Monday, December 11, 2017

зөв гурвалжингаар багаа бүрдүүлэх нь

Өнөө цагт бид хэнтэй нөхөрлөж, хэнд итгэж, хэнтэй хэлэлцэж, хэндээ өөрийнхөө арыг даатгаж явах билээ гэж хааяа бодох юм.
Та бидний хэлдгээр "Баг"-аа хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн үг юм уу даа.
Бодоод бодоод ер нь хүн нь зөв байх ёстой юм байна, хийх үйлэнд, зүтгэх зүйлд хөг нь байгаа хүнийг хамтрагчаараа сонгох учиртай юм байна, ингэсэн тохиолдолд ур чадварыг хүнд дасгал, сургуулилалтаар суулгаж болдог юм байна гэж боддог болов. Үүнийгээ ч зөв гэж үзэж байв.

Гэтэл Онгодууд маань үүнийг илүү тодорхой, задалж тайлбарлав.

Ямарваа нэг үйлийн хувьд тухайлсан үйлдээ зориулж бидний хэлдгээр "Баг", Онгодуудын хэлдгээр "Анд"-г дараах байдлаар бүрдүүлнэ гэв.
Тухайн үйлийг санаачилсан, түүнийг илүү мэдэрсэн, бодолдоо бүтээсэн хүн нь "Толгой" болж таарна. Гэтэл ганц толгой үүнийг цааш нь түгээхэд цаг зав болоод махан биеийн хувьд хязгаарлагдмал байдалд ордог бололтой. Тиймээс тэр үйлийн хувьд хөглөх "Хөг" нэгэн байх учиртай гэнэ. Үйлийг хөглөөд дэлгэрүүлээд явахад ар талыг нь хэн нэгэн хариуцах учиртай гэнэ, тэр хэн нэгэн нь үйлийг түших "Түшиц" нэгэн байдаг гэнэ. Үйлийг хэн нэгэн толгойлоод, түүнийг нь хөглөж дэлгэрүүлээд, үйлийн арыг хэн нэгэн түшээд, арыг нь манаад явж байхад үйлийн эдгээр үйл явцыг хооронд нь уяж, уялгалж, зангидах "Уялгалагч" нэгэн зайлшгүй байж тухайн үйл дүүрдэг гэнэ.  Өөрөөр хэлбэл, нэг үйлийг дүүргэхийн тулд багадаа дөрвөн дүр, дөрвөн анд, багийн дөрвөн хамтрагч байх учиртай бололтой.

Үүнийг дүрсээр төсөөлвөл, гурвалжин суурьтай пирамидтай адил юм. Тухайн үйлийн хувьд толгой нь пирамидийн орой болох бол суурь нь "Хөг", "Түшиц", "Уялгалагч" нар байх учиртай аж. Ингэж байж тухайн үйл бүрэнтээ дүүрэх бололтой.

Бодлоо л доо, нэг хүн том, жижиг нь хамаагүй үйл, ажлыг сэдээд, түүнийг дүүргэхийн тулд толгойлоод явлаа гэж үзье. Ганц мод гал болдоггүйн үлгэрээр тэр хүн тодорхой хэмжээнд хүрээд, тодорхой хязгаарт тулж таарна. Жишиглэвэл, өндөр ургаа хадны урд тулаад зогсохтой ижил гэж зүйрлэе.
Хэрэв түүнд түүний үйлийг хөглөх, цааш нь түгээх чадвартай анд байгаа тохиолдолд энэ хязгаар тэлж, хаданд цуурайтах цуурай мэт болох нь дамжиггүй.
Хөглөгдөж цуурайтаад үйлийн цуурайг бусдад хүрлээ, тэр үйлийн тухай өрөөл олон мэдлээ гэж төсөөлье.
Хөг хүлээж авсан хүмүүс тэр үйлийн талаар сонирхож, түүнд анхаарлаа хандуулж, магадгүй сайнаар бодвол тэр үйлийн нэг хэсэг болохыг хүснэ. Тэгээд тэр сонирхсон олон хүмүүс тэр үйлийн хэсэг болохыг хүсээд ирэхэд тэр үйл маань суурь муутай бол ердөө цуурай төдий болоод л замхарах биз, харин эсрэгээрээ арыг нь манах нэгэн байгаад, дүүргэхийг зорих үйл нь суурь сайтай, бат бөх байх аваас түүнд татагдсан олны хувьд энэ нь илүү сонирхлыг нь татаж,
тухай үйлийн цар хүрээ нэмэгдэх эхлэл тавигдаж, хүрээгээ тэлэх нь дамжиггүй.
За үйлийг нь нэг нь толгойлоод, андаараа хөглүүлээд, арыг нь өөр андаараа даалгаад яваад байхад эдгээрийн хоорондын уялдааг хангах, ядаад хооронд нь мэдээллээр хангах, мэдээллийг базах, улмаар нэгтгэж базах нэгэн бас л ажлаа хийхгүй бол тухайн үйл бүрэн дүүрч чадахгүй болох биз.

Дээрхийг мөн өөрөөр хэлбэл, аливаа нэг хүн, ямарваа нэг үйлийг хийхдээ, эхлүүлэхдээ, бүтээх гэж зорихдоо ядаад итгэлтэй хөг, түшиц, зангидагч гурван андтай байх учиртай бололтой, гурван багийн хамтрагчтай байх ёстой бололтой. Энэ нь нөгөө Их Монгол улсын үед засаглалын бүтэцийн суурь болсон Аравтын тогтолцооны суурь болох Гуравтын тогтолцоо болох нь харагдана.

За жишээ нь би нэг үйлийн хувьд толгой гэж өөрийгөө өргөмжлөе. Гэтэл би юм уу, хэн нэгэн угаас бүгдийг мэднэ гэж үгүй, бүгдийг чадна гэж байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би дандаа толгой болно, толгой чигээрээ мөнхрөнө гэсэн үг биш. Тэгэхээр яана гэсэн үг вэ гэвэл өөр бусад үйлийн хувьд, тэдгээрийг илүүтэй мэдэж толгойлж байгаа нэгний дэргэд би толгой биш өөр зүйл болох учиртай, чадвартай байж нэг биш нижгээд үйлүүдийн хэсэг болж чадах нь.
Өөрөөр хэлбэл, би толгой биш үедээ хөг, түшиц, эсвэл зангидагч болж чадах чадварыг өөртөө суулгах зайлшгүй хэрэгтэй байх нь. Тэгэхгүй тохиолдолд би нэг л үйлийнхээ толгой болоод, тэр үйл маань магадгүй дүүрээд, магадгүй хоцрогдохын цагт муугаар хэлвэл баггүй үлдэх нь.

Өмнө бодож байснаа бичиж байсанчлан, зөв хүнд ур чадварыг суулгаж болох нь гэдэг бодлыг маань ямар чигчээр өөрийн ур чадварыг нэмэх учиртайг тодлосон аятай зүйл боллоо гэж дээрх пирамидийг харж байх юм хувьдаа.

Яагаад гурвалжин бэ гэж бас бодож болох. Гурвалжин дүрс бол геометрийн дүрсүүд дотроос хамгийн бат бэх, хамгийн суурьтай дүрс юм. Дээр нь энэ гурвалжин суурьт пирамид нь дөрвөн өнцөгт суурьт пирамидээ бодвол илүү хөрвөх чадвар хувь илүүтэй, орой нь суурийн хэсэг болж, суурь нь орой болох чадвартай гэдгээрээ давуу талтай. Нэмж хэлэхэд, гурвалжин суурьт пирамидийг геометрт зөв гурвалжин пирамид гэдэг нь аргагүй зөв дүрс байх нь.


Хүн бүр нэгэн зэрэг толгой, хөг, түшиц, зангидагч байж чаддаг чадвартай байх ёстой болох нь.

Гэхдээ би л чаддаг, би л толгой, би ч тэр энэ гээд би-дээд байвал мэдээж утгагүй, ажил үйл урагшлахгүй, дүүрэхгүй.

Хүн бүр нэгэн зэрэг толгой, хөг, түшиц, зангидагч болох хэрнээ хэзээ эдгээр дөрвийнхөө аль нь болох вэ, ямар тунгаар толгой, хөг, түшиц, зангидагч болох вэ гэдгээ ялгаж салгаж чадахыг "Мэдрэмж" гэж хэлдэг гэв. Өөрөөр хэлбэл, энэ нь ердөө л харилцаанд би хэзээ, хаана, ямар нөхцөлд "Хэн" байх учиртайгаа ялгаж мэдэх чадвар байх нь, үүнийгээ Онгод маань Мэдрэмж гэх ганц үгээр хэлж таарав.

Тэгэхээр зөв гэх зоригдолд тэмүүлж байгаа хэн нэгэн, бүлэг хүмүүс үйлийг дүүргэхийн тулд хэзээ толгой нь болж, хэзээ хөг нь болж, хэзээ түшиц болох, хэзээ үйлийн нэгтгэж зангидах учиртайгаа мэдэж, мэдэрч, мэдэрсэн үедээ чухам тэр зүйл болох тунгаа тааруулж чадвал аливаа үйл давгүй сайхан урагшлах боломжтой юм байна гэж эцэст нь бодов. 

1 comment:

  1. Сайн байна уу. Та гурвалжингийн хууль (Жамын хууль ч гэдэг байж магадгүй) -ийг мэдэж байвал дэлгэрэнгүй оруулж өгч болох уу? Би зөв үү? тав уу? подкастаас сонссон юм. Гадаадад байдаг болохоор тэрхүү подкастыг сонсоод дэлгэрэнгүй сайн ухахгүй байнаа

    ReplyDelete