Saturday, March 22, 2014

Хязгаараа давцгаая

өдөр хоногууд урссаар, өөрөө би элэгдсээр. элэгдэж байгаагаа зүлгэгдэж байна гэж бодох нь дээр юм байна хэхэ.

өнгөрч буй долоо хоногт нэг үгийг Дээдсээсээ сонсоод, байнга санаж явмаар санагдаад, утгыг нь бодоод л явах.

"өөрийнхөө хязгаарыг давж сурах" гэж хэлэв.

хүмүүс бид өөрсдийгөө таних гээд байна, өөрсдийгөө олох гээд л байна, өөрийгөө дотогшоо өнгийгөөд л байна гээд яваад байсан, мань мэт нь тэрийгээ бас хийж байна, хайж байна гээд байсан чинь яг яах гээд өөртэйгээ ажиллаад байсныгаа миний хувьд лав бүрэн ойлгоогүй л явж. өөрийгөө олохоор л мундаг болчих юм байна, өөрийгөө танихаар л ертөнцийг ойлгочих юм байна гээд мань мэт нь бага зэрэг хөөргөн гэмээр бодлыг тээж явсан юм биш байгаа даа гэж бодов.

өөртэйгээ үргэлж ажиллах уг үндэс нь ердөө л дээрх юм байна гэж бодох болов. ердөө л өөрийнхөө хязгаарыг мэдэх, мэдсэнээрээ давахыг эрмэлзэх, хичээх, сурах, хязгаараа давж чадсанаараа цаашид хөгжих юм байна.
энэ өнцгөөс харахаар мундаг, сүрхий хүмүүс, эрдэмтэй, оюунтай улсууд яагаад тийм даруу, төлөв байсныг нь одоо л ойлгох гээд байх шиг.
тэд ердөө л өөрсдийнхөө хязгаарыг мэддэг байж, юуг, хаана хүртэл нь, хэрхэн хийхээ мэддэг, юуг тухайн цаг мөчид дийлэхгүй байгаагаа таньдаг, өөрийнхөө чадварыг бодитоор үнэлж чаддаг л байж. тиймээс тэд өөрсдийн хязгаараа мэдэх тул, үүнийгээ давж чадвал цаашид хөгжих тул түүндээ тааруулж дараагийн даваандаа бэлдэж, тоглоомоор бол дараагийн үедээ бэлддэг байсан юм болов уу.

тэд бас өөрсдөө хязгаартай гэдгээ мэддэг байсан тул, хязгаарын гадна өөр зүйл байдаг гэдгийг мэддэг байсан тул, өөрөөс нь илүү өргөн хязгаартай нэгэн байдгийг мэдэх тул өөрсдийгөө дарж, даруу гэх үү, дөлгөөн гэх үү байсан юм байна гэж гаргалгаа шахуу зүйл бодов.

нэг удаа л өөрийнхөө хязгаарыг мэдчихээд орхих биш, үргэлж өөрийнхөө хязгаарыг шинэчилж, түүнийгээ тэлж яваад байвал хүмүүс бид үргэлж хөдөлгөөнд оршиж, үргэлж тэмцэж, үргэлж хөгжих юм болов уу.

тэдний буюу мундаг, мөртэй хүмүүсийн тухай бичихээр өөр нэг бодол орж ирэх нь тэд өөрсдийн хязгаартай байгаад, түүнийгээ давахын тулд явсаар хөгжиж, хөгжсөнөөр өөр өөрсдийн, хувь хувийн мөрөө, зарим нь улс гүрний хэмжээнд үлдээж чадсан юм бол бид, өнөөгийн залуус бид яагаад бас тэгж болохгүй гэж? гэсэн барьцах гэх үү тийм сэдэл төрөх.
учир нь бидэнд ч бас өөрсдийн хязгаар байна.

бид 13-р зуун гээд л мэдсэн, мэдээгүй бүгд ярьдаг, бахархадаг, цээжээ дэлддэг. тэгвэл бидний өвөг дээдсийн үед ч бас өөрсдийнх нь хязгаар байсан. тэдэнд өнөөгийнх шиг хурдан машин, онгоц, утсан харилцаа, интернэт, блог гээд байсан уу? үгүй л байх, тэгсэн хэдий ч хурдан шуурхай харилцах шаардлага бидний үе шиг байсан уу гэвэл байж л байсан. эдгээр нь тэдний хувьд хязгаар болж, тэднийг хязгаарлаж байсан, гэтэл тэд маань Өртөө гэдгийг байгуулж, өнөөгийн бидний үед хурдан шуурхай мэдээлэл солилцох, түгээх нь хязгаар биш боломж болж хувирсан байна.

тэгвэл бидний үед хичнээн уулын чинээ бурууг үйлдсэн нэгнийг шууд гэсгээгээд, толгойг нь авч болох уу гэвэл үгүй л байх. бидний үеийн хязгаар нь энэ байхад үүнийг давах нь энгийн ойлгогдохуйц, хамгийн гол нь шударга тоглоомын дүрэм, өнөөгийн хэлээр хууль байхад л бид хязгаараа давах нь байна.
гэтэл бид өөрсдөө олон зуун хууль гээчийг батлуулчихаад, тэдний хоорондын уялдааг орхигдуулснаар өнөө хязгаарыг давахаар сэдэгдсэн зүйл маань эсрэгээрээ бидэнд хязгаар болсон юм биш байгаа гэж бодох.

өөрийн үеийн хязгаарыг давж, үүнийгээ  боломж болгож, өөрсдөө хөгжингөө үргэлжлэл, үр удамдаа үлдээх нь алив зүйлд мөр үлдээхийн гол санаа юм биш байгаа гэж бодох.

өөрөөрөө бодохоор үнэн ч юм шиг ккк. би лав улаач болоогүй, Буурлуудын шахаа зэргийг үзээгүй, ажил төрөл урьдын адил бүтэмжтэй, мөнгө төгрөгөөр дутагдаагүй байсан бол, өөрөөр хэлбэл, надад хязгаар бага байсан бол өнөөгийнх шиг ингэж үгийг үргэлжлүүлж бодоод, өөртөө ч юм шиг, хүнд ч юм шиг бичээд суухгүй л байсан байх.
тэгэхээр хязгаартай байхын давуу тал нь хөгжих бололцоо юм байна гэж ойлгов. хязгаарыг давж сураад, өрөөлд болон өөртөө боломж болгож хувиргах нь энэ замбад өнхөрч яваагийн маань нэгэн мөр юм байна, мөр үлдээх гол утга юм байна гэж бодов.
харин сурахын тулд зорилгодоо үнэнч байх, түүндээ хүрнэ гэсэн гуйвшгүй итгэлтэй байж хэвшил болгох юм болов уу гэж таамаглах.

хязгаар гээд л бичээд байсан чинь өнөө үг маань хазаар гэдэгтэй адилхан сонсогдоод ч байх шиг. хазаартай морь гээд бодохоор хэм хэмжээгээ мэдэх учиртай нэгэн, мэдэхгүй бол морьтон нь хазаарлах юм шиг санагдаад, бас тиймэрхүү бодол ороод ирэх юм.
хазаартай морин гэж хаана бичигдсэн байдаг билээ дээ, хувь хувьдаа өөрсдөө хайхаас ккк.

бидний монголчууд дор бүрнээ өөрсдийн хязгаараа таниад, түүнийгээ давах сэтгэлийг, хатыг өөртөө бий болгоод, даваад, сураад явчихвал, хязгаарууд ч байнга шинэчлэгдэх байх, тэр хэрээр хувь хүн нь ч, улс орон нь ч хөгжих юм болов уу гэж бодох.

тэгэхээр өдөр хоногууд урссаар, өөрсдөө бид элэгдсээр гэхгүйгээр

өдөр хоногууд урссаар
өөрсдөө бид зүлгэгдсээр
өөрсдийн хязгаараа мэдсээр
өнгийн босон давсаар
бодол юу тэлэгдсээр
босго юу өндөрссөөр
бяцхан хат суусаар
булгих зүрх мэдэрсээр л явна гэж бодож, хэлж байхаас.

No comments:

Post a Comment