Wednesday, November 20, 2013

үг ихдүүлж улиг болгоод яахав, үйл ихдүүлж итгэл ганхуулаад яахав

Дайны хүнд нь бодлын дайн

Бартааны хүнд нь бодолд бий
Тулааны аюултай нь оюунд бий
Дайсны хүчтэй нь өөрсдөд чинь бий
Даваад гарвал алдар нь бий
Нууц болгоны түлхүүр нь бий
Нутаг болгоны үзэмж нь бий
Алдар болгоны авиа нь бий
Алдаа болгоны үндэс нь бий
Дуурсах алдрын эхлэл нь бий
Дутуу харааны суурь нь бий
Хурц мэлмийн ир нь бий
Худал хуурмагийг дэнс нь бий
Өстнийг давах арга нь бий
Өөртөө итгэх итгэл нь бий
Өвгөдөө үнэлэх сэтгэл нь ч бий
Өмөөрөх бүхний зориг ч бий
Бяцхан тэргүүн чинь өвдлөө гээд бяцраад уначихгүй
Булгилж зүрх чинь догдоллоо гээд бутраад явчихгүй
Уул мэт хараар дарсан
Бут мэт цагааныг гаргах гэж
Улиг болсон худлаар нөмөрсөн
Эрэл болсон үнэнийг гаргах гэж
Алдаа болгоныг авчирч овоолсон
Эргүү толгойг чинь засах гэж
Алд биеэ засах ухааны чинь түлхүүрийг
Олж бид гаргах гэж
Тэргүүнийг задлахад ч яахав
Тэнэг оюуныг чинь баллахад ч яахав
Ийм учигтай
Тийм ээдрээтэй
Өрөөлийг дэнслэхийн урьд өөрийгөө шүү
Өрөөлийг шоглохын урьд өөрийгөө занч
Өрөөлийг магтахын тулд өөрийгөө үнэл
Өрөөлд жөтөөрхөхийн оронд өөрөө гайхуулж яв
Ундарга болгоноо хааж хаячихаад
Ухаан юугаа бөглөж хаячихаад
Сэтгээд байна гэж итгэснээс чинь болж
Сэрэл юу чинь дарагдсан аж
Ухаад байна гэж эндүүрснээс чинь болж
Улиг болсныг эргэлдүүлдэг болж
Иймийн учир өөрийгөө чи олохыг хүсвэл
Өгөр тархиа задлах хэрэгтэй
Өчиг юугаа тэвчих хэрэгтэй
Тийм учраас өгүүлэх үгийг ухаж сур
Үг болгоныг мөшгиж сур
Өвгөд биднийг залах болгондоо
Өнгөрөх хугацааг биш үйлдэх үйлийг
Өгүүлэх үгийг ажиж
Дараа гараг буух хүртлээ
Тэргүүндээ үгээ шигтгэж
Зүрхэндээ түүнийг мэдэрч
Асгарах усан нулимс ч бай, аньсагаа норгоод ч болов
Мэдэрч бай
Бодож бай
Тунгааж бай
Тэгэж байж чи өөрийгөө олно
Өвгөд биднээс өчүүхнийг өөртөө наана
Өвгөд бидний чичлээд хэлэхийг
Үр чамд шивнээд өгүүлэхийг
Мэдрэх даруйдаа үйлдэж бай
Мэдсэн дороо хийж бай

Өөрийгөө дарах тухайд?

Өвгөд бид  мундаг байж болно
Үр чинийхээр сүрхий байж болно
Үрс та нарын дэргэд гайхамшигтай ч байж болно, гэхдээ
Үрс та нар бидний
Язгуураас угшилтай
Яснаас үргэлжилтэй
Цуснаас урсгалтай
Тйим байтал
Үрс та нар бас яахаараа
Өөрсдийнхөө хэрээр мундаг
Өвгөд шигээ сүрхий
Өрөөлийн дэргэд гайхамшигтай байж болдоггүй билээ
Өөрийгөө дарж бай гэсэн үгнээс минь болсон гэв үү чи
Авираа гаргахдаа мэдэж дарж бай гэсэн болохоос
Алдаагаа засахаа нухчин дар гэсэнгүй
Аашаа өрөөлд үзүүлэхдээ хэзээгээ мэдэж бай гэсэн болохоос
Алдаа хөгжүүлэх хүслээ дар гэсэнгүй бид
Олзонд шунах хүслээ дар гэсэн болохоос
Оюунаа тэлэх ухааныг дар гэсэнгүй
Эдэнд шунах хүслээ дар гэсэн болохоос
Эрүүл биеэ хөгжүүлэх шидээ дар гэсэнгүй
Худлыг ялгах худалд хууртах нүдээ дар гэсэн болохоос
Хуурмагийг ялгах сэтгэлээ хөгжүүлэхээ дар гэсэнгүй
Хувирамтгай аашаа зас гэсэн болохоос
Хувиршгүй итгэлээ дар гэсэнгүй
Үгнийхээ ирийг үйл болгож сур гэсэн болохоос
Өөрийнхөө үйлдлээр гайхуул гэсэнгүй
Өвгөдийн шидийг өрөөлд цуур гэсэнгүй
Өөрийн отгийн нууцыг ч илчил гэсэнгүй
Өөрийгөө дарах ёстой гээд чи
Өмгөөлөх аядаа юу
Тэгвэл өвгөн миний өөдөөс чинь хэлэх үг энэ байна даа, хэхэ

2.      Өөрийгөө олох талаар?

Алддаа орших оюуныг
Амьсгааг чинь гаргах уушгийг
Амьдралыг чинь залгуулах зүрхийг
Алхааг чинь батжуулах шөрмөсийг
Үйл юуг хийх бэлэн бодлыг
Үг юуг гаргадаг цэцэн ухааныг
Байгаа болгоноо чи олохыг хүсээ юу? Хэхэ
Өөрийгөө олохыг хүсээд байсан гэв үү чи
Өөрийгөө л хайгаад байсан гэв үү чи
Хэн гэдгээ сайныг нь ч тэр
Саарыг нь ч тэр
Ирийг нь ч тэр
Арыг нь ч тэр
Үнэнийг нь ч тэр
Өгөрийгөө ч тэр
Өөрөө өөртөө
Өөрийгөө хууралгүй
Үнэнээр нь хүлээгээд
Өөрөө өөрийгөө илчил гэх
Үүнийг л өөрийгөө олох
Үр чинийхээр тэгэж хэлнэ үү гэхээс
Үрс та нар шиг  өөрийгөө олох
Өөрийгөө таних
Эндүү нэртэй
Хазгай зантай тийм нэг аянг хэлдэггүй юм
Үрс та нар цэцэн үгсийг ухахгүйгээр урсгадаг
Үнэн үгсийг сүсгээрээ дагадаг
Тийм учраас л худлаа нэг цуурч байгаа мэт харагддаг
Ганцхан үгийг ухаад дийлчихээд
Оюунаараа тосон байж
Сэтгэлээрээ мэдрэн байж сонсоод сурчихвал
Ингэж өөрийгөө хууран байж
Өртөөлөгчдөө ч тэр, чимээ хураагууртаа ч тэр
Хураагаад байх хэрэг үгүй
Сэтгэлд чинь хураагдаж
Бодолд чинь хадагдаж
Алдад чинь шингэж
Авирт чинь наалддаг юм
Алив үгийг ухахдаа
Ухахаасаа өмнө сонордохдоо
Уншиж тунгаахдаа үүнийг үргэлж анхаарч байвал
Мэлмийгээр эсвэл сонороороо эхлэн байж
Тархи оюун луугаа чиглүүлж байгаагаа
Тархааж сэтгэлдээ давхар хүлээн аваад сур
Угшилыг нь анзаарч бай
Сэдлийг нь мэдэрч бай
Сэтгэлийг нь харж бай
Өрөөлийн үгийг бүрэн сонордож чадахгүй байж
Үг юуг нь, авир юуг нь, аяг юуг нь шүүхээ боливол таарна
Ядахдаа бүтэн сонсчихоод, бүрэн сонордчихоод
Нэгтгэн базаж тунгааж
Энэхэн оюундаа ухаж
Энэхэн зүрхээрэээ мэдрээд сурчихсаныхаа дараа
Өрөөлийг шүүж бай

     Улаачийн ачаа хэцүү ачаа юм даа?

Ингээд л чи өөрийгөө голоод байвал
Яахан зоригтой байх
Яахан зорьсондоо хүрэх
Яахан золбоог бадруулах
Яахан түмнийг дагуулах
Хялбар зүйлийг чамд өгөөд байвал амтшаад байна
Хялбараас өөрийг сэтгэхгүй болно
Зөөлөн идээг чамд өгөөд байвал шүдээр яах
Зөвлөж үргэлж хэлээд байвал оюунаар яах
Зөөж үргэлж аваачаад байвал үйлээр яах
Зөвхөн чамайг дэмнээд байвал чамаар бид яах
Хатууг элээх билүү нь бол
Харыг цайруулах сэтгэл нь бол
Хэцүүг давах итгэл нь бол
Хатыг шалгах хуурай нь бол
Хурцыг мохоох зөөлөн нь бол
Худлааг дарах үнэн нь бол
Хуурмагийг дарах дэнс нь бол
Хугасыг дүүргэх оюун нь бол


... гэснийг нь блогтоо орууллаа даа, зөвхөн өөртөө хадгалаад байлгүй, унших нэгэнд нь хэрэг болбол гээд оруулчихлаа, гэхдээ бас
үг ихдүүлж улиг болгоод яахав
үйл ихдүүлж итгэл ганхуулаад яахав
гэж хэлснийг нь бодох л хэрэгтэй юм шиг байна.

No comments:

Post a Comment