Wednesday, October 28, 2015

өөрийгөө харьцуулав уу, өнөөдрөөр улстөржив үү ккк

уджээ. энд өөрийнхөө зайгуул, зуугуул бодлуудаасаа бичилгүй уджээ.

өнөөдрийг хүртэл нилээд хэсэг хугацаанд өөрийгөө л харьцуулж, бодож, анзаарч явсан гэхэд буруудахгүй л байх. мундаг, чадалтай, удирдагч, түүхэнд нэрээ тодоор үлдээсэн гээд хүмүүстэй өөрийгөө харьцуулсангүй, нэгэн цаг хугацаанд зэрэгцэн амьдарч байгаа мундагуудтай, эсвэл мунхагуудтай, чадалтайнуудтай, эсвэл чадал муутай дорой нэгэнтэй гээд л өөр хүмүүстэй өөрийгөө харьцуулсангүй ээ. өөрийгөө өөртэйгөө л харьцуулахыг хичээлээ. өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөртэйгөө, өнөөгийн би-гээ өнгөрсний би-тэйгээ л харьцуулахыг хичээлээ.
тэгсэн чинь олон зайгуул, зайлуул, тэнэмэл, хэсмэл, зуугуул, зугтмал, шилэрмэл, шилэгдмэл гээд л бодлууд маань өнөө л Онгод, Буурлуудтай холбогдож байх юм. Онгод залснаас өмнө нь, дараа нь гэж шампууны сурталчилгаа шиг, нүүрний тосны реклам шиг шууд харьцуулж болохгүй, боломжгүй юм гэдгийг бага зэрэг ухаарлаа ккк.
Онгодоо залж, удмынхандаа, угсааныхандаа, өрөөлд үгээ хэлж, үйлийг чиглүүлж, гарцыг нээж, харанхуйг гэрэлтүүлж явахыг хүсэх тэднийхээ улаач болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ.
за тэр яах вэ, сэдвээсээ халиад талийх гэж байна хэхэ. харьцуулалтаа л бичье байз.

өмнө би том гэгдэх арилжааны банкинд, том гэгдэх газарт нь эдийн засагч гэсэн мундаг шошготой, мундаг албатай байлаа. дараа нь нэг хэсэг хөрөнгө оруулалтын шинжээч гэх шошго зүүж үзлээ, дараа нь нэг хэсэг уул уурхайн салбарт ажиллалаа, дараа нь даатгалын компанид бяцхан захирал хийж үзлээ. сүүлд нэг хэсэг барилгын салбарын компанид менежер хийж үзэв. одоо бол гудамжинд лааз өшиглөөд л, байхгүй бол олж өшиглөөд л явж байна ккк. бүр лааз олдохгүй бол хуванцар ундааны, усны сав олж өшиглөөд л. гэхдээ хуванцар сав ч бас түүгдэж, тушаагдаж мөнгө болдог тул өшиглөхөд олдоц муутай ккк. за юу өшиглөх нь яах вэ, гол нь албан байгууллагад ажлын цагаар тогтсон цалинтай, тодорхой эрх мэдэлтэй явж байсан хүн гудамжинд ямар нэг юм өшиглөөд л яваа гэж ойлгуулах гэсэндээ баахан өшиглөх юмны тухай бичлээ.

тэгэхээр өнөө өөрийгөө өөртэйгөө харьцуулсан харьцуулалт маань өмнөх би болоод өшиглөдөг би гэсэн ангилалд хуваагдаж таарах нь.

зурагтаар америкуудын хийсэн, африкийн нэг улсад дайтаад л, тэндээ сүр хүчийг үзүүлж байгаад зорилгодоо хүрч, алдагдсан нэг эр зоригтой дайчныг аварч эх оронд нь аваачиж, ээж, аавд нь золгуулж байгаа тухай кино гарч байна. яахав өшиглөх юм ховор хүн чинь түүнийг үздэг юм байгаа биз дээ.

өмнөх би бол америкчууд мундаг байна шүү, ямар мундаг баатарлаг юм бэ, ганц хүнийхээ төлөө ингэж сүрийг үзүүлж, ямар ч үнээр хамаагүй даалгасан даалгаврыг биелүүлж чадаж байна гэх зэргээр киногоо бахдан үзэж, аргагүй л хийт болсон, олон оскар авсан, олон сая дооллар олсон кино ийм байхаас яах вэ гэж бодоод л үзээд дуусах байсан.
гэтэл бас шууд ингэж бодож чадахаа больсон байв. өнөө өшиглөдөг би чинь өөрөөр буюу өнөө америкчуудын зорилгоо биелүүлэх замд нь үрэгдэж байгаа адилхан л хүн, америк биш боловч африк хүмүүсийг өрөвдөж, энэ киноны энэ олон үйл явдал дунд хичнээн хүн үрэгдсэн бол, хичнээн их хүмүүсийн орон гэр сүйдэж, тав тухтай байдал алдагдаж, эх орных нь хөрс шороо сэндийчигдсэн бол, хичнээн уух ус нь бохирдсон бол гэж бодов.
америкчууд яахав пижигнэж ороод л, пижигнэтэл бөмбөгдөөд л, уулыг нь ухаж, усыг нь эргүүлээд ч болов өнөө даалгавраа биелүүлчихнэ, тэгээд л өнөө америк мөрөөдөл гэгдэх өөрийн мэт боловч бусдаас булаасан газар нутаг руугаа явчихна, харин өнөө уул нь бөмбөгдүүлж, ус нь эргэсэн газарт үлдэж байгаа африкчууд яасан бол гэж гайхаад л үлдэв. яагаад энэ америк найруулагч энэ тухайг кинондоо оруулсангүй вэ, мартчихав уу, эсвэл киноны төсөв нь хүрэлцсэнгүй юу, эсвэл кино нь хэт урт болох гээд байсан уу гээд л балай балай зүйл бодсон ч өшиглөдөг би эцэст нь ердөө л тэр найруулагч, тэр америкт өөрийн нутагтаа үлдэж буй африкчууд сонин биш, хэн ч биш учраас орхисон байх гэж бодов.

яг энэ кинон дээр гаргаж байгаа аашаа, авираа америкчууд, америкчууд шиг олон гадаадууд африкчууд шиг гадныхны санах бид нарт гаргаад байгаан биш үү гэсэн бодлыг өшиглөдөг би тээсээр киногоо үзсээр.

кино дууслаа. дуусахаар нь суваг сольж байтал нэг суваг дээр гадаадын хөрөнгө оруулалтын тухайд гарч байх юм. өмнөх би болон өшиглөдөг би-гийн бодлууд хөвөрсөөр.
Монголд маань гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирээд, эдийн засаг маань өсөж, хөгжөөд л, том том байшингууд сүндэрлээд л, хүмүүс том том тоотой цалингууд аваад л, том том бэрээндийн гял цал хувцас өмсөөд л, том том хөсөг тэрэг унаад л, том том яриад л, томорч буй даяаршилтай хөл зэрэгцэж, алхаа жигдрээд мөн сайхан байна. гэтэл сүүлийн хэдэн жил энэ хэдэн эх орон, газар нутаг, цэвэр ус, агаараа гэж элийрсэн нөхдүүдээс болж, малаа маллаад тэндээ сууж байх ёстой нөхдүүдээс болоод гадаадын хөрөнгө оруулалт багаслаа, хорогдлоо, буурлаа. буруутан нь тэд нар юм байна, эднээс болоод би хэдэн зуун сая төгрөг, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, уулыг тэгшилж хороолол босгож, усыг зайчилж хот босгох байсан минь бүтэхгүй боллоо гэж өмнөх би боддог байв.

гэтэл өшиглөдөг би өөрөөр буюу өмнөхөө, чи энэ бие, энэ хувь хүн төвтэй бодоод байна, хувь хүнийг бодоод л байвал буруутдаг юм. харин энэ хувь хүн төвтэй бодохын оронд эх байгаль төвтэй бодооч, энэ хувь төвөөр бүхнийг эзэгнэж, бүгдийг хэрэглэхээсээ илүүтэй эх байгальтайгаа зохицох, нийцэх талаараа бодоочээ гэж шаардах. юу билээ гээд зогтустал үнэндээ миний амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, идэж байгаа хоол, өмсөж байгаа хувцас, эдэлж байгаа бүхэн маань үнэхээр л эх байгалиас л үүдэлтэй, үүсэлтэйг анзаарлаа. өмнөхөө чиний нөгөө элийрсэн гээд байгаа нөхдүүд чинь, энэ л эх байгалийн чинь төлөө зүтгэж байна, тэмцэж байна, үгүй ядахдаа үгээ хэлж чадаж байна гэж тэднийг өмөөрөх.
наад гадаадууд чинь хөрөнгө оруулалт гэж энд авчирсан мөнгөө өөрсдийнхөө нутгаас сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдан авах, түүнийгээ ажиллуулах мэргэжилтэндээ цалин өгөх, хамгийн гол нь гадаадуудыг Монголчуудаас минь илүү таатай нөхцлөөр ажиллах орчныг нь энд Монголд минь бүрдүүлж өгсөн хүмүүсийн гарыг хүндрүүлж, авилгалдаа зарцуулах гэсээр яг энд эдийн засагт минь наалдаж байгаа нь бараг үгүй юм гэж тэрслүү царайлах. өшиглөдөг миний энэ л бодлыг батлах мэт мундаг гадаадуудын хэрэгжүүлж буй ОюуТолгой нэрт төсөл улсын татварын нийт орлогын 2.6%-ийг бүрдүүлж байна гэсэн мэдээ жирэлзэн өнгөрөв. мунхаг би Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр төсвийн орлогын 50%-иас илүүг бүрдүүлж байдаг гэж санах юм. ОюуТолгой нь Эрдэнэтээс хэд дахин том гээд төслийг эхлүүлэхийн тулд хөөрцөглөн ярилцаад байсан нь зүүд, зэрэглээ мэт санагдаад өнгөрөв.
өмнөх би малыг зөвхөн надад зориулагдсан, миний ходоодонд орж, миний хошногоор гарах учиртай мах гэж хардаг байж, гэтэл өшиглөдөг би малыг эх байгалийн нэг хэсэг, энэ Монголын минь ахуйн цөм болсон баялаг гэж хардаг болж.

үргэлжлээд мэдээ гарав. Ноён уулыг нинжа нар эзлээд, эзэнгүй газар тэд нар дураараа аашилж, тэнд очсон цагдаа нарт дийлдэхгүй, эх нутгийн минь нэг сайхан уулыг нүхлээд сүйтгэж байна гээд л гарав.

өмнөх би бодлоо: энэ муусайн нинжа нарыг бүгдийг нь хөөж туугаад, олон улсад нэр хүндтэй, олон улсын техник технологитой, олон мундаг мэргэжилтэй гадны нэг компанид, үгүй ядахдаа гадны компанитай хамтарсан Монгол компанид энэ уулыг хариуцуулаад өгвөл тэд нар алтыг нь сайхан аваад л, авсныхаа дараа янзтай сайхан нөхөн сэргээлт хийж уулыг нь эргүүлээд байсан хэвэнд нь оруулчихна. тэгвэл манайхаас ажиллах хүчин аваад, манай ажилгүй олон залуучуудыг ажлын байраар хангаад, улмаар тэр 70, 80 тонн алтыг нь бизнесийн ёс зүйтэй гадныхан Монгол банкинд худалдаад, манай улсын алтны нөөц ихсээд, үүнийг нь Монгол банк хэрэгтэй үедээ худалдаж гадаад валют олоод л, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш буураад, тэрийг нь дагаад миний халаасанд байх төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байж, Монголчууд бидний амьдрал уруудахгүй гээд л. Ноён ууланд илэрсэн тэр эрт балрын үеийн хүмүүсийн булш яах вэ, тааралдах юм бол музейг нь дуудаад л өгчихнө биз, эсвэл тойруулаад л ухчихна биз гэж бодох.

өшиглөдөг би гэтэл бодлоо: тэр 70, 80 тонн алтаар яах юм бэ, тэрний оронд үзэмж төгөлдөр ой мод минь байж байг, ой мод минь байснаараа тэр Ноён ууланд орших усны эх, усны зангилаа хэвээр байж, эрүүл агаартай, цэвэр устайгаа байна. алтыг ямар идэж болох биш, ууж чадах биш, тэр алтаар яах вэ гэх. Ноён ууланд олдож байгаа тэр эрт балрын гэх булш бунханууд бол энэ л усны зангилаа болсон нутгаа үхсэн ч өөрийнхөө цогцосоор хамгаалах гэж зориуд тэнд онгологдсон бидний өвгүд дээдсүүдийн минь хүсэл юм гэж өмөөрөх. Хүннү гэх гүрэн Монгол гэх улсын минь үндэс суурь юм, бид нэг угшилтай, нэг угсааных юм гэдгийг, өнөөдөр орших Монгол гэнэт газрын гаваас ургаад гараад ирээгүй, бидний угшил, бидний Дээдсүүд энэ л нутагт, энэ МонГол гэх нутагт оршиж байсны илэрхий, хэн ч маргаж, үгүйсгэж чадахгүйг нотлох баталгаа нь энэ Ноён уул шиг өндөр сайхан хайрхануудад байгаа учраас үүний сөөм газрыг ч хөндөж болохгүй гэж омогших. Алт, зэс, төмөр зэрэг нь усны эх болдог, эдгээрийг нь олборлоод авчихвал усны зангилаа нь үгүй болж, ундарга үгүй болсон урсгал уснууд ширгэж, усаар тэтгэгдэх бүхэн буюу бүгд үгүй болно гэж өмнөх би-г эсэргүүцэх.
гадныхан эзэмшиж байгаа лицензийн талбай болох уулын амнаасаа эхлээд харуул манаатай байж, наад гадаадууд чинь мань мэтээрээ даажигнаад наад нинжа нарыг чинь зориуд хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оруулаад байгаан биш үү, тэгээд үүнийгээ хүмүүст итгүүлэх гээд зориуд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаад байгаан биш үү гэж итгэлтэйгээр бодох. үнэнийг хэлэх гэсэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг өнөөдрийн өлссөн ходоодоо тэжээх мөнгөөр нь хаагаад, хаалтын гэрээ хийгээд байна гэж бодох.

мэдээ үргэлжилсээр, гэхдээ өмнөх болоод өшиглөдөг би өнөө л Ноён уулыг бодсоор. маргаан дагуулж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул нь Хан Хэнтийн нурууны үргэлжлэл учраас өмнө нь түүнийг бүхэлд нь Хан Хэнтийн тусгай хамгаалалтанд авсан гэж сонсож байсан. гэтэл одоо түүнийг ухаж, алт олборлох гэж байгаа гадны компанийн хэсгийг нь тусгай хамгаалалтаас гаргаад  бусдыг нь хамгаалсаар үлдээх төслийг байгаль орчныг хамгаалах учиртай, энэ засгийн үед чиг үүргийн гэгдэж байгаа байгаль орчин, ногоон хөгжлийн яамных нь өнөөгийн зуурдын сайд Батцэрэг ярих, түүнийг батлуулах гэж байгаа гэнэ.

өмнөх би бодлоо: тийм ш дээ, ингээд л шийдчих хэрэгтэй. бөөн юм болж сүржигнэж байхаар асуудалд ингэж уян хатан хандаад, уулаа ч сүйтгэхгүй, баялгаа ч олборлочихно, гадныхан мөн ухаантай шүү, гадныхан гэхээсээ илүү үүнийг батлуулах гэж байгаа манай сайд, дарга нар мөн мундаг сэргэлэн, маневр сайтай байна гээд л. энэ ёстой мундаг сайд байна, байгалиа ч аваад үлдэж байна, бас улсынхаа эдийн засгийг давхар тооцож чадаж байна, мань мэтийгээ бодож байна шүү гээд л. угаасаа тэр ухах гэж байгаа газар нь ямар ч булш, бунхан илрээгүй юм чинь ингээд л шийдчих хэрэгтэй гээд л.

өшиглөдөг би нь гэтэл: юу балайраад байгаан бэ? ингэж яаж болох юм, тэр хэсэг газар нь коридор гаргаж тусгай хамгаалалтаас гаргаад, түүнийг нь ухахын тулд наана, цаанаас нь хүнд даацын тэрэгнүүд очно, тэгэхээр газрын гадарга дээр нөгөө уул чинь, ой чинь үгүй болно. газрын доор нөгөө усны зангилаа чинь хөндөгдөөд үгүй болно. тэгээд ч наад гадаадынхан чинь газар доогуур тунель гаргаж ухаад бусад хэсгийг нь бүгдийг нь хөндийлөөд ухчихна гэж харамлах. Засгийн газрын захиалгаар хийгдсэн судалгаагаар наад гадныхан чинь ухах гээд байгаа газар багадаа 8 булш олдсон гээ биз дээ, түүнийг нь наад гадныхны төлөө хөлөө хугалах гээд гүйгээд байгаа нөхдүүд нууж дарагдуулаад, тэр талаарх мэдээллийг судалгааны тайлангаас нь ор мөргүй алга болгосон гээ биз дээ, ер нь наад гадаадууд чинь манай хэдэн авилгал авсан, харь цусны хольцтой нөхдүүдтэй нийлж байгаад Монгол минь энэ нутагт үргэлж оршиж байсан нотолгоо болох эдгээр өвгүдийн минь булш бунхан, нотлох баримтыг өөрсдөө аваад, авсныгаа хав дараад, дараа нь бидний үүх түүхийг өөрчлөх гээд байна гэж бат бодох.
тэгээд ч чиг үүргийн буюу үндсэн дөрвөн яам /чиг үүргийн буюу аль ч намын үед, засгийн үед заавал байх учиртай, бусад яамнуудаа араасаа чирч байх учиртай Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамдууд, эдгээрүүд дээр нэмэгдэж энэ ардчилсан намын үед Байгаль орчны яам чиг үүргийн яамаар нэмэгдсэн/-ны нэг байж, энэ байгаль орчны яамны сайдын байж байгааг ээ. уул уурхайн яам гуай та байж бай, улсын их хурлын гишүүд та нар сонсож бай, энэ ууланд уул уурхай эрхэлж, гүний уурхайг ашиглалтанд оруулж, уулыг дэлбэлвэл усны зангилаа нь үгүй болно, зангилаа нь үгүй болвол та бид уух усгүй болно, мөн наад хавиар нутаглах эхнээсээ дайжиж байгаа ан амьтан, ургамлын аймаг устана гэх зэргээр чиг үүргийнхээ яамны сайд шиг уулыг ухахыг хүсэж байгаа гаруудад саад болчихож чадахгүй, арчаагүй новш гэж бодох. энэ ч дээ, аягүй бол ямар нэг зүйлээр барьцаалагдсан, эсвэл ямар нэг эдээр худалдагдсан новш байна даа гэж хардах.

мэдээ ч тэгсгээд дуусав. би ч үргэлжлүүлэн бодсоор үлдэв.
ганц кино үзэх гэсэн биш өөртэйгөө маргалдсаар өнгөрлөө, ганц хоёр суваг эргүүлсэн биш өөртэйгөө тэмцэлдсээр таарлаа. ганц мэдээ харсан биш өөртэйгөө цэц булаацалдсаар л таарлаа.

гэнэт өмнөх би, өшиглөдөг би хоёрын дунд, тэдгээрийг ажиглаж байгаа, тэр нь энэ нь гэж ялгаж байгаа өөр нэг би байгааг анзаарлаа. өөр ч олон би байж болох юм байна гэж бодлоо. ингэж бодонгуут энэ бүхэн маань миний олз юм байна, Онгод Дээдүүд маань надад өгсөн хамгийн гол олз нь энэ л өөрийгөө өөртэйгөө харьцуулах боломж юм байна гэж бодов.

Онгод Дээдүүд үргэлж л аливаа үгний арыг хар, ард нь байгаа утгыг тань, мөн чанарыг нь ол, аливаа зүйлийг хэлэх болоод хийхдээ гурван цаг дээр нь хар гээд л сургадаг. мань мэт нь тэгж сураагүй, хэвшээгүй л байна, сурах хэвших нь байтугай нээрээ ингэж хэлж байсан бил үү л гэж маанагтаж суух.
яахав, маанагтаж суусных, маанагтангаа зурагт үзсэнийх аливаа зүйлийн мөн чанарыг харах, таних, олохын тулд заавал харьцуулалт хийж таарах юм байна гэдгийг л ухав.
харин харьцуулалт нь өөрийгөө хэнтэй, юутай харьцуулахаас ихээхэн хамаарах бололтой.
миний хувьд яахав, өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөртэйгөө харьцуулснаар, өмнөх би-г орхиж, өнөөдрийн өшиглөдөг би-рүү тэмүүлж байгаадаа яагаад ч юм баясав. ингэж өмнөхтэйгээ өнөөгөө харьцуулаад, үүнийг нь өөрөө дотроо дэнслээд байвал олз шүү гэж маасайв ккк.

миний лааз өшиглөх яахав дээ, туг ч барина, тугал ч хариулна гэгчээр эр хүний тугал хариулахын өнөөгийн хэлбэр л биз. харин бид тугаа бариад мандуулж байна гээд лааз биш эх орноо өшигчөөд байгаан биш биз, тугаа мандуулж байна гэсэн чинь Хөх Монголынхоо биш харь нэгний, хазгай хэлтний тугийг санаатай болоод санамсаргүйгээр өндөрт өргөчихөөд явж байгаан биш биз гэж гэнэт асуумаар санагдав?!