоож чадсан, хүн болгон адилгүйг хүлээн зөвшөөрсөн ч, адилгүй тэр олон итгэл үнэмшил, шашинг жамын дагуу зөв засаглаж чадсан тэр оюун, тэр чадвар гагц энэ Монголоос минь үүссэн учраас, магад ойрын ирээдүйд дахин ижил биш итгэл үнэмшлүүд шашны гэх тодотголтой дайнгүйгээр жам гэх дээврийн дор эвлэлдэн нэгдэх боломжтой гэсэн итгэл надад байгаа учраас би Монголоо өмөөрч, хамгаалахаас өөр замгүй болох нь.

Ингээд бодохоор ганц үр хүүхэд минь л зөвхөн миний амьдралын утга учир мөн үү?
Мөн ч биз, бас биш ч биз.
Мөн гэж бодож байвал тэр утга учраа хамгаалж өмөөрөх ёстой болох нь. Ганц үр хүүхэд минь миний амьдралын, амьд яваагийн минь утга учир гэж бодохгүй нэгэн ч ялгаагүй л энэ Монголоо өмөөрч хамгаалахаас өөр гарцгүй нь.

Монголоо өмөөрч, хамгаалах гэдгийг өнөөдрийн хүүхэддээ аваачиж өгөх хоол хүнс, үргэлж асуудал болж үүсэх хэрэглээ зэргээсээ илүү өндөрт тавьж, илүү тод томруунаар "өдөр" бүр харж явах учиртай биз.  Магад үүнийг "Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино" гэж хэлсэн ч юм бил үү. Холын, алсын зорилготой, түүндээ чиглэж үйлдэх үед өнөөдрийн бидний зовлон гэж харж байгаа зүйл харин ч өгсөх шатны нэг гишгүүр ч байх бүрэн боломжтой санагдана.