Tuesday, April 8, 2014

Цагаан өнгө

амьдрал өөрөө тэмцэл, заяагдсан заяагаа дааж явах үүрэг, хийх ёстой үйл, үлдээх ёстой мөр, өвлүүлэх ёстой удам, өнчрүүлэх ёсгүй сэтгэл, түгээх ёстой хайр, түүчээлэх ёстой нэр биз.
гэхдээ өмнө нь нэг удаа бичиж байсан, би өөрөө хэн болж байж, юуг өөрөөрөө үйлдэж байж, түүнийгээ үржүүлж, орчиндоо халдааж чадна гэж. тиймээс өнөөдрийн тэмдэглэлээ ямар нэг зүйлийн учрыг олох гэж биш, өөртөө асуулт тавьж биш, алив зүйлийг олон өнцгөөр харахыг хичээх биш, зүгээр л нэг өнцгөөс нь, ямар л байгаасай гэж хүссэн өнцгөөсөө харж бичмээр болов.

тэр өнцөг нь "цагаан" өнцөг байж таарах. цагаан өнгө гэдэг эхийн сүү мэт ариун, цагаан сэтгэлтэй гэх, эсвэл итгэл найдварын өнгө л гэх. миний энэ тэмдэглэлд цагаан өнгө нь нялх хүүхдийн сэтгэлээр ойлгогдоосой гэж хүсэж байна. аавыгаа, ээжийгээ хараад, эднээс минь өөр мундаг хүн энэ орчлонд байхгүй гэж бодох тэр л нялхын сэтгэл шиг, алаг хорвоод бор овоохойгоос минь илүү орд харш байхгүй гэж итгэх тэр л нялхын сэтгэл шиг, жамын орчлонд хагацал гэж байхгүй, үргэлж хайранд умбаж байна гэдэгтээ үнэмших тэр л нялхын сэтгэл шиг, тийм л цагаан өнгө байгаасай.

тэгвэл би, өдийг хүртэл өөрийнхөө ч учрыг олж чадахгүй яваа, хувь нэгэн хүн гуай, юу хүсдэг, түүний нялх хүүхдийн сэтгэлээр төсөөлөх цагаан өнгө нь юу байх юм бэ?

эгэл нэгний эрүүл амьдралыг туулах
энхрий үрсдээ инээх шалтаг болох
ээж, аавдаа бахархах итгэл болох
энэ насандаа түвшин сайхан явах хүсэлтэй байж,

гэтэл одоо хүсэл минь юу болов?
надад халдах өвгөдийн эрчмээс болоод тэр үү, эсвэл энэ л байгалиараа бахархах сэтгэлээсээ болоод тэр үү, хамгийн ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэлийг гүйцэд ойлгуулж чадахгүй хэрнээ, хамгийн хийсвэр мэт эх нутгаа гэх сэтгэлээсээ болоод тэр үү, хүсэл минь дээрх бичсэнээс минь илүү баялаг, түүнийг агуулж баяжин хувирч байх шиг.

бидний Монголчууд бас л сонирхмоор улсууд шүү, эх нутгаасаа хол байхаар түүнийгээ санаад, бэтгэрээд, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг хэрнээ, эх нутагтаа байхаараа түүнийгээ зажлаад хаях бохь мэт, зайлаад асгах угаадас мэт бодох, боддоггүй нь байх ч, тэгж бодож байгаа мэт үйлдэх нь их.
тэгвэл энэ удаа би нутагтаа байгаа хэрнээ, зүгээр нэг дуу сонсоод, түүний клипийг нь үзээд л, энэ нутгаа санаад байх юм ккк. нутгаасаа хол байхдаа хаврын салхинд нусаа хацартаа наагаад, түүнийгээ шороотой хольж арчаад, арзайсан үстэй, ярзайсан шүдтэй, инээгээд алхаж явах сан гэж их хүсдэг байсан сан. гэтэл одоо нутагтаа байхдаа, нутгаа санаж байна гэсэн хэрнээ, тэгж алхаж чадахгүй дээ ккк.

гэхдээ яах вэ, төсөөлөөрэй гэсэн нялх хүүхдийн сэтгэл шиг цагаан өнгө учраас, илүүг бодохгүйгээр, цагаан өнцгөөсөө бичнээ.

миний ардын сэтгэл нь цагаан байг
миний ардын үйл нь зөв байг
миний ардын ухаан нь гүн байг
миний ардын түүх нь ариун байг

миний ардын итгэл нь бөх байг
миний ардын зориг нь дүүрэн байг
миний ардын золбоо нь өөдөө байг
миний ардын жаргал нь бялхаж байг

миний ардын сэтгэл нь бас таных байг
миний ардын сэтгэл нь Монголоо л гэдэг байг
миний ардын сэтгэл нь дэлхийгээ хайрлаг яваг
миний ардын сэтгэл нь дэндүү ихээр цалгиж яваг ээ.

http://www.youtube.com/watch?v=mxosoxqCFu8

дээрх мөртүүд, дээрх дууг сонсоод төрсөн нь.


цагаан өнцгөөс үргэлжлүүлэн бичихэд:

миний нутгийн салхи бэтгэрээд ирэхэд минь ариун цэнгэг байг.
миний л гээд уйлаад ирэхэд минь ус минь тунгалаг байг.
өөрийн минь гээд туниад ирэхэд нь өвс нь хивсээрээ байг.
өвгөдийнх минь гээд хайгаад ирэхэд нь уулс нь байдгаараа сүмбэрлэг.

зүгээр гэрээ барих зүлэг нь ногооноороо байг.
зүүгдэж тоглох мөчрүүд нь минь навчистайгаа байг.
зөн совинд харагдсан толгод минь бүтнээрээ байг.
зөөлөн гуниг төрүүлэх өнчин хайлаас нь байрандаа байг.

өөрийн тань эцэг халисан ч уулс түүний хоймрыг эзлэг.
үр минь гээд үнсэх эх тань үдлэсэн ч нуур нь нулимсыг нь орлог.
өргөө гэрийн тань нөгөө багана ганхсан ч тал нутагтаа эрхлээд хэвтэг.
үрс тань үүрээ орхиод ниссэн ч өдлөж байгаа ангаахайг харж сэтгэл тань дэвтэг.

жамын болгон зуун, зууныг дамнаснаараа байг.
жаргалын багыг чамлалгүй мэдэрч сураг.
жаяг болгож нутгаа өмөөрөх сэтгэл нь оршиг.
заяа нь болж Тэнгэр минь Хөх Монголоо ивээг дээ.


No comments:

Post a Comment