Friday, January 4, 2013

тог тог

тог тог
хэн бэ?
уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно байна аа
яах гэж байгаан?
будаг авий
ямар будаг?
...

бага байхдаа ийм тоглоом тоглодог байлаа, тоглодог байсан нь мэдэх биз, тоглож үзээгүй нь шоолох биз, гэхдээ яахав PC-нүүд энд тэндгүй гарч, хүүхдүүд тэднийг хонон өнжин тоглож, донтдоггүй, Ipad-нүүд гарч, гадаа гэртгүй хүмүүс шагайгаагүй үед бага нас минь өнгөрсөн болохоор иймэрхүү л юм тоглож байж дээ.

энэ удаад уулнаас ирсэн чоно биш, уранхай дээлтэй хэн нэгэн ч биш, би өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийн хаалгыг зүрхшээн байж, тогшихыг оролдон сууна. ёстой нөгөө "хонхны дээр зүрх гарган хуруу хүрчихээд" гэж дууны бадаг шиг.

хэдэн өдрийн өмнө 4 эхнэртэй залуу гэж нийтлэл уншиж билээ, өмнө нь уншиж л байсан, гэхдээ энэ удаа уншихад илүү утгатай ч юм шиг санагдаад, нээрээ тийм дээ гэж бодов.
хүн гэж, улаач ч бай, биш ч бай, сэтгэлийн амьтан юм шиг, сэтгэл гаргадаггүй, сэтгэл сайтай, сэтгэлийн үг гээд л. сэтгэлийн амьтан ч гэж дээ, сэтгэл зүрх амьтай болохоор түүнээс нь улбаалаад ч энэ олон сэтгэлийн гэсэн холбоо үгнүүд үүссэн юм болов уу.

өөрийнхөө сэтгэлийн хаалгыг тогших гээд оролдоход, тэр хаалга их удаан хугацаанд хэн ч ойртоогүй, наагуур нь хөшиг татаад тусгаарлачихсан, зузаан тоосонд дарагдчихсан, тогшоод тогшсон чимээ нь цаанаа сонсогдохгүй шахам болсон шиг санагдах юм. би ингэтлээ өөрөө өөрөөсөө төөрчихсөн байсан юм байх даа гэж гайхмаар. хаалгаа тогшихыг хүсээд, чадвал онгойлгоод, тэр дотор байгаа өөрийнхөө үнэн төрх, үнэн мөн чанараа харчихыг хүсэж байгаа нь хожуу ч гэсэн, мулгуу нэгний ахиц юм уу даа.
би гараад, хүсвэл өөрийн таньдаг, мэддэг гэх, найз гэх, танил гэх хүмүүстэй уулзаж учраад, нүүрийг нь хараад, тэдэнтэй мэнд мэдээд, хэдэн үг солилцоод, заримдаа зарим сэдвээр ярилцаж чадах атлаа өөртэйгөө уулзах гээд, /зайн хувьд хол биш, байрнаасаа ч хөдлөхгүйгээр/, өөртэйгээ ярих гээд зорьтол ийм хаалгатай тулж байгаа нь, ингэтлээ өөрөөсөө алсад суугаа нь нэг бодлын ямар гунигтай вэ. хэн бэ би ер нь? энэ асуултыг асуутал одоогоор хариу алга, үүнийгээ олох нь алив зүйлийн эхлэл юм уу? эсвэл өөрийгөө олчихоод төгсдөг юм уу, мэдэх юм алга.

улаач шиг улаач, гэхдээ юуны түрүүнд хүн шиг хүн болгохын тулд /нөгөө сонгуулийн хүн шиг амьдарья гээд байсан уриа шиг хэхэ/ Буурлууд минь, эсвэл буй бүхний дээр орших Мөнх Хөх Тэнгэр биднийг тойрохгүй туулдаг, үзүүлэх ёстой бүхнийг үзүүлдэг юм шиг, энэ замбын асуудлууд минь Буурлуудын хэлснээр юу ч биш байж болох ч, улаач нэр зүүгээд удаагүй байгаа /зүүсэн гэж өөртөө бодох ч үнэхээр нэртэй төртэй, албан ёсоор зүүж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа/ маньдаа бол энэ замбын амьдрал Ямар баян юм бээ? хэхэ.

ямартаа ч би хэрвээ ажил төрөл маань бүтэмжтэй, амьдрал минь асуудалгүй хэвээр байсан бол улаач болохгүй, дээгүүр, гадагшаа өнгөцхөн бусдыг харсан хэвээр, дотогшоо гүехэн өөрийгөө харах сан гэж өнөөдрийнх шиг бодохгүй байсан гэдэгтээ 100% итгэлтэй байна хэхэ. тэгэхээр улаач болохоор шидтэй болоод асуудлыг шийдчихгүй, харин үүрэх ачаа, бодох бодол хасагдахгүй нэмэгддэг ажээ, оюун бодлоо тэл гээд Буурлуудаа хэлээд байхад тоохгүй яваад байвал махан биеэр нь тэлүүлдэг ч юм шиг хэхэ, өршөө өршөө, буруу зөрүү юм бичиж байгаа бол.

ер нь заавал улаач гэхгүйгээр, бид бүгд, ялангуяа Тэнгэрээс заяат Монголчууд бид, дорны соёлын эхийг тавьж, оройлж явсан уу гэхээс, сүүл мушгиагүй бид гадны гэх болгоныг гайхан биширч, гадагшаа өрнийнхөн шиг бусдыг тольдолгүй, дотогшоогоо, мөн чанараа хайж /буддын шашныг яриагүй шүү/, бид хэн бэ? бид ямар үндэстэн билээ? бид хаанаас эхтэй байтлаа, хаана байгаа билээгээ бодууштай ч юм шиг.

тог тог
хэн бэ?
өөрийг тань агуулж байдаг биений эзэн байна аа
яах гэж байгаан?
өөртэй чинь уулзах гэсэн юм ... гээд л үргэлжлүүлээд, уулзаад, хөөрөлдөөд сурчихвал ч нэг хэсэгтээ л өөрийгөө тооно доо хэхэ

No comments:

Post a Comment