Wednesday, June 19, 2013

Халдун Хайрхан минь ээ

Халдун хайрханы үйлэнд явлаа, Буурлууддаа залж үйлийг хийлгээд, мөн их олон зүйл мэдэрлээ. одоо эдгээрээ бодож, цэгцлээд, сэхээрч, учрыг нь олоод, үгээ хэлэхдээ, үйлээ хийхдээ  хэрэглэх болов уу гэж бодож байна.

Хайрхан луу дөхөж байхад нялх үрээ санасан эх шиг, тулаанд яваад сураг нь алдарсан үрээ харах эцэг шиг л биднийг хүлээж байсан мэт, биднийг харуулдаж байсан мэт мэдрэмж төрж, очоогүй удсан нутагтаа очиж байгаа мэт дотроос нэг зүйл огшоод, сэтгэл хямраад байв.

олон жил очоогүй дотно нэгнийд очиход, сандраад л, аль сайн сайхан бүхнээ барих гээд л гүйлдэх мэт, Хайрхан маань бидэндээ хамаг сайхан бүхнээ харуулна гэж байгаа санагдаж байв. харин хариуд нь улаач үрс бид бас Буурлуудынхаа үйлийг өөрийн бодлоо гүйлгэхгүйгээр, Буурлуудаа тавлаг залж, тухтай сууж, аль байдгаараа хичээх ёстой санагдаж байв.

Галын тахилга, дараа өдөр нь Хайрханы тахилга болсон, бид ч Дээдсийнхээ нөмөрт, дэм болон үйлээ сайхан хийцгээв. Галын тахилганы үед өрх болгоны, отог болгоны галын эздийг тэр л гал дээр дуудаж байсан. тэндээсээ өрх болгон нь, отог болгон нь, хөх толбот хүн бүр нь Монголоо гэх сэтгэлийн галтай, Монголоо бид бадрааж чадна гэх итгэлийн галтай, мохошгүйгээр улсаа өмөөрөн босоо орших ухаантай байгаасай гэж ерөөж байсан.

тэндээс бас Хайрхадын эзэд, Лусын эзэд улаач балчируудыг Буурлуудынхаа үйлийг хийлгэхээр очих бүрт, үйлэнд дэм болох бүрт харамгүйгээр хариуг нь өгдөг, бэлэг өгдөг гэдгийг мэдэрсэн.
гэхдээ нэг л болзолтойгоор, тэр нь өгснийг нь зөв ашиглаасай, зөв сэдлээр үйлэндээ хэрэглээсэй гэж.
тэр тухайд 2 үг хэлэв. Ид, Илд

мунхаг улаач нь дээрх үгийг өөрийнхөөрөө бодоход: Хайрхан, Савдагийн, Лусын гээд л улаач биднийг мэдэрсэн ч бай, мэдрээгүй ч бай, үйлэнд дэм болоод хийхэд тэдний өгсөн хишгийг улаач нь зөв ашиглаад, өрөөлийн төлөө, үйлийн төлөө хэрэглээд явбал тэр нь Ид болж, улаач үр нь ид хаваа гайхуулж, Тэнгэртээ нүүртэй, газартаа нэртэй явах юм болов уу гэж, харин эсрэгээрээ буруу хэрэглээд, өөрөө л тийм мундаг болсон мэт, өөрийнхөө бярыг өрөөлд гайхуулаад байвал, өрөөлийг сориод байвал, өөрийн амин хувийн зүйлд л ашиглаад байвал, өөрийн мэдрээгүйгээ өгөөгүй байна гээд өрөөлд атаархаад байвал, Буурлуудын хажууд өчүүхэн улаач гэдгээ мэдэж даруулгатай байхгүй бол тэр өгсөн хишиг нь балчир улаач бидний хувьд Илд болох ажээ гэж сэхээрэв. өөрөөр хэлбэл өөр хэн ч биш, улаач бид л, өгснийг нь буруу сэдлээр ашигласнаасаа болоод, өөрсдөө өөрийгөө хорлодог юм болов уу, тэрийгээ харин андуураад, тэндээс намайг ингэв, тэр л намайг хорлов гээд бодоод байгаа ч юм шиг. мэдээж буруу сэдэлтэй нөхдүүд бидэнд атаархаад буруу үйл хийх тохиол байгаа, гэхдээ ихэнхидээ улаач бид өөрсдөөсөө болдог юм болов уу.
шид байгаад
сэтгэл дутваас
өр зүрх рүү гээ харвах
өөрийн зэв лугаа адил гэж хэлэв.

бас нэг зүйл анзаарсан нь, Дээдэс биднийг блогоо нээ, болсон зүйлсээ бич гээд байдаг нь зөвхөн бодлоо цэгцлэх, бусдад мэдээлэл өгөхөөс гадна бид өөрсдөө бичсэнээсээ мэдээлэл авдаг  аж, учир нь саяын явалтаар Буурлуудын хийх нэг үйлийг ойлгосон бөгөөд үүнийгээ аль эрт энд, блог дээрээ өөрийн гараар /гэхдээ өөрийн оюунаар эсэх нь эргэлзээтэй ккк/ биччихсэн байсан аж.

сайныг авчрахыг тулд мууг дарах хэрэгтэй болдог юм уу, зөөлнийг урихын тулд хатууг дардаг юм болов уу. өөрөөр хэлбэл бид хүссэн ч, эс хүссэн ч Тэнгэрийн тааллаар харыг дарах гэж хатууг үйлдэж байгаа биз ээ.

No comments:

Post a Comment