Friday, February 8, 2013

гайхаад яахав дээ, мэдрэмжиндээ итгэ

өмнө нь говь явахад ч тэр, дараа нь 21-ний үйлээр ч тэр, сүүлд 3 хоногийн үйлд дэм болоход ч тэр Буурлууд буучихаад, үйлээ хийж, хэнгэрэгээ дэлдэж байхад өөрөө төсөөлөөд ч байх шиг, эсвэл ургуулж бодоод ч байх шиг бодлууд гэх үү, эсвэл харагдаад ч байх шиг янз бүрийн зүйл нүдний өмнүүр, эсвэл тархин дундуур гүйгээд, өнгөрөөд байдаг болсон билээ. үүнийгээ мунхаг улаач нь өөрөө төсөөлөөд байна гээд, өөрөө юу ч мэдрэхгүй байна гээд л их гайхширдаг, юу болоод өнгөрөв гэж ангайж үлддэг байв. тэгсэн харин өнгөрсөн 3 хоногийн үйлийн дараа өөрийн минь мэдэрсэн, эсвэл төсөөлсөн гээд байгаа, бодогдсон, бас мэдэрсэн бүхнийг Дээдэс өөрийн блогтоо, ийм үйл боллоо, ингэж дайтаж, ингэж хар муу зүйлүүдийг хураалаа гээд бичихээр нь гайхах шиг, нээрээ улаач би мэдэрлээ гэж үү гэж хөөрөх шиг болов.
Буурлууд дараа нь буултан дээрээ намайг шоолж, өвгөд биднийг үйл хийж байхад, үгээ хэлэх гэж байхад өчүүхэн төдий анхаарал сарниулж, ам булаацалдахаар чинь өгөр толгойг чинь тоншдог биш билүү, тэгэхээр чи томоотой сууж, өвгөд бид үйлээ тухтай хийдэг биш бил үү, ердийн нэг үйл хийж байхад тэгдэг бид, том үйлд дэм болоод сууж байхад үр чамаар бодуулаад, үр чиний төсөөллийг дураар чинь тавиад суух уу, бодоод үз дээ гэхээр нь нээрээ юу билээ, би өөрөө төсөөлсөн биш, үйл хийж байхад мэдэрсэн, Өндөр Дээдүүд минь мэдрүүлснийг бяцхан ч болов мэдэрсэн нь юм байна гэж бодоод урамшив.

улаач болчихоод Буурлууд нь үйл хийхээр түүнийг нь гайхаад, миний төсөөлөл үү, эсвэл би ургуулж бодоод байна  уу гээд л байдаг, над шиг ийм улаач байхгүй дээ.
Буурлууд минь, Өндөр Дээдүүд минь үрс биднийгээ бүрэн таслахгүй, үйл хийж байгааг нь мэдрүүлж байгааг одоо л нэг үнэнээр нь ойлгож, ингэж мэдрүүлж байхад нь ихэд олзуурхаж байна, одоо цаашид үйл хийх үед нь, үрдээ мэдрүүлэх гэхэд нь өөрийн мэдэрсэнээ төсөөлөл гэж эндүүрч, төөрч будилалгүйхэн шиг, Өндөр Дээдүүддээ, Өвгөд Буурлууддаа итгэвэл итгэсэн шиг, гайхаж мэлрэлгүй байх хэрэгтэй санагдав.

хэдий чинээ Буурлууддаа итгэнэ, төдий чинээ үйлээ тултал нь хийж, үгээ ч сайхан айлддагийг нэг заслын үеэр анзаарснаа гэнэт санав. Буурлууд заларсан байхдаа нэг үртэй золгож байснаа үзүүртэй шовх зэвсгээрээ хатгаж, цэгэн бариа хийх гэж байхад нь өмнө хийж байгаагүй хэдий ч, Буурлууд мэдэж байгаа биз ээ гээд үймүүлэлгүй суусанд Буурлууд өнөө зэвсгээрээ хаа хамаагүй хатгаад л, зарим үед бариулж байгаа хүнээс өвгөндөө итгэдэг үү гэж асуугаад, итгэдэг гэхээр нь нүднийх нь ухархайг хүртэл зэвсгээрээ хатгаж бариа хийв, тэгээд ч зогсохгүй, тэнд байсан бүгдэд ээлж дарааллан цэгэн бариа хийхдээ, тус бүрт нь өөр өөр газар, өөр өөр мань мэт нь анзаарамгүй газар хатган үйлээ дуусгав. дууссаны дараа хэрэгт дуртай улаач нь хатгуулсан хүмүүсээс асуухад бүгд л нүд нь онгойж, бие нь хөнгөрч, бүх бие нь хөлөрснөө ярихад нь энгийнээрээ хүний хөдөлсөн толгойг ч барьж чаддаггүй хүн ихэд гайхаж, ихэд биширсэн билээ, гэтэл Буурлууд үүнийгээ ердийн нэг, анхан шатны үйл, үүнийг одоо та нар өөрсдөө хичээвэл хийж чадах л болно, бидний үед бариа хийхийг бүгд чаддаг байсан гэхээр нь өвгөдөө биширч байснаа гэнэт санав.

тэгэхээр үйл хийхдээ, зөвхөн үйл хийхдээ ч биш, ер нь үргэлж Буурлууддаа эргэлзэлгүй, мэдрэмж юундаа итгэж байвал, тэр хэрээрээ хөгжих санагдав.

No comments:

Post a Comment