Tuesday, September 9, 2014

аашламаар ч байх шиг

хүн ер нь юу, эсвэл хэн юм бэ?

бодож үзээгүй юм байна, тэгэхээр би хүн учраас, өөрийгөө хэн бэ гэдгийг гүйцэд бодож байгаагүй л болж таарлаа.

би бол хүйтэн хөндий, алив зүйлд дургүй байгаагаа нуулгүй нүүрэн дээрээ илэрхийлчихдэг, дуртай бол арзайтлаа инээчихдэг, зориод итгэсэн зүйлийнхээ эцсийг хүргэхийг хүсдэг,  чадахгүй бол хичээж яваад өнхөрөх, зарим хүнд сэтгэлгүй, хоосон хонгио мэт, эр хүний тогтуун, дөлгөөн зангийн үнэр ч үгүй, 13 байтугай 1300 ааштай тийм л нэгэн.


өрөөлийг биш өөрийгөө л боддог, энэ ингэвэл надад яаж тусах бол, тэр тэгвэл би ямар ашиг болох бол гээд л, үүнийг хийвэл би яах бол, түүнийг үйлдвэл тэр биш би яах бол гээд л.
үнэн амиа, өөрийгөө л боддог, өрөөл надад хамаагүй тийм л нэгэн.

гэтэл энэ туулж байгаа амьдралд минь нэгэн зүйл тохиолоо. хүн гэдгээ ойлгож чадаагүй надад, өрөөлийг огтхон ч бодож мэдэхгүй надад, өөрийнхөө л амийг хичээгч надад үүрэх ёстой ачаа, туулах учиртай тавилан, тунгаах хэрэгтэй бодлууд, тайлах ёстой оньсогууд гээд л түм, буман зүйлийг өөртөө агуулсан улаач гэдэг тавилан байсныг нь өдий 30 гаран насандаа л анх мэдээд, түүнээсээ зугтаад, дийлэхгүй хуяглачихаад л сууж байдаг.
улаач гэх тавиланг ойлгох гэж ядаж яваа, энэ алдрыг дагалдаж ирэх бонус, шид гэдэгт нь дурлах биш, харин үүрэг, хариуцлага гэдгээс нь эмээдэг, эмээснийхээ хэрээр чадахыг хүсдэг. чадаад ганц зүйл ухаад ойлгочихвол чалчаад явах, чадахгүй бол нэрэлхээд дуугүй байх, тийм л ааштай, авиртай нэгэн.

улаач болсон биш, өөрийн бус, өөр сүнсний мэдрэх мэдрэмж, тунгаах бодол, тайлах учиг, хайрлах зүрх, хайрах ир, зорих зорилго, давах хат, даах бяр, энэрэх энэрэл, эр зориг гээд л янз бүрийн зүйлийг мэдэрч байна.
мэдрээд ухаж ойлгосноосоо, мэдрээд гайхсан нь, сониучирхсан нь, солиотой мэт санагдсан нь, сонжоод өнгөрсөн нь олон байх.
гэхдээ нэг л зүйлд бат итгэлтэй болсон нь тэр сүнснүүд нь, алд биеийг минь эзлээд, оюун бодлыг минь хуваагаад, сэтгэл, зүрхийг минь шаналгаад, бодох бодлыг минь тэлээд байгаа тэр л сүнснүүд нь, тэр л хий биетэнгүүд нь энэ орчлонд хүмүүн гэдэг алдрыг зүүж, хий биш бодитоор хэлхэх яс, урсах цусыг тээж, цохилох зүрхтэй, тунгаах оюунтай, бодох тархитай гээд гайхуулаад байгаа биднээс төө байтугай, алд илүү оюунтай, илүү сэтгэлтэй, илүү энэрэлтэй байгаа нь юм.

өмнө нь би хүүхдээ хүүхэд, миний л хүүхэд гэж харахаас, энэ хүүхэд минь өөрөө хувь хүн, өөрөө ирээдүйг цогцлоох нэгэн Монгол эр, өөрийн араншинтай, өөрийн бодолтой, өөрөө мөрөө үлдээх том эр гэж харж явсангүй, тэгтэл улаач болоод тэгж харах эхлэл тавигдав. яах вэ, эр миний ясыг, эхнэр түүний цусыг тээгээд, түүндээ байх удмын мэдээлэл, өгөгдсөн бүхэн нь байгаа ч, яг харахаар тэр бол тусдаа хувь хүн, тусдаа Хүмүүн Алдартан аж.

өмнө нь би үзвэр үзэхээрээ яагаад, ямар учраас ингэв, яах гээд байна гээд, учир шалтгааныг нь олохыг хичээдэг байв. гэтэл одоо мэдрэл болчихож. учир шалтгааныг нь олох гэж бодох зуур хүмүүсийг уйлуулах кадр гарахаар нь хүн шиг уйлах гээд л байдаг болж. яаж байгаа юм, дэмийрч байгаан биш биз дээ.

өмнө нь би хүмүүст үг хэлэхдээ хурц үгээр, үнэн гэж бодсон үгээрээ, эсвэл өрөөлийг давах гэсэндээ бодолдоо орсныг, амандаа багтсаныг хэлдэг байж. гэтэл одоо энэ үг гэдэг нь өр зүрхийг тэтгэх баяр байж болохыг, эсвэл өчүүхэн болгож хэсэглэж, сийчих хутга байж болохыг анзаараад ч тэр юм уу, эсвэл өөрийн биш өөр сүнсний нөлөөллөөр ч тэр юм уу, үгээ хэлэхдээ бодох гээд ч байх шиг. гэхдээ л сайн уу гэхдээ, юу байна гэхдээ бодоод суухгүй нь л лав.

зүгээр л өөрийн дураар аашламаар санагдах юм. дотроо байгааг галт уул мэт дэлбэлмээр, тэгэхээр сөнөсөн галт уул болчихно гээд бас дэлбэлэхгүй ээ, цаадах чинь.
эсвэл өөрийгөө гэх, өөрийг нь гэдэг хүмүүст, өөрийг нь дотночлох өрөөлд хамаг адайр зангаа үзүүлмээр, аашаа харуулж санаа амармаар байх юм, тэгэхээр бас нөгөө сэтгэл гэж улаач болоод л миний үгийн санд орсон зүйл нь дотроос маажаад байх шиг, тэгээд л болих юм.
эсвэл багтраад байгаа сэтгэлээ бусдад мэдүүлэхгүй гээд амьсгаагаа түгжээд суучихмаар, бүр болдог бол тэгээд унтчихмаар санагдах юм, тэгэхээр агаараар амьсгалдаг амьтан учраас бүр чадхийчих гээд болохгүй юм.
эсвэл зүгээр л ганцаар, бараа нь харагдахгүй алсад, хараа хүрэхгүй холд явчихмаар байх юм, тэгэхээр нөгөө зардал мөнгө нь байхгүй болоод больчихоод байх юм.
зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад, айраг шимээд, алсыг ширтээд суумаар байх юм, гэтэл өнөөх чинь адуу гэдгийг зурагтаас л харсан, айраг гэдгийг уухаас л цаашгүй, гэр гэдгийг бөөрөнхий л гэж бодохоос барьж мэдэхгүй учраас бас больчихноо.

ер нь тэгээд яах гээд байгаа юм бэ? яах ёстой юм бэ?

энэ л улаач гэх алдрыг тээх учигтай бүхэн нь, энэ л тавиланг туулах ёстой бүхэн нь зүгээр л алив зүйлийн учрыг ухах учиртай юм шиг, ухсанаа эхлээд өөртөө туршиж, өөрийнхөө үйлдлээр туршиж, хэрэгжүүлэх, үлгэрлэх учиртай юм шиг, өөрөө чадаж байвал өрөөлд сайныг ерөөж туслах учиртай юм шиг, өрөөлд дэм болж чадаж байвал үргэлжлэл болсон үрсүүддээ түүх болгон үлдээх учиртай юм шиг. энэ улаач гэх хүмүүнд эрхлээд суух цаг, боломжоос илүүтэй үүрээд явах ачаа, дүүрээд тараах итгэл, дутаах учиргүй үйл, гутаах ёсгүй удам л байдаг юм шиг.
өөрийн биш, өрөөлийн өнөө хий биетэн сүнснүүдийнхээ чиглүүлж өгсөн, сэдэж хэлсэн, тайлж учрыг ойлгуулсан, туулж бүтээж явсан бүхнийг энэ махан биеэрээ, ясан хэлхээгээрээ, цусан зүрхээрээ, үйлдэх 2 гараараа, алхах 2 хөлөөрөө сэдэл биш бүтээл, санаа биш бодит, тайлал, таамаг биш туулах зам болгох учиртай ч юм шиг.
харин нь л дээ, мэдэхгүй юм даа, би ч ер нь юугаа ч мэдэх вэ дээ.

No comments:

Post a Comment