Sunday, January 20, 2013

аавыгаа үгүйлэх юм

аав маань биднийг дуудахад өөв гэж бидэнд хариулдаггүй байлаа, одоо эргээд санахад аав минь эр шиг эр, эцэг шиг эцэг явжээ, мунхаг миний ухаан дэндүү өнгөц, дэндүү тэнэг, дэндүү харалган тул ийм олон жилийн дараа л аавыгаа жинхэнэ утгаар нь ойлгох аядаж, уучлаж байгаа ч юм шиг...

хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны хүнээ уучлана гэдэг хүнд байх ёстой маш аугаа чанар, ухаан юм болов уу даа, хүн хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны гэх, хайртай гэх хүндээ дэндүү ихээр хайхрамжгүй ханддаг, тэднийгээ үгээрээ, үйлдлээрээ сэтгэл, зүрхийг нь өвтгөдөг юм уу, тэднийгээ дэндүү ихээр анзаардаггүй юм болов уу, яагаад заавал өнгөрсөн хойно нь, өөрийнх нь хажууд байхгүй болохоор нь бодох ёстой юм, ухаарах ёстой юм бол доо.

мунхаг би ингэж бичиж байгаа хэрнээ өөрөө, өөрийнхөө эргэн тойрны, ойр дотно, хайртай хүмүүсээ сэтгэл дүүрэн байлгаж чадахгүй байгаагаа бодохоор л, хүн хэн нэгэнд гомдож, тунихаасаа өмнө өөрийгөө маш ихээр шинжиж, өөрөөсөө алив зүйлийг учгийг, шалтгааныг хайх учиртай болохоор тэр юм болов уу даа.

ааваас минь надад үлдсэн нэг гарын 5-н хуруунд л багтах дурсамж байдаг нь сонин юм, тухайн үед шилжилтийн насанд байсан хүүхэд байж ийм цөөхөн зүйл санаж байгаадаа өөрийгөө голох юм.
тэр цөөхөн дотроос ганцыг нь үргэлж би санахыг хүснэ, тэр дурсамж нь том боллоо гэж өөртөө эрдсэн шилжилтийн насанд биш, өөрийн ухаан мэдээтэй болж эхлэж байгаа бяцхан байхад тохиосон, түүнийгээ ингэж сайн санаж байгаадаа өөртөө баярлах.

хажууд биш ч гэсэн энэ замбын хаа нэгтээ байгаа гэсэн бодол тэнэг надад, ялангуяа сэтгэлийн хат дутах тэр л үед шуурганаас нөмөрлөх өндөр, сүрлэг уул мэт санагдаж, нэг сайхан санаа алдаж, уужуу амьсгаа авдаг байж билээ.
хүмүүн биднийг өвгөд, буурлууд минь харж явдаг, хайрлаж явдаг ч, энэ л замбадаа, нэг л удаа ч болохнээ барааг тань харж, дууг тань сонсохыг юунаас ч илүү хүснэ, ялангуяа ингэж сэтгэлийн хат тэнэг үрээс нь хорвоо шаардах үед...

олны хэлдгээр би аавын хүүхэд биш, ээжийн хүүхэд, тэгсэн хэрнээ аавыгаа ингэж аав гэж хайрлан дуудаж, ингэж ихээр үгүйлэх чинээ санасангүй явжээ. хажууд минь байсан бол юу гэж хэлэх байсан бол доо, эр шиг эр бай гэх байсан болов уу даа.

алганы тань дулааныг үгүйлэх юм даа.


http://www.youtube.com/watch?v=81UmQrJ2ggY

No comments:

Post a Comment