Thursday, February 28, 2013

хоббидох

хүн бүрт хобби гэх үү, эсвэл хийж байхдаа түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг, цаг хугацаа хэр хурдан өнгөрөхийг хүртэл анзаардаггүй тийм зүйлс байдаг байх, гэхдээ тэр нь хувьсан өөрчлөгддөг байх гэж таав хэхэ. учир нь миний хувьд өөрчлөгдөөд байгаа тул нэг удаа, нэг хүнд тохиолдож байгаа юм чинь, өөр бусдад тэгж санагддаг, тэгж хувьсдаг гэж хэлэхэд буруудахгүй магадлалтай санагдав.

тэгсэн миний хобби сүүлийн үед Монголчуудын маань эртнээс уламжилж, хэлэгдэж, бичигдэж, сонсогдож ирсэн зүйр цэцэн үгсүүд ямар агууг анзаарах болоод ч байх шиг, байнга ямар мундаг юм бэ гэж бодож явахгүй хэрнээ, гэнэт л энэ үг нээрээ ямар мундаг юм бээ гэж бодох, заримдаа ийм болохоор мундаг юм байхдаа гэж бодоод, түүнийгээ бяцхан цааш нь төнхөхөөрөө тэрэндээ баясах хэхэ.

өнөөдөр хүртэл нэг үг анзаарагдав /би өөрөө биш, үг л надад анзаарагдаад байх юм хэхэ/

Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ

блог хөтлөөд байна, өөрийн анзаарснаа бичээд байна, бусад хүмүүс уншаад, тэдэнд нэг үг ч гэсэн таатай мэдрэмж төрүүлж, тэдэнд бяцхан ч болов эргэцүүлэх хүсэл төрүүлж байвал болоо доо гэж бодоод л, өөрийнхөө бөндгөртөө бодогдоод байгааг /заримдаа ч би биш байдаг байх/ , өөрийгөө таних аялалынхаа тухай бичээд байна гээд байсан, бичсэнийг минь уншдаг, уншаад таалагдсанаа илэрхийлдэг нэгний урмыг үгэнд их талархлаа, өөрөөр хэлбэл урмаар тэтгэгдлээ, гялайлаа.
урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг бас, би ч үг анзаардаг хоббитой болоогүй байсан бол аягүй бол ууцаа хугалуулж, гипсдүүлж байхаар, урмаа хугал, хугал гээд, хугалсан ч тоохгүй байх магадлалтай нөхөр, гэхдээ ер нь алийг нь ч хугалаад яахав дээ, амьддаа, замбадаа бие биенээ хайрлаж, хүндлэх шиг, нэгнээ хорон үгээр утаж, хоолойн дээр нь нулимс зангируулаад ч яалаа, хэрэггүй л юм дөө.



хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй
цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэдэг бас өөр анзаарагдсан үгээр өөрийнхөө илүү үглэж байгаа өмгөөлнө өө яадаг юм хэхэ.

өглөө ажилдаа ирээд л, хэдэн мэдээлэл арай гайгүй түргэн шуурхай хүргэдэг гэх цахим хуудсуудыг онгичиж, мэдээллээс хоцрохгүй байна гээд л оролдох юм, тэгтэл тэр мэдээллүүд нь хов жив, тархи угаалт байгаад байхаар нь, бас нэг нь нөгөөхийнхөө бичсэнийг хуулан бичлэг хийгээд байхаар нь, бас олон хүнд хүргэх гэсэн өнөөгийн маркетингийн бодлого уу, юу юм, аль муу муухайг түүж бичээд байхаар нь дургүй хүрээд өнөө хэдийгээ унших тоо маань, сонирхол маань эрс цөөрөв. энэ бодвол дургүй хүрэх хобби биз хэхэ.

мэдээж хувь хүний өнцгөөс харж байгаа болохоор, хувьхан хүнийхээ ертөнцөд байгаа нэгэн болохоор буруу хазгай хоббидож байж болно л доо ккк.

нэг үеэ бодвол Монголын маань цахим ертөнцөд гэгээтэй, бүтээмжтэй, хүртээлтэй, өгөөжтэй, мэдүүштэй мэдээлэл биш мэдлэг болохуйц хуудсууд нэмэгдэж байгаад ихэд баясалтай байна шүү.

орчлон ертөнц эрээнтэй, бараантай гэх
олж заавал барааныг нь түүх учир юун
оюунаа тэгж булингартуулах шаардлага юу
олны алдааг хэлэлцэж, өөрсдийгөө баясгах хэрэг юун

бахархах түүхтэй, омогших төртэй байсан
байж л байна тэр төр маань, түмэн маань
байгаагаа сайжруулж, цэвэршүүлэх үүднээс
байдгаа шавхаж, бүтээлжтэйгээр сэтгэх хэрэг байна

өөрийн гэсэн алдхан биеэ, тархиа эерэгжүүлээгүй байж
өрөөлийг бид гоочлож, бахаа хангах нь юуных вэ
өөрийнхөө би гэдгийг бүрэн таниагүй байж, алдхан ертөнцөд эзэн суугаагүй байж
өмсөж зүүснээр нь бусдыг хэлэх шаардлага юуных вэ

сайныг дэлгэрүүлэх нь, түгээх нь
саарыг мэдээд, түгээхгүй сэргийлэх нь
саадыг хараад шантрах биш туулах нь
саахалтаас цааш давж сэтгэх нь
бидний биш түүхт өвгөдийн маань араншин байж гээд
бид өөрийгөө гололгүй хичээвэл бүтнэ
бид чадахгүй, тэд л мундаг гэж бодох нь
би гэсэн ертөнцөө танихгүй байх эхлэл нь

гээд л илүү үглээд байгаам даа хэхэ.

No comments:

Post a Comment