Wednesday, January 30, 2013

өршөөж хайрла даа та минь

өршөөл эрмээр санагдаад байх юм, өрөөлийг ойлгохын тулд өөрийгөө тэр хүнийхээ оронд нь тавьж үзэх хэрэгтэй гэдэг бил үү. түүгээр нь бодвол мунхаг улаач нь Буурлуудаа ойлгохгүй, шивнэж байгааг нь сонсохгүй, өгч байсан дохионуудыг нь өөрийнхөө азгүйтэл гэж бодоод л яваад л байсан ажээ. сайндаа ч биш, эрүүл мэндийн асуудал яригдаад ирэхээр, зүүд нойронд үр хүүхэд минь эвгүйгээр ороод эхлэхээр л эрхгүй нэг тогтож бодож, тосож авч дээ та бүхнийгээ.
 
одоо би нэг зүйлд итгэлтэй болжээ, Буурал, Дээдсүүд бүхнийг бүтээх шидтэн биш, гэхдээ тэд үрсдээ залраагүй, үгээ хэлж, үйлээ хийж эхлээгүй байсан бол бидний одоо муулаад байгаа бүхэн илүү доор, илүү муу, илүү хар байх байсан гэдэгт дэндүү итгэж байна, Буурлууд буухаар бүх асуудал алга хөрвүүлэхийн хооронд л алга болж, сэтгэл амгалан, гэдэс цатгалан, эрүүл биетэй, эд хөрөнгөтэй байна гэж бодох нь өрөөсгөл, учир нь Буурлууд үрсээ эрх муур шиг хэн нэгний гар харсан, хэн нэгнээс хараат байлгахыг огтхон ч хүсэхгүй, харин ч тэд үрсээ ухаантай, чадалтай, чадамжтай, алив зүйлд адтай, сэргэлэн, хамгийн гол нь эх нутгаа, байгаль дэлхийгээ гэх сэтгэлтэй байлгахыг л хүсдэг гэдгийг бага багаар ч болтугай ойлгож байгаадаа баяртай байна. гялайлаа Буурлууд та бүхэндээ, удаан хугацаанд ойлгохгүй, шивнэж байгааг тань хүлээж авахгүй, зөрүүдлэж, өр лүү тань өшигчиж байсан бол өршөөгөөрэй.

өршөөл эрэх гэж үгээр хэлээд л, их сайндаа өвдөг сөгдөөд л болчих зүйл биш бололтой санагдаад байдаг болчихлоо, өршөөлийг үйлээрээ харуулж, өөрийгөө дайчилж, үнэн сэтгэл гаргаж байж л эрдэг, тэгээд олдог юм болов уу гэж бодох шиг.

нэг үеэ бодвол өөрийн байдлаа хараад, анзаарахаараа бухимдах нь багасаа юу даа, туулж байгаа амьдрал минь, туучих ёстой бүхэн минь өөрийн махан биеэр л туулахгүй бол ойлгохгүй, өөрөө ажаад, өөртөө тунгаагаад учрыг нь ухахгүйг мэдсэн тул өөрөөр минь амьдруулж байгаа, өөрийг минь сорьж байгаан болов уу гэж боддог болжээ. гагц улаач хүн ч биш, ер нь бид бүгд л аливаа сонголттой, сорилтой үргэлж тулгардаг, тойрохгүй давдаг, давах хэрээрээ хатууждаг, давсан бол хөгждөг,  хөгжсөнийхөө хэрээр ухааждаг, ухаажсаныхаа хэрээр улам өндөр давааг давдаг юм болов уу.

Өвгөд Буурлууд минь, Өндөр Дээдүүд минь үрсдээ буруу зүйл хэлж байгаагүйг өнөөдөр л анзаарав уу гэлтэй, харин ч буруу зүйл хийсэн бол өөрийн, хүний ялгалгүй хүртэх ёстойгоо хүртэг гэдгийг нь бас л өнөөдөр анзаарав уу, эсвэл өнөөдөр л Буурлууд та бүхнийхээ үйлийн тухай, үгийн тухай эргэцүүлж байгаадаа энэ үү.
үүх түүхийг тань давтаж чадахгүй гэж өөрийгөө голж болох ч, өөрийнхөө түүхийг бүтээх ёстой гэдгийг сануулж, сэхээрүүлж байгаад та бүхэндээ гялайхаас өөр яах билээ.

Өвгөд та бүхэн минь үрсдээ үгэндээ шингээсэн ухаанаа хайрла
Өндөр Дээдүүд минь та нар үйлээ хийж, үрсээ бишрүүлж хайрла
өчүүхэн үрсдээ өмөг түшиг болох итгэл, нөмөр хайрла
үрс нь өөрийн гэх зүйлээ таних мэлмий, өмөөрөх сэтгэл хайрла даа

No comments:

Post a Comment