Monday, March 27, 2017

таван сум хугалах

#МонголТовчионТүүхийнТайлал, Боть 1, 151 дүгээр тал

Дэс Арван ес
19. Хавар нэгэн өдөр
Хөншилмөл хонин чанаж
БилГүнЭнДэй, БүГүнЭнДэй
БухаХатАги, БуХатуСалЧи
БодОнЧиАр мунхаг
Эд таван хөвүүдээн зэрэглэн суулгаж
Нижээл мөсөд "Хугаладхун" хэмээж өгөв.
Нижээлийг юу байгуулхун, хугачиж ооров.
Бас таван мөсөд хамт цуглаж
"Хугаладхун" хэмээж өгөв.
Тавуул таван цугтай мөсөд
Хүмүүлэлдэн барьж бидүүлж, хугалан ядав.

За дээрх бол та бидний мэдэх Алунгоо эх өөрийн таван хөвүүддээ нэг нэг сум өгч хугалуулаад, түүнийхээ дараа багцалж боосон таван сум өгөөд хугал гэхэд хөвүүд нь чаддаггүй. Энэ нь атгасан гар мэт эвтэй байх аваас эд таван сум шиг дийлдэшгүй гэдгийг харуулдаг хэмээн та бидний мэдэх сургаалийг өгүүлсэн дэс билээ.
Тэгвэл хүн бүрийн мэдэх дээрх дэсийг юу болоод дахин сөхөв гэхээр, уг сударт:

"Хөншилмөл хонин..." хэмээх нь дарагдаж удсан хонины махыг хэлнэ. Энэ нь дотоод байдал маргаантай болсныг ёгт өгүүлэх талтай.

"...зэрэглэн суулгаж..." хэмээх нь эрэмбэ дарааг хэлжээ. Нас хүйсээр нь эгнүүлэн суулгахыг хэлнэ. Мөнээ айлын ахыг сануулах ёгт өгүүлэмжтэй.

"... нижээл мөсөд..." хэмээх нь зэв, жигүүрийг залгаагүй суманд зэхсэн мөчрийг хэлнэ. Энэ нь өсөж томоожоогүй гэсэн ёгт утгатай.

"...Хүмүүлэлдэн барьж бидүүлж..." хэмээх нь хамтдаа нэгэн зүйлд эв нэгдэн барилдахыг хэлнэ. 
Үүнээс ухаглавал АлЭнХоо ээжийн үрс өсөөгүй байж дотроосоо өмхийжиж, хүч суугаагүй байж эвээ эвдлээ гэх зэмлэлийг билэгдэл дээр битүү өгүүлж зэмлэнэм.

"...таван мөчирт мөс биш, сэтгэлийн мөсийг өгүүлэн байгаа бус уу" гэсэн нь та бид Алунгоо эхийн сургаалиас зөвхөн эв нэгдэлтэй байх учиртай гэсэн утгыг мэдэхээс ингэж задалж бодож байсан бил үү гэсэн асуултыг эрхгүй тулгах аж.
Хүүхэд байхад их сонсогддог байсан, одоо ч ховордсон "хүний мөсгүй" гээд л ярьдаг яриа байх. Хүүхэд байхдаа бол гайхдаг л байлаа. Хүн байж яахаараа ус мэт мөстэй байх билээ гээд л. Гэтэл одоо хүн гэдэг 70% нь уснаас бүрдсэн гээд унших болов. Тэгвэл яагаад далан хувь нь уснаас бүрдсэн хүнийг, тэр дундаа олонд сайн хэлэгдсэн хүнийг "хүний мөстэй", "мөс нь хайлаагүй" гэж ярьдаг юм бол гэж бодогдох.
Цааш бодохоор ус гэдэг шингэн төлөвтэй, урсаад хаашаа ч явж магад, гэтэл мөс болж хатуурсныг магад өөрийн зан чанар нь төлөвшиж, байр сууриа мэдэж, алив зүйлд ул суурьтай ханддаг, ингэснээрээ сайн муугийн дэнсээтэй нэгнийг хэлдэг юм болов уу гэж санагдав. Энэ өнцгөөс харахад мөс нь хайлсан хүн бол өөрийн байр суурьгүй, өөрийн үзэл бодолгүй, яаж ч мэдэх нөхөр болоод таараад байх шиг.


Мөн уг судрын "Үйл явдлын тодломж" хэсэгт үргэлжлүүлэн:

"КайБайУл Дээдэс: Энэ өгүүлэмж нь:
1. Үг
2. Үйлдэл
3. Билэгдэл
4. Жаяг
5. Ёгтлол гэх таван утгаар үйлийг сануулсан таван тусгаар тогтнол хэрхэн бие биенээ нөхцөлдүүлэн аж төрдгийг тэрчлэн ухуулжээ. Манай Монгол ард нь нэг эцгийн хүүхэд бишээ, олон отогтон омогтон оршино. Гэвч Эх Дэлхий гэгч гагц ээжтэй. Ийм атал манай танай гэж биеэ ёдрох учиг юу вэ? Эцэг чинь хэн бэ гэж эчнээн маргах шаардлагагүй ээ. Үүнийг л АлЭнХоо ээж өгүүлэн сургажээ. Үүнээс Үгийн үнэ, Үйлийн ур, Билэгдэл зүй, Жаягийн дэг, Ёгтлолын нууц хэрхэн дэлгэрдэгийг таниулах ажгуу" гэсэн байна.

"Хүн ахтай, дээл захтай", "Бяруу болоогүй байж бухын баасаар баах", "Тос дотроосоо өтдөг" гэх үгс байх.
Бодож сууна. Өөрийн туулсан, ажлын, сонирхлын, анд нөхдийн гээд л бүлхэмүүдэд яадаг билээ гээд бодож сууна. Үнэхээр л жаахан мэдсэнийгээ ихэд бодоод л, сургаар дуулсныгаа сурсан гэж бодоод суудаг юм биш байгаа гэж санагдав.
Аливаа зүйлд хэм хэмжээ гэж байгаа биз, түүнийг сахиулах нь дээлээр бол зах, хүнээр бол ах нь биз. Гэтэл нь ах нь ах биш байвал дүү нь хэрхэн дүү шиг байх билээ.
Зүйрлэвэл, гэрийн тооно гэдэг зорилгыг хамтдаа дааж барахын тулд унь гэдэг удмын үйлүүд байдаг биз. Тоононд орших өөрийн суух нүхээ олохгүй, өрөөл унь байх газар руу зүтгээд байвал барьж байгаа гэр маань ямар хэлбэртэй болох билээ. Унь болгох даах даах ачаагаа даагаад, дээрээс дарах дээврээ өргөсөн шиг өргөөд явбал тооно гэх нэгдсэн нэг зорилго маань угаас өргөгдөж, өндөр орших нь гарцаагүй. Тооно нь өөрийгөө шал гэж сэтгээд, шалны мод нь өөрийгөө тооно гэж сэтгэх, унь нь хана мэт үйлдэх, хана нь унь мэт байх, багана нь ачаа даахаас төвөгшөөгөөд хэвтээд байх тохиолдолд та бидний мэдэх Монгол гэр маань юу болж хувирах бол? Магад гэрийн мод ч биш, гэрийн модоо угсарсны дараа тэдгээр моднуудыг шуурах салхи, асгарах борооноос хамгаалах дээвэр, туурга, үзэмж нэмэх цаваг, хөшиг ч байж болох. Ингээд бодохоор гэр барихад дараалал байдаг шиг, үйлэнд бас өөр өөрийн хугацаа байх. Сүүлийн үед яалтгүй л аливаа зорилгыг өргөх тооноор жиших сонирхолтой болоод, барьж байгаа Монгол гэрийнхээ аль хэсэг нь юм бол гэж өөрийгөө байршуулахыг хүсэх болов. Магад ингэж байршихын тулд өөрийнхөө хэрийг мэдэж, бярыг таних хэрэгцээ гарч таарна.

Үргэлжлээд сударт КайБайУл дээдэс хэлжээ: "Хүмүүн алив бүхнийг цаг цаг, үе үедээ таньж мэдсэнээрээ тайлбарладаг. Онол болгон бичсэн ч хүмүүний амьдрал, хөгжлийн явцад үгийн хэрэглээ солигдох тул онол болгон хэлсэн үг нь хуучирдаг...

Тэр цагт мөсөд нь гэдэс цадахуйн гол зэмсэг байсан. Төмрөөр зэв хийлгэхэд өндөр өртөгтэй, олдошгүй ховор тул байгаагаа машид нандигнана. Яг энэ сэдэл дээр энэ нандин амь зуулга лугаа адил таван тусгаар тогтнол чинь чамайг тэжээдэг юм шүү гэх зүйрлэлээр сургасан болно. Өнөө цагийн АлЭнХоо ээж бол энэ ухаанаа зүйрлэн үзүүлэхийн тулд 50000 төгрөг ураадах гэж хүүхэддээ өгөхтэй адилхан юм даа. Энэ 50000 төгрөгөөр юу авч болох вэ гэдгийг ухаарах хүүхэд л урахгүй бизээ" гэжээ.

Зэвүүн хэлж байгаан шүү. Би өнөөгийн Алунгоо эх байсан бол таван хүүхэд суулгаж байгаад таван Iphone, Samsung S7, эсвэл ямар нэгэн ухаалаг бариулаад наадхаа эвд гэвэл эвдэх хүүхэд гарахгүй дээ бараг л. Өнөөгийн хэрэглээ, өнөөгийн бидний таньж мэдсэн, өнөөгийн үнэ цэнэ маань энэ хэр л байгаа хэрэг.

Үргэлжлээд судрын 161 дүгээр талд:

КауБиЧи Дээдэс: Таван ур ухааныг бичиж байнам. Таван уг ухааныг өгч байнам. Өөрсдийг ирлэж, ухааныг нь хурцлах:
1. Уг ухаан
2. Эр ухаан
3. Ир ухаан
4. Ул ухаан
5. Ар ухаан таван ухааныг өгч байнам. 

Үүнийг судрын 278 дугаар хуудсанд:

"Ур ухаан гэдэг нь аливаа бүтээмжийн ул суурь ухаан бөгөөд та нарынхаар технологи юм. Эл ур ухааны бодьжсон бие угтаа ямар ашигтай байдаг, ирээдүйд нөөц нь хэр байх боломжтой, хүний ямархан хөдөлмөрийг хөнгөвчилдөг Ир болох, ингэснээр хүний ямар чадамж Ул-даа үгүй болох, Ар-даа чингэснээр ямар асуудлыг үүтгэх зэргийг бодохыг ур ухаан дээр таваар багцална. Ингэснээр энэ багаж хэрэгсэл, эд зүйл нийхэмд зонхилох эд хэрэгсэл болж чадах, түүний хохирол бөгөөд өгөөжийг тооцох юм."

Алунгоо эх таван хүүхэддээ таван сум, таван мөс өгөхөд нөгөө хэд нь хугалж чадаагүй нь бяргүйдээ биш болж таараад байна даа. Энэ ан хийхэд бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, Ир болдог таван сумыг хугалчихвал Ар-д нь бид хоолгүй хонох юм гэдгээ тооцсон байж мэдэх. Ан агнаж, бүлээ тэжээж чадахгүй юм бол, аливааг Уг-аар нь харж чадахгүй бол, таван сум хугалах үйлдэл маань ямар хохирол авчрах, ямар өгөөж өгөхийг Ул-тайгаар сэтгэж чадахгүй бол  Эр гэж нэрлэгдэх эрх бидэнд үлдэх үү гэж тэд тооцсон байх нь. Айхтар чөтгөрүүд байсан бололтой дог.

Алив зүйлийн уг угшил, язгуур, мөн чанарыг харах ухааныг хэлээд байх шиг, ингэж харснаараа хохирол болоод өгөөжийг тооцож чаддаг байх нь, ингэснээрээ уг зүйлийнхээ арыг, төгсгөлийг харснаараа үйлдэх чигээ олдог байж мэдэх. Энэ тохиолдолд уг үйлийг хийхэд хэдий хэмжээний ир шаардагдах нь вэ гэж тунгаа тааруулах нь гэж сэтгэв. Энэ бүхний үйлдэж чадвал эр нэгэн болж барах нь.

Өнөөгийн та бидэнд таван ухаалаг утас бариулаад эвд гэвэл бас л хэрэндээ л энэ анзааны зүйл бодож л таарах байх даа. Энэ утсыг эвдчихвэл "face" рүүгээ орж хөөрхөн царайгаа хүнд гайхуулж чадахгүй болно, "twitter" рүүгээ орж тэдэнд ухаантайгаа мэдүүлж чадахгүй болно, зарим нь бол "online"-аар банкны гүйлгээгээ хийж чадахгүй болж, заавал тэнд энд очиж дараалалд зогсох болно, энд тэнд аялахдаа өөрийнхөө зургыг авч чадахгүй болж, заавал зургын аппарат нэмж маллаж явах болно гээд л бас бодох л байх даа.

Анзаараад харвал адилхан өгөөж болоод хохирлыг тооцож байгаа шинжтэй ч таван сум хугалах гэж байсан нөхөд бол амин зуулгынхаа, үндсэн хэрэглээг тооцож хугалаагүй шинжтэй, харин мань мэт нь бол өнгөц хэрэглээгээ, орлуулж болох хэрэглээгээ бодоод ухаалаг утсыг эвдэхгүй авч үлдэх нь. Энд л сэтгэлгээний ялгаа харагдах шиг.

Хуулан бичлэг ч юм шиг болов. Гэхдээ бодолд эргэцэж байснаасаа хэрэндээ гаргалаа. Дэлгэрүүлээд бодох нь, дэлбэртэл гоочлох нь унших нэгний эрх.
Үүнийг уншихад зарцуулсан өөрийн тань цаг нь хохиролыг биш өгөөжийг үүтгээсэй л гэж хүснэ.

No comments:

Post a Comment