Wednesday, March 15, 2017

ур ухаан уу, хэрхэн хэрэглэх үү

#МонголТовчионТүүхийнТайлалсудар-аас

Таван ур ухаан (Уг, Эр, Ир, Ул болон Ар суу ухаан)

"Ур ухаан гэдэг нь аливаа бүтээмжийн ул суурь ухаан бөгөөд та нарынхаар технологи юм".

Мөн:

"Бүх зүйл нийхэмд хэрэглэдэхүйц. Өөрөөр хэлбэл хүний уураг тархиар байгалийн аливаа зүйлийг хэрэглэсэн л бол нөөцийн асуудал гарч ирнэ. Тухайн нөөцийн сэргээгдэх чадамж, тархац, орлогдох чадамж, байгалийн үүрэг болоод хүмүүний хэрэглээний аль нь нэн чухал болохыг тооцож нийхмийн хүртээмж болгоно.
Ерөнхийдөө засаг талаасаа урыг, аргачлалыг авч үзээд байгаа юм. Хэрэглэж байгаа нийхмийн таван мөн чанараа хэмжээд байна".

Энэ их гоё, мөн өнөөгийн бидний бодох ёстой сэдэв санагддаг. Учир нь хүн гэдэг оршиж л байгаа юм бол хэрэглээтэй байдаг, хэрэглэхийн тулд яаж хэрэглэх аргачлалыг хайдаг нь зүй. Хэрэглээ бүхнээ бид байгаль, эх дэлхийгээсээ авдаг нь хэн бүхэнд илэрхий ч үүнийгээ ухаж ойлгодог нь бий байх, ингэх ёстой мэт боддог нь бий байх, хэрэглэхдээ зохицуулж таацуулж хэрэглэхийг боддог хэсэг нь ч бий байх.

Бид нарын ойлгодгоор технологи гэжээ. Технологи гэхээр бидний тархинд магад ухаалаг утас, нисдэг машин, нисгэгчгүй онгоц, хиртдэггүй хувцас, хагардаггүй шил, элэгддэггүй пүүз, эвдэрдэггүй тавилга гээд л зүсэн зүйлийн юм орж ирж байгаа байх. Миний л хувьд нэг иймэрхүү л зүйл тархинд бууж байна, нэг тийм бидэнд өгсөн ерөнхий ойлголт л зурсхийж байна даг. Өнөөгийн технологи гэдгийг өнгөц харахад хүний амьдралыг илүү тухтай болгоод, илүү ганган хээнцэр болгоод л байх шиг. Гэтэл бас ажихад өнөөгийн технологи гэдэг нь хүний зайлшгүй, наад захын хэрэглээг хангахад чиглээд байна уу, эсвэл хүний нэг хэрэглээг нөгөөгөөр нь өдөөж, илүү хэрэглэхээс өөрийг мэдэхгүй байдал руу түлхээд байна уу гэдэг нь сонин.

Хэрэглээ гэхээр зайлшгүй, наад захын буюу уух устай, идэх хоолтой, амьсгалах эрүүл агаартай, осгохгүй дулаан гэртэй байх гэсэн суурь хэрэглээ яригдаж таарна, мөн түүнээс цаашхи хүний хүсэл, шуналд хөтлөгдсөн хязгаар үгүй хэрэглээнүүд бас яригдана.

Энэ өнцгөөс харахад хэрэглээ гэдгээр бид юуг ойлгох хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэглээг хэрэглэх чадамжаар тодорхойлж ч болох юм шиг. Өдрийн хоолоо яах вэ гэж байгаа нэгний хэрэглээ, өөрт байгаагаар бусдад сайрхахыг хүсэх нэгний хэрэглээ өдөр шөнө шиг ялгаатай нь мэдээж.

Судрын дээрх өгүүлбэрээс нэг хэсэг нь анхаарал татаад байх.
"Тухайн нөөцийн байгалийн үүрэг болоод хүмүүний хэрэглээний аль нь нэн чухал болохыг тооцох" гэжээ.

Нөөцийн байгалийн үүрэг гэдгээр нь энэ эх дэлхийг байгаагаар нь байлгах гэж, энэ хорвоогийн тойрог замаас нь гаргачихгүйхэн шиг, энэ байгальд бусад төрөлтний л адил багтаж, дээр нь амьдарч байгаа хүн төрөлтнийг болоод бусад бүх төрөлтөн, амиудыг эх дэлхий, энэ байгаль нь үргэлжлүүлэн уух ус, идэш, хэрэглээгээр нь хангаж байх нөхцлийг бүрдүүлж байгаа хүчин зүйлийг гэж таамаглая.

Тэгвэл хүний хэрэглээ гэдгээр юуг таамаглаж болох вэ? Магад оюун ухаант хүн гэдгээрээ бусад бүх төрөлтнөөсөө илүү бүгдийг авах, бүгдийг ашиглах, бүгдийг өмчлөх байдлыг хэлэх үү, эсвэл эх дэлхий дээр оршиж байгаа бусад төрөлтөн шигээ, амиуд шигээ зохицон, нийцүүлэн авах ёстойг гэж таамаглах уу? Бодох зүйл арвин байна шүү.

Алт гэх байгальд хүдэр хэлбэрээр оршдог нөөцөөр жишээ авья.
Үүний байгалийн үүрэг нь эх дэлхийн хөрсийг бэхжүүлж, газрын гагнаас болж, хүйтэнд хөрж, хөлөрч байдаг шинж чанараараа усны эх болдог аж.
Хүмүүн үүнийг яаж хэрэглэж байна гэхээр гоёл чимэглэл, тансаглалд, түүхийн нэгээхэн үед бидний хэрэглэж байгаа төгрөг, доллар гээчийн баталгаа болгож хэрэглэж байв. Одоо бол мөнгөн тэмдэгтийн баталгаагаа больж, өөрөө арилжааны таваар, мөн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болсон харагдах.
Алтыг хөрснөөс үргэлжлүүлэн ухаад байхаар усны эхүүд хорогдож, байгалийн өөр нэг нөөц болох усгүй болох нь, тэгвэл усгүй хэрнээ хүмүүний хэрэглээ үргэлжлүүлэн хангагдсан нөхцөл буюу алтан эдлэл зүүсэн цангаж, улмаар харангадах хүмүүнийг төсөөлөх болох нь.
Ингээд харьцуулахад алт нөөцийг байгалийн үүргийг нь үүрүүлэх үү, хүмүүн бид өөрсдийн хэрэглээгээ хангахын төлөө ухах уу гэдгийг үнэхээр л ухаант хүн юм бол зөвөөр шийдэх ёстой.

Тэгэхээр өнөө хүний хүсэл, шуналд хөтлөгдөж байгаа хэрэглээг уг хэрэглээг үүсгэхийн тулд ашиглаж байгаа нөөцийн байгальд байсан нь дээр үү, эсвэл хүн хэрэглэхэд байгальд хохиролгүй юу, хэрэглэхэд тэр нөөц нөхөн сэргээгдэх үү гэдгээр нь тооцох, ингэж тооцсоноороо хүний хязгааргүй хэрэглээг хазаарлах ёстой болох нь.

Тооцох гэдэг нь мэдээж засаглаж байгаа, хүмүүний нийхэм гэдэг зүйлийн хэрэглээг нийтэд нь хөтлөж байгаа, тийм эрхтэй, хүчтэй, мэдэлтэй нэг бүтцийн хийж ажил болох нь гэж хувь нэгэн өөрөөсөө зайлуулж болох ч нийтээрээ биш ганцаар оршсон ч адилхан байгалиасаа хэрэглэх тул хувь хүн хүртэл байгалийн үүрэг нь гол уу, миний хэрэглээ чухал уу гэдгийг тооцох ёстой болох нь.

Ингээд харахаар хүний хэрэглээ хүссэн ч, эс хүссэн ч нөөцийн байгальд дахь үүргээр хязгаарлагдах ёстой болох нь. Асуудал нь үүнийг тухайн хэрэглэгч мэдэж байгаа эсэх, тухайн бүлэг хүмүүст, тухайн нийхэмд тооцож мэдүүлж байгаа эсэхэд л оршиж байх шиг.

Таван ур ухаан бичих гэж байснаа хэрэглээ гэх ганц үг рүү хальтирчихлаа. Ухаан гэснээс, "Хүний ухаан шуугаараа ордог" гэж манай нэг мундаг зохиолч хэлсэн байдаг.
Хүн аливаа зүйлийг хийхэд, гараараа мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэ ядрааж, бодлоо чилээж байж хийхэд тэр нь өөрт нь мэдээлэл, мэдлэг төдийгөөс хальж, чадвар болж наалддаг биз.
Шуугаараа эд бүтээж байж тэр хүнд төрмөл уг байсан бол илэрч, хөглөгдөж, цаашид авьяас болон алдарших биз. Өөрийн улаан гараар бүтээж байгаа зүйл нь өрөөлд үнэлэгдэхгүй болох вий гэдгээс сэргийлж, өнөө илрүүлж нээсэн угаа цааши хөгжүүлж илүүтэй боловсронгуй болгох биз. Үүний төлөө ухаанаа ухаж, өрөөлтэй харьцуулж, илүүтэй хөгжүүлж, ирлэгдэж, амласныхаа арыг даах хэмжээнд хүрдэг бизээ.
Шуугаараа л ордог гэдэг нь ердөө дуулснаа, сонссоноо үйлдэж байж, үйлдэхэд тулгарах бэрхшээл, саад зэргийг давж байж, өөрт нь наалдахыг хэлсэн гэж ойлгодог.

Судраас нэг их урт ишлэл авчихаад нэг үгэн дээр эргэцсээр байгаад таарлаа ккк. Одоо яая гэхэв, унших нэгэнд нэг бодол төрсөн бол болоо доо.




No comments:

Post a Comment