Monday, January 15, 2018

Төрийн төлөө золиос хэрэгтэй юу?

"Монгол Товчион Түүхийн тайлал" судрыг хааяадаа, гэнэт гэнэт сөхөж харах. Нэгдүгээр ботийн, 268 дахь талд:

... Гурван жил тутамд хөвүүдийг цөөлж, залуу эрсийн цус намаг балчиг үүсгэж байсан. Эцгийнхээ амьдад золгож үзээгүй үрс арван гурван хавартайдаа дайнд орж байсныг мартаж боломгүй. Хамаг Монголын энэ зовлон бол Хаан ширээний төлөөх тэмцэл бус тал нутагтаа тайван бэлчих таван шимтийнхээ аагаар хөлжих, тухт таван ардынхаа тулгар Төрийн төлөөх золиос юм... гэжээ.

Бодоод үзвэл, бодохдоо яг өөртөө, би гэдэг хувь хүндээ хамаатуулж бодоод үзвэл их хэцүү дүр зураг харагдана. Хүүтэй боллоо гээд баясаж байтал түүнийгээ гурван жил тутамд амьд авч үлдэхийн тулд бүх л аргаа хэрэглэнэ гэсэн үг.
Эцэг хүн, эх хүн үүнийг өөртөө хамаатуулж, өөрийнхөө үр хүүхдийг хараад бодвол ойлгож л таараа.
Одоо бид үр хүүхдээ дунд сургуулийг нь төгсгөөд, ямар мэргэжлээр ямар боловсролтой, ямар амьдралтай хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээ боддог л биз.
Гэтэл өнөөгийн бидний Монгол улсын эх үндсийн нэг болсон Хамаг Монголын үед бол юун тэгж алсыг харж, хорь гучин жилээр нь бодох, харин ч бүр хоёр гурван жил амьд байлгаж чадвал их юм байсан бололтой дог.

Золиос гэх үг, гэх утга?
Би байхгүй ч, энэ зүйл, энэ үйл хэрэг байх учиртай, байх байхдаа бат орших учиртай гэсэн үүднээс өөрийнхөө амь нас, биеэ гаргуунд нь гаргахыг золиос гэж байгаа биз.
Тулгар, нялх, шинэ Төрийнхөө төлөө дан ганц Төрийн түшээд бус, тэр үеийн бүх хүмүүс ингэж биеэ, амьдралаа гаргуунд нь гаргаж байж, тэгж байж Монгол Төр маань өнөөдрийн бидэнд ирсэн аж.

Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр нэг амьдрах юм сан гэж бидний үеийнхэн мөрөөдөх юм. Аргагүй дээ, нийгмийн энэ их бухимдал, амьдрах эрүүл бус утаатай орчин, хөрсний бохирдол, ажилгүйдэл, ажилтайнуудынх нь олсон хэд нь амьдралд нь хүрэхгүй байх, өнөөдөр хоол хийгээд идэхдээ маргааш юу идэх билээ гэж санаашрах гээд л мөн ч их асуудал байгаагаас хойш тэгж мөрөөдөхөөс яах билээ.

Бидний өмнөх үеүдэд ч бас бидний эцэг өвгүд бас тэгж мөрөөдөж хүсдэг л байсан нь "тал нутагтаа тайван бэлчих таван шимтийнхээ аагаар хөлжих" гэх үгсээс харагдаж л байх.
Адилхан л зүлгэн дээрээ гэрээ бариад зүгээр сайхан амьдрах сан гэх хүсэл, гэх мөрөөдөл. Ялгаа нь бидний өмнөх үед түүнийхээ төлөө золиос гаргаж байж, харин өнөө бидний үе мөрөөдөхөд мөнгө төлөх биш гээд л мөрөөдөхөөс цаашгүй байгаад ч юм шиг.

Яагаад Төр гэдэг зүйлийн төлөө ингэж золиос гаргах учиртай юм бол ер нь? Төрийн төлөө оготно гээд л мань мэтийн оготнууд хөеөгөө бэлдээд л, бор гэдсээ божийлгоод л яваад байвал яасан юм ингэхэд? Төр, эх орон гэх зүйл зөвхөн түүнийг ярьж, түүний төлөө гэж үнэнтэй, худалтай хашгирч, зүтгэж, магад Поп гэгдэж яваа хэдэн хүний л хамгаалах учиртай зүйл юм болов уу? Би л ажилтай, орлоготой, ар гэр маань амандаа хоолтой, өмсөх хувцастай, өнөө маргаашдаа болж байвал тэр Төр маньд ямар хамаа байж уу гэж бодох уу? Төр гэдэг нь зөвхөн сонгууль гэгчээр ард түмнээс сонгогдсон тэр хэдэн хүмүүсийн хариуцах, хамаарах зүйл юм уу?
Миний халаасанд, хэтэвчинд нь л, олж байгаа хэдэн бор төгрөгт минь Төрөөс гаргах шийдвэрүүд шууд нөлөөлөхгүй л байвал тэр Төр гэгч байна уу, үгүй юу, ер нь ямар хамаа байнаа гэх үү? Миний авч байгаа хэдэн төгрөгийг татвар нэрээр шулаад ирэхээр л Төр гэдэг нь надад хамаатай юм уу? Яагаад миний цалинг татвар нэрээр булаагаад байгаа энэ Төр гэх бүтцийн төлөө би өөрийгөө, эсвэл өөрийнхөө нэг хэсгийг золиослох учиртай юм бэ? Төр гэдгээ байлгаж, тусгаар улс гэдэгтээ эзэн байх ёстой юу, үгүй юу? гэх олон асуултууд байх. Эдгээрийг өөрсдийн бодолдоо нэг удаа ч болов эргэцүүлээд үзээрэй гэж хүснэ.





No comments:

Post a Comment