Saturday, March 1, 2014

даах л юм сан даа

...дараад байхад өндийгөөд байвал үнэлж, өргөж чадна
дараагүй байхад дорой байгаад байвал далдруулж бас чадна...

за ийм үг Буурлуудын амнаас сонслоо. нээрээ тийм дээ гэж бодов. 
сүүлийн хэдэн сард замбын амьдрал маань хэцүүдэж, ажил төрөлгүй болж, гэр бүлийн уур амьсгал эвгүйтэж, гэрийн мухар сахиж байгаа мэт сэтгэгдэл төрөөд, сэтгэл санаа хямраад, ер нь жаахан тиймэрхүү л байна. тэгтэл Буурлууд ийм үг хэлэв.
бодлоо, нээрээ би чинь дараагүй байхад нь дорой явж байж, одоогийн ийм байдалд хүрсэн юм биш биз дээ? ийм байдалд хүрсэн шалтгаан маань юу билээ? хэн нэгнийг, алив зүйлийг буруутгамаар бол хэнийг, юуг буруутгах билээ гээд л.
хариултыг нь холоос хайх хэрэггүй, ердөө л миний дотор, өөрөөр хэлбэл би өөрөө аж. өөрөөсөө л болж замбын амьдрал маань ийм болж, өөрөөсөө л болж ижил тэгш авч явах ёстой зүйлсийг дэнсний нэг талыг нь ихдүүлснээс болж нөгөө талаа унагааж орхисон аж.

амьдрал биднийг авч эргэлдэж буй цаг хугацааны урсгал юм бол энэ урсгалын дагуу юугаа, хэн гэдгээ мэдэхгүй хөвөх үү, эсвэл хэн гэдгээ мэдэхийн тулд, мэдсэнээрээ энд ямар мөр үлдээх вэ гэдгээ хайж, түүнийхээ төлөө тэмцэж явах уу гэдгээ би, бид л өөрсдөө шийдэх, шийдэхийн тулд сонгодог аж.

Монгол хүн гэдэг яснаасаа, цуснаасаа, амьдарч буй орчноосоо, эргэх 4 улирлаасаа болоод ч юм уу, ер нь төрөлхийн эрэмгий байдаг, тийм байх учигтай аж. тэгээд л Буурлууд бас улаачдаа
энэрэл хайраар
эр зоригоор
далай мэт тэвчээрээр
дайнч тэмцэгч чанараар дүүрэн яваарай

гэж хэлээ биз. 
эхлэсэн юм, тоотой хязгаартай юм дуусч таарна. миний хувьд ч дууслаа, гэхдээ энэ бүхэн алив зүйлийн төгсгөл биш, харин их зүйлд оролцохын тулд, өөрийн биеэ танихын эхлэл байсан юм болов уу, өдийг хүртэл алхсан алхааны, итгэсэн итгэлийн шалгуур байсан юм болов уу. давхар өчүүхэн улаачаа хүмүүжүүлэхийг хүсч, хэлэх үедээ хэлж, зандчих үедээ зандчиж, хийхгүй бол зөрүүлж өөр зүйлээр барьцаалах мэтээр харилцсан аж, тэгэхийн тулд л Тэднээс маань ямар их тэвчээр, өөрийн араншингаа дарах ухаан, үйлэндээ тааруулж өөрийгөө засах сэтгэл гараа вэ гэж бодмоор.  ингэж хэлэхийн учир нь өөрсдийг нь тоодоггүй мэт, золгодоггүй, заларснаас нь хойш ганц, 2 л золгосон үрийгээ ирэхэд нь өөрийн аашаа даран байж, түүнийг л ухааруулахын тулд 3 дуу дуулж өгөхийг нь хараад өчүүхэн улаач нь гайхаж, тэднийгээ өрөвдөх шиг. би Буурлуудын оронд байсан бол харин ч нэг ирсэн дээр нь гээд аашаа гаргаж, хорон үгээр шордох байсан даа ккк. дуу, хөгжим хүмүүст таашаал өгөхийн тулд биш, харин өөрөө, өөрийгөө олоход нь туслах гэж, түүнд нь хөглөх гэж байдаг гэж Жанцанноров гуайн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэнтэй нь таараад байх шиг. 

энэ л замбад амьдарч байгаа, үгүй ядахдаа амьдрахын тулд хичээж байгаа, хүсэж байгаа хүмүүс бид, би ч бас, өнөөдөр алдар гавьяатай яваад, өнгө мөнгөтэй яваад, эрх мэдэлтэй яваад, маргааш тэгтэл түүнийг дурсах хүн үгүй бол, дурсагдахаар мөр үлдээгээгүй бол эмгэнэлтэй юм гэж бодогдох болов. хийж байгаа үйлийнх нь мөр гүн, он цагийн шуурганд арилахааргүй гүн байж л, тэр мөр нь энгийн нэг цээжээ дэлдсэн хийрхэл биш, эсвэл цэцэн үгсийн цуглуулга биш, өрөөлд тустай, ухаанд нь, явдалд нь, хэрэглээнд нь, ахуйд нь нэмэр болох зүйл байгаасай гэж хүсэх. мэдээж өнгөтэй, өөдтэй яваа хүмүүсийг үгүйсгэх гэсэнгүй, тэд ухаантай учраас тийм яваа, тэднийг магтууштай, гагц тэд түүнийгээ ямар замаар, ямар үйл үйлдэж, ямар мөр ардаа үйлдэж бүтээгээ вэ гэдгийг нь харж байж үнэхээр ухаантай нэгэн үү, эсвэл гэдгийг харах хэрэгтэй болов уу. 
миний гэр бүлийн үргэлжлэл болсон, эцэг миний ясны үргэлжлэл, эх болсон ханийн минь цусны үргэлжлэл амьдрах дэлхий юм байна, түүнийг нь цэвэр устай нь, цэнгэг агаартай нь үлдээх, түүний тулд бид амьдрах хэрэгтэй гэж бодох. мэдээж тэглээ гээд хүн л юм болсон хойно, идэж ууж, өмсөж зүүж, хэрэглэж л таарна, түүнийг үгүйсгэсэнгүй. гэхдээ хэрэглэхийн тулд бодох хэрэгтэй, юуг өрөөлийг, өлгий нутгаа хорлохгүйгээр, зохицож хэрэглэж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй аж. бодсоноо өөрийн биеэр үйлдэж, болно гэдгийг нь өрөөлд харуулах, батлах хэрэгтэй аж. хүмүүс бид хэдий насанд хүрсэн, алив зүйлийн учрыг тунгааж дийлдэг гэж боддог ч, нөгөө л бяцхан балчир байсан шигээ, болно гэдгийг харж байж л, дуурайдаг зан маань бидэнд оршсоор байдаг юм шиг. өөр бусад зохицож амьдарч болдог гэдгийг, өөр бусад бүтээж болно гэдгийг, өөр бусад үлгэрлэж үзүүлж байвал л түүнд нь итгэж, түүнийг нь дагах гэдэг үзэл маань лав л миний хувьд байсаар байна. энд улаач хүмүүсийн нэг давуу тал байх шиг. юу вэ гэвэл Буурлууд нь болно гэдгийг нь батлаад, чиглүүлээд өгдөг, хэрэв түүнийг нь маниас илүү ухаантай улаач, ухаант нэгэн байвал чиглүүлснийг нь замбад, өөрийн ухаанаар, биеэр үйлдээд яваад байх боломж нь байна. тэгж гэмээ нь Бууралтайгаа нэгэн цул болж, тэгж гэмээ нь бусдад болдог гэдгийг өөрөөрөө үлгэрлэх биз.

аавын хүү үг даах
агтны хүү эдэлгээ даах
арвайн гурил ус даах

бодохоор сонин юм шүү. үг гэдэг амнаас гарах хий, авиа төдий байж, яахаараа даагдахгүй тийм жинтэй, хүнд юм бол гэж мань мэт нь бодно ккк. би чинь авиа төдийхнийг байтугай 40-н бидон дүүрэн усыг даадаг гээд л онгирно доо би лав ккк. гэтэл үг гэдэг өөрөө утга гэдэг жинтэй, утга гэдэг нь тунгааж бодох гэсэн дамжлагатай, тунгааснаа үйлд гэсэн албатай авиа юм шиг. үг гэдэг ямар ч үг байж болох, сайн, муу, магтсан, муучилсан, хорлосон, сонжсон, газрын гаваар ортол нь муулсан нь ч бий байх, Тэнгэрийн хаяа хүртэл өргөсөн нь бий байх, эд бүгдийг даахын тулд үг сонсож байгаа нэгний сэтгэл нь энэ бүгдийг багтаах уужим байх хэрэгтэй болов уу, тэгээд л эртнээс өвгөд маань, ухаантнууд маань уужуу тайван бай гэж хэлээд байсан болов уу. миний хувьд өөрөө тийм уужим сэтгэлтэй нэгэн биш, хэдэн үгэнд өрвийдөг, хэнхдэг цээжээ дэлддэг, хорон үгэнд дургүйцдэг, ойр дотныхныхоо үгэнд хэнээс ч илүү эмзэглэдэг, тийм л нэгэн. гэхдээ үүнийгээ мэднэ гэдэг, сэтгэлээ уужим байлгах гэж хичээхийн эхлэл нь юм болов уу гэж бодох юм даа.

ингээд бодохоор өрөөлийн үгийг ч тэр, өөрийн үйлийг ч тэр дааж л явах сан, дааснаараа дараа нь үлдэх мөртэй л явах сан даа.

No comments:

Post a Comment