Monday, May 20, 2013

хархорины үйлийн тэмдэглэл

Өвөрхангай аймгийн, Хархорин суманд эр, эм, үрийн заяаг тэгшлэх тахилга болно гэж сонссон авч замбын ажил маань амжихгүй юм чинь гээд тоосонгүй алхсаар...
үйлд мордохоос 4 хоногийн өмнө өргөөний улаачдын нэгдсэн хурал болов, түүнд суув, тэгээд тэнд хийгдэх үйлийн тухай дэлгэрэнгүй сонсож байтал явах ёстой мэт, явахгүй бол болохгүй мэт санагдаад л суулаа.

тэссэнгүй ээ улаач нь ккк, улаачийн ам түргэдээд энэ үйлд явж амжихгүй юм шиг байна, яах билээ гээд асуучихав. тэгтэл бидний дууны багш гэж дууддаг зайран юу яриад байгаа юм, ингэж хэлж, ингэж хийх байсан юм бол яах гэж хуягласан юм, наад хуяг хувцасаа тайл, бөө гэхээ боль гэж надад хэлэв.
явах ёстой санагдаад байсан, тэгээд тийм үг сонсохоор нээрээ юу билээ гэж бодов, улаач гэхээр зөвхөн удмынхаа үйлийг хийгээд, хүний засал хийгээд явах биш юм байна, улсынхаа, нийт олныхоо сайн сайхны төлөө хийгээр хийгдэх үйлэнд дэм болохгүй юм бол, улаач нэр зүүгээд ч яахав, өөрийн алдаар зүтгэх боломж юм байна гэж бодоод маргаашнаас нь ажлаа зохицуулахаар шийдвээ.
тэгтэл ар гэр, замбын ажил гээд бүгд дорхноо зохицуулагдаж, өнөө улаач явахад бэлдээд эхлэв.

хархорин суманд ирлээ, Орхоны хөндий гэж морьтой нь бууж хараачилмаар, явган нь сууж бахархмаар сайхан хөндий байна.

тэнд очоод үйл хийх өдрийн үүрээр мөндөр ороод, цас нэвсийтэл дараад, дараа нь нар гараад, тэгснээ орой нь бороо хаялахыг харав, хаврын тэнгэр биш байлтай, зуны тэргүүн сар гарчихаад байхад гээд гайхав.

хайрханы тахилга, лусын тахилга, хас эргэх бөөлөө гээд 3 хэсгээс бүрдэж байсан, бөөлөхдөө зайран бүр эр заяаг тэгшлэхийн төлөө, эр заяаны төлөө бөөлөх бөгөөд бөөлөө тус бүрт буусан Онгодууд их онцлогтой санагдав.

яаж эхлэх, яахаа мэдэхгүй төөрч явсан тул Хар Соно зайрангаас яах талаар асуухад толгой Онгодоо залаад, тэгээд цаашаагаа Онгодууд аваад явчихна, хайрханы тахилгын үед савдаг, эсвэл түүний уналга орж ирж магад гэв.
хайрханы тахилга эхлээд толгой Онгод маань залраад тун удалгүй өмнө нь заларч байгаагүй, нэг их том биетэй, яалтчгүй нэг амьтан биед залраад, хоолой бачуураад, муураад унахнуу л гэлтэй болохыг мэдрэв, тэгээд биеэ чангалаад, гайхаад байтал биеийг маань маш хүчтэй эзлээд 4 хөллөөд, архираад эхлэв, тэгж байснаа бүр улив аа, тэгэхээр нь л Хар Соно зайрангийн хэлсэн Савдагийн уналга нь юм байна гэж бодоод биеэ барихаа болиод суутал удалгүй Савдаг бололтой, өмнө улаачдаа заларч байгаагүй Онгод залраад үйлээ хийж эхлэв, Монгол нутгийнхаа нэг захаас нөгөө зах хүртэлх бүх эрсийн заяаг өргөөндөө тэргүүн нь байж, эзэн нь байж, үрдээ нөмөртэй, үрдээ багш мэт, ханьдаа түшигтэй, энэрэлтэй, зөвлөгч нь байж, өөрийн бүхнээ өмгөөлөх зоригтой, зүрхтэй, иртэй байж... гэх мэтээр мунхаг улаач нь тогтоож чадаагүй тэр л ерөөлийн үгсээр ерөөж үйлээ хийв, үйл хийхдээ энэ замбын эрсийн эр заяагаас гадна, Онгодууд, Буурлуудын эр заяаг хүртэл ерөөв. үйлээ хийж дуусаад хэр болсныг нэг шалгав, тэгснээ дахиж тойроод түшээг маань эрийг магтан дуулсан ая барь гэж байгаад данагар данагар алхаатай... гэсэн бадаг дуулуулаад 2 дахиа шалгасны дараа сэтгэл нь ханасан байртай мишээж байгаад мордлоо.

за тэгээд хэсэг завсарлаад дараа нь лусын тахилга эхлэв, мөн л асуудгаараа асуухад лус Эцгээ залаарай гэсний дагуу үйлээ эхлэв.
Лус Эцгээ залах гээд эхлэж байтал улаачдаа өмнө нь залардаг байсан Лус Эцэг маань биш байсан бөгөөд /ааш нь, авир нь өөр/ ундаалсан болоод үйлээ хийж эхлэв. энэ удаад эр заяаны төлөө, эр заяаг эх байгалиас гаралтайгаар нь, алдынх нь судсаар нь урсаж байгаа цусны дусал бүрийг байгаль эхийн усны судал бүртэй ижил гэж бодох ёстой, рашаан хүртэж байгаа бүхэн алаг дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй байх ёстой гэх мэтээр мөн л улаач нь тогтоож чадаагүй үгсийг хэлж үйлээ хийв. дуусах дөхөөд дахиад л хийсэн үйлээ хоёронтоо шалгаад мордлоо.

за ингээд бидний завсарлага, рекламны пауз хэхэ.
бидний үйл маань нар хэдийнээ гудайх үед завсарласан тул хөтөлбөрт байсан эрийн 3 наадам маань их шуурхай болж өнгөрлөө.

нар шингэв. хасын бөөлөө эхлэв.
сонгогдсон 9 зайран маань босоо зассан түүдэг дундуур гарсны дараа бид бөөлөөгөө эхлүүлж, хэнгэрэгээ нүдэж эхлэв. энэ удаа харин өчүүхэн улаачдаа залардаг, өндөр Дээд маань залраад өөрөө сууж, үйлээ хийв. үйлээ хийхдээ эр заяаг үг, үйл нь зөрдөггүй байг гэх мэтээр ерөөсөөр хийлээ.
3 удаагийн бөөлөөнд Онгодууд улаачдаа хэлэх зүйлээ, мэдрүүлэх зүйлээ мэдрүүлж л байлаа, тэр дундаа хэрвээ энэ үйлд яваагүй бол мунхаг улаачийгаа шоглох байсныгаа мэдүүлэв.

үйлийн дараа Хар Соно зайрангийн Дээдэс заларсан байхыг хараад хүндэтгэл үзүүлэхээр шимийн архи Буурлуудынхаа тагшинд хийгээд барихад таатай авч, тааламжтай хүртэв.
түүний дараа Соно зайрангийн Дээдэс тэнд сонсож байсан улаач бидэнд хийсэн үйлийг тань магтаж болох ч энэ удаа аашлаж, хэлэх үгээ хэлсэн нь дээр гээд маш үнэтэй сургаалиудаа айлдав.

мунхаг улаачийн хувьд харсан нь, сонссон нь, мэдэрсэн нь их хэдий ч үүнээс илүүг бичих гэхээр өөрөө ч залхаад байх шиг, эсвэл үүнээс илүүг бичих хэрэггүй ч юм шиг тул ингээд өндөрлөе дээ

No comments:

Post a Comment