Monday, December 11, 2017

зөв гурвалжингаар багаа бүрдүүлэх нь

Өнөө цагт бид хэнтэй нөхөрлөж, хэнд итгэж, хэнтэй хэлэлцэж, хэндээ өөрийнхөө арыг даатгаж явах билээ гэж хааяа бодох юм.
Та бидний хэлдгээр "Баг"-аа хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн үг юм уу даа.
Бодоод бодоод ер нь хүн нь зөв байх ёстой юм байна, хийх үйлэнд, зүтгэх зүйлд хөг нь байгаа хүнийг хамтрагчаараа сонгох учиртай юм байна, ингэсэн тохиолдолд ур чадварыг хүнд дасгал, сургуулилалтаар суулгаж болдог юм байна гэж боддог болов. Үүнийгээ ч зөв гэж үзэж байв.

Гэтэл Онгодууд маань үүнийг илүү тодорхой, задалж тайлбарлав.

Ямарваа нэг үйлийн хувьд тухайлсан үйлдээ зориулж бидний хэлдгээр "Баг", Онгодуудын хэлдгээр "Анд"-г дараах байдлаар бүрдүүлнэ гэв.
Тухайн үйлийг санаачилсан, түүнийг илүү мэдэрсэн, бодолдоо бүтээсэн хүн нь "Толгой" болж таарна. Гэтэл ганц толгой үүнийг цааш нь түгээхэд цаг зав болоод махан биеийн хувьд хязгаарлагдмал байдалд ордог бололтой. Тиймээс тэр үйлийн хувьд хөглөх "Хөг" нэгэн байх учиртай гэнэ. Үйлийг хөглөөд дэлгэрүүлээд явахад ар талыг нь хэн нэгэн хариуцах учиртай гэнэ, тэр хэн нэгэн нь үйлийг түших "Түшиц" нэгэн байдаг гэнэ. Үйлийг хэн нэгэн толгойлоод, түүнийг нь хөглөж дэлгэрүүлээд, үйлийн арыг хэн нэгэн түшээд, арыг нь манаад явж байхад үйлийн эдгээр үйл явцыг хооронд нь уяж, уялгалж, зангидах "Уялгалагч" нэгэн зайлшгүй байж тухайн үйл дүүрдэг гэнэ.  Өөрөөр хэлбэл, нэг үйлийг дүүргэхийн тулд багадаа дөрвөн дүр, дөрвөн анд, багийн дөрвөн хамтрагч байх учиртай бололтой.

Үүнийг дүрсээр төсөөлвөл, гурвалжин суурьтай пирамидтай адил юм. Тухайн үйлийн хувьд толгой нь пирамидийн орой болох бол суурь нь "Хөг", "Түшиц", "Уялгалагч" нар байх учиртай аж. Ингэж байж тухайн үйл бүрэнтээ дүүрэх бололтой.

Бодлоо л доо, нэг хүн том, жижиг нь хамаагүй үйл, ажлыг сэдээд, түүнийг дүүргэхийн тулд толгойлоод явлаа гэж үзье. Ганц мод гал болдоггүйн үлгэрээр тэр хүн тодорхой хэмжээнд хүрээд, тодорхой хязгаарт тулж таарна. Жишиглэвэл, өндөр ургаа хадны урд тулаад зогсохтой ижил гэж зүйрлэе.
Хэрэв түүнд түүний үйлийг хөглөх, цааш нь түгээх чадвартай анд байгаа тохиолдолд энэ хязгаар тэлж, хаданд цуурайтах цуурай мэт болох нь дамжиггүй.
Хөглөгдөж цуурайтаад үйлийн цуурайг бусдад хүрлээ, тэр үйлийн тухай өрөөл олон мэдлээ гэж төсөөлье.
Хөг хүлээж авсан хүмүүс тэр үйлийн талаар сонирхож, түүнд анхаарлаа хандуулж, магадгүй сайнаар бодвол тэр үйлийн нэг хэсэг болохыг хүснэ. Тэгээд тэр сонирхсон олон хүмүүс тэр үйлийн хэсэг болохыг хүсээд ирэхэд тэр үйл маань суурь муутай бол ердөө цуурай төдий болоод л замхарах биз, харин эсрэгээрээ арыг нь манах нэгэн байгаад, дүүргэхийг зорих үйл нь суурь сайтай, бат бөх байх аваас түүнд татагдсан олны хувьд энэ нь илүү сонирхлыг нь татаж,
тухай үйлийн цар хүрээ нэмэгдэх эхлэл тавигдаж, хүрээгээ тэлэх нь дамжиггүй.
За үйлийг нь нэг нь толгойлоод, андаараа хөглүүлээд, арыг нь өөр андаараа даалгаад яваад байхад эдгээрийн хоорондын уялдааг хангах, ядаад хооронд нь мэдээллээр хангах, мэдээллийг базах, улмаар нэгтгэж базах нэгэн бас л ажлаа хийхгүй бол тухайн үйл бүрэн дүүрч чадахгүй болох биз.

Дээрхийг мөн өөрөөр хэлбэл, аливаа нэг хүн, ямарваа нэг үйлийг хийхдээ, эхлүүлэхдээ, бүтээх гэж зорихдоо ядаад итгэлтэй хөг, түшиц, зангидагч гурван андтай байх учиртай бололтой, гурван багийн хамтрагчтай байх ёстой бололтой. Энэ нь нөгөө Их Монгол улсын үед засаглалын бүтэцийн суурь болсон Аравтын тогтолцооны суурь болох Гуравтын тогтолцоо болох нь харагдана.

За жишээ нь би нэг үйлийн хувьд толгой гэж өөрийгөө өргөмжлөе. Гэтэл би юм уу, хэн нэгэн угаас бүгдийг мэднэ гэж үгүй, бүгдийг чадна гэж байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би дандаа толгой болно, толгой чигээрээ мөнхрөнө гэсэн үг биш. Тэгэхээр яана гэсэн үг вэ гэвэл өөр бусад үйлийн хувьд, тэдгээрийг илүүтэй мэдэж толгойлж байгаа нэгний дэргэд би толгой биш өөр зүйл болох учиртай, чадвартай байж нэг биш нижгээд үйлүүдийн хэсэг болж чадах нь.
Өөрөөр хэлбэл, би толгой биш үедээ хөг, түшиц, эсвэл зангидагч болж чадах чадварыг өөртөө суулгах зайлшгүй хэрэгтэй байх нь. Тэгэхгүй тохиолдолд би нэг л үйлийнхээ толгой болоод, тэр үйл маань магадгүй дүүрээд, магадгүй хоцрогдохын цагт муугаар хэлвэл баггүй үлдэх нь.

Өмнө бодож байснаа бичиж байсанчлан, зөв хүнд ур чадварыг суулгаж болох нь гэдэг бодлыг маань ямар чигчээр өөрийн ур чадварыг нэмэх учиртайг тодлосон аятай зүйл боллоо гэж дээрх пирамидийг харж байх юм хувьдаа.

Яагаад гурвалжин бэ гэж бас бодож болох. Гурвалжин дүрс бол геометрийн дүрсүүд дотроос хамгийн бат бэх, хамгийн суурьтай дүрс юм. Дээр нь энэ гурвалжин суурьт пирамид нь дөрвөн өнцөгт суурьт пирамидээ бодвол илүү хөрвөх чадвар хувь илүүтэй, орой нь суурийн хэсэг болж, суурь нь орой болох чадвартай гэдгээрээ давуу талтай. Нэмж хэлэхэд, гурвалжин суурьт пирамидийг геометрт зөв гурвалжин пирамид гэдэг нь аргагүй зөв дүрс байх нь.


Хүн бүр нэгэн зэрэг толгой, хөг, түшиц, зангидагч байж чаддаг чадвартай байх ёстой болох нь.

Гэхдээ би л чаддаг, би л толгой, би ч тэр энэ гээд би-дээд байвал мэдээж утгагүй, ажил үйл урагшлахгүй, дүүрэхгүй.

Хүн бүр нэгэн зэрэг толгой, хөг, түшиц, зангидагч болох хэрнээ хэзээ эдгээр дөрвийнхөө аль нь болох вэ, ямар тунгаар толгой, хөг, түшиц, зангидагч болох вэ гэдгээ ялгаж салгаж чадахыг "Мэдрэмж" гэж хэлдэг гэв. Өөрөөр хэлбэл, энэ нь ердөө л харилцаанд би хэзээ, хаана, ямар нөхцөлд "Хэн" байх учиртайгаа ялгаж мэдэх чадвар байх нь, үүнийгээ Онгод маань Мэдрэмж гэх ганц үгээр хэлж таарав.

Тэгэхээр зөв гэх зоригдолд тэмүүлж байгаа хэн нэгэн, бүлэг хүмүүс үйлийг дүүргэхийн тулд хэзээ толгой нь болж, хэзээ хөг нь болж, хэзээ түшиц болох, хэзээ үйлийн нэгтгэж зангидах учиртайгаа мэдэж, мэдэрч, мэдэрсэн үедээ чухам тэр зүйл болох тунгаа тааруулж чадвал аливаа үйл давгүй сайхан урагшлах боломжтой юм байна гэж эцэст нь бодов. 

Wednesday, December 6, 2017

жилд 1,300,000,000,000 кг хоолыг хаях & Зажилж идэх

CNN онцолж байна гэнэ: Дэлхий даяар жилд 88 тэрбум тонн хүнсний хог хаягдлыг бий болгодог гэнэ.

Жилд 1 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгддэг гэнэ. Гэтэл жилд 3 тэрбум хүнийг цатгалан байлгахад хангалттай хүрэлцэх буюу 1.3 тэрбум тонн хоол хүнсний хаягдлыг биш, бүр яг ХООЛ-ыг хаягдал болгодог. Эдгээр нь ресторанд хүмүүсийн үлдээсэн, эсвэл хугацаа нь дууссан гэж бодож байвал эндүүрэл гэнэ. Үнэндээ хоолны хаягдлын 53% нь өрхийн илүүдэл хоол хүнснээс үүсдэг гэнэ.
1.3 тэрбум тонн хоолны 53% гэхээр 689 сая тонн хоол хүнсний хаягдал биш, ХООЛ-ыг дэлхийд зүгээр л ялзруулаад хаячихаж байна!!??

Зүгээр үгээр биччихээр бидний ой тоонд буухгүй байж магад, тэгвэл 689,000,000 тонн буюу 689,000,000,000 кг хоолыг зүгээр хаячихаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд хоол хүнсний хаягдал их гаргадаг гэнэ.
Хоол хүнсий хаягдлыг дэлхий даяар 20 хувиар бууруулахад 100 тэрбум доллар хэмнэх боломжтой гэнэ.

Тэгвэл энэ их хүнсний хог хаягдлыг яадаг гэхээр хөрсөнд булдаг гэнэ, булсан хог хаягдал нь ялзмаг үүсгэж, энэ ялзмаг нь нөгөө дэлхийн дулаарлыг түргэсгээд байгаа хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд 20-30%-иар нэмэр болдог гэнэ. 3.3 тэрбум тонноор хэмжигдэх нүүртөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг гэнэ.

2050 он гэхэд энэ хэвээр байвал дэлхий нийтээр хоол хүнсний хомсдолд орно гэнэ.

Дэлхий гээд агаарын юм яриад байж магад, тэгвэл нийслэл Улаанбаатар хотын хувьд жилд 1 сая 433 мянган тонн хог хаягдал гардаг гэнэ, үүнээс 304 мянган тонн нь хүнсний хог хаягдал гэнэ. 304,000 тонн буюу 304,000,000 кг хоол хүнсний хаягдлыг та бид үүсгэдэг байх нь.

За бодьё, Улаанбаатар хот маань 1,500,000 хүнтэй гэж барагцаалья. Багцаалж л тооцьё. Дээрх хоол хүнсний хаягдлыг нийслэлийн нэг хүнд хувааж тооцвол жилд нэг хүн 202.66 кг хоол хүнсний хаягдал гаргадаг байх нь, энэ нь жилд 365 хоногоор бодож өдөрт тооцвол 0.55 кг хоол хүнсний хаягдал гаргадаг гэсэн тоо гарч байна.

Юу вэ гэж бодохоор л тоо байна.
Та бид хоногийн хоолоо яая даа гэж бодоод л, цалингаас цалингийн хооронд, хоёр нарны хооронд гүйж л байдаг, гэтэл өөрсдөө мэдэхгүйгээр л ингэж өдрийн хагас кг илүү хоолыг хаягдал болгоод л явж байгаа байх нь.

Үүнийг яаж шийдэх вэ гэхээр өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барина л гэнэ, гэтэл яг үнэндээ тэр өндөр хөгжилтэй орнууд чинь л дэлхий даяарх дийлэнх хоолыг илүүдэл болгож хаяж байх аж. Ингэхээр энэ нь гарц биш шиг.

Гарц гэхэд биш гэмээр хэрнээ хуучны нэг арга нь зажилж идэх байж магад.
Юун баахан тоо баримт ярьчихаад балайраад зажлах энэ тэр гэж магад хаха.

Монгол домчийн судар гэж Онгодуудын гаргасан тэр судар дээр хүн махан төрлийн хүнсийг идэхдээ 45-60 удаа, бусад төрлийн хүнсийг идэхдээ 35-50 удаа зажилж идэх хэрэгтэй гэсэн байна лээ. Зажлахдаа гол нь зажилж байх зуураа шүлсээ залгихгүйгээр, амны хөндийгөөс ялгарах бүх шүлсээ амандаа хурааж байгаад товлосон тоогоо хүрэхээр залгих юм байна.

Үүнийг итгэхгүйгээр өөрийн биеэр туршиж үзсэн билээ. Ингэж зажилж идэхэд эхэндээ төвөгтэй, хоолондоо биш зажлах тоондоо анхаардаг, гэхдээ хэд хоногоос тоолохгүйгээр аманд хуримтлагдах шүлсээр нь залгих болсон гэдгээ мэддэг болохоос гадна хоолны жинхэнэ амтыг мэддэг болдог юм билээ.

За тэгээд хамгийн гол нь нэг таваг хоол, эсвэл багадаа 5-7 хуушуур, бууз идээд хоол идсэн болдог хүн хагас таваг хоол, эсвэл 2-3 хуушууранд хангалттай цадаад, өдөртөө тэгээд идчихээр өдөржин цатгалан явахыг өөрийн биеэр туршиж мэдэв. Гайхалтай биш гэж үү?

За тэгвэл өдрийн хоолоо мөнгөн дүнд хөрвүүлвэл, өдрийн нэг таваг хоолыг гуанзанд 5000 төгрөг, мэдээж хоолоо даруулах цай юм уу, ундаа авна гэхээр дунджаар бид 5500-6500 төгрөгөөр хооллодог байх нь. За бүр хялбарчлаад ширхэгийн хоолоор бодвол өдрийн 6 хуушуур гэдэг дунджаар 4800 төгрөг + цайны, эсвэл MCS газтай ундааны мөнгө нэмэгдэхээр 5000-5500 төгрөгөөр би хуушуурдаж, өдрөө даах нь.

За зажилж идсэн гэж үзье. 2-3 хуушуур гэхээр 1600-2400 төгрөг, дээр нь цай, ундааных нэмэгдэхээр өдрийн хоолонд 2600-3000 төгрөг болно.
Зажилж идэхэд өдрийн багадаа 2500 төгрөг хэмнэх нь, сарын 75,000 төгрөг, жилийн 900,000 төгрөг.

Мөнгөн дүнгийн хувьд нэг иймэрхүү байх нь, гэтэл мөнгөөр үнэлэгдэхгүй ач холбогдлын зах зухаас дурьдвал зажилж идэх зуур хүн тухайн өдөр яах ийхээ бодож амждаг, мөн аливаа гоё, амттай хоолонд хомхойрч, шунах нь багасдаг нь ажиглагдсан, зажилж идсэнээр хүний илүүдэл тарга үгүй болдог, суудлын ажилтай хүн цагийн хоолонд гүзээтэй болно гэж айлтгүй гээд л олон байна. Тэгсэн хэрнээ дуртай хоолоо идэж болохгүй гэх хориг үгүй нь янзтай давуу тал.

Нэг иймэрхүү байдлаар бодоход наад зах нь мөнгөн дүнгээр хэмнэлттэй, цаад тал нь хүнсний хэрэглээ 50%-иар буурна. Хүнсний хэрэглээ буурахад хүнсний хог хаягдал буурна гэж шууд хамааралтай биш байж болох ч хүний хоолонд шунаж идэх нь багассанаар хүнсний хог хаягдал шууд буурна гэж мөрийцсөн ч бэлэн байна.

Өдрийн хагас кг гаран хоолыг хаягдал болгож байснаас зажилж идэж, ингэснээр өрхийн санхүүгээс хэмнэж, цаашлаад эрүүл, илүүдэл жингүй биетэй болох боломж бидэнд өөрсдөд маань байна.

Зөв хооллолт гээд янз бүрийн ногоо идэх, төрөл бүрийн хооллолтын дэглэм барих, эсвэл эсэн бусын коктэйль ууж байна гэж ходоодгүй болж байснаар зөв зажлаад л хэвшчих хэрэгтэй санагдана.

Та бид өөрсдөө ингээд хэвшчихвэл, цаашлаад Монгол улсын маань хүн бүр зөв зажилж хооллоод сурчихвал, Монгол улс нийтээрээ зажилж, зөв идэх энэ хэвшлээ дэлхий даяар сурталчилж, нэвтрүүлж чадвал (чадаасай гэх хүсэл, мөрөөдөл надад байна) бичлэгийн эхэнд байх тэр их хоол хаягдал болохгүй, тэр хэтийдсэн хэрэглээ үгүй болох юм даа гэж мөрөөдөх.

Эргээд санахад бидний заримын аав, ээж, заримынх нь өвөө, эмээ нар хоол идэхдээ их зажилж, хоолон дундуур чалчихгүй иддэг байсанг та бид анзаарч болно. Саяхныг хүртэл Монголчууд бид зөв иддэг байсан байх нь.

Энд дэлхий дээрх баялгийн шударга бус хуваарилалт зэргийг шүүмжилж бичихийг хүссэнгүй, угаас шүүмжлэх эрхтэй байхын тулд өөрөө үйлдэж чаддаг байх учиртай гэж бодсоных, мөн зөвхөн хоол гэдгийг хаяж байгаад эмзэглэснийх юм.