Thursday, February 28, 2013

хоббидох

хүн бүрт хобби гэх үү, эсвэл хийж байхдаа түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг, цаг хугацаа хэр хурдан өнгөрөхийг хүртэл анзаардаггүй тийм зүйлс байдаг байх, гэхдээ тэр нь хувьсан өөрчлөгддөг байх гэж таав хэхэ. учир нь миний хувьд өөрчлөгдөөд байгаа тул нэг удаа, нэг хүнд тохиолдож байгаа юм чинь, өөр бусдад тэгж санагддаг, тэгж хувьсдаг гэж хэлэхэд буруудахгүй магадлалтай санагдав.

тэгсэн миний хобби сүүлийн үед Монголчуудын маань эртнээс уламжилж, хэлэгдэж, бичигдэж, сонсогдож ирсэн зүйр цэцэн үгсүүд ямар агууг анзаарах болоод ч байх шиг, байнга ямар мундаг юм бэ гэж бодож явахгүй хэрнээ, гэнэт л энэ үг нээрээ ямар мундаг юм бээ гэж бодох, заримдаа ийм болохоор мундаг юм байхдаа гэж бодоод, түүнийгээ бяцхан цааш нь төнхөхөөрөө тэрэндээ баясах хэхэ.

өнөөдөр хүртэл нэг үг анзаарагдав /би өөрөө биш, үг л надад анзаарагдаад байх юм хэхэ/

Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ

блог хөтлөөд байна, өөрийн анзаарснаа бичээд байна, бусад хүмүүс уншаад, тэдэнд нэг үг ч гэсэн таатай мэдрэмж төрүүлж, тэдэнд бяцхан ч болов эргэцүүлэх хүсэл төрүүлж байвал болоо доо гэж бодоод л, өөрийнхөө бөндгөртөө бодогдоод байгааг /заримдаа ч би биш байдаг байх/ , өөрийгөө таних аялалынхаа тухай бичээд байна гээд байсан, бичсэнийг минь уншдаг, уншаад таалагдсанаа илэрхийлдэг нэгний урмыг үгэнд их талархлаа, өөрөөр хэлбэл урмаар тэтгэгдлээ, гялайлаа.
урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг бас, би ч үг анзаардаг хоббитой болоогүй байсан бол аягүй бол ууцаа хугалуулж, гипсдүүлж байхаар, урмаа хугал, хугал гээд, хугалсан ч тоохгүй байх магадлалтай нөхөр, гэхдээ ер нь алийг нь ч хугалаад яахав дээ, амьддаа, замбадаа бие биенээ хайрлаж, хүндлэх шиг, нэгнээ хорон үгээр утаж, хоолойн дээр нь нулимс зангируулаад ч яалаа, хэрэггүй л юм дөө.



хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй
цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэдэг бас өөр анзаарагдсан үгээр өөрийнхөө илүү үглэж байгаа өмгөөлнө өө яадаг юм хэхэ.

өглөө ажилдаа ирээд л, хэдэн мэдээлэл арай гайгүй түргэн шуурхай хүргэдэг гэх цахим хуудсуудыг онгичиж, мэдээллээс хоцрохгүй байна гээд л оролдох юм, тэгтэл тэр мэдээллүүд нь хов жив, тархи угаалт байгаад байхаар нь, бас нэг нь нөгөөхийнхөө бичсэнийг хуулан бичлэг хийгээд байхаар нь, бас олон хүнд хүргэх гэсэн өнөөгийн маркетингийн бодлого уу, юу юм, аль муу муухайг түүж бичээд байхаар нь дургүй хүрээд өнөө хэдийгээ унших тоо маань, сонирхол маань эрс цөөрөв. энэ бодвол дургүй хүрэх хобби биз хэхэ.

мэдээж хувь хүний өнцгөөс харж байгаа болохоор, хувьхан хүнийхээ ертөнцөд байгаа нэгэн болохоор буруу хазгай хоббидож байж болно л доо ккк.

нэг үеэ бодвол Монголын маань цахим ертөнцөд гэгээтэй, бүтээмжтэй, хүртээлтэй, өгөөжтэй, мэдүүштэй мэдээлэл биш мэдлэг болохуйц хуудсууд нэмэгдэж байгаад ихэд баясалтай байна шүү.

орчлон ертөнц эрээнтэй, бараантай гэх
олж заавал барааныг нь түүх учир юун
оюунаа тэгж булингартуулах шаардлага юу
олны алдааг хэлэлцэж, өөрсдийгөө баясгах хэрэг юун

бахархах түүхтэй, омогших төртэй байсан
байж л байна тэр төр маань, түмэн маань
байгаагаа сайжруулж, цэвэршүүлэх үүднээс
байдгаа шавхаж, бүтээлжтэйгээр сэтгэх хэрэг байна

өөрийн гэсэн алдхан биеэ, тархиа эерэгжүүлээгүй байж
өрөөлийг бид гоочлож, бахаа хангах нь юуных вэ
өөрийнхөө би гэдгийг бүрэн таниагүй байж, алдхан ертөнцөд эзэн суугаагүй байж
өмсөж зүүснээр нь бусдыг хэлэх шаардлага юуных вэ

сайныг дэлгэрүүлэх нь, түгээх нь
саарыг мэдээд, түгээхгүй сэргийлэх нь
саадыг хараад шантрах биш туулах нь
саахалтаас цааш давж сэтгэх нь
бидний биш түүхт өвгөдийн маань араншин байж гээд
бид өөрийгөө гололгүй хичээвэл бүтнэ
бид чадахгүй, тэд л мундаг гэж бодох нь
би гэсэн ертөнцөө танихгүй байх эхлэл нь

гээд л илүү үглээд байгаам даа хэхэ.

Wednesday, February 27, 2013

блогтоо бяцхан л салхи оруулав

бид л, нөгөө л материалист үзэл, өөрсдөө хараагүй, хазаагүй, махан биендээ мэдрээгүй л бол итгэдэггүй үзлээсээ салаагүйгээсээ болоод Буурлуудынхаа ид хавыг бүрэн үнэлдэггүй, тэд маань ч биднийг итгэлээ, сэтгэлээ бүрэн өгч, тэднийгээ гэх, удмын минь өвгөд маань гэж хайраар тэтгэхийг хүлээн суудаг, хэрвээ бид зөв сэтгэлтэй, зөв сэдэлтэй, зөв ерөөлт үгтэй, зөв цэгц үйлтэй байгаад, хөрстөд заларсан тэдэндээ итгээд, өөрийнхөө тархийг Буурлуудтайгаа хуваалцдагаа бүрэн утгаар нь ойлгоод, өөрөө л бодоод байна гэхээ болиод, Буурлуудынхаа хэлж байгааг мэдрэмжнийхээ тусламжтайгаар мэдээд ирвэл тэд маань ч ид хаваа бахтайгаар үзүүлдэг санагдлаа.
ингэхийн тулд өөрийгөө сайн таних хэрэгтэй, өөртэйгээ сайн ажиллах хэрэгтэй ажээ, би чинь ийм зүйл боддог бил үү, ингэж хэлэхээр бил үү гэдгээ өөрөө мэддэг болоод, Буурлууд маань бидэнтэй бодлоор харьцах тэрхэн зуур ялгадаг болчихвол ч мундаг болно доо болно хэхэ.
Буурлуудын засал хийгээр хийгддэг тул, хол ойр, зай хамаардаггүйг ч бас анзаарав.
ер нь л аливаа зүйлийг анзаарсаар байгаад, ухах гэж явсаар байтал удаан ч гэсэн нэг юм Буурлууддаа гологдохгүй улаач болох байх даа гэж горьдох юм.

бас Буурлууд хэдий ёжтой, ааштай байж болох ч бид өөрсдөө санаачилж, өөрсдөө тэднээс ядаад тэднийхээ хийдэг үйлийг, бусдаас илүү чаддаг заслыг нь асуугаад авбал, эсвэл бодоод яваад байхад хэлдэг л санагдлаа.

за ингээд л блог бичиж байгаа нь энэ гэж өөртөө санагдсан, бодогдсон, эсвэл анзаарснаа л бичээд байдаг болжээ хэхэ,  хувийн блог тул хувийн юм л бичиж таардаг байх нь угаасаа, ямар хувьсгалын юм бичнэ гээд өөрийн махан биеэр туулж өнгөрөөгүй, өөр дээрээ мэдрээгүй зүйлийг мэддэг мэт бичилтэй биш дээ гэж өөрийгөө өмөөрөв хэхэ. блогтоо салхи оруулж байна гээд ном нээгээд хаах шиг л боллоо доо, халтуурдана гэдэг чинь энэ байх даа хэхэ.

Friday, February 8, 2013

гайхаад яахав дээ, мэдрэмжиндээ итгэ

өмнө нь говь явахад ч тэр, дараа нь 21-ний үйлээр ч тэр, сүүлд 3 хоногийн үйлд дэм болоход ч тэр Буурлууд буучихаад, үйлээ хийж, хэнгэрэгээ дэлдэж байхад өөрөө төсөөлөөд ч байх шиг, эсвэл ургуулж бодоод ч байх шиг бодлууд гэх үү, эсвэл харагдаад ч байх шиг янз бүрийн зүйл нүдний өмнүүр, эсвэл тархин дундуур гүйгээд, өнгөрөөд байдаг болсон билээ. үүнийгээ мунхаг улаач нь өөрөө төсөөлөөд байна гээд, өөрөө юу ч мэдрэхгүй байна гээд л их гайхширдаг, юу болоод өнгөрөв гэж ангайж үлддэг байв. тэгсэн харин өнгөрсөн 3 хоногийн үйлийн дараа өөрийн минь мэдэрсэн, эсвэл төсөөлсөн гээд байгаа, бодогдсон, бас мэдэрсэн бүхнийг Дээдэс өөрийн блогтоо, ийм үйл боллоо, ингэж дайтаж, ингэж хар муу зүйлүүдийг хураалаа гээд бичихээр нь гайхах шиг, нээрээ улаач би мэдэрлээ гэж үү гэж хөөрөх шиг болов.
Буурлууд дараа нь буултан дээрээ намайг шоолж, өвгөд биднийг үйл хийж байхад, үгээ хэлэх гэж байхад өчүүхэн төдий анхаарал сарниулж, ам булаацалдахаар чинь өгөр толгойг чинь тоншдог биш билүү, тэгэхээр чи томоотой сууж, өвгөд бид үйлээ тухтай хийдэг биш бил үү, ердийн нэг үйл хийж байхад тэгдэг бид, том үйлд дэм болоод сууж байхад үр чамаар бодуулаад, үр чиний төсөөллийг дураар чинь тавиад суух уу, бодоод үз дээ гэхээр нь нээрээ юу билээ, би өөрөө төсөөлсөн биш, үйл хийж байхад мэдэрсэн, Өндөр Дээдүүд минь мэдрүүлснийг бяцхан ч болов мэдэрсэн нь юм байна гэж бодоод урамшив.

улаач болчихоод Буурлууд нь үйл хийхээр түүнийг нь гайхаад, миний төсөөлөл үү, эсвэл би ургуулж бодоод байна  уу гээд л байдаг, над шиг ийм улаач байхгүй дээ.
Буурлууд минь, Өндөр Дээдүүд минь үрс биднийгээ бүрэн таслахгүй, үйл хийж байгааг нь мэдрүүлж байгааг одоо л нэг үнэнээр нь ойлгож, ингэж мэдрүүлж байхад нь ихэд олзуурхаж байна, одоо цаашид үйл хийх үед нь, үрдээ мэдрүүлэх гэхэд нь өөрийн мэдэрсэнээ төсөөлөл гэж эндүүрч, төөрч будилалгүйхэн шиг, Өндөр Дээдүүддээ, Өвгөд Буурлууддаа итгэвэл итгэсэн шиг, гайхаж мэлрэлгүй байх хэрэгтэй санагдав.

хэдий чинээ Буурлууддаа итгэнэ, төдий чинээ үйлээ тултал нь хийж, үгээ ч сайхан айлддагийг нэг заслын үеэр анзаарснаа гэнэт санав. Буурлууд заларсан байхдаа нэг үртэй золгож байснаа үзүүртэй шовх зэвсгээрээ хатгаж, цэгэн бариа хийх гэж байхад нь өмнө хийж байгаагүй хэдий ч, Буурлууд мэдэж байгаа биз ээ гээд үймүүлэлгүй суусанд Буурлууд өнөө зэвсгээрээ хаа хамаагүй хатгаад л, зарим үед бариулж байгаа хүнээс өвгөндөө итгэдэг үү гэж асуугаад, итгэдэг гэхээр нь нүднийх нь ухархайг хүртэл зэвсгээрээ хатгаж бариа хийв, тэгээд ч зогсохгүй, тэнд байсан бүгдэд ээлж дарааллан цэгэн бариа хийхдээ, тус бүрт нь өөр өөр газар, өөр өөр мань мэт нь анзаарамгүй газар хатган үйлээ дуусгав. дууссаны дараа хэрэгт дуртай улаач нь хатгуулсан хүмүүсээс асуухад бүгд л нүд нь онгойж, бие нь хөнгөрч, бүх бие нь хөлөрснөө ярихад нь энгийнээрээ хүний хөдөлсөн толгойг ч барьж чаддаггүй хүн ихэд гайхаж, ихэд биширсэн билээ, гэтэл Буурлууд үүнийгээ ердийн нэг, анхан шатны үйл, үүнийг одоо та нар өөрсдөө хичээвэл хийж чадах л болно, бидний үед бариа хийхийг бүгд чаддаг байсан гэхээр нь өвгөдөө биширч байснаа гэнэт санав.

тэгэхээр үйл хийхдээ, зөвхөн үйл хийхдээ ч биш, ер нь үргэлж Буурлууддаа эргэлзэлгүй, мэдрэмж юундаа итгэж байвал, тэр хэрээрээ хөгжих санагдав.

Sunday, February 3, 2013

удмаараа биш, ухаанаараа үнэлэгдэх

удмаараа биш, ухаанаараа үнэлэгдэх
энэ үгийг өмнө нь сонсож байгаагүйн байна, яагаад чихний хажуугаар өнгөрөөд байсан үг вэ гэж өөрөөсөө холдуулах уу, эсвэл би гэж өнгөнд хууртсан, өнгөцхөн л нэгэн байсан гэж үнэнээ хүлээх үү, яасан нь дээр вэ?
ах гэж яаж ч бодсон ах л байх юм даа, нэг жилийн өмнө ч байсан, нэгхэн өдрийн өмнө ч байсан, нэг цагийн өмнө ч байсан, энэ замбад арай эрт ирсэнийх, илүү л байгаад байх юм, дүү гээч мань мэтийгээ өмгөөлж, хазайхад нь түшиж, хажуудахаас хамгаалж байдаг, даврахад минь дарж байдаг, далдайхад минь ухааруулж байдаг ахтай байх сайхан юм аа,  ах минь энэ үгийг хэлэв, улаач болоогүй байсан бол хэлэх ч үгүй байсан биз, хэллээ ч би сонсох ч үгүй байсан биз ээ.

бид одоо байгаа нь бидний өмнө өвгөд маань амьдарч байсан, өөр өөрийн үедээ, өөр өөрсдийн ачаагаа үүрч, өөрсдийнхөө орон зайндаа эзэгнэж, өөрсдийнхөө түүхийг бүтээж явсны хамгийн эхний бөгөөд хамгийн бодит баталгаа ажээ. ямар өнөө үед, бидний нийгэмд түгээмэл байгаа хүний хэлсэн үгэнд итгэлгүй ханддаг шиг байх гэж оролдоод, өөрөө амьд бүлтийгээд суугаа, бүдчээд явж байгаа, хооллож ундлаж байгаагаа үгүйсгэлтэй биш дээ.

та бидний эцэг өвгөд ямар ч мундаг хүн байсан, эсвэл ямар ч дорой нэгэн байсан, аль ч тохиолдолд бид өвгөдөө үгүйсгэж, өвгөдөө муулж, эсвэл тэднийгээ шүүж, эсвэл тэднийгээ хэтэрхий тэнгэрт тултал магтаж, өөрөөр хэлбэл, өөрөө мундаг гэж тэднийгээ шүүлгүйгээр, өвгөдөө бялууртал магтамгүйгээр л байвал зүгээр санагддаг болов.
учир нь бид тэднийг бүрэн гүйцэд таньж, амьдарч байсан орон зай, цаг хугацааг нь бүрэн дүүрэн мэдэхгүй байж тэднийгээ сайнаар, муугаар бодитойгоор үнэлэж чадахгүй, боломжгүй, зүгээр л хэрвээ тэд маань түүхэнд нэрээ үлдээсэн мундаг байсан бол түмэнд дуурсагдсан алдрыг нь сэвтээлгүй, түмний шившиг болголгүй үргэлжлүүлэн өргөж явах, хэрвээ тэд түүхэнд дуурсагдах гавьяа байгуулаагүй гэж бодож байгаа бол удмынхаа нэрийг түүхэнд үлдээж, өвгөдийнхөө алдрыг өндөрт өргөх боломж өөрт тань тохиож байгааг л тунгаавал зохистой санагдах юм.

өргөөний нэг гишүүний бичсэн нэг үг одоо бичиж байгаатай ихэд холбоотой ажээ. юу вэ гэвэл:
хэрвээ хүн өөрөө ухаж төнхөөд, учрыг нь олвол тэр түүний мэдлэг
харин хүн өрөөлийн хэлсэнг уншиж, сонсоод түүнийгээ дамжуулж байгаа бол тэр нь түүнд мэдээлэл гэсэн утгатай, гэхдээ илүү товчхоноор, илүү цэгцтэй хэлсэн байсанг энд мэдээллийн үүднээс орууллаа хэхэ.

үүнийг яагаад өөрийн бичиж байгаатай холбовоо гэхээр удам гэдэг маань нэг бодлын бидний мэдээлэл, бидэнд байгаа өгөгдөхүүн, орчин цагийн хэлээр ген, үүгээр дамжин бидэнд ирсэн өв билээ, харин үүнийхээ, энэ өв, энэ генийхээ учрыг олж, удмынхнаа тэр их суу ухаан, амьдралын туршлага, хэрэгтэй зан чанар зэргийг ухаж төнхөж, өөрийн болгож, өөрийн мэдлэг болгох нь гагц бидний ухаанаас хамааралтай болж таарлаа.
мэдээж, удмынхаа нэр төрийг, бүхэл бүтэн удам гэдэггүймаа гэхэд аавынхаа, өвөөгийнхөө, ээжийнхээ, эмээгийнхээ нэр нүүрийг өргөж явах, мэддэг таньдаг хүмүүст энэ нөгөө хэний хүүхэд, хэний ач, ингэж ч явах гэж дээ, уг нь аав, өвөө нь гайгүй хүн сэн, эцгийн буяныг эдлэж чадахгүй байгааг нь ээ гэж хэлүүлэхгүй явах ухаан мэдээж байх хэрэгтэй биз.
ингэж бичсэнээрээ удмаа үгүйсгэ, зөвхөн ухаанаа шүт гэсэнгүй, удмаараа бахархалгүй яах вэ, харин тэр удмынхаа алдрын зэрэгт тэнцэхүйц ухаантай байгаасай гэсэндээ л үүнийг бичсэн төдий.

удмын яс, цусан хэлхээгээр биеэ дэмнэсэн
ухааны цар хүрээгээр оюунаа баяжуулсан
ухвар мөчид бодлын мананг тархинаасаа арчсан
уужим сэтгэлийн бамбараар чигээ хийсэн

өвгөдийн алдраар баярхалгүй, тэднийгээ хүндлэж, хайрлаж
өөрийн мунхагийг гайхуулалгүй, тэрийгээ арилгаж, хичээж
энэ замба, зэрэгцээ ертөнцийн учгийг тунгааж
эн тэнцүүхэн ачаалж, өв тэгш авч явахыг хичээе дээ

Wednesday, January 30, 2013

өршөөж хайрла даа та минь

өршөөл эрмээр санагдаад байх юм, өрөөлийг ойлгохын тулд өөрийгөө тэр хүнийхээ оронд нь тавьж үзэх хэрэгтэй гэдэг бил үү. түүгээр нь бодвол мунхаг улаач нь Буурлуудаа ойлгохгүй, шивнэж байгааг нь сонсохгүй, өгч байсан дохионуудыг нь өөрийнхөө азгүйтэл гэж бодоод л яваад л байсан ажээ. сайндаа ч биш, эрүүл мэндийн асуудал яригдаад ирэхээр, зүүд нойронд үр хүүхэд минь эвгүйгээр ороод эхлэхээр л эрхгүй нэг тогтож бодож, тосож авч дээ та бүхнийгээ.
 
одоо би нэг зүйлд итгэлтэй болжээ, Буурал, Дээдсүүд бүхнийг бүтээх шидтэн биш, гэхдээ тэд үрсдээ залраагүй, үгээ хэлж, үйлээ хийж эхлээгүй байсан бол бидний одоо муулаад байгаа бүхэн илүү доор, илүү муу, илүү хар байх байсан гэдэгт дэндүү итгэж байна, Буурлууд буухаар бүх асуудал алга хөрвүүлэхийн хооронд л алга болж, сэтгэл амгалан, гэдэс цатгалан, эрүүл биетэй, эд хөрөнгөтэй байна гэж бодох нь өрөөсгөл, учир нь Буурлууд үрсээ эрх муур шиг хэн нэгний гар харсан, хэн нэгнээс хараат байлгахыг огтхон ч хүсэхгүй, харин ч тэд үрсээ ухаантай, чадалтай, чадамжтай, алив зүйлд адтай, сэргэлэн, хамгийн гол нь эх нутгаа, байгаль дэлхийгээ гэх сэтгэлтэй байлгахыг л хүсдэг гэдгийг бага багаар ч болтугай ойлгож байгаадаа баяртай байна. гялайлаа Буурлууд та бүхэндээ, удаан хугацаанд ойлгохгүй, шивнэж байгааг тань хүлээж авахгүй, зөрүүдлэж, өр лүү тань өшигчиж байсан бол өршөөгөөрэй.

өршөөл эрэх гэж үгээр хэлээд л, их сайндаа өвдөг сөгдөөд л болчих зүйл биш бололтой санагдаад байдаг болчихлоо, өршөөлийг үйлээрээ харуулж, өөрийгөө дайчилж, үнэн сэтгэл гаргаж байж л эрдэг, тэгээд олдог юм болов уу гэж бодох шиг.

нэг үеэ бодвол өөрийн байдлаа хараад, анзаарахаараа бухимдах нь багасаа юу даа, туулж байгаа амьдрал минь, туучих ёстой бүхэн минь өөрийн махан биеэр л туулахгүй бол ойлгохгүй, өөрөө ажаад, өөртөө тунгаагаад учрыг нь ухахгүйг мэдсэн тул өөрөөр минь амьдруулж байгаа, өөрийг минь сорьж байгаан болов уу гэж боддог болжээ. гагц улаач хүн ч биш, ер нь бид бүгд л аливаа сонголттой, сорилтой үргэлж тулгардаг, тойрохгүй давдаг, давах хэрээрээ хатууждаг, давсан бол хөгждөг,  хөгжсөнийхөө хэрээр ухааждаг, ухаажсаныхаа хэрээр улам өндөр давааг давдаг юм болов уу.

Өвгөд Буурлууд минь, Өндөр Дээдүүд минь үрсдээ буруу зүйл хэлж байгаагүйг өнөөдөр л анзаарав уу гэлтэй, харин ч буруу зүйл хийсэн бол өөрийн, хүний ялгалгүй хүртэх ёстойгоо хүртэг гэдгийг нь бас л өнөөдөр анзаарав уу, эсвэл өнөөдөр л Буурлууд та бүхнийхээ үйлийн тухай, үгийн тухай эргэцүүлж байгаадаа энэ үү.
үүх түүхийг тань давтаж чадахгүй гэж өөрийгөө голж болох ч, өөрийнхөө түүхийг бүтээх ёстой гэдгийг сануулж, сэхээрүүлж байгаад та бүхэндээ гялайхаас өөр яах билээ.

Өвгөд та бүхэн минь үрсдээ үгэндээ шингээсэн ухаанаа хайрла
Өндөр Дээдүүд минь та нар үйлээ хийж, үрсээ бишрүүлж хайрла
өчүүхэн үрсдээ өмөг түшиг болох итгэл, нөмөр хайрла
үрс нь өөрийн гэх зүйлээ таних мэлмий, өмөөрөх сэтгэл хайрла даа

Sunday, January 27, 2013

хуваалцмаар ч юм шиг, үгүй ч юм шиг

Буурлууд гэдэг хар ухаанаар, энгийнчилж хэлбэл, тухайн үедээ сайн яваад, хамгийн гол нь зөв, ил, далд бүхэндээ зохицож яваад, өөрийн сүнсээ ухамсартайгаар хөгжүүлж чадсан, тэгээд сайн сүнс/онгод болсон, удмынхандаа хэрэгтэй үед нь буух эрхтэй болсон, тухайн цаг үедээ өөрийн орон зайгаа эзэгнэж явсан, одоогийн бидний хэлдгээр салбарын шилдэг явсан, хөдөлмөрийн баатар байсан хүмүүс юм болов уу хэхэ.
хааяа ингэж бодох юм, андуурч эндүүрч байж ч мэдэх.

тэгэхээр үүнтэй адилаар, өөрөөрөө бодвол, хэрвээ би Буурлынхаа оронд байсан бол яах байсан билээ гэж бодохоор Тэнгэрийн үйл чухал гээд л бүх замбын ахуй амьдрал бүхнийг хойш тавиулахгүй, эн тэнцүү авч явуулахыг хүсэх байсан, Буурлууд маань ч гэсэн тэгж хүсэж байгаа гэж мөхөс улаач итгэх тул улаач хүний нэг жилийн амьдрал эгэл нэгний олон жилийн амьдралтай тэнцэхүйц байх ёстой гэж хаа нэгтээ уншиж байсны учиг ч юм шиг.
хааяа зүгээр л сайхан Буурлуудаа залаад, өөр ямар зүйл бодох зүйлгүй явмаар санагддаг, нэг бодлын амар мэт санагдах ч, нөгөө бодлын алив бэрхшээл гэх үү, сорил гэх үү, зүйлсээс шантарч байгаа хэлбэр ч юм шиг санагдах тул аль алийг нь аль болохоор л хичээж авч явах хэрэгтэй аж. Тэнгэрийн үйлээ хийгээд, замбын амьдралаа амьдраад явахын тулд улаач хүн эгэл нэгнээс илүүтэй дэгтэй, журамтай, өнөөгийн нэг талаас нь хэлдгээр бол хувийн сахилга баттай байх хэрэгтэйн болов уу, Буурлууд биднээс дэг шаарддагын нэг тайлал нь ч энэ байж болох.

"орон зайндаа эзэгнэх"  хүний л амьдрал хойно, хэн нэгэн хаана ч, ямар ч орон зай, цаг хугацаанд байж болох, тэглээ гээд тухайн орон зайндаа эзэн нь байж, тухайн салбартаа шилдэг нь байж, бусдыг араасаа дагуулж байж л орон зайндаа эзэгнэх юм болов уу. оюутан байхдаа хэрвээ хичээлдээ, ангидаа хамгийн шилдэг нь байж чадахгүй бол суугаад хэрэггүй гэж боддог байсан нь орон зайндаа эзэгнэх гэж өөрийн мэдэлгүй хичээж байсны багахан оролдлого юм болов уу. орон зайндаа эзэн болж байна гээд л чухам өөрөө мундаг нь болоод, өрөөлөөс харамлах бол юу болох билээ, орон зайндаа эзэгнэх биш, орон зайг аминчлагч болж хувирах биз ээ. Буурлууд маань мэддэгээ, чаддагаа хэзээ ч хав дарж, бусдаас харамладаггүй нь нэгийг бодуулах.

Буурлууд маань биднийг чадна, итгэлийг нь даагаад явна гэсэндээ, бүр сөргөөр бодлоо гэхэд тэгж бодсоноо батлах гэж бидэндээ залардгаас хойш тэр л итгэлийг алдалгүй, аливаа зүйл бүрийн учгийг тайлж, учрыг ухаарч явахыг хичээх нь өглөө босоод нүүрээ угаадаг шиг, эсвэл хоол идэхдээ зажладаг шиг л хэвшил болгох зүйл юм болов уу гэж бодох.


санаа зөв бол заяа зөв гэж үг байдаг, үүнийг бидний үеийнхэнд зориулаад өвгөд маань хэлээд орхисон юм болов уу, өнөөгийн нийгмийн бүтээл учраас гэж өөрийгөө өмгөөлж болох ч, яг үнэндээ бид өөрсдөө л алив зүйлээс эерэг, сайн, зөв зүйтэй гэсэн зүйлийг нь анзаардаггүй болж, анзаарч харсан ч ажиггүй өнгөрөөж, муу, муухай бүхнийг нь сорчилж хардаг, анзаардаг, дэвэргэдэг болсон юм биш байгаа гэж бодох болж, нөгөө туулайн чинээ харыг уулын чинээ болгож харсаар, үүндээ дасч, дөжирсөөр, саар биш сайн сайхныг анзаарсан, түүнийгээ илэрхийлсэн нэгнээ заримдаа бүр хажиглах шинжтэй болсон нь бид өөрсдөө нэг хэсэг нь болж байгаа, бидний энэ нийгмийн гажуудал юм уу даа.

сайныг нь харлаа гээд муу муухай бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрөх хэрэгтэй гэсэн үг биш юм, ердөө л дээрх үгний нэгээхэн хэсгээс эмтлэх төдий бодсон маань энэ билээ.


хуваалцмаар ч юм шиг, хувьдаа бодоод баймаар ч юм шиг бодлууд үргэлжилсээр...

Sunday, January 20, 2013

аавыгаа үгүйлэх юм

аав маань биднийг дуудахад өөв гэж бидэнд хариулдаггүй байлаа, одоо эргээд санахад аав минь эр шиг эр, эцэг шиг эцэг явжээ, мунхаг миний ухаан дэндүү өнгөц, дэндүү тэнэг, дэндүү харалган тул ийм олон жилийн дараа л аавыгаа жинхэнэ утгаар нь ойлгох аядаж, уучлаж байгаа ч юм шиг...

хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны хүнээ уучлана гэдэг хүнд байх ёстой маш аугаа чанар, ухаан юм болов уу даа, хүн хэн нэгнийг, ялангуяа өөрийн ойр дотны гэх, хайртай гэх хүндээ дэндүү ихээр хайхрамжгүй ханддаг, тэднийгээ үгээрээ, үйлдлээрээ сэтгэл, зүрхийг нь өвтгөдөг юм уу, тэднийгээ дэндүү ихээр анзаардаггүй юм болов уу, яагаад заавал өнгөрсөн хойно нь, өөрийнх нь хажууд байхгүй болохоор нь бодох ёстой юм, ухаарах ёстой юм бол доо.

мунхаг би ингэж бичиж байгаа хэрнээ өөрөө, өөрийнхөө эргэн тойрны, ойр дотно, хайртай хүмүүсээ сэтгэл дүүрэн байлгаж чадахгүй байгаагаа бодохоор л, хүн хэн нэгэнд гомдож, тунихаасаа өмнө өөрийгөө маш ихээр шинжиж, өөрөөсөө алив зүйлийг учгийг, шалтгааныг хайх учиртай болохоор тэр юм болов уу даа.

ааваас минь надад үлдсэн нэг гарын 5-н хуруунд л багтах дурсамж байдаг нь сонин юм, тухайн үед шилжилтийн насанд байсан хүүхэд байж ийм цөөхөн зүйл санаж байгаадаа өөрийгөө голох юм.
тэр цөөхөн дотроос ганцыг нь үргэлж би санахыг хүснэ, тэр дурсамж нь том боллоо гэж өөртөө эрдсэн шилжилтийн насанд биш, өөрийн ухаан мэдээтэй болж эхлэж байгаа бяцхан байхад тохиосон, түүнийгээ ингэж сайн санаж байгаадаа өөртөө баярлах.

хажууд биш ч гэсэн энэ замбын хаа нэгтээ байгаа гэсэн бодол тэнэг надад, ялангуяа сэтгэлийн хат дутах тэр л үед шуурганаас нөмөрлөх өндөр, сүрлэг уул мэт санагдаж, нэг сайхан санаа алдаж, уужуу амьсгаа авдаг байж билээ.
хүмүүн биднийг өвгөд, буурлууд минь харж явдаг, хайрлаж явдаг ч, энэ л замбадаа, нэг л удаа ч болохнээ барааг тань харж, дууг тань сонсохыг юунаас ч илүү хүснэ, ялангуяа ингэж сэтгэлийн хат тэнэг үрээс нь хорвоо шаардах үед...

олны хэлдгээр би аавын хүүхэд биш, ээжийн хүүхэд, тэгсэн хэрнээ аавыгаа ингэж аав гэж хайрлан дуудаж, ингэж ихээр үгүйлэх чинээ санасангүй явжээ. хажууд минь байсан бол юу гэж хэлэх байсан бол доо, эр шиг эр бай гэх байсан болов уу даа.

алганы тань дулааныг үгүйлэх юм даа.


http://www.youtube.com/watch?v=81UmQrJ2ggY