Monday, June 3, 2013

хүн шувуу

сайхан өдөр байна, гадаа нартай, шороо шуурах нь бага, сайхан байна.

улаач хүн өөрийгөө өөрийнхөө дуртай шувуутай зүйрлэвэл их дажгүй санагдаад байдаг болчихлоо, учир нь шувуу нисэхгүй бол шувуу гэсэн утгаа алдана /тахиа биш, жинхэнэ агаарт дүүлдэг шувууг хэлэв ккк/, тэгвэл шувууны нэг жигүүр нь Тэнгэрийн үйл нь, нөгөө жигүүр нь Замбын үйл нь, энэ 2-ыг бид салгаж ярина гэж үгүй, өөрөөр бас хэлбэл нэг зоосны 2 тал гэсэн үг.
бид за одоо хэсэг зуур Тэнгэрийн үйлээ хийж, улаачийн ажлаа хийж, Буурлуудаа залья гээд л, эсвэл за одоо замбын ажлаа хийнээ гээд л яриад байдаг, гэтэл энэ маань биш юм аа гэж боддог болоод байна.

түрүүн хэлсэнчлэн бид шувуу, дүүлэн халих, өндөрт нисэж өрөөлийг тольдох, өөдгүйг тонилгох, өөр нэгнийг сэхээрүүлэх тийм л шувуу аж. шувуу нэг жигүүргүй, өөрөөр хэлбэл зөвхөн Тэнгэрийн үйл гээд л яваад байвал яах билээ, энэ замбад хэн амьдарч байгаа билээ, биднийг өөрийн ухаантай, өөрийн бодолтой, зөвч зөнтэй, бурууд нүд хурц байг гээд, үүний тулд Буурлууд биднийг чиглүүлж, ойлгохгүй мань мэтийг нь тоншиж байгаа болохоос амьсгалах болгоноо, амандаа дөхүүлэх болгоноо бид Буурлуудаас асуугаад, тэдний хэлснээр яваад байвал бид хүмүүн биш, зүгээр нэг хүний гар харж амьдардаг, тэжээвэр муур л болох биз.
эсрэгээрээ улаач болох байтлаа, эсвэл улаач болсон хэрнээ зөвхөн замбын үйлээ л бодоод л, энэ л замбадаа эдтэй,мөнгөтэй, чадалтай байх гээд байвал, Буурлуудын Тэнгэрээс авсан томилгоо, үүргийг нь хийлгэхгүй, улаачийнхаа биеийг, сэтгэлийг, итгэл, хүндлэлийг харамлаад байвал бидний хувьд үнэ цэнэтэй гэх замбын амжилт, замбын амьдрал, тэр байтугай бидний амь Тэнгэрээс өгсөн томилгоо, үйлдэх ёстой үйлийн хажууд юу ч биш тул хуруугаа индчээд л орвонгоор нь эргүүлэх эрх нь тэдэнд, Тэнгэрт бий ажээ.

манайхан удмынхныг заавал ирж уулзах ёстой, ирэхгүй бол болохгүй гэж хэнийг ч албаддаггүй нь амар санагдаад байгаа, гэхдээ удмаа авч явах, ясаа авч явах отгон үрийн хувьд илүү хатуурхаж, ойлгож сэхээрэг гээд хугацаа хэлээд түүнийг харж байгаа, хэрвээ сэхээрэхгүй, ойлгохгүй, өөрийнх нь өвгөд өчүүхэн улаачид заларчихаад, үрсдээ ойлгуулах гээд байгааг ухаарахгүй, улаач нь худлаа жүжиглээд, амьтан хүн ташуурдаад байна гэж бодсон хэвээрээ бол нэг удмыг засахын тулд нэг амь гарцдахад яахав дээ гэж хэлсэн нь бий. үүнээс харахад өөрийн, өрөөлийн гэлтгүй, буруу явж байгааг нь засах үгээ хэлээд, үйлийг нь тэгшлэх гээд хичээхэд өөдөөс нь ус цацвал өөрийн гэж өмөөрөхгүй, өрөөлийн гэж хаацайлахгүйгээр оногдох, тохирох ачааг нь өгдөг, алд дээр нь мэдрүүлдэг нь шударга гэхээс өөр юу гэж хэлэхэв дээ.

бид, улаач бид, заавал улаач гэхгүй, Монгол хүн бүр, Тэнгэрээс авсан өөрийн томилгоотой юм болов уу даа. тэр нь улаач нарын хувьд Буурлуудтайгаа хамтран хийдгээрээ л ялгаатай биз.
Буурлуудынхаа алдрыг сэвтээхгүй, гавьяаг хороохгүй, Тэнгэрт нүүртэй, замбад цуутай, өөрийн удамдаа алив бүхнээрээ оройлогч нь, өрөөл бусдын дунд тэргүүлэгч нь байхыг нь биднээс Буурлууд хүсээд байдаг аж.

улаач боллоо гээд бид нэг ачааг буулгаад нөгөө ачааг үүрэх, өөрөөр хэлбэл замбын ажлаа хойш нь тавиад Тэнгэрийн үйл л гээд өөр ачаа үүрэх биш, харин үүрэх ачаа өмнөхөөсөө нэмэгдээд, үүрэг хариуцлага нь улам өндөрсөөд, үгээ хэнээс ч илүү цэнэх хэрэгтэй болоод байгаа биз, түүнээс биш, Би л өвгөд Буурлуудыг биедээ залж байна, Би л тэдний үйлийг хийлгэж байгаа, Би байхгүй бол тэд хэнд буух юм, Би л тэдний төлөө алдаа, цагаа зориулж байна, Би л ... гээд ялархаад байвал БИ гэдэг өчүүхэн амийг биш болгоод, байхгүй болгох нь даанч хялбар гэдгийг Буурлуудын буянаар бага багаар ухаарч байна.

замбын талаасаа харвал Буурлуудын үйлийг хийлгэхийн тулд улаач нь л биедээ залж суулгадаг болохоос, түшээ хийж байгаа бидний ээж, аав, ах дүүс, эхнэр нөхөр хамаг юмыг бэлдэж, тэдний ундаалга, идээ будаа, тахилд бадраах зул, Буурлуудад золгохоор хүмүүс ирвэл тэдэнд цай цүү бэлдээд, тэднийг бас тааваар нь байлгах гэж зүтгээд, маш их ажил хийдэг, тэгсэн хэрнээ Буурлууд заларсан байхад ганц үг буруу хэлэхэд зандчуулах, зэмлүүлэх нь хэнээс нь илүү их ажилтайг харуулж байгаа хэрэг биш үү, тиймээс л улаач хүмүүс Би, Би л гээд байхаа татах хэрэгтэй санагдав.
манайхны хувьд бол ээж маань Буурлуудын хамаг зүйлсийг нь бэлдээд, хөлсөө гартал гүйх хэрнээ буултанд ганц үг буруу хэлэхэд л зэмлүүлж, зандчуулах нь өрөвдөлтэй, шударга биш ч юм шиг. гэхдээ Буурлууд түшээ чиний гарт өөрийн чинь үр, бидний улаачийн өчүүхэн амь нь байдаг, буултанд үргэлж анхааралтай, төвлөрч, түшээ чиний хараанаас юу ч мултарч үлдэж болохгүй, бүгдийг ажиж байх хэрэгтэй гэж сургадаг нь мунхаг улаач надтайгаа л адил Буурлуудын сургаалийг сонсох, басхүү хариуцлага үүрэх ёстойг нь ойлгуулж байгаа тул шударга биш гэж улаач нь гомдоллоод ч яалтай. Буурлуудын түшээ, тэдний хамаг юмыг бэлддэг ч, ээж маань наддаа бол ганцхан, эргэж олдохгүй ижий маань юм шүү дээ.

ингэж бичлээ гээд Буурлуудын үйлийг таслаад, ээжээрээ юм хийлгэхгүй, өмөөрнө гэсэн үг биш, яг үүнийг бичиж байхад өөрөө өөрийгөө өрөвдөөд, мөн ч болоогүй байна даа, хөөрхий гэж санагдах юм, бодвол Буурлууд маань мунхаг улаачаа хараад өрөвдөх хэцүү, шоолох хэцүү толгой сэгсэрч байгаа байх даа.

No comments:

Post a Comment